• Өнөөдөр 2024-04-28

Н.ЖАНЦАННОРОВ: Уртын дуу байгальтайгаа хүйн холбоотой нүүдэлчдийн ахуйгаас л урган гарсан урлаг

2024-02-12,   1620

        Яруу найргийг сонсох урлаг, харин уран зургийг харах урлаг гэх нь бий. Зураач яруу найрагчид  амьд байгалийг өөр өөрийнхөөрөө буулгадаг. Тэр нь гайхамшигт уран бүтээл болох нь бий. Харин хөгжмийн урлагт байгалийг хэрхэн дүрсэлж болох вэ, яаж түүнийгээ олон нийтэд хүргэх вэ. Энэ мэт асуултад хариулт авахаар Ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровыг зорьсон юм. Түүнтэй хөөрөлдсөнөө уншигчиддаа хүргэе.



-Байгаль хүн хоёрын харилцаанд урлаг ямар нөлөө үзүүлж болох вэ?
              -Уншигчдад сонин байх болов уу гэдэг үүднээс би нэг зүйлийг эхлээд хэлье. Италийн Венец хотыг далайн эргийн усан боомт, усан дээрх хот гэж болно. Энэ хотод завьчид нь такси шиг үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Тэндхийн газар далайн түвшинтэй нэг ижил хэмжээнд нам дор газар байрладаг. Тийм болохоор агаар нь маш нягт. Ийм агаарт дуу муу тархдаг юм.   Их хүч гаргаж байж дууг тархаах шаардлагатай. Тийм учраас завьчид шөнө, орой бие, биеэндээ чимээ өгч олохын тулд хоолойгоо хөндийлөн хашхирдаг байж. Хожим театр үүсэхэд  битүү танхимд  өсгөгч үүсээгүй үед дуулаачдын дуу хоолой, арын эгнээнд хамгийн ард, хол сууж буй хүмүүст хүрдэггүй байж л дээ.  Хол сууж буй хүмүүст хүргэх аргыг янз бүрээр судалсан гэдэг. Гэтэл алс зайд дууг хүргэх Венецийн завьчдын өвөрмөц хоолойны дуугаралтаас  өөр арга олдоогүй байна. Тэгээд л Венецийн завьчдын хоолойгоо хөндийлж дуугарах  аргыг  дуурийн урлагт ашиглажээ.



-Одоо хүртэл Венецийн завьчдын хоолойны дугаралтыг дуурийн сонгодог урлагт ашигласаар байгаа юм уу?
            -Өдгөө тэр аргыг дуурийн дуулаачдыг бэлтгэх сонгодог арга гээд байгаа юм. Энэ аргыг дэлхий дахинд хэрэглээд 300 жил болж байна. Үүнийг манайхан дуурийн сонгодог урлаг гэж яриад байгаа. Үнэндээ бол Венецийн завьчдын хоолойны өнгөө өөрчлөх арга байгаа юм. Тэгэхээр байгаль хөгжмийн урлаг хоёр ойрхон байгаа биз.

-Манай орны байгаль цаг уур, газар зүйн тогтоц, орчин нөхцөл  Венецээс өөр, эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшинөөс дээш өндөрт байрладаг.  Ийм газар уртын дууг дуулах арга, Венецийн завьчдын аргаас өөр биз дээ?
-Монгол орон далайн түвшинээс дээш 2500-3000 метрийн өндөрт өргөгдсөн байдаг. Монголын тал нутаг хэмжээ хязгааргүй мэт үргэлжилнэ. Ийм газарт хол зайд хүрэх боломжтой дуу авианы бас нэг төрөл бий болжээ. Энэ арга нь Италийн хоолойгоо хөндийлөх аргаас эсрэг амаа жимийж байгаад багалзуураар дуулах өвөрмөц арга юм. Үүнийг бид уртын дуу дуулах арга гэж нэрлээд байна даа. Уртын дуу сийрэг агаарт маш хүчтэй, хурдан хол зайд түгэн хүрч тархдаг онцлогтой. Ингэж монголчууд өөрийн орны байгаль орчинд тохирсон хол зайд дууг хүргэх багалзуураар дуулах аргыг боловсруулсан байна.


-Монголын байгаль орчинтойгоо нягт холбоотой дуулах нь сонгодог аргыг дэлхий нийт яагаад авч ашиглахгүй байна вэ?
             -Мэдэхгүй, чадахгүй, бас зарим нь хүсэхгүй л байгаа байхгүй юу. Гэхдээ маш их сонирхож судалж байгаа. Дэлхийд тархсан Венецийн дэг сургуулиас хамаагүй давуу тал уртын дуунд бий. Дууны авиаг давтамж хэмнэлтэйгээр хүргэж байна. Энэ хүчтэй дуулах сонгодог дэг соёл зөвхөн монголын тал нутагт л байгаа. Энэ дуулах урлагийг Монголын уртын дуу гэдгийг  дэлхийн хүмүүс мэдэрч эхэлсэн. Магадгүй 30-40 жилийн дараа ч юм уу. Эсвэл 100 жилийн дараа ч байж магадгүй. Ирээдүйд дуурийн дууг, уртын дууны дэг ёсоор дуулдаг, тийм арга руу очихыг үгүйсгэхгүй.  Бидний өвөг дээдэс дэлхий дахинд дахин давтагдахгүй хэн ч давж гарахгүй дуу авианы дэг сургуулийг бий болгож чадсан байгаа нь гайхалтай.



-Монголын уртын дууны дэг сургуулийг дэлхийн дуулах урлагт ашиглах боломж байгаа гэсэн үг үү?
                -Бидний бахархах зүйлийн нэг нь энэ юм аа. Хэдэн зуун жилийн дараа хүн төрөлхтөн энэ л зүг рүү явна. Өөр арга байхгүй. Уртын дуу байгаль дэлхийтэй шууд холбоотой. Монгол орны эргэх дөрвөн улиралтай салшгүй холбогдсон. Монгол ахуй амьдрал, зан үйлтэй нягт уялдсан байдаг.

-Суурин амьдрал хотжилт бий болсны улмаас хүн төрөлхтөн байгаль орчноосоо улам бүр холдон хөндийрч байна. Агаарын бохирдолт цөлжилт гэх айдас өдөр бүр нүүрэлсээр байгаа. Энэ бүхэн хэвээр үргэлжилбэл хөгжмийн урлагт ч гэсэн нөлөөлөх болов уу?
                   -Байгаль орчноос шим аваагүй.  Байгальтай  холбоогүй тийм уран сайхны бүтээл, дүрслэх урлаг, яруу найраг, дуу, хөгжмийн бүтээл гэж байхгүй. Хэрэв тийм бүтээл байдаг бол хүний сэтгэлд хүрэхгүй, хамгийн хүчгүй нь байж таарна. Байгаль дэлхийн оролцоогүй зөвхөн оюун санааны бүтээл хийлээ гэж бодъё. Гэтэл уг бүтээлийн логик, учир зүйн холбоос нь явж, явж байгальтай холбоотой байдаг. Энгийн жишээ авъя л даа. Хот, хөдөөд өссөн хөгжмийн зохиолчийн хөгжмийг үзүүлэн харуулах ялгаа нь өөр ондоо болоод явчихдаг. Хөдөө өссөн гадаадад дэлхий нийтийн хөгжмийн боловсрол эзэмшиж сурсан хүмүүс бий. Тэдний хөгжмийн зохиол дэлхийд хаана ч байхгүй сонирхол татахуйц зохиолууд байдаг .



-Чухам юу нь сонирхол татахуйц  байна вэ?
                -Манай Б.Шарав, Ц.Нацагдорж гэх мэт олон хөгжмийн зохиолч байгаа. Б.Шарав хоёрдугаар симфонио 1988 онд Москвад тоглуулахад ОХУ-ын хөгжмийн мэргэжилтнүүд дуу алдан хүлээн авсан. Монголын энэ хөгжмийн зохиолч симфонид тэсрэлт хийх нь гээд бөөн шуугиан дэгдсэн. Тэр тэсрэлт нь юу байсан гэвэл. Б.Шаравын симфонид уртын дууны логик орсонд л байгаа юм. Гэтэл уртын дуу гэдэг өөрөө Монголын гайхамшиг, байгальтайгаа хүйн холбоотой нүүдэлчдийн ахуй амьдралаас л урган гарсан урлаг байхгүй юу.



-Таны морин хуурд зориулан бичсэн “Цагаан суварга”, “Мандухай цэцэн хатан” зохиолууд хүмүүст их хүрсэн байдаг. Байгаль ертөнцийн дүрслэлийг өгүүлснээрээ хүмүүсийн сэтгэлд илүү хүрсэн юм болов уу?
            -Мэдэхгүй. Би хүмүүст хүргэх гэж хөгжмийн зохиол бичдэггүй. Хүнд хэрэгтэй зохиол бичихийг хүсдэг. “Мандухай цэцэн”, “Цагаан суварга” хоёрын хувьд бол ертөнцийг үзэх үзэл, оюун санаа, байгальтай холбоотой учир зүйн илэрхийлэл юм.



-Дэлхийн сонгодог бүтээлийг морин хуураар тоглох нь буруу гэж үзэх хандлага, яриа гараад байгаа. Үнэхээр сонгодог бүтээлийг морин хуураар тоглож болдоггүй юм уу?
            -Сонгодог гэдэг юу гэсэн үг юм бол доо. Социалист нийгмийн үед бид Европын хөгжмийг сонгодог гэж яриад сурчихсан. Үүнийг л хэлж байна уу даа. Европын хөгжмийг яагаад үндэсний хөгжмөөр тоглож болохгүй гэж. Болно шүү дээ. Тэгэхдээ Европтой уралдаж  симфони оркёстроос үндэсний хөгжим илүү гарах ёстой  гэж уралдуулах нь буруу. Энэ нь хуулан дуурайх хэлбэр рүү орж байгаагийн шинж л дээ. Бетховен, Моцартын бүтээлийг ардын хөгжмөөр хөгжимдөж чадна гэдэг нь сайн хэрэг. Хийлтэй уралдаж, хийлээс өндөрт гаргах нь буруу. Ийм зорилт тавих нь угаасаа буруу зүйл байгаа юм. Гэхдээ морин хуураас гарч байгаа эгшиг амьтай, сүнслэг зүйл. Би онгирох, үндэстнээ өндөрт тавих гэсэн санаагаар энэ үгийг хэлж байгаа юм биш л дээ. Хүний ширхэг үсийг шинжлээд хүний тухай мэдээллийг бараг бүрэн авч болж байна. Тэгэхээр үс гэдэг амьтай зүйл байгаа биз. Хийл хөгжим гайхамшигтэй гэхдээ металыг, метал утсаар хөрөөдөж байна.



-“Хайрлан дуулмаар байна” дууг зохиосон түүхээсээ ярихгүй юу. Өвөрмонголд байх даа энэ дууныхаа санааг олсон гэдэг үнэн үү?
          -Үгүй яахав дээ. Нэг тийм дуу зохиосон л байхгүй юу. Өвөрмонголд би нэг бүжгэн жүжгийн хөгжим бичиж байсан юм. Тэр үед л бичсэн. Хайр гэхээр хүмүүс дурлал гэж андуураад байх шиг байна. Зарим хүн “Өвөр монголын нэг сувилагч хүүхэнд дурлаад бичиж гэнэ ээ. Эхнэрээ санаад бичиж гэнэ” гэх мэтээр янз  янзаар яриад байсан. Энэ бүхэн бүгд худлаа таамаглал. Миний хувьд хэн нэгэнд зориулсан зүйл байхгүй. Бодож олсон  уран бүтээлийн санаа. Хайрлан дуулмаар байна гэдэг үг, хайрын тухай юм шиг хэрнээ өөр юмаа. Ямар санааг илэрхийлж байна вэ гэвэл. Хэрвээ “Намайг дурсаад дуулдаг бол чамайг би хайрлан дуулмаар байна” гэсэн утга л байгаа. Энэ бол хүн бүхэнд хамаатай утга л даа. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн чамд сайн үйлийг хийж бүтээж, сайн сайхныг бодож байвал. Тэр хүний хариу тусыг чи үргэлж бодож явах ёстой гэсэн санаа байгаа юм.  Чамайг хүмүүс хайрлаж байвал, чи хариуд нь тэднийг хайрла гэсэн утга л байгаа юм. Тэрнээс биш дурлалын тухай дуу биш юмаа.



 

 


Н.ЖАНЦАННОРОВ: Уртын дуу байгальтайгаа хүйн холбоотой нүүдэлчдийн ахуйгаас л урган гарсан урлаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-12 21:18:38
    Иргэн: Уртын дуу монгол хүнээс гараагүй байгалиас гарсан юм байжээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188