• Өнөөдөр 2024-04-29

ЖҮЖИГЧИН Б.БУД-ЭРДЭНЭ: БИ “ЩЕЛКУНЧИК” ЖҮЖГИЙН МАРИ ОХИНЫ ТҮҮХИЙГ ХҮҮХДҮҮДЭД ЯРЬЖ ӨГЧ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ

2023-12-28,   574

   “PRO” театрын уран бүтээлчид шинэ жилийн баярыг угтан “Щелкунчик цөмөгч цэрэг ба хулганын хаан” жүжгийг  арванхоёрдугаар сарын 9-нөөс Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглож байгаа билээ. Тус театрын хувьд байгуулагдаад жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд таван уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байгаа нь энэ. Бид тус жүжгийн Маригийн дүрд тоглож буй жүжигчин Э.Буд-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр PRO” театрын үүсгэн байгуулагчдын нэг юм.

-Сайн байна уу.  “Pro” театрын уран бүтээлчдийн хувьд яагаад цөмөөхэйг сонгон тоглох болсон юм бэ. Урьд бид балетаар л үздэг байсан болохоор сонирхолтой санагдлаа?

             -Шинэ жилийн хамгийн гайхалтай үлгэр, түүхийн  нэг бол Щелкунчик. Өмнө нь бид ихэвчлэн балет хэлбэрээр нь үзэж байсан. Тиймээс драмын жүжиг болгон тавьж, хүүхдүүдэд хүргэе гэж өнгөрсөн жилийн шинэ жилээр л ярьж байлаа. Тэр санаа энэ онд хэрэгжиж, жүжгээ нээсэндээ баяртай байна. Бидний жүжгээрээ дамжуулан хэлэх гэсэн өөр нэгэн санаа бол хүүхэд насны нандин үеийг тэр чигт нь хадгалж, тэдний төсөөлөл, мөрөөдлийг амилуулахыг хүссэн. Хамгийн гол нь хүүхдүүд хүүхэд зангаараа байгаасай гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.

Ингээд энэ оны аравдугаар сарын 1-нээс жүжгийн уншлага эхэлж, бэлтгэл сургуулилтдаа ороод арванхоёрдугаар сарын 9-нд амжилттай нээгээд, тайзнаа тоглож байна.

-Нэг ангийн залуусын зорилго, мөрөөдлөөс үүдэн  “PRO” театраа байгуулсан юм билээ?

          -Бидний гол үзэгч хүүхэд байдгийн учир нь үүсгэн байгуулагч зургаан уран бүтээлчийн хувьд мэргэжлийн Хүүхэлдэйн театрын жүжигчид. Тиймээс ч хүүхэлдэй, хүүхэдтэй илүү ойр. Бид 2010 онд Орос Улсын Санкт-Петербург хотын театр урлагийн академид мэргэжлийн хүүхэлдэйн театрын жүжигчин гэсэн мэргэжлээр суралцаж, 2014 онд төгссөн. Анх сурахаар явж байхдаа л өөрсдийн театртай болох сон гэж мөрөөдөж байсан. Тэр мөрөөдөл минь 2023 онд биелэлээ. Миний хувьд багаасаа жүжигчин болно гэж мөрөөдөж, хүсэж байгаагүй. Харин Оросын холбооны Улс руу сургуульд явах боломжтой зарлал хараад, очиж шалгуулснаар сурахаар явж байлаа. Сурч байх явцдаа мэргэжилдээ дурласан. Одоо бол миний хайрлаж, дурлаж, хүсэж хийдэг зүйлийн минь нэг яах аргагүй миний мэргэжил.

-Pro” театрын хувьд гол үзэгч нь хүүхэд байдаг шүү дээ. Магад хамгийн үнэнч, гоё үзэгч байдаг байх?

     -Бид театрын үзэгчдийг багаас нь бэлдэх зорилготойгоор театраа байгуулсан.

     Хүүхэд бол хамгийн үнэн, сонирхолтой үзэгч байдаг. Тухайлбал, “Щелкунчик” жүжигт хулганын хаан, хулганууд гарч ирээд Мари охины орыг өргөхөд, үзэгч хүүхдүүд “Хүүе, зүгээр байлгаач, битгий хүрээд бай” зэргээр өөрсдийнхөө эмоцийг шууд илэрхийлдэг. Хүүхдүүд ингэж чин үнэнчээр үзэж, аз жаргалтайгаар алга таших нь бидэнд хамгийн гоё мэдрэмж өгдөг.

-Таны хувьд Мари охины дүрд тоглож байгаа шүү дээ. Үнэхээр үзэсгэлэнтэй, гоё Мари байна лээ. Ажилласан дүр бүхнээсээ шинээр суралцаж байдаг болов уу?

              -Тийм ээ. Мэдээж 30 гаруй насны хүн долоон настай охины дүрд ажиллахад хоолойны өнгө, нүдний харц, хүүхдийн гэнэн зан чанарыг гаргах гээд олон чадварыг шаардаж байсан. Тийм болохоор дүрдээ ажиллах явцдаа хүү болон дүүгээ их ажигласан. Тэд хэрхэн тоглоомоороо тоглож, сахилгагүйтэж байгааг харж, судалж, анзаарсан. Долоон настай охины дүр надаас хөнгөн байдлыг мөн шаардаж байсан. Энэ мэтээр мэдээж ажилласан дүр бүхнээсээ шинийг сурч, мэдэж авдаг. Сонгодог зохиол угаас жүжигчин хүнийг олон зүйлд сургадаг.  Гэхдээ Маригийн дүрд би тоглосон гэхээс илүү Мари охины түүхийг ярьж өгч байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.

-Театраа байгуулаад удаагүй ч таван уран бүтээлийг үзэгчдэд хүргэлээ. Таны хувьд хэдэд нь дүрд ажилласан байна вэ. Мөн дэлгэцийн ямар бүтээлд тоглосон байдаг вэ?

          -“PRO” театрыг үүсгэн байгуулагдсанаас хойш миний гурав дахь дүр л дээ. “Инээмтгий хүн” жүжгийн Жозианнагийн дүрд тоглосон. Миний хувьд сургуулиа төгсөөд ОХУ-ын театрт долоон жил ажилласан. Сурч байх хугацаандаа богино болон бүрэн хэмжээний хоёр уран бүтээлийн гол болон туслах дүрд ажилласан. Монголд ирээд кинонд тоглоогүй.

Мэдээж юун түрүүнд өөрсдийн байгуулсан театрынхаа бүтээлд илүү анхаарал хандуулж, ажиллана. Магадгүй киноны санал ирвэл болох байх.

-Жүжигтэй нэг өдрийн ажлын хувиараасаа бидэнтэй хуваалцаж болох уу. Уран бүтээлчдийн хувьд өөр байх нь бий шүү дээ?

        -Жүжигтэй үед ихэнхдээ ажил дээрээ байдаг.  Өглөө 7:00 цагт босоод, хүүхдээ сургуульд бэлдэж, хүргэж өгөөд, гэртээ ирээд өөрийгөө бэлдээд, театр руугаа явна. Театртаа очоод жүжгийнхээ нүүр будалтад ороод, тайзаа бэлдээд, жүжгээ тоглоно. Орой нь будгаа арилгаад, театрынхантайгаа ярилцах асуудал байвал хуралдаа суучаад гэртээ харина. Уран бүтээлч хүний хувьд ихэнхдээ ийм шугамаар нэг өдөр өнгөрдөг.

-Театрынх нь хувьд бусдаас ялгарах гол онцлог юу бол?

      -Бид  хийж байгаа уран бүтээлээрээ онцлог байхыг эрмэлздэг. Илүү шинэлэг, илүү өөрсдийнхөө сурсан мэдсэнээ харуулахыг зорьдог. Гол нь шинэлэг, содон, өөр байхыг хичээж ажилладаг.

 -Та бүхэн энэ жил олз омог ихтэй, амжилт бүтээл дүүрэн байлаа шүү дээ. Энэ жил гаргасан театрынхаа амжилтаас манай уншигчидтай хуваалцвал?

         -Жилийн хугацаанд таван жүжиг тавьсан тухай ярианд дурдагдсан шүү дээ. Сүүлд “Инээмтгий хүн” жүжиг “Гэгээн муза”-аас таван муза хүртсэн. Энэ бол жилийн хугацаанд том амжилт. Түүнээс гадна манай театрын бүтээлүүд ОХУ-д болдог фистевальд оролцдог. Энэ ч утгаар манай театрын жүжиг ОХУ-ын наадмын шилдэг уран бүтээлчид гэдэг шагнал авсан. Жилийн хугацаанд ийм амжилттай байгаад их баярлаж, хамт олноороо бахархаж байна. Энэ амжилтууд минь биднийг улам их урмаар тэтгэж, цаашид илүү хөдөлмөрлөх ёстойг мэдрүүлж байгаа.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан болов уу?

        -Манай театрын уран бүтээлийн төлөвлөгөө 2025 он хүртэл гарсан байгаа. Бид дахин нэг том уран бүтээл рүү орно. Хажуугаар нь хүүхдүүдэд зориулсан бүтээлээ хийнэ. Ямар бүтээл гэдэг нь гарах үедээ мэдэгдээд явах байх.

-Уран бүтээлч хүнд гэр бүлийнхэн нь ойлгож, дэмжих их чухал байдаг. Гэр бүлийнхэндээ хандан юу гэж хэлмээр байна вэ?

       -Театрын үүсгэн байгуулагчдын нэг нь манай гэр бүлийн хүн л дээ.  Мөн манай анги. Хоёулаа уран бүтээлч байхад ар гэр орхигдох гээд байдаг сул талтай. Харин бидний мэргэжлийг ойлгодог хоёр сайхан ээж минь бий. Тэднийхээ ачаар ар гэртээ санаа зовохгүй ажлаа хийж байна. Мөн хоёул гэрийн бараа харах завгүй байдалд хүү минь дасаж, их биеэ дааж сурсан. Гэр бүлдээ зарцуулах цаг бага ч бидний сурсан мэргэжил, зорьж буй зорилго нэг болохоор зорилгынхоо төлөө тууштай байхаас аргагүй. Бидний арыг бат сайн даадаг хоёр ээждээ, бидний мэргэжлийг ойлгож биеэ даасан хүүдээ мөн их баярлалаа.

-Хүү нь жүжгийг нь үзээд ямар сэтгэгдэл хэлсэн бэ. Мэдээж таны тоглосон олон уран бүтээлийг үзсэн байх. Гэхдээ үзэх дуртай үлгэрийн баатарт нь ээж нь тоглохоор ямар санагдсан бол?

     -Хүүгээ найман сартай байхад нь ажилдаа орж байсан болохоор тайзны ард надтай багаасаа хамт явсан. Тиймээс ч жүжиг үзээд, үзсэн, ойлгосноо чөлөөтэй ярьдаг. Бидний дотны шүүмжлэгч шүү дээ. “Щелкунчик” жүжгийг үзэхийнхээ өмнөх орой “Ээж ээ, гол дүрд нь хэн тоглож байгаа юм” гэж асуусан. Тэгээд, “Аав нь Щелкунчик, ээж нь Маригийн дүрд тоглож байгаа” гэсэн чинь “Би та хоёрт баярлаж байна” гэсэн. Тэгээд маргааш нь жүжгээ үзээд, “Ээж ээ, та сайн тоглосон шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь  “Миний хүүд жүжгийн аль хэсэг хамгийн их таалагдсан” гэж асуухад,  “Хулганын хаантай Щелкунчик зодолдох дайны үе таалагдсан” гэж хэлсэн. Мөн тоглоомуудаа хайрлах хэрэгтэй юм байна гэж ойлгосон гэсэн.

-Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

     -Баярлалаа.


ЖҮЖИГЧИН Б.БУД-ЭРДЭНЭ: БИ “ЩЕЛКУНЧИК” ЖҮЖГИЙН МАРИ ОХИНЫ ТҮҮХИЙГ ХҮҮХДҮҮДЭД ЯРЬЖ ӨГЧ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188