• Өнөөдөр 2024-05-02

Б.ЭРДЭНЭБИЛЭГ: “95 ЗҮҮДНИЙ ХҮН” КИНОНЫ ЧӨДӨРИЙН ДҮР НАМАЙГ СОРЬЖ, ИЛҮҮ ИХИЙГ БҮТЭЭХ ОЧЛУУР БОЛСОН

2023-11-08,   1304

         Комедиан Бээгий гэх нэрээрээ олонд танигдсан жүжигчин, кино найруулагч Б.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.  

-Сайн байна уу. “95 Зүүдний хүн” гэх  шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Та энэ удаа  ямар дүр бүтээв?

            -Чөдөр гэх амиа аврахын тулд юу ч хийхээ ч буцахгүй, бусдыг золионд гаргасан, зэвүүцэм бага түрүүчийн дүрийг бүтээсэн. Энэ дүр миний өмнөх дүрүүдээс илүү хүнд,  намайг сорьж, илүү ихийг бүтээх очлуур болсон.

-Та сүүлийн жилүүдэд жүжигчний ажлаа идэвхтэй хийж байна.  Өмнө нь аль салбарт ажиллаж байсан юм бэ?

            -Яг ажиллаад ирэхээр амаргүй зүйл их тулгарна, загнуулна. Гэхдээ тэр болгонд шантрах бус ах, эгч нар, найруулагчийнхаа зааварлаагааг сонсож, дутагдлаа засаад л тоглодог.  Би урьд нь “Эко” телевизэд эфирийн инженерэээр ажиллаж байгаад, 2018 оноос хойш “Ub comedy” клубд ажиллаж байна.

-Комедиан болсон түүхээсээ хуваалцаач, хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

            -Монголд комеди хийдэг байдаг эсэхийг ч мэдээгүй байхдаа “Ub comedy” клубийн захирал Батаагийн үзүүлбэрийг үзэж  байсан. Тухайн үед “Ийм алиа хүмүүс гэж байх ч гэж өмнөөс нь иччихлээ байна” гэж дотроо бодож байлаа.  Дахиад үзэхээр очсон нь хамт явсан найз маань “Open mic”-д нь бүртгүүлсэн байсан. Тэгээд  “Ub comedy” клубийн тайзнаа хүчээр гарч, онигоо болж “Дараа долоо хоногт би “ална” аа” гэх бодолтой бууж билээ. Өөрийгөө харуулах гэж хичээсээр байгаад нэг л мэдэхэд Комедиан Бээгий болсон доо. Хааяа үзэгчдэд инээхгүй үе байсан. Тэр дороо алдаагаа засаад цааш явдаг байлаа.

Би эерэг дүрд тоглохыг хүсдэггүй. Харин эсрэг дүрийг яагаад ийм болсон гэдгийг нь гаргаж ирэхийг, зөвтгөж харуулахыг зорьдог.

-Та багаасаа л хошин хүү байв уу?

            -Би гурван эгч, нэг ахтай айлын эрх, сахилгагүй хүүхэд байлаа. Эрхэлж өссөн эрхэлсээр ч явна даа. Багадаа урлагийн  авьяастай байсан гэж хэлэхгүй ч юм юмыг оролдож үздэг, урлагийн хүн болохыг битүүхэн хүсдэг байлаа.  Гэвч аав, ээж минь намайг ШУТИС-ийн хүнсний инженерийн ангид оруулсан. Гэвч дургүйд хүчгүй гэгчээр би гэдэг хүн хөөгдчихсөн дөө.

-Телевизийн салбарт нэлээдгүй хугацаанд ажиллажээ. Энэ салбарын сайн, сул тал нь юу вэ?

            -Мэдээж хамт олонтой байх сайхан шүү дээ. Телевизийн салбараас их зүйл сурч, өөрийгөө олж, өнөөдрийн өөрийгөө бүтээхэд хөшүүрэг болж өгсөн. Гэвч цагийн шахуу хуваарь, өдөр бүрийн нэгэн хэвийн ажил хүнийг жаахан унтраагаад, урагшлах сэдэлгүй болгодог санагдсан.

-Та “Молоко” ангит кинонд  сонирхолтой дүр бүтээсэн байдаг. Танаас хэр өөр дүр байв?

            -Надаас тэс ондоо дүр байсан, өөрийгөө “эвдэж” дүрээ амилуулахыг хүссэн. Чадсан эсэхийг үзэгч, он цаг хоёр л дүгнэдэг байх. Би чинь амьдрал  дээрээ ээж, аавтайгаа чөлөөтэй харилцдаг хүн шүү дээ.

-Жүжигчин хүн бүтээхийг хүсдэг дүр байдаг шиг дургүй дүр гэж байдаг болов уу?

            -Би эерэг дүрд тоглохыг хүсдэггүй. Харин эсрэг дүрийг яагаад ийм болсон гэдгийг нь гаргаж ирэхийг, зөвтгөж харуулахыг зорьдог. Хүмүүс “Яагаад муу хүн болсон юм бол” гэж бодохоосоо урьтаж, үзэн яддаг шүү дээ.

-Комеди хүчээ авснаас хойш хошин урлаг дарагдсан гэж хүмүүс ярих нь элбэг байдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

            - Хүмүүс “Та хошин урлагийг дэвсэллээ”  гэж ярьдаг. Хошин урлагийн ах, эгч нар маань маш их зүйлийг хийж, ард түмэндээ хайрлагдсан, дархлагдсан хүмүүс шүү дээ.  Бид тэднийг л харж, дуурайж, инээд хөөр хамгийн гоё мэдрэмжийг авч, хөглөгдөж өссөн. Одоо ч дахиж үзэх дуртай тэрнээс бид тэдэнтэй дайсагнаж байсан удаа байхгүй

 -Ярилцлагын төгсгөлд “Ub comedy” клубийн уран бүтээлч болохыг битүүхэн хүсэж буй уншигчдад зөвлөгөө өгөөч?

            -Эхлээд “Open mic” дээр ирж өөрийгөө хэн гэдгээ харуулах хэрэгтэй. Тэрнээс манай клуб зүс царай, өндөр, боловсрол зэргийг огт харддаггүй. Ub comedy” клуб байгуулагдаад 10 жилийг ардаа үдсэн байна.  Энэ хугацаанд уран бүтээлчдээ эрх чөлөөтэй байх боломжоор хангаж чадсан. Тиймээс үнэхээр чамд авьяас байвал нотол, манай багт ор л гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.


Б.ЭРДЭНЭБИЛЭГ: “95 ЗҮҮДНИЙ ХҮН” КИНОНЫ ЧӨДӨРИЙН ДҮР НАМАЙГ СОРЬЖ, ИЛҮҮ ИХИЙГ БҮТЭЭХ ОЧЛУУР БОЛСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-08 10:35:11
    ЗОЧИН: КИНО Ч ГЭЖДЭЭ ЧААВААС !!! ЯМАР Ч ЗОХИОЛ БАЙХГҮЙ !!! МОНГОЛ АХУЙГААС ТАСАРЧИХСАН НУЛЬ АЛААН ХЯДААН , ЗОДООН ЦОХИОН !!! ХУДАЛ ЦУУ !!!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188