• Өнөөдөр 2024-05-02

Э.МӨНХТӨР: БИ ҮЛ МАРТАГДАХ БҮТЭЭЛ ХИЙХИЙГ Л ЗОРЬДОГ

2023-10-30,   2135

    “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Энхжаргалын Мөнхтөртэй ярилцлаа.

            Тэрбээр 2005 онд СУИС-ийг хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгсөж, “Хувьсал" продакшнаас ажлын гараагаа эхэлж байсан билээ. Уншигч та бүхэн түүнийг “Сайн уу, амьдрал минь”, “Аюултай харилцаа”, “Царайлаг өдрүүд”, “No rules” киноны дүрүүдээр нь андахгүй таних биз ээ.

-Сайн байна уу. Сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?

                -“Нутгийн зүг” уран сайхны кино маань үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна. Анх  кино зохиолоо уншихад л утга санаа, агуулга нь их таалагдсан. Улаанбаатарчууд бид дөрвөн уулынхаа дунд багтаж ядан л амьдарч байна шүү дээ. Ингэж амьдрахаас илүүтэй хөдөө орон нутагтаа ажиллаж, амьдраач. Хамгийн сайхан газар, эрх чөлөө тэнд  байгаа гэдгийг л манай кино харуулна.

-Та энэ удаа ямар дүр дээр ажиллав?

                -Миний хувьд Баатар гэх залуугийн дүрийг бүтээлээ.  Урьд ийм төрлийн дүр бүтээж байгаагүй юм билээ. Кино зохиолын талаар цухас дурдвал, Баатар 20 жилийн өмнө эхнэртэйгээ хамт хотод ирсэн. Хотод ирсэн ч амьдрал ахуй нь төдийлөн дээрдээгүй, өөрөө ч архи уудаг болдог. Тэгээд нутгийн залуутайгаа санаандгүй тааралдаад, нутаг явах шийдвэр гаргаад, нутагтаа очоод сайхан амьдарч байгаа талаар гарна. Мэдээж, хотод ирээд, амьдрал ахуй нь дээрсэн хүн байгаа. Бас өдрөөс өдрийн хооронд аргацаан яах аа, хаачих аа мэдэхгүй төөрч яваа хүмүүс ч байна.

-“No rules” кинонд Амар даргын дүр цөөн сцень гарсан ч хүчтэй дүр байж чадсан шүү дээ. Амар даргын дүрийнхээ талаар яриа дэлгээч?

                -Хэрвээ Амар дарга Эрдэс хотын дарга болсон бол тэр хотод нүүрлэсэн бүх л муу муухай зүйл арилах байсан байх.  Миний дүрийн хувьд “Богинохон ч гэлээ кинондоо роль өндөр шүү” гэж анх кино багынхан маань хэлж байсан. Киногоо гарсны дараа харахад үзэгчид Амар даргыг хайрлаж, түүний өмнөөс харамсаж байгааг харах сайхан байсан.

-Та өнөөдрийг хүртэл бараг завсар жил үгүй олон кинонд гол болон туслах дүрийг бүтээжээ. Тэдгээр дүрүүдээс сэтгэлд тань тултал хүрсэн дүр бий юү?

                -Байхгүй ээ, яагаад юм мэдэхгүй.  Зүгээр л бүх дүрдээ “Хэрвээ би энэ дүрийн оронд байсан бол” гэж бодож л тоглож ирсэн. Ер нь жүжигчид хүн кино зураг авалтын турш тэр дүрдээ орж амьдардаг.

-Уран бүтээлийн яриагаа түр орхиод, хувь хүн талаас нь ярилцъя. Та ямархуу хүүхэд байв, хаана өссөн бэ?

           -Миний хүүхэд нас, өсвөр нас нэгдүгээр хороололд өнгөрсөн. "Ирээдүй" цогцолбор сургуулийг төгссөн. Хүүхэд нас бусдын л адил өнгөрсөн. Урлаг, спортод дуртай. Урлагийн үзлэг, спортын тэмцээн уралдаанд их идэвхтэй оролцдог хүүхэд байсан.  Зуны амралтаараа хөдөө явдаг байсан тэр маань ч “Нутгийн зүг” кинонд тоглоход дөхөм болгож өгсөн.
-Та эхлээд дуучин болохыг мөрөөдөж байсан гэл үү?

        -Дунд сургуулиа төгссөнийхөө дараа СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөхөөр бэлтгэж байлаа. Харин сургуулиа төгсдөг жил маань хөгжимт театр, мюзиклийн ангид элсэлт авч таарсан юм. “Хэрэв энэ ангид орвол бүгдийг нь хийж болох юм байна” гээд шалгалт өгөөд тэнцэж байсан даа.

-Гэр бүлийнхээ талаар яриа дэлгэвэл?

           -Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ аз жаргалтай, сайхан амьдарч байна даа.  Манай гэр бүлд урлагтай холбоотой ажил эрхэлдэг хүн гэвэл би л байна.


-Хамтлагаа байгуулж байсан тэр үеийн тухай дурсаач?

          -2001 онд нэг ангид орж танилцаж байлаа.  Анхандаа "Камертон" хамтлагийн анхны дуунуудыг нийлж дуулдаг байлаа. Тэгээд оюутан хамтлагаа байгуулж, дуулж байсан. Хамтлаг маань биднийг олонд таниулж өгсөн дөө. Тэгээд 2005 онд өнгөж сургуулиа төгсөөд, "Хувьсал" продакшнд ажиллаж эхэлсэн.Хувьсал" продакшнтайгаа хоёр жилийн дотор тав, зургаан жүжиг шоу, арга хэмжээ их хийсэн. Бидний ажлын анхны гараа тэгж эхэлж байлаа. Дараа нь бид "Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл"-д орж, "A-Cappella" хамтлагийн анхны цомгоо гаргасан. Бас "Сайн уу, амьдрал минь" кино зэрэг уран бүтээлүүд гарсан.

-"Сайн уу, амьдрал минь" кино одоо ч үзэгчдийн хайртай бүтээл хэвээрээ байдаг. “A-Cappella" хамтлагийнхны хувьд хамгийн хайртай бүтээл нь болов уу?

                -Хамгийн хайртай дүр гэж хэлж болно оо. Тухайн үед намайг гудамжаар зөрсөн хүн болгон “Үлэмж биетэн” гэж дууддаг байлаа.

-"A-Cappella" хамтлагийн сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцаач?

                -Манай хамтлаг хэдэн дуу гаргах гээд бичүүлээд явж байна. Биднийг одоо хайрлаж, сонсдог сонсогчдтойгоо ойр байхыг эрмэлзэж байгаа.

-Танай хамтлаг тоглолт хийх үү?

                -Тоглолт хийх хэмжээнд биднийг сонсох олон хүн байгаа эсэх нь бас тодорхойгүй.  Бид хэд анхны цомгоо гаргахдаа л жижигхэн цомгийн баяр хийж байсан. Хэрвээ сонсогч нар минь хүсэж байвал тоглолт хийнэ ээ.

-Та урлагаас өөр чиглэлээр ажиллаж байна уу?

                -Анх СУИС-ийн босгыг алхсан цагаасаа хойш урлагаас өөр салбарт ажиллаагүй ээ. Кинонд тоглож, найруулагч, зургийн дарга гээд урлагт юу л хийж болох уу бүгдийг нь хийж байна. Өөр салбарт ажиллах бодол байдаггүй ээ.

-Үзэгчид танаас бие даасан уран бүтээл гарахыг магадгүй хүсэж байж мэдэх. Хувиараа уран бүтээл хийх бодол бий юү ?

                -Байгаа, би хэдэн жил улирсан ч үл мартагдах бүтээл хийхийг л  зорьдог. Өөрөө хийсэн ч бай, дүр бүтээсэн ч бай. 2019 онд “Петер пен” жүжгийг албан ёсны эрхтэйгээр нь тайзнаа тавьсан. Удахгүй уран сайхны кино хийх бодол ч байна. Одоо л өөрийн бүтээлээ хийх он цаг минь ирж байгаа гэж бодож байна.

-Тэгвэл та кино урлагийн салбарт  ажиллахыг зорьж буй дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

                -Жилд багадаа 200 жүжигчин төгсөж байна. Тэдгээрээс юугаараа ялгарахаа сайн бод. Цахим сүлжээнд богино хэмжээний бичлэг хийж танигдах уу. Тэднээс илүү дуулах уу, бүжиглэх үү. Эсвэл үнэхээр царайлгаараа гарч ирэх үү гээд бодоорой. Урлагийн салбарт боломж их бий ч гарч ирэх, олонд танигдах амаргүй байдаг шүү.


Э.МӨНХТӨР: БИ ҮЛ МАРТАГДАХ БҮТЭЭЛ ХИЙХИЙГ Л ЗОРЬДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-03 15:18:15
    Zochin: Nileen dotortoi jujigchin Gej haragddag.Ineedemin jujigchin BJ taarahgui bh,Gol ni IH adal yabdaltai duriig IH goe gargadag.Duruud chin IH Uur Uur bgaasai Gej husdeg
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188