• Өнөөдөр 2024-05-02

ЖҮЖИГЧИН Л.ЖИЖЖАЛАМ: “ШАР ГЭГЭЭ” КИНОНЫ ХОРОЛГАРАВЫН ДҮРЭЭРЭЭ МОНГОЛ ХҮНИЙ НАНДИН ЧАНАРЫГ ГАРГАХЫГ ХИЧЭЭСЭН БОЛ “БҮҮВЭЙ”-ГИЙН ДҮР НАМАЙГ КИНО УРЛАГТ ДУРЛУУЛСАН

2023-10-29,   8248

                    Уулын өвөрт ганц гэртэй хөл хүнд эмэгтэй хань бараагүй ганцаар амьдарна. Доной гэх нутгийн хөгшин түүнийг хүүхдээ төрүүлж тэнхэртлээ өөрийнхтэйгээ амьдарч, айл хунар бараад гэдэг ч эмэгтэй “Галаа таслахгүй, гэрээ орхихгүй” гэнэ. Гэтэл ганцхан шөнийн дотор хүчтэй газар хөдлөлт болж гэр нь нурж, нурсан гэр дотроос үр хүүхдээ эсэн мэнд төрүүлж, амьд гарахын тулд хэрхэн тэмцэж, тэрхэн ахуйд хэчнээн хүндээр зовж, тарчилж байгааг найруулагч Б.Батдэлгэрийн зохиол, найруулгаар бүтсэн “Бүүвэй” кино харуулжээ. Яах аргагүй үзээд томоос том санаа алдах, сэтгэл зүрхээрээ өмрөн шаналж, бүр шархлах, “Хэрэв би ийм нөхцөлд орвол даван туулж чадах болов уу” гэж өөрөөсөө асуух бүтээл болжээ.

                Хүний сэтгэлийг шархируулсан час халуун бүтээл төрөхийн өмнө гарцаагүй зохиолч, найруулагч, бүгдийг өөрийн бие, сэтгэлээр дамжуулан гаргаж байгаа жүжигчин тэр чинээний хүнд өвдөлтийг мэдэрдэг байх. Тиймээс л өр зүрх хөндүүрлэж, хэлэх гээд байгаа санаа, түүнийг илэрхийлэн буй үйл явдал нь хэдэн өдөр бодол, сэтгэлд янгинатал хүлэгдчээд тавихгүй, бүр мартагдах ч янзгүй дотор гүн шигдчих бүтээл үзсэний дараа баг хамт олныг нь хачин ихээр хайрлах, бахархах мэдрэмж төрж, “Янзын юмаа, ингэж мэдэрдэг, тэгж гүйцээдэг” гээд өөртэйгээ ярьдаг сан. “Шар гэгээ”, “Бүүвэй” хоёрыг үзээд яг ийн бодож, өөртэйгээ ярьж, ямархнаар тэдний хайр, бахархал, өвдөлт мэдэрсэн бүтээлийн тухай уншигчдад хуваалцах вэ гэхдээ “Шар гэгээ” киноны Хоролгарав, “Бүүвэй” киноны гол дүрийн жүжигчин Л.Жижжаламтай ярилцлаа.

Бидний яриа Улаанбаатар кино наадмын бүтээл болох “Бүүвэй” киноны үзвэрийн дараа өрнөсөн юм.

-Сайн байна уу. “Шар гэгээ”, “Бүүвэй” бүтээлийг нь үзлээ, танд болон танай хамт олонд том баяр хүргэе. Өөр өөрийн онцлог, хийцтэй шинэлэг бүтээл юм. Ялангуяа “Бүүвэй” кинонд та их хүнд дүрийг гаргажээ. Энэ дүрд анх хэрхэн сонгогдох болов?

              -Баярлалаа. Би Кино урлагийн дээд сургуулийг Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин Г.Урнаа багш нарынхаа удирдлагад тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр сурч төгссөн. Сургуулиа төгсөөд Архангай аймгийн Хөгжимт драмын театрт мэргэжлээрээ ажилласан. Оюутан байхдаа “650”  инээдмийн киноны дүрд ажилласнаас хойш 15 жилийн дараа дахиад киноны гол дүрд ажилласан нь “Бүүвэй”. Араас нь “Шар гэгээ” киноны туслах дүрд ажиллалаа. Дэлгэцийн бүтээл намайг үнэхээр татаж байна шүү. “Шар гэгээ” кинонд тоглох саналыг жилийн өмнө “Бүүвэй”-д тоглохоос өмнө авсан юм. Эхлээд “Бүүвэй”-г хийж таараад кино баг жүжигчнээ хэсэг хайсан. Тэгээд над дээр тогтсон ч найруулагч төдийлөн дэмжихгүй байсан юм билээ. Харин кино багаараа дахин хуралдаад намайг тоглуулахаар тогтож, зохиолд жаахан өөрчлөлт орсон гэсэн. Кино зураг авалт эхлэхэд найруулагч “Чамд зориулж зохиолоо дахин бичлээ, амжилт” гэж хэлснээр мотор дуугарч байсан. Харин зураг авалт дууссаны дараа бидний сонголт зөв байсан гэх урмын үгийг сонсоод дараагийн дараагийн дүрд ажиллах хүсэл тэмүүлэл улам нэмэгдсэн.

”Бүүвэй” кино надад их зүйлийг сургасан, намайг шинээр нээсэн, дэлгэцийн урлагаас хол хөндий надад бүхнийг эхнээс нь мэдэж, мэдрүүлсэн гайхалтай уран бүтээл, хамгийн хайртай дүр минь.

-Хүйтэнд, нэг обьектод олон цагаар зураг авсан учир  хүнд байсан нь илэрхий байна. Хэр бэрх санагдаж байв?

      -“Бүүвэй” киноны зураг авалт эхлэхэд эхний хоёр өдөр үнэхээр хүнд байсан, -27-30 хэмийн хүйтэнтэй, кино группынхэн эсгий гуталтай, өвлийн куртик, дээлтэй, гар нь бээрсэн, даарсан нөхцөлд л зургаа авсан. Миний хувьд нимгэн тэрлэгтэй, дээрээс нь нэг газраа удаан суух гээд бэрх нь ч бэрх байсан шүү. Гэхдээ уран бүтээлч, бүхэл бүтэн баг хамт олон ажиллаж байгаа учир тэднийгээ хүндэтгэж тэсэж, тэвчиж, ард нь зоригтойгоор гарч чадсан.

-“Бүүвэй” киногоо анхны үзэгчиддээ хүргээд дуусахад та уйлж харагдлаа. Зураг авалтын хүнд үе нь бодогдсон уу, кинондоо өөрөө бүр автав уу?

                    -Киноны баг хамт олноороо бахархлаа. Мөн Туркийн газар хөдлөлтийн нурангин дороос гарч ирсэн нярай хүүхэд, тэр дор хэчнээн олон хүн аврал эрэн тарчилсан бол гэж тэдний өмнөөс шаналж дүрдээ ажилласан. Мөн ээж, охин, өөрийнхөө төрж байсан үеэ гээд амьдралдаа үзэж туулсан олон зүйлийг нь өөртөө татан авчирч, эргэцүүлэн бодож, дүрдээ ажилласан даа. Тэр бүхнийгээ бодоод л уйлчихлаа.

-Монголын анхны нэг дүртэй бүтээл гэдгээрээ онцлог юм билээ?

       -Тийм ээ, Монголын анхны нэг дүртэй кино болж байна. Цаг 30 минутын турш ганцхан жүжигчин нэг обьектод гарах бөгөөд киноны үйл явдал түүнийг тойрон өрнөнө.

-“Шар гэгээ” киноны Хоролгаравын дүрээрээ та Улаанбаатар кино наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн. Монгол хүний мөн чанар, ховор нандин зан чанарыг тээсэн уран хийцтэй бүтээлийн сайхан ч дүрийг та гаргасан байна лээ. Дүрийнхээ тухайд онцолж яриа дэлгэвэл?

    - “Бүүвэй” киног хийсэн баг бүрэлдэхүүн тэр чигээрээ “Шар гэгээ” киног хийсэн л дээ. Тэгээд мөн л тэд ярилцаж байгаад Хоролгаравын дүрд намайг сонгосон юм билээ. Миний хувьд өөрт оногдсон дүрдээ яаж бусдаар өөр, шинэлэг ажиллах вэ гэж эрж, хайж, найруулагчаасаа зөвлөгөө авч гаргахыг эрмэлздэг. Тиймээс ч Хоролгаравын дүрд хамаг чадлаараа л хичээж ажилласан. Үг нь ил хатуу ширүүн мөртлөө зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг шүү дээ. Хоролгаравыг тийм л дүр гэж харж, монгол хүний ховор нандин чанарыг тэмтэрч, өөрийн дүрээр харуулахыг зорьсон. Хамт тоглож байгаа уран бүтээлчид мөн их түшигтэй, дэмтэй, дулаан мэдрэмжийг өгсөн. Хамтарч тоглосон хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Хоролгаравын дүрийн шагнал ганц минийх ч биш “Шар гэгээ” киноны хамт олны зүрх сэтгэлээ урж, тасдаж, зовж, шаналж, жаргаж, хөлс хүчээ урсгасан бидний ажлын үр дүн юм шүү гэж хэлмээр байна.

-Багш нар нь таны бүтээлийг үзээд гарч байна. Мэргэжлийн хичээлийг тань зааж, сургасан тэд танд ямар сайхан урмын үг хэлсэн бол?

   -Мэдээж тэгэлгүй яах вэ, кино урлагт хөл тавьж орж ирээд анхны хийсэн уран бүтээлээ хоёр багшдаа үзүүлсэндээ сэтгэл өндөр байна. Тэд минь “Сайн байна, болж байна, улам илүү хичээгээрэй” гэж хэлсэн. Багш нартаа бүтээлээ үзүүлээд, урмын үгийг нь сонсох сайхан шүү дээ.

-Жүжигчин мэргэжлийг хэрхэн сонгох болов, магад мэргэжлийнхээ сайхныг та эдгээр бүтээлийнхээ араас илүүтэй мэдэрч байгаа байх?

                  -Хүүхэд байхаас минь л эргэн тойрны хүмүүс бүгд л “Жүжигчин болоорой” гэдэг байсан. Учир нь би алиа хошин, марзан хүүхэд байсан шиг байгаа юм. Тэгээд л жүжигчний сургуульд шалгалт өгөөд, тэнцэн суралцсан. Сургуулиа төгсөөд театрт хэсэгтээ ажилласан ч ээж болж, эхнэрийнхээ үүргийг гүйцэтгээд мэргэжлээрээ удаан тууштай ажиллаж чадаагүй. Гэртээ хүүхдээ харж суухдаа хаа нэг “За би ч одоо мэргэжлээрээ ажиллахаасаа өнгөрлөө” гэж боддог байсан ч “Миний мэргэжил тэтгэвэрт гардаггүй юм чинь” гээд тайвширч, урам авдаг байсан. Үнэхээр л юм бүхэн цаг хугацаатай юм билээ. Одоо ингээд л хоёр сайхан бүтээлд тоглолоо. Энэ хоёр бүтээлийн ард гарсны дараа би дэлгэцийн урлагт үнэхээр дурлаж байна. Бидний дараагийн бүтээл улам чангараад явна. Мэдээж нэг дүрээ, нэг хийсэн бүтээлээ давтахгүйг хичээж, түүнээсээ давж, ахиж өөртэйгээ ажиллахыг хичээнэ. Мөн театраа бол санаж байна. Тайзнаа маш гоё драмын жүжигт тоглох хүсэл бий шүү.

 -Уран бүтээлийн санал ирж байгаа байх. Үзэгчийн хувьд “Бүүвэй” киноны нэг хэсэг зэвүүн эсрэг дүрд хүч үзвэл тохирохоор юм шиг санагдсан шүү?

      -Янз бүрийн дүрийн санал ирнэ ээ. Миний хувьд аймшгийн кино болон эротик дүрд тоглож чадахгүй гэдгээ мэдсэн. Эсрэг дүрд хэзээ нэг өдөр ажиллах байх аа. Гэхдээ зэвүүн эсрэг дүр байснаа төгсгөлд нь зөвтгөгддөг дүр ирээсэй гэж хүсдэг.

-“Шар гэгээ” кино энэ сарын 24-нээс кино сувгуудаар гарч эхлэх нь. “Бүүвэй” үзэгчдэд хэзээнээс хүрэх вэ?

        -“Бүүвэй” болоогүй ээ. Бид бүтээлээ гадны кино наадамд сойх бодолтой байгаа. Түүний дараа л үзэгчдэд хүрнэ дээ.

                     Бид Л.Жижжалам уран бүтээлчийн дүрээ бүтээхэд тулгарч байсан бэрхшээл, мөнхүү бүтээсний дараах амжилт, хамт олноороо бахархах мэдрэмж, багш нартаа бүтээлээ үзүүлэн урмын үг сонссон тухай дээр өгүүллээ. Энэ хэсэгт харин найруулагчаас "Шар гэгээ" киноных нь талаар яриа өрнүүллээ. 

Б.БАТДЭЛГЭР:  "ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА" ШИГ КИНО ХИЙХИЙГ МӨРӨӨДДӨГ БАЙЛАА. "ШАР ГЭГЭЭ" ЭНЭ МӨРӨӨДЛИЙГ МИНЬ БИЕЛҮҮЛСЭН БҮТЭЭЛ

      -"Шар гэгээ" бүтээл нь улаанбаатар кино наадмаас шилдэг кино зохиол, хөгжмийн зохиолч туслах эмэгтэй дүрийн шагнал хүртлээ. Баг хамт олных нь хувьд том баяр болов уу. Ш.Гүрбазар гуайн сайхан зохиолыг та тун сайхан найруулан дэлгэцийн бүтээл болгожээ. Найруулагч бүтээлийг нь сайхан амилуулахад зохиолч баярладаг байх. "Шар гэгээ" киног хэрхэн найруулах болов?

     -"Шар гэгээ" киноны баг хамт олны хувьд амжилт арвинтай байна. Зохиолын хувьд бол найруулагч хүн мэдээж сайн зохиол хайж явдаг шүү дээ. Төв аймгийн театрт "Шар гэгээ" жүжгийг тавихад нээлтэд уригдаж очсон юм. Тэгэхэд Баттөмөр найз минь надад санал тавьж Ш.Гүрбазар ахаас зохиолыг нь кино зохиол болгох зөвшөөрөл авч зохиолынхоо ажилд орсон. Мэдээж хөдөө төрж, өсөж, ажилласан гээд ахуй надтай ойрхон учир сэтгэлийг минь татсан байх. Мөн би "Тань руу нүүж явна" шиг кино хийхийг мөрөөддөг байсан. Тэгэхээр "Шар гэгээ" миний хувьд нэг мөрөөдлөө биелүүлсэн бүтээл гэж хэлж болно.

  -Тус бүтээлийн дүрийн сонголт шинэлэг мөртлөө тун сайхан тохирсон санагдсан?

       -Зохиолд ажиллах, дүр сонгохын тухайд дүрийн мөн чанарыг тодорхойлсны үндсэн дээр тохирох жүжигчний эрэлд гардаг. МУУГЗ Ч.Ганхуяг багш минь энэ тал дээр их ач холбогдол өгч ажилладаг байсан. Тэгэхээр миний хувьд багшаасаа сурсан зүйл байна, олон мэргэжлийн уран бүтээлчтэй ажиллаж ирсэн туршлага ч мөн нөлөөлсөн болов уу.

     -Шар гэгээ" киног хэдий хэр хугацаанд хийсэн бэ, шинэ содон, амттай байгаагийн учир юундаа байна вэ?

  -Жилийн хугацаанд жүжгийн зохиол болгон бичсэн. Шинэлэг содон гэхээсээ илүү хүний мөн чанар руу чиглэх нь, гоё ганган байхаас илүүтэй үнээд ойрхон байхыг хичээсэн. Үнэн гэдэг өөрөө үнэтэй шүү дээ.

-Одоо хоёул “Бүүвэй” рүү орьё. Энэ киноны дүрийг Л.Жижжалам уран бүтээлч таны санаанд хүртэл гаргаж чадсан уу. Зохиолыг нь бичиж, найруулсан хүний хувьд санааг нь чинээнд нь тултал гаргах уран бүтээлчийн ажиллагаа чухал байдаг болов уу?

         -Жүжигчний мэргэжлийг сонгосон олон уран бүтээлч бий шүү дээ. Эдгээрээс “Бүүвэй” киноны дүрийг гаргаж чадах ганц жүжигчин Л.Жижжалам байсан. -27-30 хэмийн хүйтэнд дан цамцтайн дээрээс шороо, цас, хүйтэн ус асгана, мөн өглөөнөөс орой хүртэл нэг газраа хөдөлгөөнгүй байдал гээд мэргэжлийн уран бүтээлчийн хувьд чадвар чансаа шаардсан дүрийн ард маш амжилттай гарсан. Нэг хүн тоглодог энэ жанр кино дотроо их хүнд төрөл л дөө. Энэ хүнд жанрт жүжигчин Л.Жижжалам үнэхээр найруулагчийн бах ханатал тоглосон. Өөр жүжигчин аваад энэ бүтээлд ажилласан бол энэ хэмжээнд тоглохгүй байсан байх гэсэн сэтгэл төрсөн. Жүжигчнээрээ их бахархлаа, баг хамт олон минь ч их чадварлаг ажиллалаа.

-Та яагаад энэ зохиолыг бичиж, найруулж хүмүүст хүргэе гэж бодсон бэ?

         -Миний хувьд найруулагчийн мэргэжил сонгосноос хойш бусдаас өөр бүтээл хийхийг, шинэ содон зүйлийг эрэлхийлэхийг эрмэлзэж ирсэн л дээ. Урлаг үзэгчиддээ тааруулж уран бүтээл хийх биш, үзэгчдийг нэг алхам дээр дагуулах ёстой гэж боддог. Газар хөдлөлт бол маш эмзэг сэдэв. Монголд жилд дунджаар 50 мянга орчим газар хөдлөлт болдог гэхээр манайд энэ байгалийн гамшиг өндөр эрсдэлтэй хэмжээнд хүрээд байна. Үнэндээ 8-9 баллын газар хөдлөлт болоход хүн тэсэж үлдэх үү гэдэг эргэлзээтэй. Энэ ч утгаар Туркийн газар хөдлөлтийн үйл явдлаас бүтээлийнхээ санааг олсон л доо. Мөн алтайн нурууг дагасан том газар хөдлөлт Монголд домог мэт яригддаг шүү дээ. Энэ гамшгаас амьд гарсан нь ч бий, харамсалтайгаар амь үрэгдсэн нь ч байдаг. Тэгэхээр газар хөдлөлт бол бидний анхаарлын төвд байх том асуудал. Байгалийн ийм давтагдашгүй хүчин зүйлд хүнтөрөлхтөн үрээ үлдээхийн төлөөх тэмцэл оршино. Тиймээс л эх, үрийн нандин холбоотой уяж бүтээлээ хийсэн.

-Уран бүтээлчид даарахаас эхлээд л бэрх нөхцөлд зургаа авахад найруулагчийн хувьд хүнд санагдах уу?

     -Кино багийнхны хувьд зохиолоо уншаад л хүндийг нь мэдсэн. Бодит нөхцөлд камерын ард суугаад жүжигчний тоглолтыг хянаж байгаа надад хүнд байх нь мэдээж. Гэхдээ найруулагч тийм хүнд нөхцөлд хүнийг хайрлах, энэрсэн байдлаар харилцаж болохгүй. Харин ч хатуу чанга байх зарчмаар чанга харилцаж байсан. “Бүүвэй” киноны хувьд өдрөөс өдөрт зураг авалт хүндэрч байсан ч уран бүтээлч, хамт олон минь амжилттай давж чадсан.

-Цаашид та ямар бүтээл гаргахыг зорьж, найруулагчийнхаа хувьд ямар мөрөөдлийг тээж байна вэ?

        -Би дэлхийн хэмжээний найруулагч болохыг зорьж, мөрөөддөг. Магад зарим хүн “Энэ ёстой бүлтэрч байна даа” гэж бодож мэдэх юм. Гэхдээ Монгол гэсэн үнэртэй уран бүтээлийг дэлхийд таниулахыг мөрөөддөг. Мөрөөдөлдөө хүрэх эсэхийг цаг хугацаа харуулах байх. Энэ миний багшийн ч, миний ч зорилго.

              Дараа бид түүнийг олон бүтээлийн ард гарсны дараа уулзан ярилцаж, тусгайлан зочноор урих учир энэ хүрээд яриагаа өндөрлөсөн юм. Хүний сэтгэлийн дотоод мөн чанар руу өнгийж, уран яруу, уярам сайхан руу хөтөлж, мөн асуудал дэвшүүлж, түүнийгээ зүрх урагдтал хэрхэн илэрхийлснийг “Шар гэгээ”, “Бүүвэй” киноноос үзээрэй, мэдрээрэй. Баяр, гуниг, зовлон, жаргалыг тэд бүтээлдээ тэнцүүхэн хувааж, “Хэрхэн өөр юм хийх вэ” гэсэн эрэлд баг хамт олноороо гардаг юм байна лээ.


ЖҮЖИГЧИН Л.ЖИЖЖАЛАМ: “ШАР ГЭГЭЭ” КИНОНЫ ХОРОЛГАРАВЫН ДҮРЭЭРЭЭ МОНГОЛ ХҮНИЙ НАНДИН ЧАНАРЫГ ГАРГАХЫГ ХИЧЭЭСЭН БОЛ “БҮҮВЭЙ”-ГИЙН ДҮР НАМАЙГ КИНО УРЛАГТ ДУРЛУУЛСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-09 23:31:50
    Төмөрөө: Шар гэгээ киноны Хоролгаравын дүрийг жүжигчин Жижжалам сайн бүтээсэн байна. Цаашдаа ирээдүй байна шүү.Амжилт хүсьe.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-07 14:40:56
    жу: хуурмаг үйлаан хуурмаг инээд баясал дүр байхгүй Үзэгдлүүд маш их болж монгол хүний сэтгэл зүйд отг байдаггүй зүйлтйг үгээр халхалж зөвтгөсөн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-29 11:13:50
    S: SEKSDI80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-25 13:19:27
    Үзэгч: Ваав л гэеээ ойрд мэдрээгүй мэдрэмж байж чадлаа жүжигчид ч чадварлаг байн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-23 11:44:36
    үзэгч: сайхан сайхан дүрүүд олныг бүтээгээрэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-23 10:01:31
    Зочин: Энэ хоёр киног кино фестивалын хүрээнд хоёуланг нь үзсэн. Яах аргагүй сүүлийн үед хийгдэж байгаа Монгол кинонуудаасогт өөр мэдрэмжийг төрүүлсэн сайхан уран бүтээл болсон байна лээ. Кино урлагт шинэ дүр төрх гарч ирж байгаа нь тун сайн хэрэг шүү. Нулимс хүртэл хэдэн янз байдгийг Шар Гэгээ киноноос харж болохоор.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-23 09:20:55
    у: монгол хүн цаг үргэлж уйлсан уйосан уйлсан хуурмаг кинонууд их болж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-23 09:20:09
    ы: КИНО ХИйСЭН НӨХДҮҮД өөрсдөө ил далд МАГТААД байдаг ШОҮ монголд түгээмэл байх юм Үзэгч сүлчийн эгнээд СҮРЖИН САНААУУДААР БөГӨЛӨРСӨН
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188