• Өнөөдөр 2024-05-04

ЖҮЖИГЧИН Г.ГАНДӨШ: Гринч байгаа учир зул сарын баяр үнэ цэнтэй болдог

2023-12-12,   653

        "Маппет" хүүхэлдэйн театрын уран бүтээлчид "Зөрүүд Гринч" жүжгийг тоглож байгаа энэ өдрүүдэд бид тус жүжгийн гол дүрд тоглож буй Хүүхэлдэйн театрын жүжигчин Г.Гандөштэй ярилцлаа.  "Зөрүүд Гринч" зул сарын сахилгагүй драмын ерөнхий найруулагчаар М.Лхагва, ерөнхий зураачаар С.Энх-Од, хөгжмийн зохиолчоор Х.Алтангэрэл, бүжиг дэглээчээр Д.Баярт ажилласан байна.

   -Сайн байна уу, юуны өмнө биднийг шинэ жилийн энэ догдлол дүүрэн өдрүүдэд зөрүүд Гринчтэй уулзуулж байгаад баярлалаа. Хүүхдийн жүжиг дотроо Гринчийг яагаад сонгон хүргэх болов. Зул сарыг бусниулагч шүү дээ?

       -Би өөрөө шинэ жилд дургүй хүн л дээ (инээв). Ер нь бол Гринч байгаа учир зул сарын баяр үнэ цэнэтэй болж байгаа юм. Гринчийг хүмүүс сөрөг гэж боддог хэрнээ инээлдэж, хөгжилдөж үздэг.

Бүх юм хоёр талтай. Шөнө байгаа болохоор өдөр, өдөр байгаа болохоор шөнө байгаатай адил Гринч байгаа учир зул сарын баяр байгаа юм.

  -Гринчийн дүрд та тоглож байгаа юм байна. Өмнө нь та мөн “Мял богдын намтар” жүжигт тоглож байсан юм байна. Энэ таны хэд дэр уран бүтээл вэ. “Зөрүүд Гринч” жүжиг уран бүтээлчийн хувьд танд цоо шинэ аялал болж байгаа болов уу?
 
      -Улсын Хүүхэлдэйн театрт 2009 оноос хойш жүжигчинээр ороод 14 дэх жилдээ ажиллаж байнаа. Энэ хугацаанд тайзны 60 гаруй уран бүтээлд оролцож гол ба туслах дүрүүд дээр ажиллаж байна. Жүжигчин мэргэжилтэй хэн бүхэн Гринчийн дүр дээр ажиллаж үзэх хүсэлтэй байдаг гэж бодож байна. Надад ч гэсэн тийм хүсэл байсан болохоор “Маппет хүүхэлдэйн театр” ба “Улаанбаатар театр”-ын хамтын уран бүтээл болох Гринчийн дүр дээр ажиллах саналыг аз жаргалтай хүлээн авсан. Бас айдастай байсан. Хүүхдүүд төдийгүй томчууд ч гэсэн Жим Керригийн Гринч, Гринчийн хүүхэлдэйн киногоор Гринчийг төсөөлдөг. Манайх бол Зөрүүд бас сахилгагүй, юун Жим Кэрри.
Гринчийн дүр дээр ажиллахад мэдээж шинэ найруулагч, шинэ хамт олон угтаж авсан болохоор маш шинэлэг байлаа.
 
 
    -Үзэгчид дотроо хүүхэд хамгийн гэгээн, цагаахан үзэгч байдаг байх. Бяцхан үзэгчид нь мөн сэтгэгдлээ хуваалцаж байна уу?
 
     -Миний төсөөлсөнөөс Гринчид дуртай, Гринчид хайртай олон хүүхэд байдгийг өдөр бүр мэдэрч байна. Зөвхөн Гринч ч биш шинэ жилийн баярт дуртай хөгжилтэй сахилгагүй хүүхдүүд ирж үзэж байна.
 
     -Бидний багад зурагтаар тоотой хэдэн хүүхэлдэйн кино үзэх, үлгэрийн ном уншиж л  дэлхийн сонгодог зохиолуудаас сонин сонирхолтой дүртэй танилцахаас бусдаар жүжиг гэж байдаггүй байсан. Одоо харин хүүхэд багачууд үзэх дуртай үлгэрийн баатараа тайзнаас харах, уулзах боломжтой болж байна. Энэ та бүхнийг нэг давуу тал байх. Жүжгийн хувьд өөр ямар онцлог бий бол?
     
     -Улсын Хүүхэлдэйн театр  1948 оноос хойш нийт 75 дахь жилдээ хүүхдийн жүжгийн уран бүтээлийг хийсээр байна. Мэдээж хамрах хүрээ нь тэлж манай “Маппет хүүхэлдэйн театр”, “Про театр” зэрэг олон театр, продакшн жүжгийн уран бүтээлийг туурвин олон нийтийн хүртээл болгож байна. Жүжиг үзсэнээр хүүхдүүд өөрийгөө болон бусдыг, эргэн тойрон дахь хүмүүсээ хөндлөнгөөс харах  толь болж суралцах боломжтой байдаг. Энэ удаагийн “Зөрүүд Гринч” жүжгээр Монгол Гринч Монгол хүүхдүүдтэй уулзаж байгаагаараа онцлогтой юм даа.
Мэдээж найруулагчийн шийдэл мөн зураачийн санааны онцлог бий. Гэхдээ энэ бүхнийг би хэлчихвэл сонирхолгүй болчих байх аа. Бидний жүжгийг үзсэн үзэгч хүүхдүүдээс асуувал илүү зүгээр байх.
 
 -Гринч муухай ааштай, хорон санаатай, зөрүүд нэгэн шүү дээ. Хүүхдүүд түүний энэ байдлыг шууд утгаар нь харж болох. Гэхдээ жүжгийн хөгжилтэй, цаад утгаараа ийм дүрсгүй байж болохгүй гэсэн санааг хүүхдүүд мэдэж авч чаддаг болов уу. Та бүхэн үзэгчиддээ мөн судалгаа хийж, бүтээлийнхээ үр дүнг харж байгаа болов уу?
 
           -Аливаа жүжгийн уран бүтээл судалгаагүйгээр гарах боломжгүй байдаг. “Зөрүүд Гринч” - ийн хувьд дүрсгүй байж яагаад болохгүй гэж. Хүүхдүүд ч гэсэн яагаад дүрсгүй байж болохгүй гэж. Хүүхэд бүхэн тодорхой хэмжээнд сахилгагүй байдаг.
 
Сахилгагүй гэдэг бол миний бодлоор сониуч бас хурд, сэргэлэн цовоо шүү дээ. Яадаг юм бэ, хэдүүлээ сахилгагүйтье л дээ. Энэ чинь Гринч, энэ чинь хүүхдүүд.
-Арванхоёрдугаар сарыг дуустал хуваарь гарсан байна лээ, үзэж амжаагүй яваа хүүхдүүдийг урих нь зүйтэй байх?

       -Энэ жилийн арванхоёрдугаар сард олон сайхан хүүхдийн бүтээлийг тоглож байна. Тухайлбал, манай “Маппет хүүхэлдэйн театр”-ын бүтээл, бусад улсын болон хувийн театруудын сайхан бүтээлүүд байна, харин алийг сонгож үзэх нь аав, ээж, хүүхдүүдийн өөрсдийнх нь сонголт. Хүүхдүүд дуртай зүйлээ хийг, дуртай юм аа үзэж, дуртай жүжгээ үз, чадвал өөрийг үз, болж өгвөл бүгдийг үз. Үзмээргүй санагдвал үз, санагдахгүй байсан ч үзэх хэрэгтэй.

 
   -Ярилцсанд баярлалаа.
           -Баярлалаа

ЖҮЖИГЧИН Г.ГАНДӨШ: Гринч байгаа учир зул сарын баяр үнэ цэнтэй болдог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188