• Өнөөдөр 2024-05-02

Б.ПҮРЭВДОРЖ: “СҮҮДРИЙН ХОТ” КИНО НАМАЙГ ХАМГИЙН ИХ СОРЬСОН УРАН БҮТЭЭЛ БАЙЛАА

2023-11-13,   1409

               Үзэгчдийн дуртай шинэ, шилдэг уран бүтээлүүдийг хийдэг “Событ” фильм өнгөрсөн сард “Сүүдрийн хот” уран сайхны киногоо нээсэн билээ. Тус киноны гол дүрд ажилласан жүжигчин Б.Пүрэвдоржтой ярилцлаа. Ажилласан кино бүрдээ дүрийнхээ мэдрэмжийг тултал нь илэрхийлж, үзэгчдэд хайрлагдаж, үзэн ядагддаг түүний тоглосон дараагийн эсрэг дүр нь “Сүүдрийн хот” киноны Харх ажээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.Шинэ уран бүтээл болох “Сүүдрийн хот” киноныхоо талаар ярихгүй юу?

                -“Сүүдрийн хот” УСК бол “Событ” фильмийн бие дааж хийсэн гуравдах уран бүтээл, миний ажилласан наймдах дүр байлаа. Тус киноны дүр олон онцлогтой. Надаас илүү өөр зан чанар, өөр тэмүүлэл, бие бялдрыг шаардсан учраас миний ажилласан уран бүтээлүүдээс хамгийн их ажиллагаа шаардсан дүр. Үзэгчид киног маань үзээд яг ийм мэдрэмж авах ёстой гэж бодож, тулгаж хийсэнгүй. Нийгэмд байгаа хар бараан зүйлс бүрийг дахин киногоороо харуулж, сануулахыг хүсээгүй. Харин кино үзэж байгаа тэрхэн хугацаандаа адал явдалтай кино үзэж, өөр мэдрэмж аваасай гэж хүссэн. Манай киноноос хүн бүр өөрийнхөө харах өнцгөөр өөр мэдрэмж авах байх. “Сүүдрийн хот” киноны онцлог энэ юм даа.

-Ямар дүрээр анхны уран бүтээлдээ тоглож байсан бэ?

                -Сургуулиа төгссөнийхөө дараа “Событ фильм”-ийг найзуудтайгаа хамтран байгуулсан юм. Гэхдээ студи маань амжилтгүй болж түр тарцгаасан. Тэр үед "Хувьсал" продакшны явуулсан шалгаруулалтад тэнцэж “Зүрхээр наадагч” кинонд зураачийн туслахаар ажилласан. Зураг авалтын үеэр хогийн цэгийн атаманы дүрд ажиллах боломж олдсон доо. Хогийн цэг дээр очиж зураг авах талбайгаа өөрөө бэлдчихээд орой нь анх удаа кинонд тоглож, зураг авалтад орж байлаа. “Хүний цаана” кинонд хамгийн анхны гол дүр дээрээ ажилласан. “Этик” продакшны хийсэн анхны уран бүтээл.

-"Мардай" киноны Бурхан Ганбаагийн дүрээр үзэгчид жүжигчин Б.Пүрэвдоржийг хамгийн сайн таних байх. Тус дүрийнхээ талаар яривал?

                -Яах аргагүй үзэгчдэд намайг хамгийн их таниулсан кино бол "Мардай" киноны Бурхан Ганбаагийн дүр. Үзэгчдэд тэгж танигдах нөхцөлийг нь бүрдүүлэх гэж манай багийнхан их хичээсэн. Зураг авалт бүр дээр 4-5 хүн миний нүүрийг хоёр цаг гаруй хугацаанд будна. Анх зохиолоо уншихад л их сонирхолтой дүр санагдсан. Зохиолоо уншаад “Амьдралын төлөө тэмцэж, уурхайд ажиллаж байгаа хүн тарган байж болохгүй юм байна” гэж бодоод, турж эхэлсэн. Цар тахлын хөл хорионы үед хүмүүс жин нэмж байхад би 20 кг турж байлаа. Миний амьдралын хамгийн тод шинэ хуудас юм даа.

-“Событ” фильмийг яагаад байгуулахаар шийдэж байв?

                -Сургуулиа төгсөөд залуу уран бүтээлчид кино уран бүтээл хийхийн тулд компанитай байх хэрэгтэй юм байна гэж бодоод юу ч мэдэхгүй залуус шууд компаниа бүртгүүлж, тамга тэмдгээ авч байлаа. Студиэ байгуулчихаад бид юу ч хийж чадалгүй хоёр жил болсон. Бүгд тусдаа ажиллаж байгаад “Ерөөсөө бүгдээрээ зорьсон зорилгоо биелүүлье, бидний явах зам, зорьсон зорилго энэ юм байна” гээд буцаж нэгдсэн. 2015 онд “Ноход” гэж анхны уран бүтээлээ хийсэн. Харамсалтай нь хоёрхон хоног гараад кино театраас буусан даа.

-Хоёр хоноод кино театраас буусан уран бүтээлээс өнөөдрийн хүн бүрийн үзэх дуртай уран бүтээлүүдийг хийх хүртэл зогсолтгүй хөдөлмөрлөх шалтгаан болсон зүйл нь юу байв?

                -Бидний зорилго хамгийн их нөлөөлсөн. Уран бүтээл бол бидний хийх ёстой ажил. Бид буруу зам дээр яваагүй гэдгээ мэддэг. Тарсан, унасан бүх цаг үеүд минь бидний хувьд туулаад өнгөрөх ёстой зөв зам байсан. Одоо л яг жигдэрч, үзэгчид биднийг таньдаг болж байна. “Событ” фильмийнхэн хэзээ ч шантрахгүй.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ?

                -Би жүжигчин болно гэж боддог байгаагүй ээ. Урлагийн авьяасгүй, нийгмийн идэвхгүй хүүхэд байсан. Санаандгүй тохиолоор КУДС-д элссэн. "Чамд ямар ч авьяас байхгүй" гэж хэлүүлж л байлаа. Гэхдээ надад чадах юм шиг мэдрэмж төрсөн, жүжигчний онцлог байгаа юм шиг санагдсан. Урлагаас гарах хэцүү. Жүжигчин болохын тулд бүх цаг хугацаагаа энэ мэргэжилд зориулж эхэлсэн дээ.

-Хамгийн дурсамжтай зураг авалт, дүр нь ямар уран бүтээлийнх байсан бэ?

                -"Ноход" киноны үеэр бүгд бүх ажлаа хийдэг байлаа. Зураг авалтдаа орчихоод бөөндөө хамт хоолоо хийгээд иднэ. Буцаад шөнөжин зураг авалтаа хийнэ. “Сүүдрийн хот” киноны дүрдээ хамгийн дуртай байгаа. Ажиллахад маш сонирхолтой дүр. Эсрэг дүр хэдий ч миний дүрийн хувьд би зөв юм аа л хийж байгаа нэгэн. Дүр дээрээ ажиллахын тулд жүжигчин тэр дүрийг өмөөрч хийж байгаа зүйлийг нь зөв гэж хүлээн авч тоглох ёстой. Хүн өөртөө ашигтай л юмаа хийдэгтэй адилхан. Тэр дүрийг үзэгчид үзээд эсрэг дүр гэж хүлээж авбал би чадсан байна гэсэн үг.

-“Событ” фильмийн уран бүтээлүүдэд тулааны хэсэг олон гардаг шүү дээ. Зураг авалтын үеэр тохиолдож байсан сонирхолтой зүйлсээсээ хуваалцвал?

                -Хүмүүс танайх үргэлж тулаантай, зодоонттой кино хийх юм гэж хэлдэг. Залууст үзэх юм хэрэгтэй шүү дээ. Амьдралд бодох, шаналах юм олон байгаа тийм байхад дахиад хэцүү зүйлс үзүүлэх хэрэг байхгүй шүү дээ. Залуу хүний эрч хүчээр бид киногоо хийдэг. “Мардай” киноны Шөвөг Чинзо буюу жүжигчин С.Одбаяртай хийсэн зураг авалтын үеэр санаандгүй нүүр рүү нь хүчтэй цохичихсон. Ард зогсож байгаа хүн рүү эргэж хараад шууд цохих ёстой болоод тухайн үедээ “Яаж баримжаа авах вэ” гэж их бодсон. Тэгээд зураг авалт эхэлсэн баримжаа сайн авч чадалгүй шууд шанаа руу нь цохичихсон. Бүгд чимээгүй болж байгаа юм чинь. Цохиулсан хүн маань “Жаахан баримжаатай бай л даа” гээд өнгөрч билээ. Тэгэхээр бас техник ажиллагаа дутуу л байгаа юм. Тулаантай зураг авалтын үеэр анхааралтай тоглох ёстой. Жүжигчнээ гэмтээх эрсдэлтэй учир болгоомжтой байх хэрэгтэй.

-Таны болон багийнхны тань хийхийг хүсдэг, зорьдог уран бүтээл бий юү?

                -Дүрийн хувьд надад оноогдсон дүр бүрийг хайрлаж ажилладаг. Манай багийнхан мэдрэмж шаардсан уран бүтээл дээр ажиллахыг хүсдэг. Гэхдээ цаг нь арай болоогүй байна. Амьдралын хамгийн нарийн мэдрэмжийг харуулсан кино хийхийг хүсдэг дээ.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                -Баярлалаа.


 


Б.ПҮРЭВДОРЖ: “СҮҮДРИЙН ХОТ” КИНО НАМАЙГ ХАМГИЙН ИХ СОРЬСОН УРАН БҮТЭЭЛ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188