• Өнөөдөр 2024-04-27

С.ГАНЗҮГ: Монгол Улс хүүхдүүдээ МОНГОЛ ХҮН болгож хүмүүжүүлэх нь хөгжлийн эхлэл

2021-01-02,   950

       Бид анх хоёр жилийн өмнө зохиолч, яруу найрагч Ө.Үлэмжтөгсийн Амьгүй биет контемпорари жүжгийг бүтээлцэхэд нэг багт ажиллаж байлаа. Тэрбээр Нидерланд, Финланд, Герман, Хонконг, Тайвань, Солонгос, Итали зэрэг оронд өөрийн орчин үеийн урлагийн бүтээлүүдээ толилуулсан том нэгэн”.

       Монголын контемпорари урлагийн хөгжил, дэвшлийн төлөө уйгагүй, хүчтэй бүтээн туурвиж яваа С.Ганзүг хэмээх эрхмийг та бүхэнд танилцуулж байна.

-10 ГАРУЙ ЖИЛИЙН НҮҮДЭЛ СУУДЛАА САНАДАГ ОЙ ТОГТООЛТ САЙТАЙ ХҮҮ БАЙЖ БАЙЛАА-

-Шинэ жилийн баяр хаяанд иржээ. Өнгөрч буй 2020 он таны уран бүтээлийн хувьд ямар жил болж өнгөрөв дөө?

       -Яг бидэн шиг бүгэж, сууж сурсан хүмүүст харьцангуй гайгүй байх шиг. Төвлөрөөд, өөртөө вакум үүсгэж сурсан хүмүүст амжилт бүтээлийн сайн жил боллоо гэж бодож байна.

Олон нийттэй харилцдаг ажил хийдэг, жишээ нь бизнесийн салбарынханд хүнд, хэцүү нэг жил өнгөрөв үү дээ. Гэвч тэрхүү хүмүүс нэг талаараа гэр бүлдээ урьд өмнөхөөсөө илүү цаг зарцуулсан байх. Хөл хорионы үеэр бүтээл хийх бодол санаа ихээр хуримтлагдаж, хураагддаг юм байна. Мөн энэ цагаар өмнөх бүтээлүүдээ ажиглах, алдаагаа харах маш сайн боломж гарч ирлээ. Хөл хориог ашиглаж, уран бүтээлийнхээ санаа, шийдлийг олоод хорио тавигдаж, сайн цаг ирэхэд түүнтэй зэрэгцэн хүчтэй бүтээж, туурвих санаатай байна. Мөн "Ковид-19" цар тахлаас өмнө “Урлах эрдэм” дээд сургуульд багшилж эхэлсэн. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа. Тус сургуульдаа хар зураг болон зохиомжийн тухай лекц, хичээл ордог. Миний хувьд орчин үеийн урлагийн өөрийн туршлага, мэдлэгээ их, дээд сургуулийн сургалтын системд нэвтрүүлж, залууст таниулах нь сайхан байна. Харин яг одоо бол дүнгээ гаргах гээд л үзэж, тарж сууна даа.

-Анх хэдэн онд контемпорари урлагтай танилцаж, бүтээл туурвилаа хэрхэн эхэлж байв аа?

       -Би 2000 онд “Сэтгэмж” дээд сургуулийг төгсөж, сургуульдаа дөрвөн жил багшилсан. Тухайн үед Монголд интернэт дөнгөж л дэлгэрч байлаа. Хүүхдүүддээ аль болох шинэ зүйл зааж, сургах гээд интернэт ухаж, шинэ юмс олж, мэдэх гэж явахдаа орчин үеийн урлагийн энэхүү ертөнцөд нэвтэрсэн. Өнөөх урлаг гэдэг зүйл маань модерн, постмодерноосоо бүр халиад, дээшээ явж өгсөн байж. Тэгээд түүнийг судалж, мэдэж байх явцдаа "Би өөрөө ч үүнийгээ сайн мэдэхгүй байж хүүхдүүдэд юу заах билээ" гэж бодоод багшлахаа больсон. Түүнээс хойш уран бүтээлчидтэй танилцаж, хамтарч, цөөнгүй бүтээлийн ард гарлаа. Харин одоо эргээд сурсан мэдсэн зүйлээ залуу үедээ хүргэж байгаа нь маш гайхалтай хувь тохиол юм болов уу.

-Анх Сэтгэмж дээд сургуульд багшилж байжээ. Харин одоо Урлах эрдэм дээд сургуульд багшилж байна. Та уран бүтээлч гэхээсээ илүү багш юм биш биз?

       -Дахиж багшлах болсондоо үнэхээр догдолж байлаа. Эхний хичээлүүдээ догдлол дунд л өнгөрөөсөн дөө. Гэхдээ бид хэзээ ч шинэ, залуу үеийг юм заасан болж, хуурах ёсгүй. Өнөөгийн дэлхий ертөнцийн чиг баримжаанаас дээшээ түвшинд зааж, хүүхдүүдээ чиглүүлж, явуулах ёстой. Багш хүн сурагч, хүүхдүүддээ өөрийг нь олоход туслах хэрэгтэй. "Би гэж хэн бэ", "Миний аав гэж хэн бэ", "Миний өвөө гэж хэн бэ", "Миний өвөөгийн өвөө гэж хэн бэ" хэмээн таниулаад ирэхээр түүх бүрдэнэ. Цаашлаад "Түүх гэж юу юм", "Түүхийн уг үндэс гэж юу юм" гэх зэргээр мэдээд ирэхээр түүнээс цааш соёл, урлаг гарч ирнэ. Ингэж бүтсэн "сэтгэлгээний хөрс" дээр хүүхдүүд өөрийгөө олж, таних болно.

-Тэгэхээр хүн өөрийгөө олохын тулд түүх, гарал үүслээ мэдэх хэрэгтэй бололтой. Харин таны түүх, бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

        -Би бага насаа хэнээс ч илүү сайхан өнгөрүүлсэн. Араг дотор боорцог идээд явж байсан үеэсээ л мэдээ орсон. Үүнийгээ маш тод томруун санаж явдаг. Санаа сэтгэлээс гардаггүй, амьдралын маань нэгэн том агшин бол энэ. Тэгэхэд ээж маань "Чи хажуудаа байгаа наад дээлээрээ өөрийгөө хуч" хэмээн хэлж байсан тэр агшныг ч мөн тод санадаг. Харин түүнээс өмнөхийг л сайн санадаггүй юм. Би Завхан аймгийн Сонгинохайрхан сумын уугуул. Намайг бага байхад Сонгинохайрханаас Ургамал сумын Аваргын нуруу орж өвөлждөг байлаа. Тэгж явахдаа өвлийн цагт 22 нүүдэл хийж, өвөлжөөндөө очдог байсан сан. Аравдугаар сар гарахаар л тэрхүү холын нүүдэл эхэлнэ. Өвлийн нүүдэл маш хянамгай, цэгцийг шаардана. Өглөө зургаан цагт босоход мал хөдөлчихсөн байдаг. Өдрийн нүүдлээ хийсээр нар жаргахаас өмнө дараагийн буудал дээр очиж зогсоно. Тэгж нүүдэллэсээр сурсан учир манайханд тийм ч төвөгтэй санагддаггүй байсан болов уу. Ийм л нүүдлийн амьдрал дунд миний бага нас өнгөрсөн. Шинэ газарт нүүж, очих бүрд хүн малгүй л хийморь сүлд, эрч хүчээ сэргээж, авдаг байж дээ. Хожуу нас ахиад ирэхдээ 10 гаруй жилийн нүүдэл суудлаа онож хэлдэг, ой тогтоолт сайтай хүү байж билээ.

-Хүн бүрийн ухаан орсон цаг үе ээжтэй нь холбоотой байдаг. Ээжийнхээ тухай дотно дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

       -Ийм хүн болох, магадгүй ийм муухай ааштай, зарим тохиолдолд муу хүн болох, аль эсвэл ямарваа нэгэн юмыг хийх гэж зүтгэдэг сайн хүн байх, урлах, бүтээх, энэ замаар тэмүүлэх, ухаарах замыг ээж минь тавьж, өнөөгийн С.Ганзүг гэж хүнийг бүтээсэн. Намайг бага байхад юмс их ховор байсан. Гэхдээ ээж маань жижиг картонон цаас байсан ч надад өгч "Миний хүү юм хий" гэдэг байлаа. Хаа нэг сумын төв рүү мордоод ирэхээрээ дэвтэрт авчирч "Миний хүү нэг талаас нь тоогоо бодоод, нөгөө талаас нь зургаа зураарай" гэдэг байсан. Би бага байхдаа зурсан, хийсэн юмнуудаа дуусахаар хаячихдаг байж л дээ. Харин ээж маань тэр болгоныг цуглуулж, бага байх үеийн, сургуулийн, оюутан байх үеийн гэх зэргээр хуваарилаад хадгалдаг байсан. Надад "Бүүвэй" нэртэй нэгэн бүтээл бий. Эхнэр маань надад дөрвөн сайхан үр төрүүлж өгсөн болоод ч тэр үү, өөрөө эхийн ариун цагаан сүү амталж өссөн болохоор ч тэр юм уу тэрхүү бүтээлээ хийж чадсан. Тэрхүү бүтээлээ “Моханик” хамтлагийн гоцлол дуучин Ц.Даваажаргалтайгаа хамтарч Тайваньд толилуулсан. "Бүүвэй" бүтээлээрээ монгол хүн эх орноо хайрлаж явахын үндсийг нээж, харуулахыг хүссэн. Зөвхөн энэ бүтээлээр ч тогтохгүй миний маш олон бүтээл ээжтэй минь холбоотой.

-УРЛАГ ОНОЛЫН МЭДЛЭГЭЭР ХҮНИЙ ТОЛГОЙД СУУДАГ ЗҮЙЛ БИШ-

-Таны гаднын оронд бүтээлээ толилуулсан нь зөвхөн "Бүүвэй" бүтээлээр тогтохгүй. Гаднын оронд уран бүтээлээ толилуулах сэтгэгдэл ямар байдаг бэ?

       -Сэтгэгдэл өндөр байлгүй яах вэ. Эх орондоо "галзуурчихаж", "солиорчихож" гэж хэлүүлэхийн оронд юм мэддэг гаднын орныхон урьж байхад тийшээ очсон нь дээр биз дээ.

Анхнаасаа л би хүнд таалагдах гэж уран бүтээл хийгээгүй. Дуртайдаа, хиймээр байсан болохоор л хийсэн. Анх ээж минь намайг уран зурагт дуртай болгож, тэр үеэс явж ирсэн зам мөрөөрөө явсаар л ирээдүйгээ олсоноос бус, хэзээ ч бусдын хэлж, зааж өгсөн замаар яваагүй. Хүүхэд байхаасаа л урлагийн томоохон салбар, байгууллага байгуулна гэж боддог байсан. Үүнийгээ ч цааш нь хөгжүүлж, олон төрлийн уран бүтээлчид нэгдэж, шинэ төрлийн уран бүтээл хийх орчин үеийн урлагийн томоохон салбар байгуулах санаа болсон юм л даа. Урлагийг цэвэр, тунгалаг харагдуулж, хойч ирээдүйдээ цэгцтэй мэдлэг олгохын тулд орчин үеийн урлагийн салбарыг бусад урлагаас тусад нь байгуулах нь зүйтэй. Жишээ нь, гаднын орнуудад модерн урлагийг найман настай балчираас наян настай хөгшин хүртэл тус салбарын музей руу очоод л үзэж, танилцаж болно. Урлаг гэдэг чинь онолын мэдлэгээр хүний толгойд суудаг зүйл биш шүү дээ. Бага балчир байхаас нь л модерн, сонгодог, үндэсний урлаг, жүжиг, үзэсгэлэнгүүдийг үзүүлснээр ямар ч лекц, сургуулиар өгч чадахгүй боловсролыг хүүхдүүд өөрсдөө олж, авч чадна. Үндэсний, модерн урлагийг нэг дор нухаж, завааруулж хаячихаад түүнийгээ урлаг гээд хүнд үзүүлэхээр шахаж байгаа бол бид хий хоосон зүйлийг бусдын толгой руу хүчээр хийх гээд мунаглаад байна гэсэн үг. Үүнийг цэгцтэй байлгая гэвэл тус тусад нь, өөр өөрийн орон зай, салбаруудтай л болгох хэрэгтэй.

-Эх орондоо муулуулж байхад тань гаднын орныхон хүндэлж, урьж байж. Өөрийг нь тань ойлгохгүй байгаа эх орноо орхиж, гаднын орныг төлөөлж, гаднын орны уран бүтээлч болъё гэж бодож байсан удаа бий юү?

       -Үгүй шүү. Ганц ч удаа тэгж бодож байгаагүй. Гаднын оронд уран бүтээлээ үзүүлж, олон орны сайн, сайхныг мэдэрсэн минь монгол хүн байсны минь л ач. Тухайн үед гаднын оронд очиж, 10 мянган ам.долларыг уран бүтээлдээ ашиглах гэрээ хийж, тэтгэлэг авч байлаа. Гэхдээ би тэрхүү тэтгэлгийг эх орноосоо авах юм сан гэж боддог. Хэрэв тийм зүйл болбол тэтгэлгийн мөнгөө бүгдийг нь уран бүтээлдээ зарцуулж, дээр нь нэмж байгаад ч болтугай Монгол гэдгээрээ бахархах уран хийх юм сан гэж боддог доо. Гаднын орон надад мөнгө, төгрөгийг нь төлсөн ч, гарсан уран бүтээлийг нь өөрсдөдөө л авч үлдэнэ шүү дээ. Надад, Монгол Улсад маань үлдэх зүйл үгүй. Уг нь уран бүтээлээ авч, үлдэж байж л манай оронд цаашид энэ салбар хөгжиж, уран бүтээлчид нь ч сайжирна гэж боддог. Үндэсний, өөрсдийн гэх урлаг руугаа чиглэхэд уг нь болохгүй зүйл баймааргүй л юм.

-Монгол дахь контемпорари урлагийн хөгжлийн талаар юу гэж боддог вэ?

       -Контемпорари бусад урлагийн салбарт хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Бусад салбарын хамтаар хөгжүүлж, дээшээ авч явах нь зүйтэй. Зөвхөн уран зураг бус орон зайн бүтээл, дүрс бичлэгийн урлаг, үйлдлийн урлаг, саунд урлагийг маш өндөр түвшинд хөгжүүлж чадвал тэрхүү хөгжил нь бусад урлагийн салбартаа ч нөлөөлж чадна. Үүнийг хөгжүүлэхийн тулд орчин үеийн урлагийн ангиудыг их, дээд сургуулиудад байгуулж, гаднын их, дээд сургууль шиг өндөр боловсролтой боловсон хүчин төгсгөх хэрэгтэй. Тэгж байж л орчин үеийн урлагийн хөгжлийн тухай ярьж чадахаар болно. Гэхдээ гаднын оронд сурч, гадаад хүн болж ирчихээд монгол урлагийг хөгжүүлж чадахгүй. Харин тэрхүү гадаадад сурч, ирсэн нэгэн нь мэддэг, чаддагаасаа олон нийтэд харуулж, таниулж бусадтайгаа хамтарч байж л хөгжих, дэвших цаг ирэх болно.

-Хүүхэд, залуусын боловсрол, боловсролын системийн талаар багш хүний хувьд өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

       -Монголын цэцэрлэгийн боловсролд “Гурван тоорой”-н үлгэр ямар ч хэрэггүй. Хүүхдүүд нүүдэлчин ахуйгаа сайн мэдэх ёстой. Модоор урласан гэрээ нүүдлийн ахуйд хэрэглэж ирсэн түүхтэй хүүхдэд тоосгоор байшин барихыг магтан дуулж, зөвлөх ёсгүй. Энэ бол үндэстний маш том аюул. Монгол Улс хүүхдүүдээ монгол хүн болгож авах хэрэгтэй.

-Контемпорари урлагийг тодорхойлж нэрлэсэн зүйл байдаггүй. Гэхдээ энэхүү орчин үеийн урлаг нь хүний мөн чанар, дотоод өнгө аясыг харуулдаг. Үзэгч, уншигчдын мэдэхгүй С.Ганзүг гэж хүний дотоод контемпорари юу вэ?

       -Түүнийгээ хайж л явна. Одоо ч хүртэл өөрийгөө хайсаар л байна. Энэ асуултад хариулахад арай эртдэж байна.

Нидерланд Улс Роттердам хот 2009 он. Гэрэл зургийг Анну Видениус

-Таны уран бүтээлд уламжлал, шүтэн барилдлагыг ихээр өгүүлсэн байдаг. Өөрийн уран бүтээлдээ ихээр тусгасан эдгээр утга санааны талаар ярихгүй юу?

       -Миний бүтээж буй орчин үеийн урлагийн төрөл бол үйлдлийн урлаг. Үйлдлийн урлаг гэж хэлэхийн тулд үйл гэх үг хэлэх хэрэгтэй болно. “Бид ямар үйлээр энд амьдардаг юм бэ” гэх зэрэг бодол үйл гэх үгээс улбаалж, магадгүй гүн ухааны бодол төрнө. Уран бүтээлч гэдэг чинь өөрийгөө л ухдаг хүмүүс. Гэхдээ манай орны болон гаднын орны уран бүтээлчид өөр өөр байх ёстой. Монголын уран бүтээлчид ч мөн монгол гэсэн өнгө аясаа олох хэрэгтэй болов уу. Өөрсдийн гэсэн уламжлал, соёл, урлаг, түүхгүй юм шиг гаднын орныг хуулдаг уран бүтээлчид одоо түүнийгээ зогсоох, болих хэрэгтэй.

-Таны хувьд монгол хүн гэж ямар хүн байхыг хэлдэг юм бэ?

       -Монгол хүн гэдэг зүгээр нэг амьдрахын төлөө эх дэлхий дээр ирдэггүй юм байна гэдгийг ойлго. Монгол Улсыг олж төрөх, монгол хэл соёлоор ярьж, бичих, монгол хүн болж амьдарч, үүгээр жигүүрлэнэ гэдэг бол ганц биений асуудал ерөөс биш. Энэ хорвоо дэлхийн байх, байхгүй нь хүртэл хоорондоо ямар нэгэн учраар холбогдож байгаа. Үүнтэй адилаар монгол хүн байна гэдэг асар том тохиол, хувь тавилан.

-Уран бүтээлч байх, хувь хүн байх хоёр ялгаатай юу?

       -Түүний ялгааг олж, ярина гэдэг их хэцүү. Хүн гэдэг амьтан цаг үргэлж өөртэйгөө дайтна, эвлэрнэ. Харин миний хувьд хувь хүн гэхээсээ бүтээлч тал нь илүү давамгайлсан юм болов уу. Уран бүтээлч хүний хэн байсан бэ гэдэг нь хожим танигддаг. Одоо бол надад бүтээх нь л чухал.

-Ирэх онд хийхээр төлөвлөж буй уран бүтээл, ажлынхаа талаар хуваалцахгүй юу?

       -Ирэх онд хоёр контемпорари бүжгэн жүжгээс гадна цөөнгүй бүтээл төлөвлөөд байна. Хэрхэн бүтээж, цаашид яахыг нь сайн мэдэхгүй юм. Сайн хүнтэй учирч, дөрвөн хүүхдийн эцэг болсон. Хувь уран бүтээлийнхээ зэрэгцээ хүүхдүүдийнхээ төлөө сайн үйлс хийхийг эрмэлздэг. Харин миний хувьд өөрийн хийж буй үйл бүтээл болж байхад амьдралд аяндаа л сайн сайхан зүйлтэй учруулна гэж итгэдэг.


С.ГАНЗҮГ: Монгол Улс хүүхдүүдээ МОНГОЛ ХҮН болгож хүмүүжүүлэх нь хөгжлийн эхлэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188