• Өнөөдөр 2024-05-02

ЯРУУ НАЙРАГЧ, ОРЧУУЛАГЧ Ж.ОЮУНЦЭЦЭГ: “Гал” нэгдлээрээ цугладаг байхад О.Дашбалбарын “Гэгээн наранд ойрхон өслөө”, Г.Мэнд-Ооёогийн “Дэлхий ээж”, Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгүүд бичигдэж байлаа

2023-12-08,   583

           Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Ардын уран зохиолч Ж.Саруулбуян, Төрийн сүлд, хас тамгын эхийг зохиосон түүхч, зураач, яруу найрагч, судлаач Ц.Ойдов, яруу найрагч Б.Сундуй, Д.Цогт нар  уран зохиолын “Гал” нэгдлийг үүсгэн байгуулсан байдаг. Харин гишүүдээс нь гэхэд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар, Төрийн шагналт, зохиолч Ш.Гүрбазар, яруу найрагч, орчуулагч Ж.Оюунцэцэг, яруу найрагч Д.Нямсүрэн, яруу найрагч Л.Мягмарсүрэн гэх эрхмүүд бий. Хорь гаруйхан настай залуусын гал цогтой, онгод цалгисан “Гал” нэгдлийн талаар Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Залуучуудын эвлэлийн нэрэмжит шагналт, яруу найрагч, орчуулагч Ж.Оюунцэцэгтэй ярилцлаа.

             Түүнийг бид “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, Түүн би хайртай байсан” дууны шүлгийг бичсэнээр нь, Оросын “Радуга” хэвлэлийн газар ажиллаж байснаар нь, үгүйдээ л “Үүлэн бор” номын орчуулагч гэдгээр нь таних билээ. “Мандарваа цэцгийн хүрээлэнд” номын өмнөтгөлд “Манай “гал”-ынхан байн, байн цугларна. Бидний яриа хөөрөө яруу найраг, уран зураг, хэн хаана сайхан шүлэг бичиж байна вэ. Холоос ирэх хэн нэгнийг хүлээнэ. Ж.Оюунцэцэгийг Москвагаас ирэх сураг хэдэн сарын өмнөөс дуулдана.  Бид “гал”-ынхаа ганц бүсгүйг хүлээнэ. Шинэ сонин ном, шинэ урам зориг хүлээнэ” гэж  Ардын уран зохиолч Ж.Саруулбуян гуай бичсэн байдаг. Тэрбээр бүлгэм байгуулагдсанаас хойш хоёр жилийн дараа Москва явсан байх бөгөөд  тэнд хүүхдээ өсгөхийн зэрэгцээ зургаан жилийн хугацаанд “Радуга” хэвлэлийн газар ажиллаж, Оросын уран зохиолын үлгэр, зохиолоос монгол хэлнээ орчуулсан юм.

Хамгийн алдартай нь бидний багадаа уншиж өссөн бор хавтастай “Үүлэн бор” ном билээ.

          -Сайн байна уу. Монголын уран зохиолын ертөнцөд өөрсдийн өнгө төрхөөр бүтээн туурвиж яваа эрхмүүдийн шүлгээ бичиж, ярилцаж, уншиж явсан “Гал” бүлгэм анх хэрхэн байгуулагдаж байсан бэ. Таны хувьд ганц эмэгтэй гишүүн нь шүү дээ?

    -Би аравдугаар ангиа төгсөөд Төв шууданд захиа ялгагчаар ажиллаж байгаад МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангид элссэн. Шүлэг, найрагт сонирхолтой хүн чинь хаана л шүлгийн дугуйлан, бүлгэм байна түүнийг сонирхож явна. Тэгэхэд Улсын багшийн дээдийн оюутан Г.Мэнд-Ооёо, Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян нар “Гал” нэгдэл байгуулсныг дуулаад, гишүүнээр орж байлаа. Анагаахын дээд сургуулиас Б.Сундуй, Хуулийн сургуулиас Д.Цогт гэж хоёр өндөр залуу мөн нэгдэж, бидний хэдэн нөхөд бичсэн шүлгээ унших, зохиолчдын шүлэг, бүтээлээс ярилцах, уран зураг, урлаг, соёл гээд ярих зүйл мундахгүй л нөхөрлөдөг байлаа. Бидэнд ямар шүлэг бичсэн нь хамгийн сонин байдаг байлаа. Сайхан шүлгийн санаа хайж, мөрт эрж явахад өөр нэгэн ямар санаагаар хэрхэн бичсэнийг сонсох шиг шинэ содон зүйл үгүй. Тэгээд л өөрийн бичсэн дээр дүгнэлт хийж, нэгнээсээ суралцаж байлаа шүү дээ. Бид чинь нэгнийдээ их очно. Тэгэхэд Г.Мэнд-ооёо эхнэртэйгээ суугаад удаагүй, Энхтайваны гүүрний цаана гэр нь байдаг байлаа. Бид тэднийд их цуглана. Д.Цогтындоо ч их очно.

Өдөржин, шөнөжин шүлэг, найраг яриад уйдна ч гэж үгүй, хөөрсөн, гэгэлзсэн үе байлаа шүү дээ.

-Эргээд бодоход хамгийн сайхан үе байх даа?

         -Залуу насны минь хамгийн сайхан үе. Их сургууль надад их зүйл өгсөн. Их сургуулиас би ханьтайгаа учирсан. “Гал” нэгдлийн авьяаслаг залуустай нэг үе байж, хамтдаа халгиж цалгиж, инээж, уран зохиолоор жигүүрлэж, нэгнээ хөглөсөн гэгээн он жилүүд. Ингээд бодохоор хамгийн сайхан цаг мөч аргагүй мөн юм даа.

-Тэр үед бидний өдгөө мэдэх олон сайхан бүтээл төрж байв уу?

          -Ид бичиж байсан л даа. Одоо санахад Балбар маань “Гэгээн наранд ойрхон өслөө”, “Эх орноо бид өвөг дээдсээс хүлээж авсан, үр, ачдаа хүлээлгэж өгнө”, “Салхиар ганхах цагаан өвсөнд амь нас минь бий” зэрэг шүлгээ бичсэн санагдаж байна. Харин Ж.Саруулбуян маань “Хан хэнтийн уул”, “Шилийн богдын нуруу”, Д.Нямсүрэн “Дөрвөн цаг”, Г.Мэнд-Ооёо “Дэлхий ээж”, “Ээжийн бүүвэйтэй хорвоо” зэрэг дууны шүлгээ бичиж байлаа. Харин Б.Сундуй минь “Бичиж амжаагүй шүлэг”, “Нутаг”-аа бичсэн бол Ш.Гүрбазар “Дугуй хээтэй наадам” шүлгээ бичсэн. Ер нь бүгд л бүтээл туурвилаа эхэлсэн байсан. Миний хувьд “Түүнд би хайртай байсан” шүлгээ бичсэн байсан.

-Дуучин Б.Цогтдэлгэрийн дуулдаг дууны шүлэг мөн биз дээ?

        -Тийм ээ,

Түүнд би хайртай байсан

Хэнд ч хэлээгүй дуулж явсан

Тэрхэн үедээ зүрх гэдэг

Энэхэн биед минь багтахгүй болсон...” гээд л бичиж байж дээ.

-Хайрын шүлэг гэснээс таны “Мандарваа цэцгийн хүрээлэнд” номын өмнөтгөлд Б.Сундуй, Д.Цогт найрагч нар танд сэтгэлтэй байсан тухай дурсамж байна билээ?

         -Тэр үед би ямар тийм зүйл анзаарах биш. Байнга л нэгнийдээ цуглаж, шүлэг зохиолоо уншиж байсан улс шүү дээ. Харин Ж.Саруулбуян л нэг тийм зүйл бичсэн байсан.

-Тэнд “Ж.Оюунцэцэгийг Москвагаас өвөл ч юм уу, хавар ирэхэд бидний сэтгэлийн яруу найргийн хавар болох шиг болдог байсан юм. Ж.Оюунцэцэг бол галын ав анхны ууган гишүүний нэг. Тэр зөөлхөн аялаг дуу хоолойтой, хурц ширүүн ааш авиргүй, яруу найраг нь энгүүн, бүсгүй хүний ил бус сэтгэлийн нандин зүйлийг тод хэрнээ энгийнээр хэлж өгдөг. Дээр нь тэр Цогт, Сундуй гэдэг өөрөөс нь тохой хэрийн өндөр “Ёстой сунадаг улаан автобус шиг суналзаж, дүүхэлзсэн хоёр хамгаалагч”-тай. Яг тэр цагт би дунд сургуулийн дугуй бор Ленин, Сүхбаатар, хурдан морь зураад сууж байдаг амьтан байж. Хожим тэр үеийн тухай эд нар нүдэнд харагдтал хөөрнө. Жаахан ирлэж хэтрүүлбэл тэр хоёул түүнд талтай байжээ” гэж дурссан байна.

-Мэдээж зан чанарын хувьд ондоо улс байсан байх даа?

       -Өөр байлгүй яах вэ. Ж.Саруулбуян бүлгэмд нэлээд сүүлд орж ирсэн санагдаж байна. Морь, мал дээр өссөн хөдөөний залуу л орж ирж байлаа. Буурь суурьтай, тохитой, томоотой ч гэж жигтэйхэн. Ү.Хүрэлбаатар бол унаган махтай залуу байв. Одоо бавайсан сахалтай хүн л болж. Харин Ш.Гүрбазар их гялалзуур, годгоносон, хөдөлгөөнтэй. Одоо ч хөгшрөөгүй, хөнгөн шингэн хэвээр байна. Б.Сундуй, Д.Цогт гэж хоёр өндөр хүн, үй зайгүй найзууд. О.Дашбалбар харин их шулуун үгтэй байсан санагдаж байна. Ж.Саруулбуян, Б.Цогт, Л.Мягмарсүрэн нарын анхны номыг Б.Явуухулан багш эх барьж авч байсан. Би ч мөн анхны шүлэг бичиж эхлэхдээ тэр мундаг найрагчид уншиж өгч, зөвлөгөө авч байлаа. Эд нар минь намайг эмэгтэй гэж ч байгаа юмгүй, би ч эрэгтэй хүн шиг дунд нь ороод явна. Эхнэрүүдтэй нь их найз байдаг байсан.

-Хөгжилтэй, хөгтэй зүйл олон л болдог байсан байх даа?

       -Өө байнга л хөглөнө, хөгжөөн наргиан тасрахгүй. Нэгнийдээ цуглаад л “Би өнөөдөр ийм шүлэг бичсэн” гээд л уншиж, өнөө хэд нь хөөргөн магтана. Хөгжилтэй зүйлээс  нэгийг дурсахад, нэг удаа Ойдов, Сундуй хоёр Ойдовынд юм яриад сууцгааж л дээ. Тэгээд л “Хоёулаа бантан хийж идье” гээд бидонтой ус байхаар нь гурилаа үрээд хийсэн гэж байгаа юм. Хоолоо идсэний дараа согтоод байсан гэнэ ээ. Тэгсэн бидонтой монгол архиар бантан хийчихсэн байсан гэж байгаа юм. Ийм хөгжилтэй зүйл ч бишгүй л байлаа. Манайхан чинь одоо цөм л сайн явна. Сүүлд Д.Цогтын минь бие их өвдсөн. Эхнэр нь эмч хүн л дээ. Ү.Хүрэлбаатар эрдэм шинжилгээний бүтээл л бичээд байсан чинь сүүл рүүгээ хайрын дуу бичээд жигтэйхэн юм болсон. Т.Ариунаа, Б.Сарантуяа гээд дуучдыг ёстой мандтал бичсэн. Г.Мэнд-Ооёо минь Чингис хаан одон хүртлээ. Ж.Саруулбуян маань Ардын уран зохиолч боллоо.

Одоо ч байнга уулзалдаад байж чадахгүй юм. Хаа нэг нэгнийхээ номын нээлтэд уригдаж, хэд гурван үг солилцож суудаг юм.

Таны бүтээлээс “Орчлонгийн сайхан хүүхнүүд” дууны үгийг хэрхэн бүтсэн тухай асуухгүй өнгөрч болохгүй байх?

       -“Орчлонгийн сайхан хүүхнүүд” дууны шүлгийг би их сургуулиа төгссөний дараахан бичсэн юм.  Би айлын хоёр дахь охин л доо. Манай аав станцын захирал байсан, ээж  минь бичээч байлаа. Хөдөөнөөс буюу Сэлэнгийн Баруун бүрэнгээс өвөө, эмээ хоёр ирээд “Та нар залуу хүн байна, зөндөө хүүхэд төрүүлэх байх. Хоёр дахь охиноо бид хоёрт өгчих” гэж гуйсан юм билээ. Тэгэхэд аав нэг жил хөхөөр нь хооллоно гээд жилийн дараа намайг өвөө, эмээд минь аваачиж өгсөн гэдэг. Тэгээд би гэдэг хүн эмээ дээрээ өссөн дөө. “Орчлонгийн сайхан хүүхнүүд” дууны шүлгийг би ээж, эмээгээ л бодож бичсэн. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Насанбат надад анх “Энэ шүлэгт чинь ая хиймээр байна” гэж санал тавьснаар дуу болж байсан түүхтэй л дээ. Тухайн үед ээж нь түүнд “Ж.Оюунцэцэгийн “Орчлонгийн сайхан хүүхнүүд” их гоё шүлэг юм. Миний охин ая хийгээрэй” гэж хэлсэн юм билээ. Ямар ч байсан Л.Насанбат ээжийнхээ хүсэлтийг биелүүлсэн. Ц.Зоригтбаатарын үг гэж бичигдэж, зарлагдах нь бий. Миний шүлэг байтал яагаад тэгээд яваад байгааг нь сайн мэдэхгүй ч би нэг их тоохгүй орхидог юм. Манай нэгдлийнхэн уулзахаараа “Чи дуугараач” л гэдэг юм. Би ч юм хэлдэггүй юм. Тухайн үед би одоогынхоосоо залуу байсан болохоор “За яах вэ, би илүүг дахиад бичнэ” гэж хэрэндээ эрдэж байсан гээч. Одоо тэгээд хүмүүс мэдэхээс хойш маргаан үүсгээд төвөг гэж боддог.        

-Ярилцсанд баярлалаа.

      -Баярлалаа.

Одоо тэгээд хүмүүс мэдэхээс хойш маргаан үүсгээд төвөг гэж боддог.        


ЯРУУ НАЙРАГЧ, ОРЧУУЛАГЧ Ж.ОЮУНЦЭЦЭГ: “Гал” нэгдлээрээ цугладаг байхад О.Дашбалбарын “Гэгээн наранд ойрхон өслөө”, Г.Мэнд-Ооёогийн “Дэлхий ээж”, Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгүүд бичигдэж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188