• Өнөөдөр 2024-05-02

Э.МӨНХБАТ: ЦЭРГИЙН ДҮР НАДАД ХАМГИЙН ГОЁ ТОХИРДОГ

2023-10-28,   2569

            Бид ирэх сард нээлтээ хийхээр зэхэж буй “95 Зүүдний хүн” уран сайхны киноны гол дүр болох СТА Э.Мөнхбаттай ярилцлаа.

   Тэрбээр 2007 онд Кино урлагийн дээд сургуулийг МУАЖ, Хөдөлмөрийн баатар П.Цэрэгдагва багшийн удирдлага дор жүжигчний мэргэжил эзэмшсэн. Харин хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан билээ. Уншигч та бүхэн түүнийг “Фантастик” продакшны бүтээл “Байтаг богд” уран сайхны киноны алаг морьт Дандар баатар, “37-р точка”-ын Гомбын дүрээр андахгүй мэдэх биз ээ.

-Сайн байна уу. 95 Зүүдний хүн” гэх  шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авах гэж байгаад нь баяр хүргэе. Та энэ удаа  ямар дүр бүтээв?

            -“95 Зүүдний хүн” кино маань өнгөрсөн, одоог харуулсан хоёр үйл явдалтай. Өнгөрсөн үе буюу 1984 оны үйл явдалд миний бие тоглосон.  Тушаал гүйцэтгэж байх үедээ хэлмэгдээд, асуудал орж буй Пүрэв гэх дэслэгчийн дүрийг бүтээлээ.  Анх “95%”  олон ангит киног нь үзэж байсан учир тоглох санал ирэхэд эргэлзэлгүй зөвшөөрсөн.  Өмнө “Байтаг богд”, “Босуул”зэрэг кинонд  цэрэг, цагдаагийн дүрд тоглож байсан болохоор ажиллахад дөхөм байлаа.

-Зураг авалт хэр хүндрэлтэй байв?

            -Бид Налайх дүүргийн цэргийн ангид байрлаж, найм хоног шахуу хуваариар зураг авалтаа хийсэн. Богино хугацаанд зураг авалтаа хийхийн тулд сар гаруйн хугацаанд бэлтгэлээ хийсэн.  Ихэнхдээ шөнийн зургууд бага зэрэг хүндрэлтэй байлаа. ЗИЛ-130 машинтай харьцах, буудлага, тэсэлгээний хэсгүүд их байсан.

 -Та цэрэг, цагдаагийн дүрд цөөнгүй удаа тогложээ.  Энэ талаараа яриа дэлгээч?

-Найруулагч нар маань надад энэ төрлийн дүр тохирно гэж боддог байх. Гэхдээ жүжигчин хүн бүхий л дүрийг гаргаж чаддаг байх ёстой. Дүрээрээ дамжуулан олон хүнийг харуулах гэж л жүжигчин болдог. Цэргийн хувцас өмсөхөөр цаанаасаа нэг бие тэгшрээд, бардам, жавхаалаг үгээр илэрхийлж чадахгүй тийм гоё мэдрэмж авдаг. Тиймдээ ч цэрэг, цагдаагийн дүрд тоглох дуртай. “Босуул” уран сайхны киноны зураг авалт хамгийн хүндрэлтэй байсан. Хүйтэнд буугаа барьж, уулан дунд гүйхэд гар даараад хэцүү. Буу, морьтой харьцахад маш сайн бэлтгэл хийх хэрэгтэй. Хэдий торгуулийн сумаар буудаж байгаач, тодорхой хэмжээний зайнаас буудахгүй бол гэмтэх магадлалтай байдаг.

-Та ямархуу хүүхэд байсан бэ?

         -Төмөр замын сахилгагүй, бор хүүхэд байлаа. Би тавдугаар ангиасаа рэп бүжиг бүжиглэж, дунд ангидаа найзуудтайгаа “Партизан” гэх нэртэй хамтлаг байгуулж байлаа. Хамтлагаараа тухайн үеийн “Одод болохын хүслэн” тэмцээнд оролцож байсан. Ер нь бидний үеийн хүүхдүүд хип хоп хөгжим, рэп дуунд “донтсон” байсан даа. Орц, байр болгон хамтлагтай байлаа шүү дээ. Би айлын ганц хүүхэд болохоор аав, ээж минь бүхий л зүйлд дэмждэг байсан. “Чи муу зүйл хийхгүй л бол хүссэнээ хий” гэж хэлдэг байлаа. Түүнд нь одоо маш их баярлаж явдаг даа. Багаасаа л “Сургуулиа төгсөөд, заавал жүжигчин болно”гэж ярьдаг байсан даа.

-Та “Х-ТҮЦ” продакшнаас ажлын гараагаа эхэлсэн гэдэг байх аа?

            -Сургуулиа төгсөөд “Х-ТҮЦ” продакшнд бүжигчнээр орж, тайз зөөж амьдралын гараагаа эхэлж байсан даа. Продакшныхаа тайз, дэлгэцийн бүтээлүүд дээр туслах дүрүүдэд ажиллаж, ах, эгч нараасаа их зүйл сурч авсан. Намайг жүжигчин болгож, суурийг тавьж өгсөнд маш их талархаж явдаг. “Аянгын бороо”, “Сэрүү хасын нууц” зэрэг жүжгүүд надад тайзны жүжигчин ямар байхыг сургасан.  Тэгээд 2013 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж эхэлсэн.

-Та “Байтаг богд” уран сайхны киноны алаг морьт Дандар хайдав баатрын дүрийг маш чадварлагаар гаргаж ирсэн шүү дээ. Тэр үеэ эргээд дурсаач?

            -Анхны гол дүр минь болохоор Дандар баатрын дүрдээ маш их хайртай. Түүхэн дүр болохоор маш их судалгаа хийсэн. Найруулагч  О.Бат-Өлзий ах, “Фантастик” продакшны найзууд маань надад их түшигтэй сайхан байсан. Кино маань гарсан цагаасаа эхлэн олны магтаалыг хүртэж, үзэгчдээс маш олон эерэг сэтгэгдэл ирж байлаа. Намайг “Хацар нь сайртсан, яг л цэрэг байна” гэж байсан. Тийм төрхтэй болохоор надад дүр минь илүү наалдаж, цэрэг хувцас зохисон байх гэж боддог.

-Та МУАЖ, Хөдөлмөрийн баатар П.Цэрэгдагва багшийн шавь шүү дээ. Багшийхаа талаар яриа дэлгээч?

            -Би анх 2003 онд Соёл Урлагийн Их Сургуульд суралцаж байгаа, сургуулиасаа хөөгдчихсөн юм. Одоо залуу бас тэнэг байж дээ гэж боддог бас мэргэжлээ орхиогүйдээ баярладаг. Тэгээд КУДС-д багшийнхаа  элсэж, шавь болж байлаа. Багшийг хүмүүс бүтээсэн дүр, царай төрхнөөс нь болоод ч тэр юм уу  их ширүүн хүн гэж хараад байдаг талтай. Яг тулаад харьцахаар их зөөлөн хүн байдаг даа. Оюутан байхад бидэнд “Зэмлэл,  магтал хоёрыг зэрэг дааж яваарай” гэж хэлдэг байсан. Энэ үг их утга учиртай санагддаг даа. 

-Жүжигчин хүн бүрд бүтээхийг хүсдэг дүр байдаг байх. Таны хувьд?

            -Би маш гоё тайзны жүжигт дүр бүтээхийг мөрөөддөг. Их сургуулиа төгсөөд, УДЭТ-д шалгалт өгөх гэж байгаад больж байсан юм.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

            -Өөрөө гол дүрийг нь бүтээж, найруулж, продюсерлож яг л өөрийн гэсэн бүрэн хэмжээний кино хийхийг хүсэж байгаа. Тэр мөрөөдөл минь удахгүй биелэх байх гэж найдаж байна.


Э.МӨНХБАТ: ЦЭРГИЙН ДҮР НАДАД ХАМГИЙН ГОЁ ТОХИРДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-28 19:31:54
    S: SEKSDN80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-26 15:39:20
    Khulan: Vneheer goy jvjigchin shv Amjilt hvsey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-25 23:48:09
    уншигч: Амжилт. Маш их таалагддаг жүжигчин. Олон уран бүтээлд дүрийг нь харахыг хүсэж бна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-25 15:19:34
    Zaya: Mundag jvjigchin shvv udahgvi gawiyat bolooroi
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188