• Өнөөдөр 2024-04-28

З.Түмэн-Өлзий: Шатар бол монголчуудын сэтгэлгээний ноён оргил юм

2024-02-10,   584

      Монголчуудын уламжлалт наадгай, оньсон тоглоомын гайхамшгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх гэж өөрийн оюун ухаан, авьяас билгээ зориулан зүтгэж яваа,  оньсон ухааны  дэлхийн шилдэг зохион бүтээгч "Олон улсын оньсон тоглоомын музей"-н захирал, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн 3андраагийн Түмэн-Өлзий гуайтай оньсон тоглоом болон монгол шатрын талаар ярилцлаа.

-Монголчуудын уламжлалт оньсон тоглоомын түүх хэдий үеэс эхлэлтэй вэ?
        -Оньсон тоглоом бол монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны том хувь нэмэр яах аргагүй мөн. Хүй нэгдлийн үе болон Хүннү гүрний үед оньсон тотоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол нүүдлийн соёл иргэншил, нүүдэлчдийн өдөр тутмын ахуй амьдралаас урган гарсан зүйл. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсарахаар бодон хийсэн байдаг.

        Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжсөн. Монгол гэр бол архитекторын өвөрмөц шийдэлтэй оньсон уран барилга юм  шүү дээ. Ор, ширээ, тавиур, айрагны бүлүүр хүртэл оньс байдаг. Мал аж ахуйн тоног хэрэглэл ногт, чөдөр, эмээл, хазаар энэ бүхэн уяа зангилааны урлаг ухаан, тоглоом болтлоо хөгжин хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байж. Бидний өвөг дээдэс тоглоом, наадмаа шинжлэх ухаанчаар хөгжүүлэн 15 ангилсан байдаг.

-Хүмүүс тоглоомыг зөвхөн хүүхэд тоглох ёстой гэж ойлгоод байдаг шүү дээ?
           -Тоглоомыг завтай хүн зугаагаа гаргах, уйдсан хүүхдийг сайтуулах зүйл гэж явцуу хүрээнд ойлгоод байдаг нь буруу л даа. Тоглоом гэдэг шинжлэх ухаан юм. Соёл урлагийн, сэтгэхүйн гайхамшигт бүтээл. Мөн сурган хүмүүжүүлэх хэрэгсэл, ард түмний соёл иргэншлиййн язгуур үндэс юм. Оньсон тоглоом бүх насны хүнийг хамарч чаддаг давуу талтай. Тоглоомын ач холбогдол нь хүний математик, философи сэтгэлгээг хөгжүүлдэг. Хэвшмэл сэтгэлгээнээс гаргадаг.

-Хэвшмэл сэтгэлгээ гэж чухам яг юуг хэлээд байна вэ?
            -Хүн хэдэн толгойтой вэ, сандал хэдэн хөлтэй вэ гэж хүмүүсээс асуухад, хүн нэг толгойтой, сандал дөрвөн хөлтэй дөрвөлжин тавцантай гэдэг. Энэ бол хэвшмэл сэтгэлгээ юм. Сиамын ихэр гээд хоёр толгойтой хүн байна. Сандал нэг, хоёр, гурван хөлтэй байдаг. Хэвшмэл сэтгэлгээ буюу стандарт сэтгэлгээг манайхан үл тоодог. Нийгмийн хөгжил хувь хүний амьдралд хамгийн их саад болдог зүйл бол хайрцагладсан, нэг ижил сатандартад баригдаж, хүлэгдсэн хэвшмэл сэтгэлгээ юм.

 

-Хэвшмэл сэтгэлгээнээс яаж гарах вэ?
           -Өнөөгийн энэ хэвшмэл сэтгэлгээг ахмад хүмүүс нь туршлага, тогтсон стандарт гэж андуурдаг. Шинжлэх ухаан туршлага яриад, тэр туршлагдаа дулдуйдан нэг юмыг нэг аргаар дахин давтан хийхийг үздэг нь буруу. Өөр нөхцөл бололцоо, боломжийг тооцоолон эрж хайх хэрэгтэй. Тоглоом хүний сэтгэлгээг хөгжүүлж, аливаа зүйлийг олон талаас нь ургуулан бодож чадах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Тоглоом тоглох арга, баялаг өргөн хүрээтэй юм. Хэвшмэл сэтгэлгээнээс гарах үндэс нь ардын уламжлалт сэтгэлгээний тоглоом, наадгай юм.

-Манай улсын дунд сургуулийн сургалт нэг ижил стандарттай байдаг. Энэ нь баригдмал, хэвшмэл, сэтгэлгээтэй байна гэсэн үг үү?
         -Өнөөгийн сурган хүмүүжүүлэх арга нь буруу байгаа учраас сургалтын систем тэр чигээрээ гажуудалтай байна. Бид хүүхдүүдээ хичээлээ давт, номоо унш, даалгавараа хийх гээд залхааж шийтгэдэг. Албадлагын сургалт нь хэзээ ч хүний оюун ухааныг хөгжүүлэхгүй. Гэтэл хөгжилтэй орнууд тоглоомыг сургалттай хослуулан амжилтад хүрч байна. Их дээд сургуулийн сургалт хүний оюун ухааныг хөгжүүлдэггүй. Мэдлэг, мэргэжил, боловсрол олгож байна гээд л дипломыг мөнгөөр худалдан  олгодог. Энэ бүхэн оюун ухааны хөгжил биш. Оюун ухааны хөгжил гэдэг бол олж авсан мэргэжил, боловсрол, мэдлэгээ амьдралд бүтээлчээр хэрэглэх чадварыг хэлнэ.

-Тэгэхээр тоглоом оюун ухааныг хөгжүүлдэг гэсэн үг үү?
            -Залхуу эсвэл тэнэг хүн бүтээл, сэтгэхүй шаардсан тоглоомоор тоглодоггүй.
Оюун ухааныг нэгдүгээрт уйгагүй бүтээлч хөдөлмөр, хоёрдугаарт сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, гуравдугаарт бүтээлч сургалт хөгжүүлдэг. Та өөрийгөө хичнээн ухаантай гэж бодож болно. Гэтэл таны амьдрах чадвар чинь муу байвал, та ядуу байна.

Энэ бол таны оюун ухаан хөгжөөгүй байна гэсэн үг. Монголчууд тоглоомын аргаар хүүхдээ сурган хүмүүжүүлж чадсан. Тийм ч учраас дэлхий дахиныг эзлэн захирсан, төр нийгмийн агуу суу билэгт жанжин, хаад төрөн гарсан. Харин 1921 оноос эхлэн Оросын боловсролын системийг хуулан авч нэвтрүүлэхдээ монголчууд нүүдлийн соёл иргэншил, ахуйтайгаа зохицсон сурган хүмүүжүүлэх уламжлалт тогтолцоогоо орхигдуулсан. Тэр гажуудал нь өнөө хүртэл үргэлжилсээр л байсаар байна.

-Оюун ухааны тоглоомын оргилыг шатар гэдэг. Гэтэл шатрыг Энэтхэгээс гаралтай гэдэг?
            -Удахгүй шатар Монголоос гаралтай гэдэг нь батлагдана. Ганц миний судалгаагаар биш. Данзан, Балжинням болон Оросын эрдэмтдийн судалгаагаар нотлогдож байгаа. Энэтхэг шатарт тэмээ, морь хоёрыг заанаар төлөөлүүлэн хийсэн байдаг. Энэтхэгчүүд суурин амьдралтай хүмүүс нүүдэл хийдэггүй. Морь унадаггүй. Тэмээ байхгүй. Үхэр, заан хоёрыг шүтдэг ард түмэн шүү дээ. Харин тэднийг захирч байсан Монгол буюу Моголчуудын хаад, ноёд ордондоо шатар тоглодог байж. Монгол хаад, ноёд ордондоо шатар, оньсон тоглоом тоглохын зэрэгцээ Монгол хэлээрээ ярьдаг байж. Тэр Монгол хэлийг нь Энэтхэгчүүд урду буюу ордны хэл гэдэг байж. Их Моголын Бабур хэмээх Байбар (Бай-баян, Бар-барс, ирвэс), Акбар буюу (Ак-цагаан, бар-барс, ирвэс) хааныг өнөөдрийг хүртэл Энэтхэгчүүд шүтэж байна. Бид Акбар хааныхаа нэртэй Акбар цайг уудаг хэрнээ, Монгол хаан гэдгийг нь хүлээн зөвшөөрдөггүй.  Их Монгол гүрний Акбар, Хумияан, Ариунзэв хаадын Энэтхэгт түгээсэн шатар хэмээх оюуны тоглоомоо Энэхэгийн тоглоом гээд л сууж байгаа нь гунигтай. Чи Европ стандарт шатрын тэмээний толгой яагаад хэрчлээстэй байдгийг мэдэх үү. Яагаад гэхээр хоёр бөхтэй монгол  тэмцээний бөхийг илэрхийлж байгаа байхгүй юу. Монгол шатрын морь, тэмээ, тэрэг, бог, бодыг дуурайж сийлэн хийх нь Европчуудад хэцүү байсан болохоор өнөөдрийн Европ шатрын дүрслэлийг төлөөлүүлэн хийсэн юм билээ.

-Яагаад шатрыг Энэтхэгээс гаралтай гээд байдаг юм бэ?
             -1910 онд Английн эрдэмтэн "Шатрын товч түүх" гэсэн номондоо Энэтхэгээс шатар гаралтай байж магадгүй гэж бичсэн байдаг. 1933 онд Оросын эрдэмтэн судлаач Монголоос гаралтай гэж бичсэн. Энэ хоёр дээр эрдэмтэн мэргэд талцан ярилцаж маргалддаг юм билээ. Ноён уулын булшнаас "Шанбалын хүрд" гэдэг хөлөгт тоглоом олдсон. Энэ тоглоомооос шатар үүссэн байх үндэстэй. Монгол хөлөгт тоглоомоор арвин баялаг орон, Цэвээндоржийн номонд бүх хөлөгт тоглоомууд орсон байдаг.

-Орчин үеийн шатарт монгол зан үйл хэрхэн шингэсэн байдаг вэ?
             -Монгол шатар нийтийн шатраас 12 зүйлээр ялгаатай. Нүүх, сэлгээ хийх, ноён, бэрс, морь, тэмээ, хүү, бог, бод гээд бүгд л монгол зан үйл, монгол хэллэг байгаа биз дээ. Морины нүүдэл чөдөртэй морины өрөөлдсөн, чөдрийн явдал байдаг. Тэмээ, тэрэгний нүүдэл гэхэд тэмээний тэшээ, модон тэрэгний тууш нэгэн чиглэлийн өнхрөлт санагддаг. Бэрс буюу барс гэсэн монгол үг олон тоонд бэрс болсон байх жишээтэй. Дайн байлдааны нарийн тактикууд хүртэл байдаг. Монгол цэргийн "Бух сэжих" гэдэг тактикийг хэрэглэж байгааг эрдэмтэн Данзан судалгаандаа дурдсан байгаа. Шатар бол ашигтайгаас ашиггүй байрлал руу өрсөлдөгчийг шахаж унагадаг дайн байлдааны такикийн урлагийн тоглоом.

-Монгол оньсон тоглоомын дэлхийн бусад орны оньсон тоглоомоос ялгагдах онцлог нь юу байдаг вэ?
           -Монгол оньс, сонгодог бүтээлч соёл урлаг болтлоо хөгжчихсөн. Бодит дүрсийг хийж чаддаг. Морь, тэмээ, хүн, гэр, байшин гэхэд яг л дуурайлган хийгээд оньсолж болдог юм. Мөн модноос гадна яс, чулуу, алт, мөнгө гээд л бүх төрлийн металиар хийж болдог давуу талтай. Бусад орны оньс тийм биш. Зөвхөн геометрийн дүрсээс хальдаггүй явцуу хүрээтэй байдаг юм. Ер нь оньсон тоглоом нүүдэлчин ард түмний дунд өргөн дэлгэр тархсан байдаг. Би Өмнөд Америкт оньсон тоглоомоо сурталчилаад явж байх үедээ Чили хүмүүстэй таарсан. Тэд энэ модон тоглоом манай өвөг, дээдсийн модон тоглоомтой адилхан юм байна гээд л сонирхоод байсан. Гэтэл тэр хүмүүс Чили Улсын Андын нуруунд амьдардаг индиан овгоос гаралтай хүмүүс байсан. Өмнөд, Хойд Америкийн уугуул иргэд индианчуудын дунд оньсон тоглоом бий. Мөн Европ тивд Унгарын мажарууд болон Финланд, Норвеги, Шведийн хойд туйлын цаатан гаралтай хүмүүсийн дунд оньсон тоглоом байдаг. Гэхдээ дөрөв, болон зургаан модноос бүрдсэн анхдагч оньс, чагтан тоглоом байх жишээтэй.

 


 

 


З.Түмэн-Өлзий: Шатар бол монголчуудын сэтгэлгээний ноён оргил юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-12 14:34:03
    Ард: Иимл хөдөлмөрч хүмүүс их болжээж монгол хөгжинө дандаал нам дагаж цүнх бөгчин пялдагауудл иргэдиин боломжииг салбар бүртээ тонож улууд ихэсдэгшдэээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-11 10:28:18
    Зочин: Гайхамшигтай , жинхэнэ ӨВ тээгч хүн дээ. Монголын ард түмний оюун санааны гайхалтай өвийг уламжлан хойш үедээ үлдээж байгаа тандаа талархаж байна. Шатрын хувьд нэршилүүд нь үнэхээр л Монгол нэрүүд байдаг л даа. Хамгийн гол нь энэ хөлөгт тоглоом дэлхийн оюуны хамгийн том спорт болж хүлээн зөвшөөрөгдсөн нь хаана үүссэнээс илүү хамгийн чухал зүйл байх аа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-10 14:38:18
    Иргэн: Түмэн-Өлзий гуйан хойч үеийнхэндээ монгол наадгай, монгол ёс заншил, оньсон түлхүүрт тоглоомыг төрөл бүрээр нь өвлүүлж, хөгжүүлж байгаад нь баярлалаа. Шатрын тухайтад аль улсаас байх нь тийм чухал биш болов уу. Харин бидний үед тоглож, тархи оюунаараа хүчээ сориж байгаа нь л гол болов уу. Заавал манайхаас гэж өмчирхөөд яахав дэ. Дэлхийн нийтээрээ л тоглож, уралдаж байгаа нь л болоо до.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-10 13:31:49
    Зочин: Мэдэхгүй, Түмэн-Өлзий гуай их л зоригтой байна. Тэгсээр батлуулж чадах юм байлгүй. Би л хувьдаа шатар арай түрүүнд иргэншсэн ертөнцийн тоглоом байх л гэж боддог. Нүүдэлчдэд яршиг, дараатай, тээж авч явахад хэцүү төвөгтэй тоглоом баймаар санагдах юм. Шатар бол тактик ба стратеги юм. Үүгээр хаад ноёд л тоглоно. Хаад ноёдыг ийм тоглоомоор зугаацаална. Жирийн иргэн тоглох боломж, тийм хэрэгцээ байхгүй байсан гэж үзэж байна. Дайн хийж хүчээ тэнсдэг геополитикийн бодлого эртний сурвалжит төртэй улс орнуудад л байсан. Шумер, Энэтхэг, Грек, Ром, Хятад гэх мэт. Тэд л дайн хийж залхахдаа шатрыг бий болгосон байх аа даа. Яахав захиалга өгсөн гэсэн үг. Зохиогч нь бол нэр нь түүхэнд үлдэх учиргүй нэг мэргэн ард л байсан байж таарна. Гэхдээ шатар бол олон үндэстний, олон янзын хөлөгт тоглоомын хослол маягаар бий болсон зүйл байх.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188