• Өнөөдөр 2024-04-29

ГЭГЭЭН УЯНГАТАЙ ГЭРЭЛТ МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙ

2024-01-07,   4892

-ШАГНАЛ АВЧ ЗОГСОХДОО АЛТАН СОЁМБОНЫ НАРАН ДОТРООС ААВЫНХАА

НҮДИЙГ ОЛЖ ХАРСАН-

         Охиноо төрөхөд Москвад суралцаж байсан аав нь цоо шинэ тэмдэглэлийн дэвтэр нээж, ээжээс нь ирсэн захидлыг наагаад, эхний хуудаст нь,

Өнөөдөр өлгий сайхан Монгол орноосоо

Өнийн хайртай насны ханиасаа

Өөдсийн чинээхэн охиныхоо нэрийг

Өнөржаргал гэж сонслоо.

Өнөрөө минь, охин минь

Өнөөдрөөс эхлээд аав нь

Өнгөт орчлонд

Өөрийгөө чимэх цэцэгтэй боллоо...” гэж бичин үлдээсэн нь түүнд ааваас нь үлдсэн мартагдашгүй нандин өв, сургаал, хайр энэрэл.

Тийм сайхан үгсээр хорвоод угтуулан ирсэн азтай нэгэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Өнөржаргал.  Оны өмнөхөн тэрбээр алтан соёмботой малгай, гэрэлт мөрдэстэй дүрэмт хувцсаа өмсөөд гавьяатын тэмдгээ хүндэтгэлтэйгээр энгэртээ зүүсэн юм.

     Утсаар холбогдож, яриа авах хүсэлтэйгээ хэлэхэд тун эелдэг дотноор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын өрөөндөө урьсан юм. Зэвсэгт хүчний хамгийн чухал албыг авьяас, хөдөлмөрөөрөө хариуцан авч, гялалзтал хашдаг энэ галтай эмэгтэй биднийг очиход, тун чиг завгүй нөр их ажлаасаа амсхийн суулаа.

           Тэрбээр “Соёлын гавьяат зүтгэлтэн гэх цолоор шагнасан өндөр төрийн хүндэтгэлд эгэл жирийн бүсгүйн хувьд туйлаас баяртай байгаа. Монгол төрийн ёслолын их танхимд, тэрхүү ёслол бэлгэдлийн асар том өргөөнд, монгол төрийн дагшин хийморьтой, хүндэт харуулын дайчин эрсийн өмнө алтан соёмботой малгайгаа өмсөөд зогсоно гэдэг бүсгүй хүний хувьд том бахархал. Хийморьтой эрчүүдийн жагсдаг ариун эгнээнээс алдрын зэрэгт хүрнэ гэдэг асар том хариуцлага. Өдөр өдрийн зүтгэл, өндөр ч хүндэтгэл.  Тэр мөчид би соёмбоны наран дундаас аавынхаа нүдийг олж харсан” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

-ДУЛААХАН ГОВЬДОО ТОГЛОЖ ӨНГӨРҮҮЛСЭН БАГА НАС БУЮУ ААВЫН ҮЛДЭЭСЭН БҮХЭН-

      Улсын багшийн их сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн говийн хүү аавынхаа, хангайн охин ээжийнхээ охин болж мэндэлсэн тэрбээр худгийн онгоцноос чулуу үмхэж, говийн элсээр гэр, байшин, музей барьж тоглосоор бага насаа өнгөрүүлжээ.

       Гэхдээ удирдагч, багш аавынхаа алсыг харж, холыг учирлаж өгүүлсэн “Ухаан далай номноос эхтэй” номын зурж, тэмдэглэсэн эшлэл, сургаалиас "хүлхэн" өсөж, тархи, сэтгэлдээ тогтоон цээжлэн өссөн нь хүн болж төлөвшихөд нь ихэд нөлөөлжээ. Тэмдэглэж үлдээсэн тэр ном, өөрт нь зориулан нээсэн тэмдэглэлийн дэвтэр, аав, ээжийнх нь хайрын үгстэй захидал амьдралын том гарын авлага, өмөг түшиг болдог тухай Өнөрөө гавьяат онцлон ярьж байлаа. Түүнээс гадна  “Магадгүй долоон бурхан одны дэргэд суугаа аав минь дээрээс хараад хайрлаж, түшиж, олны дайтай явах, алдахаас минь сэргийлэх, оноход минь дэмнэх, сайн сайхан бодолтой, өөдрөг гэгээн байгаасай гэж түшиж яваа мөр заяа, сүүн зам нь намайг Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин гэх айлын нэгэн эд эс болоход нөлөөлсөн гэж дотроо боддог” гэнэ.

-"ДАРУУ БАЙ" ГЭХ ЭЭЖИЙН СУРГААЛ-

            Энэ ээжийнх нь түүнд дандаа хэлдэг үг. Халгиж, цалгисан, дэврүүн, омголон, ирдүүхэн мөртлөө уяруу, ундруу охиноо дарж байгаа их ухаан. Энэ тухай “Миний ээжийг Шагдарын Сумъяа гэдэг. Идэр залуухан насандаа хагацлын сүүдэрт дайруулж, өөрийн болон түмний үрсийг эрдмийн далайд сэлүүлэх гэж ганцаараа зүтгэсэн шуурга сөрсөн цэцэг шиг эмэгтэй. Биднийг өөрөөрөө үлгэрлэн дагуулдаг. Мөн цэц билэгтэй, ухаалаг, олон гайхамшигт зохиолыг хүний зүрхэнд хүрч, зүүдэнд хүртэл сайхан ярьдаг багш гэж хүмүүс магтдаг. Харин мэргэжлээсээ ангид үед зарчимч, шаардлага өндөр эмэгтэй. Дандаа хэлдэг үг нь даруу бай” гэнэ. Мөн онцлохгүй байхын аргагүй нэг зүйл бол түүний аав, ээжийн талынхан цөм эх хэлний хүмүүс гэнэ. Энэ тухай “Миний авга ах “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, МУСГЗ, Б.Элбэгзаяа, харин ээжийн талд Хөвсгөл аймгийн Тосоцэнгэл сумын дуу хөгжмийн багш Ж.Адилбиш ах байна. Зургадугаар ангид байхдаа анхны дуугаа би нагац ахтайгаа бичиж байсан. Өдгөө сум даяараа түгсэн бүтээл бий. Энэ бүхэн намайг урлагт хөтөлсөн” гэж удам угсаагаараа мөн бахдан, талархан ярьсан юм.

-БАТЛАН ХАМГААЛАХ ГЭХ ТОМ АЙЛЫН ЦОГТОЙ ЗАЛУУСЫН ХИЙМОРИЙН ГЭГЭЭНД АЛХАЖ ЯВААГААРАА БАХАРХДАГ-

     Улсын багшийн их сургуулийн 1995-1999 онд төгссөн утга зохиол, сэтгүүлчийн ангийн оюутнууд өдгөө сэтгүүл зүй, утга зохиолын салбарт манлайлан яваа аж.

      Тухайлбал, бадрангуй найрагч Ц.Галдбадрах, “Хүмүүс” сонины эрхлэгч Мөнх-Эрдэнэ, “Хүмүүсийн амьдрал” сонины эрхлэгч Б.Амгалан, МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч С.Амартүвшин гээд бий гэнэ. “Дандаа чадалтай, мэргэжилдээ хайртай хүмүүстэй нэг анги” гэж тэрбээр омогшиж, мөн л өөрт нь нөлөөлсөн гэж бахархана. Тэр ч мөн ялгаагүй тэднийхээ бахархал нь шүү дээ. Тэр дундаа мэргэжлээ хөтлөөд өөрийн омогшин хайрладаг, дурлан татагдсан цэргийн салбарт гялалзаж яваа.

        Тэрбээр анх сургуулиа төгсөөд "Соёмбо" сонингоос ажлын гараа эхэлжээ. Тэгэхдээ Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад ирж тухайн үеийн даргаар нь ажиллаж байсан Баянхонгор аймгийн харьяат, УГЗ Ё.Цэрэндолгор гэж мундаг найруулагчтай ярилцлага хийж байхдаа “Өнөөдрийн Мянганы замын хандивын тоглолт хөтлөх хөтлөгчөө олчихлоо. Одоо цэрэг хувцсаа тааруул” гэснээр анх удаа тайзнаа гарсан гэдэг. Ингэж уянга зөөлөн эмэгтэй, хатуу чанга, хэлсэндээ байхыг шаарддаг цэргийн хүн болж, өдгөө хоёуланг нь хослуулан өндөр хариуцлагатай хашиж явна. Цэрэг эрс, зэвсэгт хүчнийхнээрээ ч их бахархаж, магтан дуулж, тэднийгээ өмөөрөн өмөлзөх нь ч мэдрэгдэнэ.

 

             Тиймдээ ч “Ирмүүн бадрангуй байгаа минь хамт олны минь нөлөө. Би ийм сайхан хийморьтой улсын хийморийн гэгээнд алхаж яваа шүү дээ. Туг, сүлд шиг, тусгаар тогтнолоо мөрөн дээрээ өргөж яваа. Ийм сайхан хүмүүсийн дунд би амьдарч яваа юм чинь хийморьтой байх ёстой, жавхаатай байх, цовоо цолгиун байх ёстой гэдэг бодол бий. Нөгөө талд би сэтгэлдээ гэгээ түүхийн зарчим баримталдаг. Хүн бүрийн сайхан зан чанарыг өөртөө шингээж, сайхныг нь олоод харах сан гэж хичээдэг. Сайхан зүйлийг нь олж харж, сайхан дээр нь өөрийгөө тохируулахаар бүх зүйл хэлэх үг, бодох бодол, өмөлзөж хайрлах, ертөнцийг ойлгох бодол аяндаа орж ирдэг” юм гэнэ.

      Тийм сайхан сэтгэл, гэгээн бодлоор тэр өөрийгөө тэтгэж, өрөөлийг ч дэмнэсээр олон сайхан тоглолт, бүтээлийн ард гарсныг үзэгч, уншигчид андахгүй. Тэр дундаа үгийг амилуулж, үгийн сайхныг онож хэлж, бүр үгийг бадрааж, дэврээж, огшиж, өмөлзөж, сэтгэл хөдөлтөл ярихад нь автахгүй байхын аргагүй байдаг. Тийм ч үүднээс хэний, ямар зохиол бүтээлийг уншиж, ямархнаар өөртөө оршоон шингээдгийг ч асуугаад амжсан.

-Б.ЛХАГВАСҮРЭН, Б.ЯВУУХУЛАН НАЙРАГЧДЫН ШҮЛГҮҮД БОЛОН Д.ТӨРБАТ ГУАЙН НОМЫГ УНШИХАД ЦЭЭЖИНД ОЛОН ГОЁ ҮГС ГЭРЭЛТЭЖ ҮЛДДЭГ-

      Тэр  “Хүүхэд байхдаа уншсан зохиолд туульч хүн туульсаа бүтнээр нь хайлж дуусгахгүй бол баатрууд нь эргээд туулиа дутуу орхисон хүнээ барьдаг тухай уншиж байсан юм. Тэр зохиол сэтгэлд их гүн шингэн үлдсэн. Багад өдөр хичээлдээ яваад, орой хонио бэлчээрээс нь тууж ирэх үүрэг оногдсон нэг үе байлаа. Тийн явахад гүнзгий жалга, дов их дайралдана. Говьд өссөн охинд хангайн уулс их өндөр, сүрлэг. Тэгээд л эмээхдээ өмнө нь уншсан үлгэрээ санаад, буцаж болохгүй гэж өөртөө хэлээд, шүлэг уншдаг байсан. Тухайн үед Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуайн “Боржигоны бор тал”, Дорнын их яруу найрагч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” гэх зэрэг шүлэг, найраглал хань болж, бүр хамаг айдсыг үргээж байлаа. Энэ бол сэтгэлийн хөг, харанхуйд хань, цээжний минь уянга, бодлын минь хүч болж ирсэн сайхан бүтээлүүд” гэнэ.

Үнэхээр ч сайхан шүлэг, найраглалын утга уянга, хэл найруулга хүний сэтгэлийг хөглөж, хөтөлж, сайхан бүхэндээ урин дууддаг билээ.

      Үүгээр зогсохгүй тэрбээр “Д.Төрбат, Д.Нямаа, С.Эрдэнэ, Д.Мягмар гээд Монголын шилдэг зохиолчдын бүтээл, туурвилын сайхныг хэлж баршгүй. Ер нь бидний өссөн насанд ховор хэр нь ховрын жаргал дундаас биедээ дамжуулж, хайж уншдаг тэр олон ном ямар гайхалтай бүтээл байгаа вэ гэж боддог. Хүүхэд байхдаа “Хэтэрхий мэргэн жараахай” зохиолыг уншаад өөрөө загас болон сэлж явлаа. Эдгээр зохиолыг уншаад дууссаны дараа цээжинд олон сайхан үгс гэрэлтэж үлддэг. Одоо харж, бахдаж, биширч өссөн хүмүүстэйгээ танил байгаадаа, багш, шавь болж ярьж хөөрч суугааг сонсоод, хөндлөнгөөс сонсож сууна гэдэг өөрөө их том жаргал. Тийм хувь тавилан олдсонд мөн баярлаж явдаг” гэсэн юм.

     Өөрөө ч тэрбээр эх орон, эр цэргийн сэдэвтэй олон сайхан бүтээлтэй. “Хүннү” дуурь, “Үнэ цэн” мюзикл гээд том нэртэй хөгжмийн зохиолчидтой гар нийлж ажилласан чамбай бүтээл дүүрэн бий.

       Энэ хүрээд ярилцлагаа бид өндөрлөсөн юм. Олон зүйлийг ярьж, зарим зүйлийг танаж үлдээлээ. Чөлөө бүрд л хүмүүст талархал илэрхийлж, өдий зэрэгтэй яваа нь хүмүүсийн ач ивээл гэж ярих тэрбээр ханьдаа болон хүүдээ мөн баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. “Ханийг минь Б.Эрдэнэчулуун гэдэг. Барилга инженерийн цэргийн удирдах газрын ахлагч цолтой, олон удаа энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн, энхийг сахиулагч. Хань минь миний хамгийн том түшиг тулгуур, нэр шигээ миний амьдралын эрдэнийн чулуу. Ээж минь "Миний охиныг жаргаж яваг" гэж аав нь ханьтай нь учруулсан” гэдэг. Мөн сайхан хүүтэй. Хүү минь сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн. Аавыгаа дуурайж, өгөөмөр сайхан сэтгэлтэй болж өсөж байгаад нь баярладаг.

      Ханьдаа завгүй амьдралд минь, дураараа омголон байдал, алдаа, оноо бүх зүйлийг минь яг л алтайн уул шиг дүнхийж, ханхайж, нөмөрлөж байдаг байдагт нь баярлалаа. Мөн миний амьдралын минь чухал баялаг сайхан найзууддаа баярлалаа. Өсөх наснаас өнөөдрийг хүртэл намайг дагуулсан үе үеийн эрдэмтэн багш нартаа баярлалаа” гэсэн юм.

        Харин манай уншигчдад “Биенээ итгэлийн дэм, сэтгэлийн галаар үргэлж дэмнэж явахын учиртай монгол түмэндээ, уншигч олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэнгэрийн энгээр насалж, газрын энгээр жаргаж яваасай гэж хүсэж байна” гэснийг уламжилж байна. 

      Уянга найргаар өөрийгөө хөглөж, тэндээсээ гэгээн гэрлийг өөртөө болон өрөөлд түүж, сайхан үгийг сэтгэл зүрхэнд хүртэл амилуулж, амьдруулж, онон өгүүлж чаддаг түүнд мөн уран бүтээл, онгод билэг нь цалгилан дэвэрч байхыг ерөөе.


ГЭГЭЭН УЯНГАТАЙ ГЭРЭЛТ МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-08 02:26:55
    Таныг дэмжигч нэгэн: Өнөржаргалаа, гэж үнэхээрийн авъяас нь цалгиж яваа уран гоё, хурц тод үг хэллэгтэй хөтлөгч эмэгтэй. Таньд хүртээсэн Соёлын Гавъяат Зүтгэлтэн хэмээх алдар цол бол яах аргагүй эзнээ олсон сайхан шагнал байлаа. Таны цаашдын чинь уран бүтээлд хамгийн өндөр дээд амжилтыг хүсэн ерөөе. Улам гялалзан гэрэлтэж ард түмнээ баясгаж яваарай, бүсгүй минь.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-07 21:23:51
    javzaa: setgelt khonogshtol uran ugiig uralduuldag minii karash
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-07 17:28:35
    Зочин: Монгол хэлний Сумьяагийн охин юм байх даа, үнэхээр гоё , төгс . Эн зэрэгцэх хөтлөгч байхгүй шүү үнэхээр, би үнэхээр гайхдаг, бахархдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-06 19:22:58
    Л.Цэндсүрэн: Ёстой үгийг яруу эгшиглэнтэйгээр хүмүүний тархинд зоож бас маш гоё дайчин үзэсгэлэн тэйг яана Би бүр бишэрээд бахдаад эрч хүч баясал авдаг ш дээ.Зурагтаар харж л баясах юм даа хөдөөний хүн би .ЯРУУ ТУНГАЛАГААРАА ЯРАЛЗАЖ АМЬДРААРАЙ ОХИН МИНЬ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-05 17:50:59
    Ш энх туяа,: Дүүдээ баяр хүргэж цаашдынх нь ажилд улам амжилт гэр бүлд нь эрүүл энхийг хүсьехалимгаас мэндчилж наа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-04 19:38:09
    Төв аймаг Зуунмод Энхтуяа: Ёстой мундаг эмэгтэй шүү.баяр хүргье.хөтөлсөн тоглолт бүрийг үздэг.үзэх дуртай.баяр хүргэж улам их амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-04 19:25:27
    Хандаа: Жинхэнэ үгийн уянгатай сайхан хоолойтой эмэгтэй юм байналээ бахархахгүй байхын аргагүй хэд хэдэн тоглолтыг нь үзсээн ёстой уянгалаг сайхан бүсгүй маш их амжилт хүсье баяр хүргье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-04 16:54:06
    Адъяасүрэн: Баяр хүргэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-04 15:58:19
    Сэтгэгдэл: Баяр хүргэе улам их амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-04 08:48:19
    S: SEXSDN80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-04 08:31:04
    за: хойт солонгосын нэвтрүүлэгч стайлыг бурханчлах нь үү дээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188