• Өнөөдөр 2024-05-05

ЖҮЖИГЧИН Д.ДЭЛГЭРСАЙХАН: "ЧОНЫН АЛТАН ШАГАЙ" КИНОНЫ СОДОВЫН ДҮРЭЭР БИ ХОШИН УРЛАГИЙН ЖҮЖИГЧИН ГЭСЭН ӨНЦГӨӨ ЭВДЭХИЙГ ЗОРЬСОН

2024-01-23,   631

      "Би гурван багштай. Кино урлагийн дээд сургуулийг Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр багш нарынхаа удирдлагад төгсөөд, "Маск" продакшнд МУГЖ Ж.Мөнхсайхан ах минь зааж сургаж дагуулсан. Энэ гурван хүний ачаар би өнөөдрийн зэрэгт хүрсэн" гэж тэр өгүүлнэ.

Тайзнаа тэр дэггүй охин, дүрсгүй хүү, ээж, эмээ, ах, дүү зэрэг олон сайхан номерыг өөрийнхөөрөө авьяас билэг, өнгө араншингаараа үзүүлж, үзэгчид түүний ээж, эх орон, ханийн тухай шүлэг, дууг нь ч уяран сонсдог. МУСТА, "Маск" продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан гэж ийм уран бүтээлч бий. 

        Мөн түүнийг бид  "Чонын алтан шагай", "Омарын эрэлд", "Донор", "Хар сувдны нууц", "Зангараг", "Хожлын нүүдэл", "Single Ladies”, “Би ээж болмоор байна", "Үлгэрийн баатар гэртээ харих замд", "Туршилтын хосууд", "Нүдэн сондор", "Хоёр ертөнц", "Царайлаг өдрүүд", "Хүний цаана", "Соёлын довтолгоо", "Насан туршдаа", "Улаанбаатарт нэг удаа", "Сүүдэрт ургасан цэцэг", "Төлөөс", "Нийслэл хүүхэн", "Нууцын нууц" зэрэг олон сайхан дэлгэцийн бүтээлийн дүрээр нь мэдэх билээ. Хамгийн сүүлд тэрбээр найруулагч Ц.Амартүвшингийн "Бидний араншин" киноны  дөрвөн гол дүрийн нэгт тоглосон юм. Тус кинотой холбоотой болон бусад уран бүтээлийнх нь талаар ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-Сайн байна уу. "Бидний араншин" кино найз нөхөрлөлийн үнэ цэн, хүн хүндээ тусалж, дэмнэхийн тухай өгүүлсэн өргөн утга санаатай баялаг сайхан бүтээл болжээ. Таны хувьд ер найз гэж хэнийг хэлэх вэ?
 
       -Найз гэдэг бол багаасаа үй зайгүй найзалсан нь ч байна. Амьдрал дээр гарсны дараа бие биедээ тусалдаг нөхөд ч бий. "Бидний араншин" киноны дүрүүд ямар нэгэн насны хязгаар байхгүй. Нямаагийн дүр бол нөгөө гурваасаа нэлээд ах ч үе юм шиг найзалж нөхөрлөж чаддаг дүр. Найзын сэтгэл бол заавал багаасаа үерхсэн, эсвэл нас чацуудаа байдаггүй гэдгийг энэ бүтээлээс харж болно. Найзууд нэгнийхээ төлөө явдаг, нэгнийгээ хаана ч хэзээ ч хаяж чадаггүй нөхөрлөдөг гэдгийг хөндөж тавьсан нь бидний бүтээлийн нэг онцлог.
 
-Ц.Амартүвшин найруулагч танд "Бидний араншин" киноны Нямаагийн дүрд тоглох санал тавихад ямар санагдсан бэ. Амри найруулагчийн олон ч бүтээлд та тоглосон байдаг шүү дээ?
 
              -Амри найруулагчтай би "Хар сувдны нууц 1,2", "Хадамд гарах зам", зэрэг олон бүтээлд хамтарч ажилласан. Бид уран бүтээлчийн хувьд нэгнээ мэддэг улс. Тэгээд л Амри "Дээгий ах аа, та "Бидний араншин" киноны ахмад хүний дүрийг авч явах хэрэгтэй байна" гэсэн санал тавьсан. Киноны зохиол анхнаасаа их таалагдсан. Учир нь, ямар нэгэн эсрэг дүр, буруу үйл ажиллагаа байхгүй их гоё эерэг гэгээлэг уран бүтээл болсон. Тиймээс ч энэ кинонд тоглохыг хүсэж, хүссэн хэмжээндээ ч тоглож чадсан гэж бодож байна.
 
-Хошин урлагийн продакшны уран бүтээлчид жүжиг, кино руу орж ажиллаад нэгдэж уран бүтээлээ хийхгүй байгаа. "Маск" продакшн олон ч сайхан номер, тоглолтыг үзэгчдэд хүргэсэн. Таны хувьд инээд цалгисан тайз, халуун дулаан үзэгчдээ санаж байгаа байх?
 
       -Тэгэлгүй яах вэ. "Маск" продакшн гэж уран бүтээлийн том нэгдлийн нэгэн гишүүн болж, олон сайхан бүтээлээр бид үзэгчидтэйгээ уулзсан. Одоо ч хамт олноороо шинэ уран бүтээлтэйгээр үзэгчидтэйгээ уулзахыг хүсэж байгаа. Удахгүй бүх зүйлийн тохироо бүрдэж сайхан бүтээлээр эргэн уулзах байх. Тайзан дээрээс үзэгчидтэй уулзах хамгийн сайхан. Үзэгчдийн тэр сайхан халуун инээд, урмын үг, энергээр бид цэнэглэгдэж, онгирч, урамшиж тоглодог.
 
-Тайзнаа тоглохоос гадна цагаан сар, шинэ жил гээд баяр наадмаар "Маск" продакшн заавал нэг зохиомж, контентыг хүргээд бүр тогтсон шүү дээ. Үзэгчид ч хүлээдэг.  Энэ жилийн тухайд ямар бүтээл бэлдэж байгаа бол?
-Одоогоор дэлгэцийн уран бүтээл хийнэ гэсэн төлөвлөгөө байхгүй байна. Мэдээж бид холбоотой байж ярилцаж байгаа.
 
-Таны хувьд кино бүтээлдээ ажиллахаас гадна шүлэг, дуугаа мөн үзэгчдэд хүргэж байгаа. Тухайлбал, "Бэлхийн голын дуу" дууг та их сайхан дуулсан байна лээ?
            -Жүжигчин мэргэжлийг сонгож, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд жүжигчний хийх ёстой болгоныг хийхийг хичээж байна. "Бэхийн голын дуу" дуунаас гадна "Нөхөрлөлийн дуу" зэрэг олон дуу бий. Цаашид ч уран бүтээлээ үргэлжлүүлэн үзэгчдэд хүргэх болно.
-Жүжигчнээрээ ажиллаад 20 гаруй жил болж байгаа юм байна. Анх хэрхэн жүжигчин мэргэжлийг сонгож байв?
 
        -2003 оноос хойш жүжигчин мэргэжил эзэмшээд түүнээс хойш 21 жил болж байна. Анх "360 хошин мэдээллийн хөтөлбөр", "TV5” телевизэд орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллаж байсан. Хүн өөрийнхөө сонирхсон зүйлд тууштай байж амжилтад хүрдэг юм байна. Өнөөдрийг хүртэл жүжигчин гэх энэ сайхан мэргэжлээрээ олон сайхан бүтээлд тоглосон минь мэргэжилдээ үнэнч тууштай, хайртай байсны минь ач гавьяа гэж боддог.
 
-Олон мэргэжил дотроос яагаад чухам урлагийн хүн болохыг зорьсон юм бэ?
 
       -Би их онгироо, магтаалд дуртай хүн л дээ. Тавдугаар ангид байхдаа сургуулийнхаа тэргүүний уран уншигч болоод түүнээс хойш хүмүүс "Энэ хүүхэд жүжигчин болно" гэдэг байсан. Хүмүүсийн тэр магтаал, урмын үг нөлөөлж, түүнээс хойш бодож явсаар байгаад л жүжигчин мэргэжлийг сонгож байлаа. Жүжигчин болоход хамгийн тус дэм болсон хүмүүс бол оюутан ахуйд хамт сурч байсан ангийнхан, багш нар байдаг. Урлаг гэдэг бол хамтын бүтээл гэдгийг Кино урлагийн дээд сургуулийн төгсөгчид, барш нар минь ойлгуулж, тархи, зүрхэнд минь суулгаж өгсөн. Багш нар минь "Чи жүжигчин гэхээс илүү хамгийн түрүүнд хүн байх хэрэгтэй" гэж хэлж, захисан. Сургуулиа төгсөөд хошин урлагийн "Маск" гэж том айлд юу ч мэдэхгүй анхлан хөл тавьж байлаа.
Тайзан дээрээс хүмүүст өөрийнхөө дүрийг хэрхэн хүргэх тал дээр МУГЖ Ж.Мөнхсайхан ах минь намайг чиглүүлж зааж өгч байсан.
 
-Тайзнаа таны тоглосон номер, тоглолтоос  ээж, эмээгийн дүр нь их содон санаанаас гардагүй. Эмэгтэй хүн болж тоглох хамгийн амаргүй нь байдаг уу?
 
        -Надад ээж, эмээгийн дүр харин ч эсэргээрээ их ойр буудаг. Учир нь, би ээж, эгч хоёртойгоо өссөн. Тиймээс тэднийхээ ааш араншин, үйл байдлыг мэддэг учир тоглоход ойрхон байдаг байсан. Ээж минь намайг "Маск" продакшнд ороод, ажиллаж эхлэхэд, миний тоглосон эхний хоёр жүжгийг үзэж байсан. Тэгэхэд хамт олон минь намайг "Чи эмээгийн дүрд тоглохоороо ээжтэйгээ тун адилхан юм" гэдэг. Би ээжийгээ л бодож тайзнаа тоглож байгаа юм чинь аргагүй байх аа.
 
-Шинэ бүтээлд тоглох бүрдээ хэнд хамгийн их харуулахыг хүсдэг бол?
 
       -Ахдаа харуулахыг хүсдэг. “Миний дүү сайхан явж байгаа шүү" гэж миний ах надаар үргэлж бахархаж байгаасай. Шинэ дүрд тоглож байгааг минь ах минь харсан байгаасай гэж боддог.
-Мэдээж дүр бүрдээ л хайртай байх. Гэхдээ хамгийн онцлог, содон нь таны тоглосон дүрүүдээс аль нь бол?

        -"Чонын алтан шагай" киноны Содовын дүрдээ хамгийн их хайртай. Өөр нэг дүрд тоглох байж байгаад зохиолыг нь уншаад Содовын дүрд гуйж байгаад тоглосон. Яагаад гэвэл тухайн үед хүмүүс намайг хошин урлагийн жүжигчин гэдгээр л харж байсан. Тийм ч болохоор би хошин урлагтаа тоглохоос гадна арай өөр дүрд тоглох чадвартай хүн шүү гэдгээ харуулахыг зорьсон. Одоо ингээд тоглосон дүрүүдээ бодохоор дандаа хамт олон дунд орж өөр өөрийн араншин, үзэл бодолтой хүмүүстэй ажилласан байна. Бид тийн нэгдэж байсан учир өнөөдөр дэлгэцнээ гарч буй "Бидний араншин" кино шиг урлаг гэдэг том айлд өөрсдийн өнгө араншингаар багтаж "нэрүүлж" яваа юм болов уу гэж боддог. 

           -"Үлгэрийн баатар гэртээ харих замд" бүтээлийг нь онцолж асуумаар байна. Их сайхан аавын дүр шүү дээ. Аавын үүргээ хэр сайн биелүүлдэг вэ?
   
       -Зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон бүтээл л дээ. Хүмүүс өрх толгойлсон ээжийн тухай ярьдаг ч аав нарыг төдийлөн ярьдаггүй. Аав нар ч гэсэн үр хүүхдийнхээ төлөө ээжээс нь дутахгүй хичээж зүтгэдэг гэсэн санааг хэлэхийг хүссэн. Дүрээсээ гадна харин амьдрал дээрээ ямар аав болохыг хань, хүүхдүүд минь илүүтэй хэлэх байх. Гэхдээ би сайн аав байхыг хичээдэг.
 
-Цаашид бие даасан уран бүтээл хийх бодол бий юу?
 
      -Мэдээж байлгүй яах вэ. Бодсон, санасан олон зүйл бий. Тэгээд үзэгчиддээ дүр бүтээлээ тасралтгүй хүргээд явна.

       Түүнийг ихэд зөөлөн хүн гэж уран бүтээлч, ойр дотны хүмүүс нь хэлдэг юм билээ. "Би магтаалд дуртай. Гэхдээ магтаалд хөөрөхөөс илүү урам авч дараагийн дүрээ улам сайн гаргахын төлөө зүтгэдэг" гэж Д.Дэлгэрсайхан жүжигчин хэлсэн. Үнэхээр ч олон сайхан дүрийг өөрийн өнгө, араншингаараа үзэгчдэд хүргэж урлаг хэмээх тогоонд зөөлөн, зөв, хариуцлагатай болохоороо тэр "нэрэгдэн" нэгддэг биз ээ. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.


ЖҮЖИГЧИН Д.ДЭЛГЭРСАЙХАН: "ЧОНЫН АЛТАН ШАГАЙ" КИНОНЫ СОДОВЫН ДҮРЭЭР БИ ХОШИН УРЛАГИЙН ЖҮЖИГЧИН ГЭСЭН ӨНЦГӨӨ ЭВДЭХИЙГ ЗОРЬСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188