• Өнөөдөр 2024-04-28

ЖҮЖИГЧИН Н.ОТГОНТОГОС: 20 ЖИЛИЙН ДАРАА ТАЙЗНАА ЭРГЭН ГАРАХАД ТЕАТРТ АЖИЛЛАЖ БАЙСАН ӨДРҮҮД МИНЬ ЭРГЭН ДУРСАГДААД САЙХАН БАЙНА

2024-02-25,   7745

        Театр байгуулж, өөрсдийн гэсэн бүтээлийг үзэгчдэд хүргэх сэн гэх мөрөөдлөө биелүүлэн нэгдсэн залуус “Монгол театр”- ыг байгуулжээ. Тэдний анхлан үзэгчдэд хүргэхээр сонгосон бүтээл нь “Клеопатра” түүхэн сэдэвт сонгодог жүжиг. Бернард Шоу “Цезарь Клеопатра хоёр”, Уильям Шекспир “Антони Клеопатра хоёр” жүжгийн зохиолыг нэгтгэн  найруулагч А.Чингүний найруулгаар үзэгчдэд хүргэхээр зэхэж байна.

            Жүжгийн дүрүүд зарлагдахад яах аргагүй анхаарал татсан уран бүтээлч бол Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Отгонтогос. Түүнийг бид “Ирж яваа цаг” киноны Солонго, “Мандухай цэцэн хатан” киноны Алтжингаас эхлээд  түүхэн болон орчин цагийн олон сайхан киноны дүрээр нь андахгүй. Тэгвэл 20 жилийн дараа “Клеопатра” жүжгийн  ордны тэргүүн асрагч Фтататитагийн дүрээр тайзнаа гарч буй түүнтэй ярилцсаныг хүргэж байна.

-Та тайзнаа гараагүй удаж байгаад түүхэн сонгодог жүжгийн дүрээр эргэн гарч байна. Анх жүжигт тоглож байсан цаг мөч нь эргэн бодогдсон сайхан өдрүүд өнгөрч байгаа байх?

           -Тийм ээ. 20 жил кинонд хүч үзэж байгаад тайзнаас үзэгчидтэй уулзах гэж байгаад баяртай байна. Энэ сайхан боломжийг олгосон “Монгол театр”-ын уран бүтээлчдэд баярлалаа. Бид энэ жүжгээрээ юуг хэлэх гээд байгааг үзэгчид ирж үзээсэй гэж хүсэж байна. Ордны тэргүүн асрагч Фтататита бол Клеопатраг өсгөсөн, түүнийг хатан болгох зорилготой эхийн дүр. Жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч, жүжигчин А.Чингүн ажиллаж байгаа. Найруулагч анх энэ дүрийн саналыг тавихад удаан тайзнаа гараагүй учир шууд зөвшөөрч чадахгүй байсан. Гэхдээ юутай ч уулзах болж, шийдвэрээ гаргаагүй мөртлөө хувцасны хэмжээгээ өгсөн. Тэгээд бодсон л доо. Ер нь залуу уран бүтээлчдийг дэмжье. Өөрөө ч мөн тайзнаа гарч өөрийгөө сорье гэж бодоод тоглохоор шийдвэрээ гаргасан.

 

/"ЭМЭГТЭЙ КЭЙС" КИНОНЫ НАЙРУУЛАГЧ Д.ГАЛБАЯР/

Намайг урьж, итгэл, хүндэтгэл үзүүлж, тайз руу минь эргэн гаргаж байгаад баярлаж байна. Жүжгийн бэлтгэлийн хугацаанд найруулагч А.Чингүн, жүжигчин Н.Баярмаа нартайгаа үнэхээр сайхан гар нийлж ажиллаа.

Цаашид ч сайхан ажиллах байх. Урьд нь би Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байгаад, 2004-2006 онд Улсын драмын театрын тайзнаа тавьсан нэлээд жүжигт тоглосон. Тухайлбал, Софоклын “Антигона”, зохиолч Д.Урианхайн зохиолоор бүтсэн “Ганц алхахад уулзана” жүжигт Ардын жүжигчин А.Очирбат, Л.Жамсранжав, Ц.Гантөмөр, П.Цэрэндагва нартайгаа хамтран тоглож байлаа. Мөн жүжигчин М.Оюунсүрэн, Б.Эрдэнэцэцэг бид гурав Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн найруулсан “Намайг битгий уучил”, Н.Ганхуяг найруулагчийн "Сэтгэлд нууцлагдсан амраг" зэрэг жүжигт тоглож байлаа. Түүнээс хойш театрын үйл ажиллагаа хэсэг хумигдмал болж ирээд одоо харин эргэн сэргэж байна. Энэ хугацаанд миний хувьд киноны продюсер хийж, олон сайхан бүтээлийн гол болон туслах дүрд ч тоглолоо. Жилд гурваас дөрвөн уран бүтээлд ажиллаж байсан.

-20 жилийн өмнө гарч байсан тайзнаас өнөөдрийн тайз техник технологийн хувьд илүү шинэлэг болсон байгаа болов уу. Түүнээс гадна алтан үеийн найруулагчдаасаа үг дуулж байсан хүний хувьд залуу найруулагчийн онцлогийг хэрхэн харж байна вэ?

/Ж.СЭНГЭДОРЖ НАЙРУУЛАГЧИЙН ХАМТ/

           -Техник технологи хөгжиж байгаа нь харин ч сайхан. Энэ өөрчлөлт надад амаргүй санагдахгүй байна. Хэдий техник технологи хөгжсөн ч театрын зарчмаар ажиллах ёстой болдог тул уран бүтээлч хүн зохицож ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Найруулагчийн хувьд А.Чингүн маань мундаг сайн байна. Бид чинь найруулагчаас үг сонсох дуртай болсон улс. Энэ ч үүднээс залуу найруулагчийн хувьд жүжигчинтэйгээ тулж харилцаж байгаа байдал нь ч сайхан байна./

-Олон театртай болж, уран бүтээлчид сонгодог жүжгүүдийг ч зэрэгцэн тоглох боллоо. Залуу уран бүтээлчид нэг талаара их зоригтойгоор хийж бүтээхийн төлөө зорьж байгаа нь сайхан байх. Нөгөө талаар чанар, чадварын хувьд ямар бүтээлүүд төрж байгаа талаар уран бүтээлчийн тухайд хэрхэн хардаг бол?

        -Ирэх гуравдугаар сард таван жүжиг зэрэг нээх гэж байна. Бүгд амжилттай сайхан байгаасай гэж хүсэж байна. Харин “Клеопатра” жүжгийн хувьд нэлээд сайн чамбай бүтээл болчих болов уу гэж харж байгаа. Аливаа бүтээл төрөхөд тухайн уран бүтээлчдээс ямар их хичээл зүтгэл гардгийг мэдэх учир театрууд улам сайн амжилттай сайхан байж, өргөжин тэлж, олон сайхан бүтээл тавиасай гэж хүсдэг.

-Таны хувьд олон ч дэлгэцийн бүтээлд продюсер хийж, олон сайхан дүрийг бүтээсэн туршлагатай уран бүтээлч. Кино уран бүтээлийн тухайд ойрын сонин сайхнаасаа бидэнд сонирхуулаач?

            -Тийм ээ. Продюсер бол амаргүй ажил. Дээр нь мөн зургийн дарга хийнэ. Сүүлийн арваад жил Ж.Сэнгэдорж найруулагчтай гар нийлж ажиллаа. Мөн өнгөрсөн зун нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны хүү Цогтын найруулсан “Ар хөвч” киноны зургийг Булганы Хутаг-Өндөр суманд авсан. Миний хувьд тус киноны продюсерээр ажилласан. Ер нь 2023 онд уран бүтээлийн их олз омогтой байлаа. Таваас зургадугаар сард Д.Галбаяр найруулагч, жүжигчин Т.Хулан хоёрынхоо “Эмэгтэйн кэйс”, найруулагч Ц.Амартүвшингийн “Бидний араншин” кинонд тоглолоо. Одоо кино сангуудаар гарч буй найруулагч Э.Ган-Очирын “Урт өдрүүд” кинонд нэлээд хүнд дүрд ажилласан.

/"УРТ ӨДРҮҮД" КИНОНЫ НАЙРУУЛАГЧ Э.ГАН-ОЧИР/

     Ингээд үндсэндээ гурван кинонд тоглож, нэг кинонд продюсер хийж, дөнгөж амрах гэж байтал “Монгол театр”-ын хамт олон маань энэ сайхан бүтээлдээ уриад, дүрдээ ажиллаад явж байна.

-Уран бүтээлчдийг богино хугацаанд халтуурдаж кино хийлээ гэдэг ч юм уу шүүмжлэл гарах нь ч бий. 20 жил кинонд төвлөрч ажилласан хүний хувьд ямар санаа бодолтой байдаг бол?

          -Би кино уран бүтээлчдийнхээ тухай таагүй зүйл ярих дургүй. Кино хэрхэн бүтдэг, арын албанд хэчнээн хүн цаг наргүй зүтгэж уран бүтээл төрдгийг мэднэ. Ерээд онд ардчилал гарч байхад кино хийж байсан найруулагчдаас одоо уран бүтээлчид илүү бүтээл тал руу гаа, түүхэн болоод хүний сэтгэл зүй рүү хандсан кино хийж байна. Чамбай сайхан найруулагчид ч төрж, кино наадамд бүтээлээ уралдуулах сайхан бүтээлүүдийг хийж байна. Харин зарим нь кино хийж сурч байна. Аяндаа ойлгоод, өөрсдөө бодоод, сайжраад ирдэг шүү дээ. Бүгд л бүтээлээрээ ямар нэгэн санааг дамжуулан илэрхийлэхийг зорьдог. Тиймээс кино хийж, үзэгчдийн шүүлтэд ороод явж л байвал сайн шүү дээ.

 

 

 

-“Урт өдрүүд киног онцолмоор байна. Ээдрээтэй, сонирхолтой өвөрмөц бүтээл төрсөн санагдсан?

     -Энэ бүтээлийг ярихын тулд Э.Ган-Очир найруулагчийг эхлээд ярих нь зүйтэй. Сүүлийн үед уран сайхны нэлээд олон сайхан кино хийсэн чадварлаг найруулагч. Энэ киног хүмүүс зорьж үзээсэй гэж бодож байна. Хүн гэж ямар амьтан байдаг, хүний хүний цаад мөн чанар гэж юу юм бэ гэдгийг мэдэрч ойлгоосой.Зохиол сайтай, дүрүүдийн сонголт ч сайхан бүтээл болсон.

 

/НЭР НАЙРУУЛАГЧ Г.ДОРЖСАМБУУ АГСНЫ ХҮҮ ЦОГТЫН НАЙРУУЛСАН "АР ХӨВЧ" КИНОНЫ ЗУРАГ АВАЛТЫН ҮЕЭР/

-Найруулагчдаас танд ирж байгаа дүрийн саналд та мөн тодорхой шалгуур тавьдаг байх. Эсвэл ирж байгаа санал бүрд дэмжин оролцож байна уу?

    -Найруулагчдаас “Таныг энэ дүрд авмаар байна” гэсэн саналыг хэлдэг. Мэдээж шалгуур тавьна, зохиолыг нь уншина. Кинонд тоглох бас учиртай шүү дээ. Өөрийнхөө тоглосон дүрүүдийг хадгалж, хамгаалж тухайн дүрд тоглох эсэхээ шийднэ. Миний хувьд өөрөө нэлээд кинонд дүрийн сонголт хийсэн. Уран бүтээлчдийн зүгээс ч дүр сонголт дээр надаас асууж зөвлөлдөх нь бий.

 

-“МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН” КИНОНЫ АЛТЖИН, “ИРЖ ЯВАА ЦАГ” КИНОНЫ СОЛОНГЫН ДҮРЭЭР МИНЬ ҮЗЭГЧ ТҮМЭН НАМАЙГ ХАЙРЛАЖ, ХҮНДЭЛДЭГТ ИХ БАЯРЛАДАГ-

         -Уран бүтээлийн эргэн тойрон, сонин сайхны тухай хоёул энэ хүртэл ярилаа. Одоо харин таниас хуучны монгол кинонд бүтээсэн сайхан дүрүүдийнх нь тухай, урлагт анх хөтөлж, хөглөж, үлгэрлэн дагуулсан эрхэм уран бүтээлчдийн тухай дурсамж яриа дэлгэх нь зүйтэй байх?

    -Намайг анх "Мандухай цэцэн хатан" киноны дүрийн сонгон шалгаруулалтад ороод гарч явахад, “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрд тоглодог МУГЖ Ш.Дэлгэржаргал эгч Ж.Бунтар найруулагчтай танилцуулж, “Ирж яваа цаг” киноны Солонгын дүрд тоглох боломжийг олгож байлаа. Түүнээс өмнө 1983 онд гарсан “Санаж яваарай” киноны олны хэсэгт орсон минь хамгийн анхны бүтээл. Тэр киног эргээд үзэхээр киноны хэсэгт дандаа уран бүтээлч болох сонирхолтой уран залуус оролцсон байдаг.

         Тухайлбал, “Би чамд хайртай” кинонын Үрлээгийн дүрд тоглодог М.Пүрэвмаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Энхээ, дууны оперотар Самбуу гуайн хүү Эрдэнэбилэг гэхчлэн сайн уран бүтээлчид тэр киноны хэсэгт ажилласан байдаг юм билээ. Миний хувьд тэгээд “Мандухай цэцэн хатан “киноны Алтжин, “Ирж яваа цаг” киноны Солонго, “Амьдралын нахиа” зэрэг олон сайхан хуучны кинонд тоглосон.

-Яагаад чухам та урлагийн хүн болж, жүжигчин мэргэжлийг сонгох шийдвэр гаргасан юм бэ?

          - Эгч нь урлагт ажиллаад 40 жил болж байна. Би энэ мэргэжлийг сонгосноор ерөөсөө алдаагүй гэж боддог. Мэргэжилдээ дурлаж ажилласан. Бидний үед Кино драмын жүжигчин гэдэг мэргэжлийн диплом өгдөг байлаа. Бид чинь театрт цэвэрлэгч хийж байгаад л дагалдан жүжигчнээр ажиллаж, мэргэжлийн сургуулиа төгсөөд жүжигчин болдог байсан үе. Тэгж шантралгүй зүтгэсний үр дүнд би өнөөдөр ард түмэнд дүрээрээ хайрлагдаж, одоо ч олон сайхан бүтээлд уригдан тоглож яваа болов уу. “Мандухай цэцэн хатан” киноны Алтжин, “Ирж яваа цаг” киноны Солонгын дүрээр хүндэлж, хайрладаг үзэгч түмэндээ их баярладаг.  Хамгийн гол нь зах зээлийн үед олон сайхан уран бүтээлч амьдрахын эрхээр уран бүтээлээ орхисон. Миний хувьд харин орхилгүй тэмцэж, үнэнч  тууштай явж ирсэн. Олон сайхан уран бүтээлч, багш нартайгаа ажиллаж, тэдний зааж сургаснаар өдий зэрэгтэй хүрч яваа. Мөн гэр бүлийнхний минь ач гавьяа, тус дэм их бий. 

-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлд нь таниас өөр урлагийн хүн болсон хүн бий юү?

             -Би есөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Дээрээ хоёр ахтай, зургаан эгчтэй. Нэг ах аминь бурхан болсон. Цагдаагийн хошууч хүн байлаа. Сайхан ах, эгч нарынхаа хүчинд л ажил мэргэжлээ сэтгэл тайван хийж, өнөөдөрт хүрлээ. Манай гэр бүлд  надаас өөр урлагийн хүн байхгүй учир бүгд л намайг дэмжиж, хайрладаг. Миний талийгаач ах надаас хоёр ах хүн байсан. Социализмын үед кинонд явж байхад хүүхдийг минь харж өгөөд кино натурт хамт явж байлаа. Энэ мэт миний төлөө санаа зовж, намайг бүх талаар минь дэмждэг ах, эгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Цаашид ямар уран бүтээлийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна вэ?

       -Одоогоор гурван киноны санал ирсэн байна. Тавдугаар сараас киноны ажил маань бужигнах байх. Тэгэхээр театр дээрээ оройдоо тоглоод, бусад уран бүтээлийн ажлаа зохицуулаад явна даа.

              Тэрбээр 20 гаруйхан настайдаа тоглосон "Мандухай цэцэн хатан" киноны Алтжингийн дүрийг Монголын урлагт давтагдашгүйгээр бүтээсэн. Дахиад энэ цагт Мандухай цэцэн хатны тухай кино хийлээ ч Батмөнх даян хааны бага хатны дүрд түүн шиг тохирох нь ховор болов уу. Тэр дүр төрх, үзэсгэлэн гоог бид мөн "Ирж яваа цаг" киноны Солонгын дүрээр давтан үздэг. Алтжин бол хааны бага хатан бол Солонго хөдөө айлд малчнаар очиж, ажлын дөртэй болохоор зорьж буй хотын залуу бүсгүй. Ийм хоёр сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэлд илүүтэй хоногшиж, үргэлж хайрлагддаг билээ, тэр.


ЖҮЖИГЧИН Н.ОТГОНТОГОС: 20 ЖИЛИЙН ДАРАА ТАЙЗНАА ЭРГЭН ГАРАХАД ТЕАТРТ АЖИЛЛАЖ БАЙСАН ӨДРҮҮД МИНЬ ЭРГЭН ДУРСАГДААД САЙХАН БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-26 21:03:11
    .: Хамгийн алдартай дүр нь Алтжин байх аа даа.сайхан хүүхэн,сайхан ч жүжигчин шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-25 22:35:33
    Зочин: Сайхан.сайн жүжигчин.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-25 18:16:37
    S: SEKSEER XNTLA80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-24 09:01:28
    Болд: Сайхан жүжигчин шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188