• Өнөөдөр 2024-04-29

Н.МӨНХБАЯР: Найруулга буруу байсан ч зөв ойлгодог тохиолдол бий. Тэгэхдээ зөвхөн ярианы хэлэнд байхаас бичгийн хэлэнд байж болохгүй зүйл

2024-01-08,   1124

            Утга зохиолын хүрээнд буддист яруу найрагч хэмээн алдаршсан Н.Мөнхбаяртай энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” булангаараа ярилцлаа.

-Танд юуны түрүүнд нийт уншигчдынхаа өмнөөс шинэ оны мэнд хүргэе.

            -Баярлалаа. Танай сайтын хамт олонд бас шинэ оны мэнд хүргэе.

- Монголчуудын өв уламжлал, соёлын дархлаа нэлээд алдагдаж байх шиг санагддаг. Сүүлийн үеийн киноны үг, хэллэг зах замбараагүй болсон байна. Та энэ тал дээр уран бүтээлч хүний хувьд юу гэж хардаг вэ?

        -Киноны хувьд орчуулгын киноны үг хэллэг л болхи муу найруулгатай сонсогдоод байдаг. Орчуулж буй цаад хэлнийхээ үгийн утгад тааруулах нь зүй болов ч  ийм үйл явдал, тийм нөхцөл байдалд монгол хүн хэрхэн юу гэж  хэлэх  билээ гэж бодох хэрэгтэй л дээ. Орчуулна гэдэг цаад буулгуулж байгаа хэлнээсээ  буулгаж байгаа хэлдээ их хамаатай гэснийг уншиж байсан санагдана.

- Үндэсний хамгийн том дархлаа үг шиг санагддаг. Үгийг зөв найруулан бичих нь том соёл юм гэдгийг та өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэдэг шүү дээ. Тэгэхээр үг зөв хэрэглэхийн ач тус, үгийг буруу хэрэглэхийн хор нөлөөний тухай яриа дэлгэвэл?

         -Үг бол хэлний систем доторхи үндсэн гол бүтэц. Үг хөгжлийнхөө явцад өөрчлөгдөж,  хуучир ч мартагдаж, шинээр сэлбэгдэж, утгаа хадгалж, зарим нь алдаж иржээ. Гадны харь улсын үг хэллэг орж нутагшиж л байдаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Харин ярих, бичих гэх мэт идэвхтэй харилцаанд орох үедээ найруулах,  өгүүлбэржүүлэх тогтсон бүтцийг зөрчиж эхэлвэл энэ ёстой аюул. Тогтож уламжилсан бүтэц алдагдвал бид хоорондоо ойлголцож чадахаа болино. Ойлголцож чадахаа боливол үндэсний дархлаа гэж ярих ч хэрэггүй болно. Ер нь яахав, монгол хүн буруу ярьж зөв ойлгодог гэдэг л дээ. Найруулга буруу байсан ч зөв ойлгодог тохиолдол бий. Тэгэхдээ зөвхөн ярианы хэлэнд  байхаас бичгийн хэлэнд байж болохгүй зүйл.

-Та энэ жилийн “Болор цом” өргөсөн яруу найрагчийн шүлгийг найруулгын хувьд шүүмжилсэн байсан. Үг, найруулгын алдаатай шүлгийг “Болор цом” наадмын тайзан дээр уншуулж байна гэдэг нь Монгол хэл мөхөл рүүгээ дөхөж байна гэж ойлгож болох уу?

       -Мөхөл рүү дөхөж гэхээсээ илүү ёс суртхууны  асуудал байсан юм л даа.  Мэргэжлийн  байгууллага нь зохион байгуулдаг, жилд ганц болдог,   олон түмэн хүсэн хүлээдэг,  үзэж сонсдог, улсын хэмжээний ганц наадамдаа яаж хандаж, ямар ач холбогдол өгч байгаа нь тэр шүлгээр харагдсан юм.  Уншигчидаа басамжилж доог тохуу хийж байгаа юм шиг над санагдсан. Уншигчид боловсорч байгаа тул юу л шиднэ шүүрч бахдаад байдаг цаг биш болсон.  Энд Начин биш шүүгчид, тэр яруу найргийн үндэсний төв буруутай гэдгийг хэлсэн байгаа.

- Зохиолч, судлаач, яруу найрагч П.Батхуяг агсны тухай дурсаж болох уу. Уран бүтээлийн хувьд, нөхөрлөлийн хувьд ч дотно байсан болов уу?

       -Батхуяг агсантай гурав дөрвөн  удаа л уулзаж ярьж байсан санагдана. Нэлээд удаан ярьж суусан маань Булган аймагт болсон Урианхай гуайн нэг шүлгийн баяр хэмээх үйл ажиллагааны үеэр юм.  Уулзах бүрдээ шүлэг, уран зохиол ярьж явдаг, инээмсэглэсэн даруу төлөв залуу санагдсан. Их дотно найзууд биш ч муудаж сайдсан тохиол байхгүй. Эсрэг цаг эссэ шүүмжийн номд нь би нэг шүүмж сэтгэгдэл бичиж нүүр-номдоо тавьхад Батхуяг талархан хүлээн авч байсан юм даг.  Олон залуусыг уран зохиолд хөтөлсөн ном уншихад дурлуулсан  сайн багш байжээ гэж боддог.

-Уран бүтээлч хүний оюун санаа үргэлж сэргэг байдаг болов уу гэж боддог. Өдөр тутмын амьдрал, нийгэмд өрнөж буй олон асуудлыг хэрхэн харж, үнэлэлт дүгнэлт хийдэг вэ?

             -Өнөөдөр ард түмний амьдрал хүндхэн л байгааг хүн бүхэн л ярьж байна. Нийгэмд болж бүтэж байгаа нь ч бий, болохгүй байгаа нь ч их бий. Нийт хүндрэл бэрхшээлийг арилгахын тулд нийт хүмүүсийн амьжиргааг сайжруулж байж л засах байх. Хүний наад захын хэрэгцээ, амьд байхын анхны зүйлс бол идэх хоол, өмсөх хувцас, дулаан орон байр шүү дээ. Идэх хоолгүй өлсөж байгаа хүнд, гэрт нь хүүхдүүд нь даарч бээрч байгаа хүнд бол юун ёс зүй, хууль дүрэм. Эхлээд амьд байх хэрэгтэй. Өлсөж үхэх гэж байгаа хүн очер дайрч бусдын өмнүүр орно. Бусдыг хүндлэх соёл дараачийн асуудал болно. Хөлдөж үхэхгүйн тулд таарсан зүйлээ шатааж дулаацана. Агаарын бохирдол дараачийн асуудал. Хүүхэд нь гэртээ хөлдөж байвал бусдын урдуур дайрч  тэднийг аврахыг л бодно. Замын хөдөлгөөний дүрэм хойно нь яригдах асуудал болно. Тэгэхээр улсын нэгдүгээр асуудал бол иргэдийн амьжиргааг сайжруулах. Амьжиргаандаа санаа зовохгүй болсон хүн л сая ёс суртхуун, соён гэрээрэлдээ санаа тавина.  Өлсөж байгаа хүнээс өрөвч сайхан сэтгэл нэхээд нэмэргүй. Өвдөж байгаа хүүхдийг соён гэгээрүүлэх  гээд бүтэхгүй. Тийм биз дээ.

-Та анх шүлэг, яруу найрагтай хэрхэн холбогдож байсан бэ. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

             -Би анх 16-тайдаа шүлэг сонирхож ганц хоёр бичиж байгаад орхичихсон юм. Дараа нь цэрэгт очоод тухайн үеийн армийн төв хэвлэл Улаан-Од сонинд гурван шүлэг нийтлүүлж байлаа. Цэргээс халагдаж ирэхэд өөрчлөлт шинэчлэлт, ардчилсан хөдөлгөөн өрнөж шашин ном сүм хийд  сэргэхтэй зэрэгцэн би ч нутгийн өвгөчүүдээр заалгуулан лам болохоор шийдэн Төвд ном цээжилж эхлэв ээ. 1990 оноос хойш 2000 он хүртэл хурлын уншлагын их бага нийлсэн 100 шахам ном  цээжилж ойр зуур орчуулж ойлгохтойгоо болсон юм. Тухайн үед чогчин хурлын  ном цээжилж байж л хурал хурахтайгаа болдог байсан юм. Манай  аав, ээж  шүтлэг ихтэй хүмүүс  байсан нь надад их нөлөөлсөн. Дараа нь шашны сургууль сургалт хөөж нийтдээ 15 жил шахам шүлэг бичээгүй юм даг. 2009 оноос Төвд ном цээжлэхээс жаахан  зав чөлөө гарсан  учир шүлгээ дахин бичиж эхэлсэн. Тэр өнгөрсөн хугацаанд шүлэг бичихсэн гэж хорхойсох минь дарагдалгүй  цээжинд үргэлж л байсан. Тэгээд 2010 онд “Зэрэглээн дундаас торолзогч” нэртэй нэг нимгээн ном туршилт маягаар  гаргасан. Энэ номонд СГЗ, яруу найрагч Д.Дашдондов багш их дэмжиж урам хайрласан юм. Гэвч би яруу найрагч болж чадах эсэхдээ эргэлзэж л байлаа. Яруу найрагт  ’’Нэг бол чи тэргүүнд бай, эс чадвал арил’’ гэдэг хатуу зарчим байдаг даа. Түүнийг би эрт олж уншсан юм. Тэгээд л 2012 он хүртэл бичсэн шүлгээ Г.Аюурзанад илгээж ер нь бичээд байгаа зүйл минь ямархан юм болсныг тандаж мэдэхээр явуултал хариу нь  ‘’Та авьяастай жинхэнэ яруу  найрагч юм байна. Амжилт хүсье“ гэж ирсэнд урамшиж билээ. Тэгээд л нөгөө хэдэн шүлгээ эмхтгэн боож 2012 онд “Салхины амт” номоо хэвлүүлж өмнөтгөлийг Г.Аюурзана өөрөө бичсэн юм. Ингээд дараа нь гурван ном жил дараалан  хэвлүүлж билээ.

-Таныг утга зохиол сонирхогчид Буддист яруу найрагч хэмээн хүндлэн хайрладаг. Ер нь таны шүлэг ухаарал, ид шид, нандин эрхэмсэг мэдрэмжийг өгдөг.

        -Миний сүүлд гаргасан шүлгийн түүвэр ‘’Буддист шүлгүүд’’ нэртэй юм. Бас гурав дах номын  ‘’Жинхэнээсээ ус уумаар байна’’  шүлгүүд Зэн-Буддизм сонирхож байх үедээ бичсэн учир Зэнгийн уур амьсгал, мэдрэмж зонхилсныг Монгол улсын гавьяат багш Д.Мандахсан зэн-буддист гэж хэлсэн удаа бий. Бас намайг Буддын хуврага гэсэн утгаар ч хэлсэн байх.

-Яруу найраг, утга зохиол хөөж, зарим үед хөөгдөж явсан энэ амьдралдаа таны уран зохиолоос олсон хамгийн тол зүйл юу байв?

              -Уран зохиол,  ер нь номноос олсон гол зүйл гэвэл амьдралыг ухаарах л юм даа. Өмнө нь амьдарч байгаагүй, амьдарсан байлаа ч эргэж санадаггүй учир энэ ертөнцийн өглөө бүр, өдөр бүхэн, орой болгон бидэнд шинэ. Хоорондоо яг адил давтагддаг ч гэсэн өнөөдрийн 12 цаг бол өчигдрийн 12 цаг биш, өнөө үдшийн 20 цаг бол маргаашийн 20 цаг биш. Нэг голын хоёр орж болдоггүй гэдэгчлэн нэг өдөр хоёр амьдрахгүй байгаагаа бид ухаж ойлговол бидэнд бүх юм шинэ. Шинэ байна гэдэг анх удаа л тохиож  байгаа гэсэн үг. Тийм учраас маргааш яахыг бид баттай мэдэхгүй. Харин ном уншиж ухаарснаар, номонд урьд урьдын үе үеийн  хүмүүс амьдрал түүхээ шингээсэн байдаг болохоор бидэнд  замч болдог. Ирээдүйг харж  болдоггүй юмаа гэхэд өнгөрснөө харах боломж олгодог. Тэр боломжоор бид ирээдүйгээ баримжаалдаг.  Бас өнгөрсөн үеийн хүмүүсийн амьдралаар шалгагдаж нотлогдсон үнэнг амьдралын үнэн гэж  бид сургамж авч байдаг. Энэ бол номын гол чанар ач тус юм. Мөн бид энэ амьдралаа уран зохиол, урлаг соёлоор дандаа чимэглэж аз жаргалтай амьдарцгаадаг.

-Олон зохиолч, яруу найрагч бүтээлээс бүтээл бүрдээ бичиглэл болоод бодож, сэтгэх нь өөрчлөгдөж байгаа нь уншигчдад бэлээхэн харагддаг шүү. Харин таныг уншигчийн зүгээс харахдаа үг үсэг, бичиглэлийн хэлбэр гэхээсээ илүү ухаарал, гэгээрэл, тэр нэг хүнд амархан үгээр илэрхийлж болдоггүй зүйлээр өөрчлөгдсөн гэж бодсон. Харин таныхаар?

          -Би эхэн үедээ шүлгийн үг хэллэг, хэв найруулгад тийм их  ач холбогдол өгөлгүй зөвхөн агуулга, утга санаанд анхаардаг байсан. Шүлэг найрагт гол нь хэлсэн утга санаа чухал гээд яруу хэл найруулгыг алгуурласан тал бий. Эхний бичиж байсан шүлгүүдээ уншихад ийм дутагдал байгаа нь тод ажиглагддаг. Яг чиний хэлснээр надад өөрчлөгдсөн зүйл гэвэл утга санааг ч, уянга ярууг ч аль алийг нь дутаахгүй, өөрөөр хэлвэл агуулга хэлбэрийг тэгш барих хэрэгтэйг ойлгосон. Энэ арга зүйгээр хойшид бичихийг хичээж байгаа.

-Таны өөрийн уран бүтээлдээ тавьдаг шалгуур юу вэ?

            -Утга санаагүй тоочин өгүүлэхгүй, уран сэтгэмжгүй хоосон чамирхахгүй юмсан л гэж боддог. Миний хамгийн дуртай, чадвал оролдох гэж хичээдэг туурвил зүй гэвэл давхар текст хэмээн томъёологддог янагуух утганд чинагуух санаа зүүх юм.

-Уран зохиолч хүн бичсэн шигээ амьдрах эсвэл бичсэн шигээ бус амьдрах тухайд та ямар бодолтой байдаг вэ. Ер нь зохиолч, яруу найрагч хүн бичсэн шигээ амьдарч эсвэл амьдарсан, үзсэн туулснаа бичих шаардлагатай юу?

             -Уран зохиол шүлэг найргийн дүр дүрслэл, бясалгал хийсвэрлэл нь бодит ертөнц хийгээд түүний  амьдралтай тохирч таарч байх албагүй. Зарим шүлэг зохиолд бодит амьдралын энгийн төвшнийг илэрхийлж байхад заримд нь илүү дээд  амьдралаас ангижирсан төвшнийг илэрхийлдэг харьцангуй шинжтэй. Яруу найрагч хүн бичсэн шигээ амьдрахаасаа амьдарсан туршлагаараа бичдэг нь ихэнх болов уу.

-Уран бүтээлээс тань таныг дэлхийг, бусдыг нь хайрладаг нэгэн шиг мэдэрдэг. Харин хайрласан бүгдээрээ та, таны уран бүтээл эргээд хайрлуулж чаддаг болов уу?

               -Энэ талаар бодож үзээгүй юм байна. Хүмүүс намайг шүлэг бичдэг болохоор хүндэлж хайрлаад байдаг юм байхгүй, зүгээр л бусдад гэм хоргүй явдаг, тэр тусмаа сүм хийдэд суудаг болсноор хүндэлдэг юм шиг санагддаг. Харин би өөрөө номыг нь сурч барахгүй ч номхоныг нь сурахыг хичээж бусдад чадвал тусалж чадахгүй бол хоргүй явахыг хичээдэг. Ер нь минималист талдаа хүн. Шүлэг зохиолын хувьд хүмүүст яаж хүрдгийг хүмүүс л мэдэх байх.

-Таны анх бичих байсан үеэс хойш Монголын утга, уран зохиол хэдэн үе сэлгэжээ. Олон ч утга, уран зохиолд хайртай залуус гарч ирж, шинэ цаг, шинэ өнгөө түүчээлж, энэ хүрээнийхэн их олон болсон санагддаг. Харин энэ цаг хугацаанд хүмүүсийн бичиж, сэтгэж байгаа нь ч өөрчлөгдсөн байх. Зарим талаараа шинэ зүйл ч болдог. Харин шинэ, шинэчилж байна гэж болох ч яруу найраг хуучирсан гэж болох уу. Ер нь яруу найраг, уран бүтээл хуучирдаг юм болов уу?

             -Олон залуус гарч ирэх сайхан ч хамгийн гол нь чанарлаг бүтээл чадварлаг авьяастан чухал юм.

              Би хувьдаа шинэ цаг үе ирлээ гэх ч юм уу, шинэ өнгө төрх түрж гарлаа гэдгийг зохиол бүтээлийн шинэ өнгө аясаар л дүгнэж хэлэхээс зохиогчийнх нь насны ангилалд огт хамаагүй гэж боддог. Шинэ агуулга, хэлбэр, өнгө аяс нээгдэж гарахгүй бол хэдэн насны үе солигдлооч ч уран зохиолын хөгжил тэндээ гацчихсан  гэсэн үг. Манай уран зохиол хамгийн сүүлд 90-ээд онд шинэчилэгдсэн. Түүнээс хойш шинэчлэл болоогүйг уншигчийн зүгээс шууд хэлсэн дээр байх.

 

 


Н.МӨНХБАЯР: Найруулга буруу байсан ч зөв ойлгодог тохиолдол бий. Тэгэхдээ зөвхөн ярианы хэлэнд байхаас бичгийн хэлэнд байж болохгүй зүйл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-20 20:50:48
    Zochin: Энгийн сайхан утга төгс сайхан ярилцлага болжээ. Ажил амьдралд нь амжилт хүсье ээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-08 22:20:39
    Yumjir: Amjilt husie. Saihan yriltslaga boljee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-08 17:03:04
    dasholzii: Todorhoi oilgomjtoi saihan yriltslaga boljeebugded n amjilt huse
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188