• Өнөөдөр 2024-05-02

"БОЛОР ЦОМ-41" НААДМЫН ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛТ М.ДЭВЭЭЖАРГАЛ: ЭНЭ НААДАМ ӨӨРЧЛӨГДӨНӨ ГЭЖ ХҮЛЭЭХ БИШ, ӨӨРСДӨӨ ОРООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ

2023-11-28,   1378

     "Асганы хэлтэрхий өнхөрсөөр уул болдог талд
Адууны хөхөл мэт сул өвс ганхаж байдаг сан
Амгайн чимээ салхины баруунтаа хадахад
Амгалан өгөөмөр зүүдийг орчлон бүгдэд илгээдэг сэн…" гэж тэр бичжээ. "Болор цом" 41 наадмын өглөө нь бичсэн эл шүлгээ бариад тэр наадмын зүг алхсан байна. Гарт нь буй цаасан дээрх шүлгүүд сүүлд бичигдсэн мөртүүд бөгөөд сонгож сүйд бололгүйгээр гурван шүлгээ аваад л очиж. Уг нь ч ном "боохоор" зэхсэн 100 гаруй шүлгээсээ сонголт хийж болох байсан ч тэр ойр байгаагаа л хэвлээд очиж. Ховд нутгийн охин тэрбээр энэ удаад нутгийнхаа аялгууг, талын буйдхан анираа бичиглэн буулгаж, тайзнаа зоримогхон агаад иртэйхэн уншиж буй нь үзэгчдийн хайрыг татлаа. Түүний шүлэгт,
 
"...Аав аа ээж ээ… аврал мэт ийм үгсийн шидээр хорь хүрч 
Арал тэрэгний мөөр шиг хөхөрч, хэмхэрсэн
Дөрвөдийнхөө аялгаар ярьж байна аа
Халиасан тэнгэр минь хараачаан цаахан көкрэх шиг 
Халиат келнай хөвхөг дүүргэж амьдарнам аа..." гэсэн бахархан огшмоор, бардам эрдүүхэн мөрт ч байлаа. Аргагүй эх хэл, эх нутаг, элгэн юм бүхэн сэтгэлийн цаанаас ийн түрдэг болов уу гэмээр. Тэр бол "Болор цом" 41 наадмын  тусгай байрын шалгарсан яруу найрагч М.Дэвээжаргал.

       Бид МУИС-ийн утга зохиолын дугуйлангаас нэгнээ мэдэх билээ. Хэн ч билээ анх надад  “Болор цом” наадамд орсон охин. Мөн “Хөхөөний үүр” киноны дууны шүлгийг бичсэн" гэж түүнийг танилцуулж байсан юм. Түүнээс хойш нэг мэдэхэд л найзууд болж, сошиал орчинд хэд гурван зурвас бичдэг байж байгаад, "Үндэсний шуудан" сонинд хэсэгтээ хамт ажиллахдаа дотно нөхөрлөсөн. Өдрийнхөө материалыг дуусгаж, сонингийн дугаар хэдийнэ буусан үед хоёул шүлэг уншиж алхана. Дэвээгийн ярилцлагын өмнөтгөл надад их таалагдана. Заримдаа өөрт нь "Гоё бичжээ" гээд хэлчихнэ, ихэнхдээ чимээгүйхэн уншчихаад ярилцлагын өмнөтгөлөө гоё хийх гэж түүнээс үлгэр авч хичээнэ. Тийн явсаар түүний уншигч болж, шүлгээс нь гадна ярилцлага, нийтлэлийг нь ч "амдан" уншдаг болсон. Ийм нэг найз минь энэ жилийн Болор цомд айргийн тавд орж, адтайхан уралдлаа. Амжилт хүсэхийн сацуу бэсрэг яриа өрнүүлснийг уншигч танд хүргэж байна.

 
Юуны өмнө “Болор цом” 41 наадмын тусгай байрт шалгарсанд баяр хүргэе. Энэ наадамд хэд дэх удаагаа орж байна вэ?
 
        -“Болор цом" наадмыг Чойр хотод зохион байгуулж байхад нь анх 18 настайдаа орж байлаа. Энэ жил хоёр дахь удаагаа орлоо. Сэтгэл өндөр сайхан байна. Сайхан байгаагийн шалтгаан нь нэг талаараа үеийнхэндээ нэг хаалга нээж өгч чадсан болов уу гэж бодож байна. Учир нь бидний дунд “Болор цом” наадамд шүлгээ уншихад ойлгох болов уу”, “Орлоо ч олигтой явахгүй дээ” зэрэг эмээх хандлага байдаг шиг санагддаг. Ялангуяа, манай үеийнхэн халшраад ордоггүй. Тиймээс үеийнхэндээ жилдээ нэг болох энэ наадамд өөрсдийгөө сорьж үзэхэд болох юм байна гэсэн итгэлийг өгсөн байх гэж бодож байна.
Миний хувьд өөрийгөө хасагдах л байх гэж бодож байсан. Тэгээд амжилттай оролцсондоо баяртай байна.
 
-"Аав, ээж хоёртоо зурагтаар харагдах гэж анхлан “Болор цом” наадамд орье" гэж зорьсон гэдэг. Гэхдээ олон шалтгаан бий болов уу?
 
       -Мэдээж олон шалтгаан бий. Монголын яруу найргийг өнөөдөр манай аав, ээж, тэдний үеийнхэн, мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс “Болор цом” наадмаар л төсөөлж байна. Гэтэл би өнөөдөр шүлэг бичиж байна гээд яваад байдаг. Угтаа юу бичиж, хаана уншаад байгаа нь ч мэдэгдэхгүй. Тиймээс л би “Болор цом” наадмын тайзан дээрээс “Би ийм зүйл бичиж байгаа шүү” гэж харагдахыг л хүссэн. Эргээд аав, ээж хоёр минь надаар бахархахад нь урамшдаг. Хийж байгаа зүйлээ аав, ээждээ харуулж, бахархуулахыг хүн бүр л хүсдэг байх. Тэгэхээр “Болор цом” наадамд орох шалтгааны нэг яах аргагүй мөн. Нөгөө талаар хүмүүс “Болор цом” өөр болоосой гээд хүлээгээд байдаг. Шүлэг, найраг бичдэг хүмүүс өөрсдөө орохгүй мөртлөө гаднаас нь өнгөц хараад муулаад байдаг. Уг нь өөрсдөө дунд нь ороод салхи, шуурганд нь цохигдоод, унавал унаад, босвол босоод явах хэрэгтэй санагддаг. Монголын Зохиолчдын эвлэл гэж том байгууллага, шүлэг, найраг бичдэг хүмүүс байгаа цагт “Болор цом” наадам байсаар байна. Тэгэхээр энэ наадам өөрчлөгдөнө гэж хүлээхийн оронд өөрөө оролцож, хэвийн нэгэн хэв маягийг өөрчилж, эргүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр өөрөө өөртөө шүлэг бичээд яваад яах юм. Хүн бүр өөртөө шүлэг бичээд байж чадна шүү дээ. 
 
-“Болор цом” наадамд уншсан шүлгээс нь нутгийн аялгууны хэлний тухай хөндсөн шүлэг сонирхолтой санагдсан. Энэ шүлгээ хэзээ бичив?
 
       -2019 онд бичсэн шүлгээ түүнээс хойших онд бичсэн шүлгүүдтэйгээ харьцуулаад уншихаар миний үг хүчгүй, мөхөс болчихсон юм шиг санагдсан. Анх бичиж байсан шүлгээ уншихаар хүчирхэг хүн мэдрэгддэг. Гэтэл дараа нь бичсэн шүлгүүд нурж унаж байгаа мэт мэдрэмж төрүүлсэн. Нэг ёсондоо хүн өөрөө өөрийгөө шүлгээсээ таньж байна шүү дээ. Надад тохиолдсон зүйлс бичиж буй шүлэгт минь нөлөөлсөн байж болох ч өөрийнхөө хүчтэй байдлыг олж авахыг хүссэн. Өөрөөр хэлбэл бичиж буй зүйл минь хүнийхтэй адилхан болоход хүн өөрийгөө голж эхэлдэг юм байна л даа. Бичээд явж байхад ар араасаа гарч ирсэн гэсэн үг. Ер нь хүмүүс юу гэж ч ойлгож болно. Миний хувьд яруу найраг, уран зохиол гэдэг үгийн урлаг. Тиймээс урлах ёстой. Ер нь үг цаанаасаа булгийн ус шиг ундраад байгаа нь нэг талаараа онгод шиг санагддаг. Би эл шүлгээ үүрээр бичсэн. Тэрэгний мөөр гэх үг цаанаасаа л ороод ирсэн. Тэгэхээр хүчээр чихэж оруулсан мөр шүлгээс өөрөө шахагдаад гараад явдаг шиг санагддаг.
Хүмүүс миний шүлгийн нэг мөрийг өөр үгээр солиход л миний шүлэг биш болдог.
Тиймээс шар усыг нь сайтар шахсан бяслаг шиг шүлэг бичих хэрэгтэй.
   Хэрэв тэгж бичиж чаддаг бол өөрөөрөө жаахан бахархаж болох ч онгирч болохгүй.  Энэ ч утгаар энэ удаагийн эл шүлгээрээ яруу найрагчдад нэгийг хэлэх гэсэн юм. Монгол хэл хэчнээн тансаг билээ, гэтэл бид захад нь л яваад байдаг. Юманд хүн амташдагтай адил үгэнд амтшина гэдэг л бичих том сэдлийг өгдөг. Тэгэхээр яруу найрагчид өөрсдийн гэсэн хэлтэй байгаасай. Өөрт төрж байгаа үгээ шүлэгтээ оруулан бичих нь миний өөрийн хэв маяг. Ямар ч хүн хөндлөнгөөс орж ирээд эвдэж чадахгүй тийм нэг өөрийн үг гэж бий.
 
-Үг цаанаасаа орж ирээд, чамаар бичүүлж байна гэлээ. Уншигчид магад тэр үгсийг ойлгохгүй байх тохиолдол бий шүү дээ?
 
       -Өөрөө хайж олох хэрэгтэй, "Энэ юу гэж бичсэн юм бэ" гэж бодогдуулж байна гэдэг өөрөө уран зохиолыг бүрэлдүүлж байгаа чухал зүйл шүү дээ. Нутгийн аялгыг хүмүүс их тоглоом наргиан, тохуурхал байдлаар хүлээн авах нь бий. Тэгэхгүйгээр цаад учрыг нь олж, тайлж ойлгох учиртай.
 
-"Болор цом" наадамд уншсан хоёр дахь шүлгээс нь улбаалан асуумаар байна. Хайр сэтгэлийн бардам байдлыг их онцлон бичих болсон шиг. Мөн тухайн найрагчийн араншинтай ч холбоотой байна уу гэмээр?
 
      -Тодорхой хэмжээгээр хүний араншин тухайн бичвэрт нь шингэсэн л байдаг гэж боддог. Өөрөөсөө ангижирч байж юм бичих үү, өөрийгөө л бичээд байх уу гэдэг их чухал. Миний шүлгийг уншаад сонсож байгаа хүн миний тухай бодож байвал тэр л биз. Өөрийнхөө тухай бодож байж ч болно шүү дээ. Миний тухай бодож байвал би чинээнд нь тултал бичсэн байна гэж бодож магадгүй. Гэхдээ төдийлөн миний шүлгийг хүмүүс юу гэж бодож байгаа бол гэж боддоггүй.
 
Хүн бүр хэрхэн хүлээж авах нь тухайн хүний л тархи, зүрх, ухаан, бодлоос хамаарах зүйл шүү дээ.
    -"Болор цом" наадамд магадгүй дараа жил түрүүллээ гэж бодье, тэгвэл дахин энэ наадамд оролцох уу. Мэдээж оролцож байгаа бүх найрагч л Болор цом өргөхийг зорих нь мэдээж. Гэхдээ өөрийн чинь хувьд эцсийн дүндээ ямар зорилгыг тээн оролцож байгаа бол?
    
    -"Болор цом" хүртсэн ч дахин оролцож, шүлгээ уншсаар байх болно. Хамгийн гол нь өөрчлөлт шүү дээ. Эх орон, ээж, аавын тухай шүлгээс уншигчид яагаад уйдаж байгаа юм гэхээр уйтгартай бичгийн хэв маягаасаа салаагүйд байгаа юм. Түүнээс хүн эх орон, ээж, ааваасаа уйдахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хэвшмэл байдлаас хэн салгах уу гэхээр залуу үе. Тиймээс өөрийнхөө чадлаар өөрчлөлтийн салхийг салхилуулж, "Өөрчлөгдөөсэй" гэж бодох бус өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхийг л хүсдэг.
 
 -Алив нэгэн уралдаанд хүн бичсэн шүлгээсээ "За би энэ шүлгээ уншвал болох юм байна" гэсэн сонголт хийх нь бий байх. "Болор цом" наадамд шүлгийн сонголт хийсэн үү?
    -Сонгоогүй. Тухайн өдөр өөрт байсан гурван шүлгээ аваад л очсон. 
-Ярилцсанд баярлалаа.
 
 -Баярлалаа

                     Түүний "Болор цом" наадмын тайзнаа уншсан гурван шүлгийг хүргэе.

Асганы хэлтэрхий өнхөрсөөр уул болдог 
талд
Адууны хөхөл мэт сул өвс ганхаж байдаг сан 
Амгайн чимээ салхины баруунтаа хадахад
Амгалан, өгөөмөр зүүдийг орчлон бүгдэд илгээдэг сэн
 
Сүнсийг нь ахуйн шаналгаа бөхийн тамгалсан
Сэтгэл тамирдуулагч мөхөс үгийн эрин зуунд амьдарнам
Сэргэн мандалт, үүх түүх, сэлэм хуй, бахархах завгүй
Сэнсэрмэл үгсээр зүрхээ бялдан алхнам
 
Хүүхэн хэл чичрүүлэн чимчигнэтэл зүсэж гадагшлах 
Үгсийн хүчийг хүснэм 
Хүмүүний дотор амьдралыг ерөөгч
Хувьт хэлний минь шуурга бүү намжаасай
 
Цасан боронгоор нүүр нүдгүй ороолгох
Цастай уулын жим шиг авианд бэдэрч байнам
Цангасан адуу шандын усыг хүдхийтэл залгилах шиг
Ялгуун хэлээ өөмж эс чадаад захаас нь хүртэж явнам
 
Аав аа ээж ээ… аврал мэт ийм үгсийн шидээр хорь хүрч 
Арал тэрэгний мөөр шиг хөхөрч, хэмхэрсэн
Дөрвөдийнхөө аялгаар ярьж байна аа
Халиасан тэнгэр минь хараачаан цаахан көкрэх шиг 
Халиат келнай хөвхөг дүүргэж амьдарнам аа
 
Асганы хэлтэрхий өнхөрсөөр уул болдог талд
Адууны хөхөл мэт сул өвс ганхаж байдаг сан
Амгайн чимээ салхины зүүнтээ хадахад
Амгалан, өгөөмөр зүүднээс орчлон бүгдийг сэрээнэм зээ.
 
***
Үгүйлэн санахын хэрээр 
Үймрэн гуниглах
Үр хойч байна гэдэг
Хэчнээн хөндүүр!
 
Өлгөөтэй хүрэмний мөрөн дээр
Өдөр бүрийн наран мэс шиг гялтайж 
Бөхийхдөө зүсүүлж, өндийхдөө эдгэрсээр
Өрөөлийн нүдээр уйлж үзэв…
 
Үд дундын уулсыг жилэн орооход
Үчний хормойг дөрөөн дээсэнд амсуулдаг
Зэгст нуурын харз мэт, сэтгэл үл аниад
Балархай, халирхай зовлонгийн дууг эс аялав…
Нам дорын салхи бууриа эргэхдээ
Нударга навтартал хэнгэнээд
Үгүйлэн буйгаа өөрөөсөө ч далд
Үгдэрүүлэн суугаа хүний үрийг бодлоо
 
Өлчир хярууг хурааж
Мөнхийн цасыг бүтээсэн шиг ийм замд
Өнчин зүрх цуцаад ирэхийг үзэхдээ
Өрөөлийн нүдээр л уйлж үзэв…
 
***
Учралын монолог
I
Амьдралдаа хариг хориг харь хүн шиг би!
Гэвч
Амжиж хайрыг нь ч, хорыг нь ч хүртэх хүсэлтэй!
Сүүлчийн удаа гэж надад огтоос үгүй
Зөвхөн ганцхан удаа үзүүлэх эрэмгий дүр л гэж бий.
 
Хүйтэн шуурга энгэр ороогоод ирэхэд
Энхэр зүрхийг минь таньдаг чи хэрэгтэй!
Хүний л адил уймран байгаа өдрүүдээс
Эргээд алхах зам чамд л хүрэх учиртай
Тэгэвч
Амьдралд хэн хэнээсээ илүү бардам
Ахиад учрахгүй байсан ч зүгээр дээ…
 
II
    Энэрэнгүй үгээр эвийлэн үнсэвч
Эргээд уулзахдаа сүүдрээ нөмөрнөм
Сэтгэл сүмийн хонх шиг жингэнээд л
Сайхан гэгээн дүрийг чинь дуулнам
Цаг хугацааны сүр хүчинд итгэж
Эдгээхийг хүссэндээ л өршөөл эрсэн
Энэ амьдралын манан дунд биесээ орхиод
Цантай үгийг нулимсны халуунаар арчсан
Дурсамжийн гэрэлд дүрэлзэн шатлаа ч
Дурлал гэдэг зугаа л байлаа
Учирсан, хагацсан үнэн мөрүүдийн ард
Уужрал гэж итгэсэн хөндүүр л үлдлээ
 
III
Одоо л чи ороод өнгөрсөн бороо шиг мартагдаасай
Одоо л чи огт ороогүй бороо шиг санагдаасай…

 


"БОЛОР ЦОМ-41" НААДМЫН ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛТ М.ДЭВЭЭЖАРГАЛ: ЭНЭ НААДАМ ӨӨРЧЛӨГДӨНӨ ГЭЖ ХҮЛЭЭХ БИШ, ӨӨРСДӨӨ ОРООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188