• Өнөөдөр 2024-05-03

МУГЖ Ө.УЯНГА: Жазз, поп опера төрлийн шинэ урсгалыг Монголд эгшиглүүлнэ

2023-12-17,   957

      Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянгатай ярилцлаа. Тэрбээр энэ 16-нд жазз, поп опера төрлийн "Зул сарын аялгуу" тоглолтоо хийх гэж байгаа юм.

-Сайн байна уу. Юуны өмнө танд “Зул сарын аялгуу” тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Энэ жилийн шинэ жилийн баяр таны тоглолтой гоё болох нь. Ямар онцлогтой тоглолт зэхэж байна вэ?

         -Гадаа нэг сайхан тасхийсэн хүйтэн, шинэ жилийн уур амьсгал ороод гоё байна. Арванхоёрдугаар сар бол тэр чигтээ шинэ жилийн өдрүүд байдаг шүү дээ. Тиймээс энэ сардаа зориулж тоглолтоо хийж байгаа. Нөгөө талаар шинэ жил миний хамгийн дуртай баяр. Тэр ч утгаараа уран бүтээлээ дэлгэж, тоглолтоо хийе гэж шийдсэн. Өмнө би Дуурь бүжгийн эрдмийн театрынхаа тайзнаа “Зул сарын үдэш” гэсэн сонгодог бүтээлээс бүрдсэн тоглолтоо хийсэн. Энэ жил хоёр дахь удаагаа “Зул сарын аялгуу” нэртэйгээр хийх гэж байна. Тоглолтод хоёр оркестр орж байгаа. Мөн жазз поп опера шинэ урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлж байгаагаа энэ аялгуу тоглолтоороо албан ёсоор зарлаж байна. Өвөрмөц, сонин содон шийдэлтэй, уран бүтээлүүд эгшиглэнэ.
 
-Жазз поп опера урсгалынхаа талаар уншигчдад тодорхой тайлбарлаж өгвөл?
 
      -Жазз поп опера гэдэг хоёулаа тусдаа төрөл л дөө. Энэ хоёр төрлийг хослуулаад жаз хөгжимтэй оперо хоолойгоор дуулна гэсэн үг. Мэдээж хөнгөн хэмнэлд тохируулж дуулах учир хэмнэл, мэдрэмжтэй байхыг шаардаж байгаа. Хүн дан опера сонсохоор залхдаг. Гэтэл жаззтай хослуулахаар хөнгөн, хүний зүрх сэтгэлийг баясгасан дуу хөгжим болж мэндэлж байгаа юм. Жазз өөрөө их тийм эрх чөлөөтэй хөгжим юм билээ. Тиймээс шинэ өөр нэг Уянга төрж байгаа юм.
 
 
-Дууриас өөр чиглэл учир та мөн шинээр олон зүйл сурч авч байгаа байх?
 
     -Мэдээж тэгэлгүй яах вэ. Хоолойгоо оперо чигээр байлгаад дотоод мэдрэмжид хувираад тухайн хүн өөрөө тэр мэдрэмжээрээ стилл жанрыг тодорхойлно. Магадгүй дуурийн дуучин хүн өөр төрөл урсгалаар дуулахаар хоолой чинь эвдэрнэ гэж ярих нь ч бий. Тэгвэл опера чиглэлээр дуулахаар хоолой өөрчлөгдөхгүй, авьяас, мэдрэмж л илүү шаардана. Энэ төрөлдөө зориулаад өөрийнхөө стилл, имижийг ч улам гоё дэгжин болгох гээд олон зүйл шинээр сурч байна.
 
-Гацуурхан дууг бид ихэнхдээ хүүхдийн дуугаар л ойлгодог байлаа. Таны дуулсан хувилбар өвөрмөц гоё юм билээ?
 

     -Гацуурхан дууг жазз, опера төрлөөрөө хийх гэж сонгосон. Өмнөх тоглолт дээрээ "Сүлд модны наадам" дууг венийн вальс маягаар хийсэн. Харин энэ удаад "Гацуурхан" дууг сонгон дууллаа. Хүн бүр хүүхэд байсан шүү дээ. Хоёрдугаарт, монгол хүүхдийн дуунууд жаахан мартагдах гээд байна. Анзаарч байхад дандаа л гадаа дуу сонсож, дуулж байна. Тиймээс яагаад монгол дуугаа өөрчилж, сэргээж, гоё төрөл хэлбэрт оруулж дуулж болохгүй гэж. Энэ санаагаа "Гацуурхан" дуугаар эхэлсэн. Хүүхдийн ордны найрал дуучин хүүхдүүдтэй нийлж дуулсан. Хүүхдүүд ч их дуртай гоё болсон.

-Жазз, поп опера гэх шинэ урсгалаар дуулахаар уран бүтээлчид, хүмүүс ямар сэтгэгдэл хэлсэн бол. Үзэгч, сонсогчийн хувьд танд их зохисон санагдаад байгаа?
 
       -Баярлалаа. Хүмүүс их баяр хүргэж байгаа. "Шинэ төрлөөр дуулж байгаа нь сайхан байна. Залуу хүн юм чинь шинээр сэтгэж, шинэ зүйл гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй урсгалаар яваад байвал урлаг хөгжихгүй. Тиймээс их зөв зүйтэй зүйл хийж байна" гэж олон хүн урам өгсөн. Жазз, опера төрлөөр дуулж эхлэхдээ би жазз хөгжим, энэ төрлийнхөө талаар их судалсан. Монголд жазз хөгжим сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд их эрчимтэй хөгжиж байна. Манай уран бүтээлчид дэмжиж байгаа. Цаашид бүтээл хийгээд ирэхээр мэргэжлийн талаасаа шүүмжлэл, сэтгэгдэл гарна байх. Тэр бүхнийг хүлээн авч уран бүтээлээ хийнэ.
 
-Дуурь бүжгийн эрдмийн театрынхаа нөхцөл байдлыг шүүмжилж шударгаар үгээ хэлсэн. Одоо бол та эргээд орчихсон байгаа шүү дээ?
 
      -Дуурийн театр 60 жилийн түүхтэй. Гоцлол дууны анги маань 70 жилийн түүхтэй. Театр 60 жилийнхээ ойг их сайхан хийсэн. Бид мөн 70 жилийнхээ ойг 2022 онд мөн сайхан хийж тэмдэглэсэн. Гоцлол дуучны ангиас минь олон сайхан ардын жүжигчин, гавьяат, төрийн шагналтнууд төрсөн. Гайхамшигтай авьяастнуудын авшиг шингэсэн анги. Тэгээд би 70 жилийн ойн баяраа хийгээд АНУ-руу явсан. Ирээд ажлаасаа халагдсан. Тэр цаг үе манай театрын уран бүтээлчид, урлагийнхан цалингаа нэмүүлэх асуудлыг ярьж, нэгдэж байхтай  таарсан. Тэгээд л үгээ хэлсэн. Одоо харин Соёлын яам, театртайгаа хамтран ажиллаж, театр маань уран бүтээлээ хийгээд явж байна. 2024 он манай театрын хувьд их аятайхан эхэлж байна. Миний хувьд арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн тушаал гараад ажилдаа орсон байгаа.
  -Уг нь таны хувьд театртаа 20 жил ажиллалаа. Одоо чөлөөт уран бүтээлчээр ажиллаад явахад ч болох шүү дээ. Гэтэл театртаа эргээд орлоо. Энэ бүхнээс харахад та их театртаа хайртай, элэгтэй, үнэнч уран бүтээлч юм уу гэж харж байна?
 
     -Театр минь миний хоёр дахь гэр. Хүнд төрсөн нутаг гэж байдаг шиг төрсөн тайз гэж байдаг. Хэдий би өөр газар, өчнөөн гоё тайзан дээр дуулдаг ч Дуурийн театрынхаа тайзан дээр дуулахаар, хамт олон дундаа орохоор л цаанаа гоё. Театр бол үе үеийн олон гайхалтай алдартнуудын өлгий гэдгээрээ агуу. Агуу зүйлийг орхиод явна гэдэг өчүүхэн миний хувьд байж болохгүй зүйл шүү дээ. Нөгөө талаараа Монголд мэргэжлээрээ ажиллах ганцхан театр минь шүү дээ.
 
-Урлагийн байгууллагууд нэгдэн театрын удирдлага, Соёлын яамдаа үгээ хэлж байхад та голыг нь олж, санаагаа их цэгцтэй шударга, зоригтой илэрхийлж байна лээ. Магадгүй таны гол зан чанар шударга шулуун байдал уу. Бид дууг нь сонсохоос төдийлөн зан чанарын хувьд мэдэхгүй шүү дээ?
 
     -Ер нь шударга байх дуртай. Шударга бус зүйлийн хажуугаар дуугүй, чимээгүй яваад байж чаддаггүй. Манай Хөвсгөлийн Хотгойдынхон алдарт шадар ван Чингүнжаваараа алдартай. Тэр ч утгаараа шулуухан, зоригтой, цэгц ард түмэн байдаг. Нөгөө талаар хүн хэлэх гэж байгаа үгээ цэгцтэй бодож байгаад нэг удаа жинтэйхэн хэлэх ёстой. Миний хувьд зөвхөн өөрийгөө бодсон бол болох байсан. Гэхдээ араас гарч ирж байгаа залуу хойч үе минь хаана, юун дээр ажиллах вэ. Ийм шударга бус байвал залуу хойч үе минь яаж ажиллах юм гэсэн бодол төрсөн. 
  
-Одоо та мөн жазз, опера гээд шинэ урсгалыг эгшиглүүлж, өөрийгөө өөр өнцгөөс харуулах гэж байгаатай уялдуулан  "Яг түүн шиг" шоуг асуумаар байна. Шоунд бүтээсэн таны үзүүлбэрүүд мөн л Уянга гэдэг хүнийг бидэнд шинээр нээж өгсөн шүү дээ. Та ч шоунаасаа олон зүйл сурсан байх аа?
   -Мэдээж тэгэлгүй яах вэ. Маш гайхалтай, эрч хүчтэй залуустай хамт ажилласан. Их гоё дайчин, авьяаслаг, харилцаа хандлагатай мундаг юм билээ. Бие биенээсээ суралцсан, хөгжсөн цаг хугацаа байсан. Шоуны үзүүлбэрийн хувьд дуурь дуулдаг Уянга чинь гэнэт л харуудыг дуурайж үглээд л үзэгчдэд их сонирхолтой байсан байх. Надад ч өөрийгөө тэгж өөрчлөх сонирхолтой, өөр байсан. Гэхдээ тэр бүхнээс шинэ олон зүйл сурч, хөгжүүлж авсан.
 
-Ингээд харахаар сүүлийн хоёр жил таны хувьд их өөрчлөлттэй, шинэ олон зүйл сурсан он жил юм байна. Арванхоёрдугаар сар бол хүн бүрийн нэгэн жилээ дүгнэдэг үе. Таны хувьд энэ жил ямар амжилт бүтээлтэй жил болж өнгөрч байна вэ?
 
     -2023 онд театраасаа хэсэг завсар авсан. Гадны орны тоглолтод ч оролцсон. Энэ жилийн хамгийн том ажил минь одоо болох гэж байгаа жазз, поп опера тоглолт болж байна. Шинэ чиглэл урсгалыг улсдаа эгшиглүүлж, энэ чиглэлээрээ олон бүтээл хийж, түгээн дэлгэрүүлэх ажлыг ирэх жилүүдэд хийгээд явна.
 
-Баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.
 
    -Баярлалаа.

МУГЖ Ө.УЯНГА: Жазз, поп опера төрлийн шинэ урсгалыг Монголд эгшиглүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-14 21:52:45
    Барахгуй: УЯНГА БОЛ ХОЕРДУГААР ЗЭРГИЙН Л ДУУЧИН,ДУУРИЙН ДУУЧНЫ АВЬЯАС ЧАДВАР, ОГОГДОЛ МУУТАЙ, ХАРИН ШОУДАХ ТАЛДАА АМЖИЛТТАЙ ЯВЖ ИРСЭН ДУУЧИН. ОДОО ДУУРИЙН УЛАМЖЛАЛТ КЛАССИК УРЛАГИЙГ ЭВДЭЖ, ЛЮМПЕН НАРТ ЗОРИУЛСАН ХЯЛБАР ШОУ БОЛГОХ ГЭЖ ЗУТГЭЭД БАЙГАА ХУН. ЯАГААД ГЭВЭЛ ООРОО ТУУНИЙГ Л САЙН ЧАДНА. ЖИНХЭН ДУУРИЙГ БАРАХГУЙ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-14 20:46:04
    ард: Амжилт урагшаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-14 16:30:04
    Энхбаатар: Чадалтай хоолойтой миний дурлалт хүүхэн дээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188