• Өнөөдөр 2024-05-04

ЖҮЖИГЧИН Д.ХОСБАЯР: "Хайрын гэрээ" киногоороо хайрыг үзэгчдэд өөр өнцгөөс харуулахыг зорьсон

2024-01-31,   1016

 Жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа. Тэрбээр ирэх хоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийх "Хайрын гэрээ" киноны гол дүрд тоглосон юм.

-Сайн байна уу. "Хайрын гэрээ" шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байгаа юм байна. Эндээс яриагаа эхэлье?

        -"Хайрын гэрээ" кино маань "Эго" продакшны анхны уран бүтээл. Манай ангийн уран бүтээлч Дорноговь аймгийн "Саранхөхөө" театрт ерөнхий найруулагчаар таван жил ажилласан А.Баярсайхан маань найруулаад, миний хувьд гол дүрд нь тоглосон. Бид бол Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн шавь нар. Кино маань хоёрдугаар сарын 12-нд нээдэг нь ч мөн учиртай. Шинийн гуравны бэлэгт сайн өдөр. Мөн хайрын баяр, хаврын улирал гээд цаг хугацааны хувьд их онцлогтой. Тэр дундаа гэр бүлээрээ үзэхэд их тохиромжтой бүтээл болсон. Киноны зураг авалт Дорноговь аймгийн Зүүнбаян сумын тосгонд 60-70 хувийн зургийг нь аваад, Сайншанд, хот болон хотод үлдсэн зургаа авсан. Дүрд ажилласан уран бүтээлчдээс танилцуулбал, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин сахал Пүүжээ буюу МУСТА Ж.Пүрэвдорж ах, МҮОНРТ-ийн кинонд дуу оруулагч, жүжигчин Э.Дэлгэрцэцэг, Хүүш Дамдин гэдгээр нь хүмүүс мэддэг Маск продакшны жүжигчин Сүхээ, "Зогсохгүй" продакшны Дүүрээ гээд уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнтэй ажилласан байна.
Бид хоёрдугаар сарын 12-нд киногоо нээгээд 15,16-наас эхлэн 21 аймгийн арл иргэдэд очиж хүргээд явна.

 
-"Хайрын гэрээ" гэх нэрний хувьд хайр дурлалд гэрээ хийж болох уу гэдэг ч юм уу үзэгчдэд сонирхолтой байгаа байх?
     -Кино үйлдвэрлэхийн хэцүү нь нэр өгөх байдаг юм байна. Тэгээд үзэгчид үзээд яагаад ийн нэрлэснийг ойлгох байх. Нэг талаараа залуус хуримаа хийх гэж гэрээ хийж байгаа юм. Энэ амьдралын үхэл, зовлон, баяр жаргал гээд юу ч тохиолдсон хамт байна гэж тангарагладаг. Үүнийг хувьдаа гэрээ гэж хардаг. Гэхдээ кинонд хурим байхгүй. Харин гол дүрийн залуус ямар гэрээ хийх вэ гэдэг үзэгчдэд сонин байх болов уу.
 
-Нэгэнт хайрын тухай уран бүтээлийн талаар ярьж байгаагийнх "Улаан цэцэг" киноны дүрийг асуумаар байна. Хайр дурлалд ийм шийдэмгий байж болох уу гэсэн сэтгэгдэл гарч байсан. Энэ удаагийн таны дүр энэ дүрээс өөр үү. Таны хувьд хайр гэж ямар зүйл вэ?
 
        -"Улаан цэцэг" кинонд намын дарга Багаажавын дүрд тоглосон. Сошиалаар "Ингэж хүчээр хүнийг авч сууж болдог юм уу" гэх сэтгэгдэл хөвөрч байсан. Энэ бол С.Удвал гэж түүхэн хүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн учир бодит болсон явдал. Намын дарга хүн эхнэрээ хэрхэн авч суусан талаар харуулсан дүр. Өнөөдөр харин өнгө мөнгөний нийгэм болсон шүү дээ. Чин сэтгэлээсээ нэгэндээ хайртай гээд сууж байгаа хүн ховор. Хайр гэдэг угтаа огт ондоо зүйл. Хоёр өөр орчинд өссөн хүмүүс нэгэндээ дурлаад, татагдаад хамт амьдардаг. Хайрын тодорхойлолт, тайлбар ч олон бий.
 
"Хайрын гэрээ" кинонд Тулга гэх залуугийн дүрд ажилласан. 2000-2005 оны залуусын амьдралын хэв маяг, хайр дурлалыг харуулна. 
 
-Бусад уран бүтээлийнх нь яриа руу орох нь зүйтэй байх. Театрт ороод өнгөрсөн жил "Сычуаны сайн хүн" жүжгийн усны худалдаачингийн дүрд тоглосон. Сургуулиа төгсөөд театрт ажиллаж байсан юм билээ. Яагаад тухайн үед театраас больж байв?
 
      -Театр улсын засварт орсон байгаа тул одоогоор амралтын байдалтай байна. Гуравдугаар сараас үйл ажиллагаа эхлэнэ гэсэн ч засвар дуусаж амжихгүйн үүднээс хойшоо сунгагдах байх. Миний хувьд театрынхаа хажуугаар "Эго" продакшндаа ажиллаж байна. Театр, дэлгэц гээд хослуулж байгаа нь  уран бүтээлчийн хувьд өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзэж зүйл. Аль ч төрөлд чадвартай уран бүтээлч байхыг зорьж байна. 2009 онд сургуулиа төгсөөд театрт орж ажиллах боломж нээгдэж, ажиллахад мэргэжлийнхээ хувьд өсөөд байгаа ч орлого, цалингийн хувьд хүнд байлаа. Тэр жил том хүү минь төрсөн. Насны хувьд ч залуу байсан. Удаах хүүхэд маань ч төрлөө. Ингээд л театрынхаа хажуугаар хурим, шинэ жил гээд хөтөлж давхар орлого олж эхэлсэн. Ингэж байгаад анхлан "Найз" кинонд тоглосон. Мөн "Амьдрал чиний төлөө" гээд цагдаагийн 90 жилийн ойд зориулсан олон ангит киноны хэсгийн төлөөлөгч Тодоогийн дүрд тоглосон. Тэгээд л залуу хүний хувьд түр улсын байгууллагаас болиод амьдралаа төвхнүүлэх сонголтыг хийсэн. "Зөн билгийн тулаан", "Өглөө хөтөлбөр" гээд шоу болон телевизийн нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажилласан минь ч бий. Ингэж чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаад өнгөрсөн 2020 онд мэргэжлийн урлаг руугаа орьё гээд буцаад театртаа орсон. Тэгээд мөн уран бүтээлчид найзуудтайгаа хамтран шинэ продакшн байгуулж, эхний бүтээлээ үзэгчдэд хүргэх гээд догдлол дүүрэн байна.
 
-Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийнхаа гурван шавь нийлж "Эго" продакшныг байгууллаа гэсэн. Багш нь шавь нартаа юу гэж хэлж, захидаг байв. Шавь нарынх нь хувьд өөрсдийн хийсэн бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байгаа энэ үед багшийгаа хамгийн их дурсаж байгаа байх?
 
        -Багш минь театрын найруулагчаар олон жил ажилласан. Монголд олон сайхан сонгодог жүжгийг найруулан үзэгчдэд хүргэсэн гайхамшигтай уран бүтээлч. Тухайлбал, "Саран хөхөө", У.Шекспирийн "Оттела", А.Папаяны "Цаг өөр болж" зэрэг сонгодог жүжгийг тайзнаа тавьсан урлагийн гэр бүлээс гаралтай уран бүтээлч билээ. Багш бидэнд "Ямар ч найруулагчийн гар дээр очсон ямар ч уран бүтээлд тохирсон зуурсан гурил шиг жүжигчин байгаарай" гэж захидаг байсан. Нэг ёсондоо драм, хошин жүжиг гээд төрөл бүрд хувираад тоглодог чадвартай байгаарай гэсэн үг юм.
 
-Таны театртаа эргэн орж байгаа нь ч нэг талаараа багштай нь холбоотой юу?
 
       -Тэгэлгүй яах вэ. Мөн насны хувьд 30 гараад ирэхээр мэргэжлийн, даацтай бүтээлд тогломоор байна шүү дээ. Тийм зорилго, хүсэлтэй байгаа учир тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулан зорьж явна.
 
-Дэлгэцийн хэчнээн бүтээлд тоглосон байна вэ?
 
      -40 гаруй уран бүтээлд тоглосон байна. Сүүлийн уран бүтээлүүд гэхэд, "Улаан цэцэг", Фантастик продакшны "Цурам ажиллагаа II”, “Доктор", "Хүнд хэрэгтэй хүн" зэрэг кинонд ажиллаад, өнгөрсөн намраас "Хайрын гэрээ" киноны зохиолын ажил дээрээ бүтэн суугаад арваннэгдүгээр сард зураг завсарлаад, он гарахын алдад бүтэн дуусаж, одоо үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна.
 
-Онцолж "Амьдрал чиний төлөө" киноны хэсгийн төлөөлөгч Тодоогийн дүрийг асуумаар байна. Үзэгчил таны  цагдаагийн дүрүүдэд их хайртай байдаг шүү дээ?
 
       -Цагдаагийн ерөнхий газрын 90 жилийн ойд зориулан хийж байсан кино. Цагдаагийн академи төгсөж байгаа сонсогч нар сургуулиа төгсөөд шууд хуваарлилт авдаг юм байна лээ. Тэгээд миний хувьд Хэнтий аймгийн Биндэр суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон очиж байгаа дүр. Тодоогийн дүрдээ их хайртай. Хөдөө явж байгаад айлд орохоор хүмүүс "Хэсгийн төлөөлөгч хүү байна" гээд киноны хэсгээс ярина. Тэгэхээр уран бүтээлчийн минь хувьд үзэгчдэд ойртуулж өгсөн хайртай дүрийн минь нэг. Жүжигчин мэргэжлийн нэг онцлог нь өөр, өөр ажил мэргэжилд орж үзэж, олон хүний амьдралаар амьдрах юм гэдгийг олон сайхан дүрд ажиллахдаа мэдэрсэн.
 
-Яагаад ер нь урлагийн хүн болох сонголтыг хийж байв. Урлагт орсон минь зөв байж гэж ямар үед хамгийн их бодогдож, мэдрэгдэж байв?
 

      -Хүүхэд нас минь төмөр замд өнгөрсөн. Зуны амралтаа ээжийгээ дагаад воганд өнгөрүүлдэг байлаа. Багаасаа их хөгжимд дуртай, бүжиглэдэг хүүхэд байсан. Тэгээд олон ч тэмцээнд орно. Тийм хүсэл тэмүүлэлтэй байж байгаад л жүжигчин мэргэжлээр сурч төгссөн. Хүүхдүүд минь ааваараа бахархах мөчид л урлагийн хүн болсондоо их баярлаж бахадсан. Мөн хаана ч очсон танил олонтой, хэн ч их сайхан уриалгахан хүлээн авдаг, харилцдагт энэ мэргэжлийг сонгосны үр дүн нь гардаг юм болов уу гэж боддог.

 
-Ярилцсанд баярлалаа.
 
-Баярлалаа.

ЖҮЖИГЧИН Д.ХОСБАЯР: "Хайрын гэрээ" киногоороо хайрыг үзэгчдэд өөр өнцгөөс харуулахыг зорьсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188