• Өнөөдөр 2024-04-28

“PRO” ТЕАТРЫН НАЙРУУЛАГЧ О.ИТГЭЛ: ОХУ-Д СУРЧ БАЙХДАА "ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ"-ИЙГ ЖҮЖИГ БОЛГОН ТАВИХЫГ МӨРӨӨДДӨГ БАЙЛАА

2024-02-24,   1448

         “PRO” театрын уран бүтээлчид энэ жилийн эхний бүтээл болох Францын зохиолч Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” зохиолыг тайзны бүтээл болгон хүргэхээр бэлдэж байна. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн РНЦК-ийн тайзнаа тоглох тус бүтээлийн найруулагчаар жүжигчин О.Итгэл ажиллаж байгаа юм. Түүнтэй найруулан тавьж буй жүжиг болон бусад уран бүтээлийнх нь талаар ярилцсаныг хүргэж байна.

-Хүн аливаад үнэнч, тууштай байснаар хэрхэн амжилтад хүрдгийг илэрхийлдэг энэхүү зохиолыг өөрийн өнцөг найруулгаар үзэгчдэд хүргэнэ-

-Сайн байна уу. “Pro” театр Монголд анх удаа “Шадар гурван цэрэг” жүжгийг үзэгчдэд хүргэх гэж байна. Энэ зохиолыг сонгох болсны учир юу вэ?

          -Нэг ангийн зургаан найз хамтран “Pro” театрыг байгуулсан. Бид сурч мэдэж, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу өөрсдийн өнцөг, ертөнцөөр бүтээл тавьж, үзэгчдэд хүргэх сэн гэх мөрөөдөлтэй. Энэ жил бид Александр Дюмагийн 222 жилийн ойг тохиолдуулан  “Шадар гурван цэрэг” жүжгийг сонгон үзэгчдэд хүргэх гэж байна. ОХУ-д сурч, туялзуур сэлмээр хичээллэж байхдаа хэзээ нэг өдөр боломж тохиовол “Шадар гурван цэрэг” жүжигт тоглоно доо, эсвэл найруулан тавих сан гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдлөө биелүүлэхээс гадна “Шадар гурван цэрэг” бол манай театрын тоглох бүтээлийн нэг яах аргагүй мөн.

         -Хамт театр байгуулсан таван уран бүтээлчийн хоёр нь өөрсдийн найруулсан бүтээлээ үзэгчдэд хүргэсэн. Энэ удаад таны ээлж ирж, бид таны найруулгаар “Шадар гурван цэрэг” жүжгийг үзэх нь. Өмнө нь Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байхдаа жүжигт найруулагчаар ажиллаж байсан юм билээ. Энэ удаагийнх бие даан найруулж буй анхны бүтээл нь үү ?

              -Тийм ээ. “Pro” театртаа анхны бүтээлээ найруулж байна. Өмнө нь драмын театрт байхдаа моно болон хоёр хүний жүжгийн найруулагчаар ажиллаж байсан. Театрт байх зургаа, долоон жилийн хугацаанд олон зүйл сурсан. Тэгээд бие дааж бүтээл хийхээр зориглож, ОХУ-ын театрт ажиллаж байсан найзууддаа саналаа хэлсэн. Тэдний хувьд ч Монголдоо уран бүтээл хийх саналыг дэмжиж, хамтран театраа байгуулсан. Жилийн хугацаанд бид чамгүй амжилттай ажилласан. Анхны том бүтээл маань Б.Даваасүрэн найруулагчийн “Инээмтгий хүн”, удаах нь Б.Анхбаатарын маань  “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” жүжиг байлаа. Эл хоёр бүтээл үзэгчдэд амжилттай хүрч, бид багагүй урам зориг авсан. Үндсэндээ гурван найруулагч ээлжлэн бүтээлээ тавьж, бусад уран бүтээлчид продюсер, жүжигчнээр ажиллах зарчмаар явж байна. Жилдээ хоёр том бүтээлийг тоглоно гэсэн төлөвлөгөө бий.

-Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?

            -Театрын үндсэн уран бүтээлчид дээр урилгаар жүжигчин О.Самданпүрэв, С.Баянмөнх, Т.Энэрэл нар оролцон тоглож байна. Миний хувьд СУИС-д хөдөлгөөний багшаар ажиллаж байсан. Тэр үед манай Самдаа, Баянаа нар туялзуур сэлэмний хичээлийг сурч байсан юм. Анх би ОХУ-д сурч байхдаа хүсэж, дурлаж сурч байсан шиг идэвхтэйгээр бусдыгаа манлайлан сурч байсан нь жүжгийн дүрд сонгоход голлон нөлөөлж, эргэлзээгүйгээр урилга явуулсан.

-Найруулагч бүр өөрийн онцлогтой. Таны хувьд ямар онцлогийг барьж бүтээлээ найруулахыг зорьдог вэ?

                  -Юунд ч баригдахгүйгээр, өөрийн ертөнцөөр бүтээлээ дэлгэхийг зорьдог. Түүнээс үзэгч ийм зүйлд дуртай, ийм байвал хүнд таалагдана гэж боддоггүй.

О.Итгэлийн хувьд “Шадар гурван цэрэг” зохиолыг хэрхэн тайзны бүтээл болгомоор байна, тийм л байх болно. Энэ цагт эдгээр уран бүтээлчид л тоглоно.

    Харин манай театрын хувьд аль ч бүтээлээ уламжлалт театраас арай өөр шинэлэг, хурдан хэмнэлтэй, сонирхолтой тавихыг зорьж байгаа.

-Сүүлийн үед тавьж байгаа тайзны бүтээлүүдийг анзаарахад энэ цаг үеэ тольдсон, нийгмийн бодит нөхцөл байдлыг бүтээлээрээ дамжуулан шүүмжилж байгаа нь ажиглагддаг. Хэдийгээр та бүхний хувьд энэ жүжгийг тавих мөрөөдөл байсан ч энэ цагт тавьж буй нь учир бий байх?

           -Манай театрын уран бүтээлчдийн тоглосон “Инээмтгий хүн” бол улс орны нийгмийн байдлаас хамаарч энэ цаг үед тавигдах ёстой жүжиг байсан.

    Бид энэхүү жүжгээ энэ оны  гуравдугаар сарын 15,16,17-н гэсэн гурван өдөр дахин тоглох гэж байна.

Харин “Шадар гурван цэрэг” жүжиг улс төр, нийгмийн байдал гэхээс илүү хүний үнэнч, шударга зан чанарыг дуугарч байгаагаараа онцлогтой. Зохиолд шадар цэрэг болохын төлөө хэрхэн амьдралыг сөрж, туулж, зорьж, хичээж, унаж, бүдэрч явж байгааг өгүүлдэг.

-Үнэнч, тууштай зан чанар өнөөд их ховордож байгаа. Таны хувьд ч анзаарч байгаа болов уу?

               -Энэ роман өөрөө бидний мэргэжилтэй их ойрхон. Жилд урлагийн сургуулийг олон ч хүүхэд төгсөж байгаа. Эдгээрээс орон тоо байхгүй, эсвэл өөртөө итгэхгүй байгаагаас үүдэн ухрах, шантарч, болих нь бий. Хичээж, зүтгэж, тэмцдэг нь ч байна. Аливааг болих шиг амархан зүйл байхгүй. Нэгэнт мэргэжлийг нь эзэмшсэн юм чинь хаа хүрэхээ, хаана зогсохоо харах хэрэгтэй. Миний хувьд өөрийгөө бүтээчих юм сан гэж зогсохгүйгээр зорьж байна. Тиймээс залуучууд ч мөн сонгосон мэргэжилдээ тууштай, эцсийг нь үздэг байгаасай.

-Одоо жүжгийн бэлтгэл нь хэдэн хувьтай явж байна вэ. Анх зохиолоо барьж аваад зураглаж байсны хэчнээн хувь нь биелэсэн байна вэ?

         -70 хувьтай байна. Жүжгийн тайз бэлтгэгдээд дуусаж байна. Мэдээж дутуу дулимаг зүйл бий байх. Ямартай ч хичээгээд, зориод, чадах чинээгээрээ тавиад үзнэ дээ. Эцсийн үр дүнг үзэгчид хэлэх байх.

-“Pro” театрын хувьд цаашид ямар театр болохыг мөрөөдөж байна вэ?

        -Гоё театртай болоод "Эдний театрынхан ийм уран бүтээлийг хийдэг шүү" гэж үзэгчид ярьж, хүлээдэг байгаасай. Хаа хүрэхийг, хаана очоод зогсохыг би мэдэхгүй. Гэхдээ эцсийг нь үзнэ гэж бодож байна.

-Театрт жүжиг тавигдах нь үзэгч бидэнд сайхан ч та бүхний хувьд санхүү хамгийн том тулгарч буй асуудал шүү дээ. Залуу уран бүтээлчдийн хувьд мэргэжилдээ дуртай, хайртайдаа л бор зүрхээрээ зүтгэж байгаа байх?

      -Мэдээж санхүү бол хамгийн эмзэг асуудал. Бид ямар улсаас төсөв дэмжлэг авах биш, халааснаасаа мөнгө босгоод, 40-50 хүнийг удирдаад, цалинжуулаад явна гэдэг чанга. Үүнийг зөв төлөвлөлттэйгээр хийж байж л уран бүтээлээ зогсолтгүйгээр хийж чадна шүү дээ. Бидний хамгийн гол баримталдаг зүйл бол хамаг цаг хугацаа, мөнгө санхүүгээ гаргаж байгаагийнх муу бүтээл хийхгүй байх. 

 

 

-Нөгөө талаар та бүхэн сайн бүтээл тайзнаа тавих гээд цаг наргүй бэлдэж байхад үзэгч хэр байна вэ. Нэг үеэ бодоход театрын үзэгчид нэмэгдэж, хүмүүс жүжиг үзэж байгаа санагддаг?

        -Хүмүүс жүжиг үздэг болж, театрт ирж байгаад баярладаг. Бидэнд анзаарагдсан нэг зүйл нь үзэгчид яван чангардаг. "Инээмтгий хүн" жүжгээ цөөн үзэгчтэй л эхэлсэн. Өдөр өдрөөр харин үзэгчид нэмэгдэн ирж байгаа нь сайхан санагдсан. 

-Театрууд тайзнаа монгол жүжгүүдээ тавихгүй байна гэх шүүмжлэл бас бий. “Pro” театрын уран бүтээлийн төлөвлөгөөнд монгол жүжиг багтсан байгаа юу?

      -Одоогоор монгол жүжиг тавих төлөвлөгөө байхгүй. Гэхдээ манай театр голлон хүүхдийн уран бүтээл тавих байгаа. Энэ ч утгаар хүүхдүүдэд зориулсан монгол бүтээлээсээ мэдээж тоглоно. Хамгийн гол нь театрын үзэгчдийг багаас нь бэлтгэх нь бидний гол зорилго шүү дээ.

-Урлагт нэг ангийн зургаан залуу уран бүтээлч  "Pro" театрыг байгуулж жүжгүүдээ хүргэж байсан нь түүх болон үлдэх байх гэж үзэгчийн хувьд боддог. Та бүхэн тэгж бодож, ярьж байв уу?

      -Зураг, бидний хийж байсан материал л үлдэнэ дээ. “Энэ жүжгийг бид л тавьж байсан” гээд түүх л үлдэх юм байна гэж боддог. "Pro" театрыг байгуулаад, зураг авахуулаад зогсож байна гэхээр зүүдлээд байгаа юм шиг л санагддаг. 

 -“ИНЭЭМТГИЙ ХҮН” ЖҮЖГИЙН БАРКЕЛЬФЕДРО ДҮРД ОЛЗУУРХАЖ, ШУНАЖ АЖИЛЛАСАН-

-Үзэгчдэд бүтээлээрээ хайрлагдсан театрын олон сайхан найруулагчид бий. Драмын театрт байхдаа та хамт ажиллаж, үгийг нь сонсож байсан байх?

           -Тийм ээ. Улсын драмын эрдмийн театрт долоон жил ажиллахдаа театрын бүх л найруулагчийн удирдлагад туслах найруулагчаар ажиллаж байлаа. Бүгдээс нь л үг сонсож, загнуулж, занчуулж, уурлуулж, гомдоож явсан минь өдий зэрэгтэй явахад минь нөлөөлсөн.

-“Pro” театрын эхний бүтээл “Инээмтгий хүн” жүжгийг бусад найруулагч, уран бүтээлчид үзээд ямар урмын үг, шүүмжлэлийг хэлж байсан бол?

           -Мэдээж бидэнд баяр хүргэж, урмын үг хэлж байсан. Нөгөө талаар шүүмжлэл ч бий. Гэхдээ мэргэжлийн талаас нь шүүмжлэх нь бага санагддаг. Жүжгийн агуулгаараа биш, уран бүтээлчид рүү ханддаг. Жүжигчдийг биш найруулагчийг шүүмжилж болно шүү дээ. Мэдээж урлаг судлаачдаас бид үг сонсож, зүг чигээ авах нь зүйтэй. Харин найруулагчдаас Н.Болд найруулагч үзээд, “Визуал” гэж сонин, өвөрмөц, шинэ урсгалыг оруулж ирж байна, баярлалаа” гэж байсан нь бидэнд их урам өгсөн.

-Таны хувьд “Инээмтгий хүн” жүжгийн Баркельфедрогийн дүрээрээ “Гэгээн муза” шагналыг хүртсэн шүү дээ. Ажиллахад ямар дүр байв?

         -“Гэгээн муза” наадамд би дандаа найруулагчаар өрсөлдөж байсан, анх удаа тоглосон дүрээрээ нэр дэвшиж,“Инээмтгий хүн” жүжгийн дүрээрээ шилдэг залуу уран бүтээлчийн шагнал авсан. Баркельфедро дүрийг анх найруулагч санал тавихад их олзуурхаж ажилласан. Мэдээж хэцүү зүйл их байсан. Өдрөөс өдөрт л өсөх гэж хичээж, өвөрмөц сонин дүр төрхийг гаргахыг зорьсон. Дахиад хоёр хэсэг байсан бол гэж шунадаг юм билээ. Гэхдээ туслах дүр хэчнээн шуналтаад ч гол дүрийнхээ агуулгыг эвдэж болохгүй шүү дээ.

 -ЭХНЭРЭЭ БИ ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ЧАДВАРЛАГ УРАН БҮТЭЭЛЧ ГЭЖ БОДДОГ-

-Таны гэр бүлийн хүн “Инээмтгий хүн” жүжгийн Дея гэх хараагүй охины дүрд тоглосон. Уран бүтээлчийнх нь хувьд юу гэж хардаг вэ?

               -Гайхалтай уран бүтээлч. Миний дэргэд төө, сөөм, алд, дэлэм урт хүн шүү дээ. Тайз, дэлгэцийн үнэхээр чадварлаг уран бүтээлч гэж боддог. Ер нь дүйцүүлчих уран бүтээлч байхгүй дээ. Эхнэрээрээ би гоёх ч дуртай. Аль болох өөрийнх нь хүссэнээр байлгаж, хайрцаглахыг хүсдэггүй. Мэдээж уран бүтээлд тодорхой шалгуур тавих нь зүй ёсны хэрэг. Жүжиг, кино бүрд орно гэж байхгүй учир зөвлөгөө өгнө. 

-“Инээмтгий хүн” жүжгийн Деягийн дүрийн хувьд хэрхэн бүтээсэн гэж харсан бол?

        -Миний хувьд мэдээж мундаг сайн. Гэхдээ хань минь өөрийгөө их чамлана. Жүжигчин хүн дүрээ үзэгчдэд “амсуулсан” бол таван үзэгдэлд ханадаг байхгүй юу. "Инээмтгий хүн" жүжгийн гурван хэсэгт гарч байсан учир гүйцэт харуулж чадсангүй дээ гэсэн чамлалт байсан байх.

 -Тоглосон киноноос нь аль дүрд нь хамгийн их дуртай вэ?

                      -Мэдээж олон сайхан дүр бий. Гэхдээ сүүлд тоглосон “Сүрэг”, “Шар гэгээ” киноны дүрүүдэд нь төдийлөн дуртай байгаагүй. Гэсэн ч уран бүтээлчийнх нь хувьд сонголтыг нь хүндэтгэж, урам өгөөд л явуулдаг. Учир нь, хэчнээн зовж, шаналж, эд эсээ үхүүлж тэр дүрд тоглосон бол гэж бодохоор өрөвддөг. Уг нь гэгээлэг, сэргэлэн цовоо, жаргалтай дүрүүд нь сайхан. Өөрөө бол их зөөлөн, сахилгагүй, гэнэн хонгор, хүүхэд зантай. Хамгийн том эмээх зүйл нь том уран бүтээлчийн ген бий. Би бол олдмол авьяастай, Т.Энэрэл төрмөл авьяастай.

-Олдмол авьяастай гэхээр гэрээсээ та ганцаараа жүжигчин мэргэжлийг сонгосон нь уу?

        -Урлагийн хүмүүс бий. Гэхдээ жүжигчин тал дээр байхгүй байх. Хүн өөрийгөө бүтээх хэрэгтэй гэж боддог. Жүжигчин бол насаараа сурдаг мэргэжил. Ханадаггүй, бусдаасаа суралцаж өөрийгөө хөгжүүлж байж л урагшилна. Уран бүтээлч хүмүүс их шатаж, шаналдаг. Тиймдээ ч их түрүүлж хөгширдөг байх. 

-Урлагийн хүн, тэр дундаа жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болов?

         -Миний хүүхэд нас бол тэр чигтээ Соёлын төв өргөөнд өнгөрсөн. Хошин урлагийн продакшнуудын хошин тоглолт болон “Хувьсал” продакшны жүжгийг үзэж өссөн. Тэдгээрээс урам зориг авч, хөглөгдөж, дуртай болсон. Тэгээд л аав, ээжээсээ зөрсөөр байгаад жүжигчин болсон. Магад бизнесмэн болоод явж болох байсан. Гэхдээ мэргэжилдээ хайртай. Хүн нэг зүйлд донтохоор түүнээсээ гарч чаддаггүй шүү дээ. Түүн шиг л тууштай байж, эцсийг нь үзэхийг хүсдэг.

-Тайзнаа ингээд найзуудын хамт бүтээгээд явж байгаа. Дэлгэцэд харин таны цөөнгүй сайхан дүр бий шүү дээ. Кино руу орох бодол байгаа юу?

         -Мэдээж залуу уран бүтээлчийн хувьд кино руу орох бодол бий. Гэхдээ ойрын жилүүдэд тайзны бүтээлд түлхүү анхаарна.


“PRO” ТЕАТРЫН НАЙРУУЛАГЧ О.ИТГЭЛ: ОХУ-Д СУРЧ БАЙХДАА "ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ"-ИЙГ ЖҮЖИГ БОЛГОН ТАВИХЫГ МӨРӨӨДДӨГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-27 15:35:43
    Батбаатар: Дархан ирж тоглоорой..Уран бүтээлийн өндөр Амжилт хүсэе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188