• Өнөөдөр 2024-04-28

“МӨРӨӨДЛИЙН ТЕАТР”-ЫН ЖҮЖИГЧИН Ч.БАЯРМАА: БИД “ЭЭЖ ЭЭ” ЖҮЖГИЙГ 18 ЖИЛИЙН ДАРАА “ТОД ХУВЦАСТАЙ ЭМЭГТЭЙ” НЭРЭЭР ДАХИН ТОГЛОХ ГЭЖ БАЙНА

2024-02-19,   626

              “Мөрөөдлийн театр”-ын хамт олон Д.Мэндсайханы зохиол, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар “Ээж ээ” жүжгийг 18 жилийн дараа үзэгчдэд “Тод хувцастай эмэгтэй” нэрээр дахин тоглохоор болсон байна. Үүнтэй холбоотойгоор бид жүжигчин Ч.Баярмаатай ярилцлаа. Түүний хувьд театрынхаа олон сайхан шоу тоглолт, жүжигт өөрийн өнгө төрхөөрөө үзэгчидтэй уулздаг уран бүтээлч. Эл жүжгийн өмнө тэрбээр  “Шөнө буусан аадар” жүжгийн Оюуны дүрд амжилттай тоглосон юм.

-Сайн байна уу. “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Тод хувцастай эмэгтэй” жүжгийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Одоогоор дүрүүд ил болоогүй байгаа ч таны хувьд оролцон тоглох постер цацагдсан шүү дээ. Энэ удаад ямар дүрээр үзэгчидтэй уулзах гэж байна вэ?

                 -Тийм ээ. Зохиолч Д.Мэндсайханы “Хөхөө” зохиолыг 2006 онд Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатарын найруулгаар “Ээж ээ” нэртэйгээр үзэгчдэд хүргэж байсан бол 18 жилийн дараа “Мөрөөдлийн театр” маань “Тод хувцастай эмэгтэй” нэрээр Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулагчийн найруулгаар гуравдугаар сарын 1-нээс Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны тайзнаа тоглохоор сургуулилалт эд дундаа өрнөж байна. “Тод хувцастай эмэгтэй”  жүжгийг нэрнээс нь эхлээд бодоход өгүүлэмжтэй, нууцлаг, нөгөө талаар тодорхой ч  юм шиг гээд  хүн бүрийн харах өнцөг өөр байх болов уу.

Миний хувьд нэгэн айлын хүүгийн эхнэрийн дүрд ажиллаж байна. Жүжгийг нэгэн тод харагдахуйц дүр байгаа.

-Танай хамт олны хувьд өнгөрсөн жил Ц.Балдоржийн зохиол “Шөнө буусан аадар” жүжгийг  Э.Ёндоншарав найруулагчийн найруулгаар үзэгчдэд хүргэсэн. Жилийн хугацаанд дараагийн уран бүтээлээ тавих гэж байгааг харахад их шаргуу уран бүтээлийн төлөвлөгөөтэй ажиллаж байна уу гэж харж байна?

           - "Мөрөөдлийн театр" маань ойрын таван жилийн төлөвлөгөө гаргасан байдаг. Энэ жилийн хувьд “Тод хувцастай эмэгтэй” жүжгээр эхэлж байна. Бидний хувьд залуу уран бүтээлчид шүү дээ. Тэр ч утгаараа төлөвлөгөөнийхөө дагуу шаргуу ажиллаж байгаа.

-Тайзнаа тоглож буй жүжгүүдийг анзаарахад цаг үе, нийгэмд өрнөж байгаа зүйлстэй уялдсан сэдэвтэй уран бүтээлийг барьж авч дэлгэж байна. Энэ ч утгаар та бүхэн “Тод хувцастай эмэгтэй” зохиолыг сонгон авсан нь эмэгтэйчүүд рүү илүүтэй чиглэсэн, тэдний эрх чөлөө, хайрын тухай өгүүлэх гэж байна уу гэж таамаглаж байна?

            -Тийм ээ, хэдийн өмнө нь тайзны бүтээл болж байсан бүтээлийг сонгон авсан ч энэ цаг үетэйгээ нийцүүлэн эмэгтэйчүүд рүү чиглэсэн нь тодорхой ажиглагдаж байгаа байх. Мөн “Тод хувцастай эмэгтэй гэж хэн бэ” гэсэн асуулт урган гарч байна.

Миний хувьд гэхэд зөвхөн эмэгтэй гэхгүйгээр эргэн тойронд минь байгаа тод хүн хэн бэ гэвэл аав, ээж, хайртай хань, охин минь байна байх.

                  Энэ мэтээр нэрнээс эхлэн хүмүүс өөрийнхөөрөө задлан ойлгож болох юм. Тэгэхээр хүн бүр өөрийн өнцгөөр харж, бодож, тайлах байх аа.

-Жүжгийн нэрийг өөрчилж тавьж байгаа нь ямар учиртай бол. “Шөнө амталсан нулимс” жүжгийг “Шөнө буусан аадар” нэрээр та бүхэн үзэгчдэд тоглосон шүү дээ. Тэгвэл энэ удаад “Ээж ээ” жүжгийг “Тод хувцастай эмэгтэй” нэрээр хүргэх гэж байгаа юм байна?

       -Мэдээж бид нэрний тухайд зохиолчоосоо зөвшөөрлийг нь авч, найруулга, найруулагч, жүжгийн доторх үйл явц шинээр “мэндэлж”, энэ цаг үетэйгээ уялдаж байгаа учир түүндээ тохирсон нэрийг солих нь бий.

-“Ээж ээ” жүжиг бол үзэгчдийн зүрх сэтгэлд үлдсэн, сайхан бүтээл шүү дээ. Тэр ч утгаар дахин тавих гэж байгаа нь танай хамт олны хувьд том хариуцлага ирж байгаа болов уу гэж бодож байна?

           -Тэгэлгүй яах вэ. Тухайн үед том баг хамт олноос бүрдсэн том жүжиг. Тиймээс бид үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон тэр сайхан жүжгийг энэ цаг үеийн үзэгчдэд хүргэхийн тулд дор бүрнээ чармайн бэлдэж байна.

-"ШӨНӨ БУУСАН ААДАР" ЖҮЖГИЙН ОЮУНЫ ДҮРД АМЖИЛТТАЙ, ОНЦ ДҮНТЭЙ ТОГЛОЖ ДУУСГАСАН ГЭЖ БОДОЖ БАЙГАА-

 -Шинэ жүжгийнх нь тухайд энэ хүргээд, “Шөнө буусан аадар” жүжгийн талаар яриа өрнүүлэх нь зүйтэй байх. Уран бүтээлчдийн хувьд тоглосон жүжиг нь үзэгчдэд хэрхэн хүрч, амжилттай байсныг дүгнэж ярилцаж, хаагаад дараагийн бүтээл рүүгээ ордог байх?

           -Миний хувьд “Шөнө буусан аадар” жүжиг минь улсдаа тэсрэлт хийсэн сайхан бүтээл болсон гэж бодож байгаа. Уран бүтээлчийн хувьд гол дүр болох Оюуны дүрд ажилласан минь том сорилт, дэвшилт болсон. Анх дүрээсээ эмээж байсан ч өөрийгөө дайчлан, хичээж ажилласан. Тиймдээ ч их амжилттай, онц дүнтэйгээр дүрдээ ажиллаж дуусгасан гэж дотроо бодсон. Хүмүүсээс ч мөн их сайхан магтаал, урмын үг авсан. Мэдээж багахан шүүмжлэл ч бий байх. Энэхүү жүжгээ бид нийслэлд тоглохоос гадна орон нутгаар явж тоглосон.

Мөн манай хамт олны нэгэн түүхэн амжилт бол драмын жүжиг Монгол Улсаа төлөөлөөд Европын холбооны улсыг бүрэн бүрэлдээхүүнээрээ тойрсон маань байлаа. 

       Жүжигт манай хамт олноос гадна Ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Д.Ганцэцэг гэх гайхалтай хоёр уран бүтээлч тоглосон. Урьд нь манай улсаас гадны орнуудад драмын жүжиг тойрч тоглож байгаагүй юм билээ. Тэгэхээр энэ жүжгээ их сайхан амжилт өндөртэй дүүргэсэн.

Мөн хувь хүнийхээ хувьд хамт олон минь энэхүү жүжгээрээ түүхэн хуудас нээсэн гэж бодож байна. Мөн энэхүү жүжиг маань үзэгчдийн тоогоороо рекорд эвдсэн.

 -Таны хувьд бид хошин тоглолтын дүрүүдийг нь мэднэ. Харин драмын жүжгийн анхны дүр нь “Шөнө буусан аадар” жүжгийн Оюуны дүр байв уу?

       -Би 2010 онд сургуулиа төгсөөд “Шинэ үе” продакшнд орж ажилласан. Тухайн үед продакшнаас “Хайрт Долгор багш минь” гэх жүжигт ажиллаж байсан. Тэгэхэд надад анхлан Долгор багшийн дүрийг оноож, Г.Ундармаа эгчтэйгээ дублёр болоод тоглож байсан. Анхны том дүр учир айдас эмээлт байсан ч  амжилттай тоглосон. Харин хоёр дахь гол дүр минь “Шөнө буусан аадар” жүжгийн Оюуны дүр. Мэдээж "Мөрөөдлийн театр"-ынхаа өмнөх жүжгүүд, хошин тоглолтын дүрүүд бий л дээ. Гэхдээ том дүр гэж авч үзвэл "Шөнө буусан аадар" жүжгийн Оюуны дүрийн дараа одоо тоглох "Тод хувцастай эмэгтэй" жүжгийн дүр орно.

-Жүжигчнээр төгссөн уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөл театр байдаг шүү дээ. Гэхдээ манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа театр цөөн. Энэ ч утгаар таны хувьд хошин урлагийн продакшнд ажиллаж байгаад дараа нь театрын уран бүтээл хийдэг хамт олонд орсон нь том боломж болов уу. Таны хувьд нэг продакшн, хамт олондоо тууштай, үнэнч байгаа нь ажиглагддаг?

        -Саяхнаас л олон сайхан театр бий болж байна. Түүнээс биднийг төгсөж байх үед ганцхан драмын театр л байлаа шүү дээ. Багаасаа би драмын театрын жүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй байсан юм. Харин сургуулиа төгсөх үед хошин урлагийн продакшн их байсан. Тиймээс ч “Шинэ үе” продакшнд орж, хамт олон, уран бүтээлч ах, эгч нараасаа их зүйл сурч авсан. Тэгээд 2012 онд продакшнаасаа гараад “Мөрөөдлийн театр”-т орж байсан. Театрын жүжигчин болно гэж багаасаа боддог байсан болохоор театр гэдэг статустай хамт олонд ороод өнөөдрийг хүртэл үнэнчээр ажиллаад явж байна.

“Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг шиг миний хувьд тууштай, үнэнч, шударга зан чанарыг баримтлахыг эрхэмлэдэг.

         -Хамт олны сайхан уур амьсгал, урмын үг, танд үзүүлж буй итгэл гээд олон зүйл таныг татаж, нэг хамтлагтаа тууштай байх үндэс болж байгаа байх. Чухам таныг хамт олны тань юу нь татаж, үнэнч, тууштай уран бүтээлч нь байхад нөлөөлсөн бол?

                -Ээж минь надад “Хүн хамт олонтой байх ёстой. Мэдээж гэр бүл нэгт, дараа нь хамт олон хамгийн чухал” гэж захидаг. Тэр ч утгаар анх “Мөрөөдлийн театр” хамтлагт ороход  сайхан хүлээн авч, сургуулиа төгсөөд удаагүй мэдэхгүй, чадахгүй зүйл ихтэй надад их ч зүйл зааж, сургасан. Нэг газар байхад таатай, тухтай, өөрийнхөөрөө байх нь хамгийн чухал. Заавал дарга, цэрэг, ах, дүү гэхээс илүү нэгнээ хүндэлж, сонсож чаддаг найзууд шиг ойр дотно, эрүүл харилцаатай хамт олон байдаг учир өдгөө хүртэл урам зоригтойгоор олон бүтээлийн ард хамтдаа гарсан байх. Мэдээж албан ёсны зүйлд даргыгаа дарга гэж хүндлээд, эмх замбараатай явдаг. Сүүлийн үед нэг үгийг бодож байгаа. Хүн өнөөдөр хэн байх нь чухал биш, маргааш, нөгөөдөр хэн байх нь чухал гэдэгтэй санал нэг байдаг.

Хүн ер нь аливаа нэгэн зүйлд үнэнч, тууштай байх юм бол ирээдүйд бүх зүйл зөв зүйтэй, алхам алхмаар урагшилбал дараагийн тод гялалзах од нь байх болно гэж боддог.

-Багаасаа энэ жүжигчин шиг жүжигчин болох сон гэж үлгэр дуурайлал авдаг ямар уран бүтээлч байдаг вэ?

         -Сая цагаан сараар хамаатнуудтайгаа уулзахад, “Баярмаа чи багаасаа жүжигчин болох эхлэлээ тавьсан байсан. Бүх үеэлүдээ цуглуулаад, гарч ирээд удирдаад, бүр эмгэн болсон явж байсан" гэж ярьж байна . Би өөрөө тэр үеэ санадаггүй гэхээр их л жаахан байсан байгаа юм. Харин гурав, дөрөвдүгээр ангиасаа эхлээд л МУГЖ И.Одончимэг, С.Өлзийхүү, жүжигчин О.Энхтуул, У.Уранчимэг эгчийг хараад л жүжигчин болно гэж боддог байсан. Тэр үеэс л мөрөөдөл минь алхам алхмаар биелээд явж байна.

-Таны удамд урлагийн хүн бий юү?

       -Эмээ минь Дуурь бүжгийн эрдмийн театрын хөгжимчин хүн байсан. Оны өмнө өөд болсон л доо. Бусдаар бол  яг жүжигчин мэргэжилтэй хүн байгаагүй. Миний хувьд өөрийн дотоод сэтгэлийн дуудлагаар энэ мэргэжлийг сонгосон гэж боддог. Мөн дуулах их дуртай, чамгүй дуулчихна аа.

-Тэгэхээр гэр бүлээсээ анхлан жүжигчин мэргэжлийг эзэмшсэн болохоор таниар их бахархаж, үздэг байх аа?

            -Анх аав, ээж минь төдийлөн дэмжээгүй. Ээж минь эдийн засагч, нягтлан гээд амьдралд ойр мэргэжил сонго гээд жаахан дургүй байсан. Аав минь харин миний үгийг сонсоод дуугүй байсан. Тэгээд би өөрөө анх СУИС гэж хаана байдгийг  ч мэдэхгүй мөртлөө нэгдүгээр хорооллоос гараад микронд суугаад СУИС –ийг олж очоод, жижүүрээс нь “Би жүжигчин болох гэсэн юм. Хэнтэй уулзах уу” гээд өөрөө яваад, анх Ардын жүжигчин Д.Лхамхүү багштайгаа уулзаад, шалгалтдаа бэлдээд орж байсан. Тэгээд жүжигчнээр суралцаад, сургуулиа төгсөөд, “Мөрөөдлийн театр”-т ороод мэргэжлээрээ ажиллаад явсан. Нэг удаа манай хамтлагийнхан Говь-Алтай аймагт тоглолттой үед манай аав мөн ажлаар явж таардаг юм байна. Тэгээд охинтойгоо таарсан, хамт олныг нь өдрийн хоолонд оруулъя гээд халуун яриа өрнүүлээд сууж байсан чинь аав “Миний охинд тусалж дэмждэг сайхан хамт олонд нь баярлалаа. Миний мөрөөдлийг биелүүлж байгаа охиндоо мөн баярлалаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь гайхаад, юу билээ гэсэн чинь аав минь багадаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан юм байна лээ. Тэрийг нь тэгэхэд л би анх мэдсэн юм. Эмээ минь аавыг удирдаач болгох гэж үзсэн ч аав минь жүжигчин биш бол болохгүй гээд болоогүй юм байна лээ. Тэр үг санаанаас гардаггүй, сайхан санагддаг. Одоо бол бүгд намайг дэмжиж, ард минь асаалттай танк шиг л байдаг. Уран бүтээлч, тэр дундаа эмэгтэй хүн жүжигчин байна гэдэг гэр бүлдээ гаргах цаг бага, амаргүй л дээ. Гэсэн ч аав, ээж, хань ижил минь их дэмждэгт баярлаж явдаг. Энэ талаараа би өөрийгөө их азтай гэж боддог. Түүнээс биш эмэгтэй хүнд мэргэжил шүү дээ.

-Киноны дүрийн санал их ирдэг байх. Үзэгчийнхээ хувьд цэрэг, цагдаагийн дүр танд их сайхан тохирох юм уу гэж санагддаг юм?

          -Өндөр болохоор тэгдэг юм уу ихэвчлэн гоё, сайхан эмэгтэйн дүрийн санал  ирнэ. Сүүлд нэг гоё дүрийн санал ирсэн, одоогоор нууц хэвээр үлдээе. Мэдээж цэрэг, цагдаагийн дүр бас гоё. Жүжигчин болсных бүх л дүрд тоглож үзэх юм сан гэж боддог. Залуу байгаа учир хүсэж байгаа бүх л дүрдээ тоглож чадна гэж итгэдэг.

-"Тод хувцастай эмэгтэй" жүжгээр эргэн уулзья. Танд амжилт хүсье.

      -Баярлалаа. "Тод хувцастай эмэгтэй" жүжгийн дүр болон  цаашдаа мөн дэлгэцийн олон сайхан бүтээлээр үзэгчидтэйгээ уулзана гэж бодож байна.

 


“МӨРӨӨДЛИЙН ТЕАТР”-ЫН ЖҮЖИГЧИН Ч.БАЯРМАА: БИД “ЭЭЖ ЭЭ” ЖҮЖГИЙГ 18 ЖИЛИЙН ДАРАА “ТОД ХУВЦАСТАЙ ЭМЭГТЭЙ” НЭРЭЭР ДАХИН ТОГЛОХ ГЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-20 00:13:05
    Dr. Adity: If you want to sell your kidney for money $780,000 contact this hospital email address: [email protected]
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188