• Өнөөдөр 2024-05-02

ГАЛАА НАЙРУУЛАГЧ ТҮҮНИЙ ДҮРИЙГ ГАРЦААГҮЙ ӨГЧЭЭ

2023-10-17,   2197

             Арван найм ч хүрээгүй байхдаа “Өндөр ээж” киноны бага эмчийн дүрээс эхлээд Монголын урлагийн хаалгыг татан орж ирсэн аяс намуун мөртлөө жавхаатай нэгэн жүжигчин бий. Өдгөө 70 гаруй настай ч уран бүтээл нь ид жигдэрч, Ажаа, Аня гээд хашир эмээгийн дүрийг гаргууд сайн гаргаж, олон сайхан гол болон туслах дүрийг чинээнд нь тулгаж яваа жүжигчин бол Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Цэгмэд.
 
       Галаа найруулагч түүний дүрийг гарцаагүй олж, онож өгч, өнөө л нэг зөөлөн намдуу, үгүйдээ л дасгал хөдөлгөөндөө сайн, тэвхийсэн додигор эмээгийн дүрийг нь ёстой нэг “эвдэж”, түүний одоо л нэг авьяас, туршлага, өгөгдлөөр нь үзэгчдэд харуулъя, бүр буй бүхнээр нь дэлгэе гэсэн мэт. Бид мэднэ дээ, гол дүрийг тун сайхан тодотгож, өрж өндийлгөдөг туслах дүрүүдтэйг нь. Төдийгөөс өдий хүртэл Монголын урлагт 50 гаруй жил зүтгэхдээ өөрийн авсан дүр бүхнээ тордож өнгөлөн, гялтгануулан гаргасан хөдөлмөрийг нь ч андахгүй. Харин энэ удаад“Эмэгтэйн кэйс” кинонд Хажид хэмээх 78 настай ээжийн дүрийг сэтгэл өвдтөл, хэзээ ч мартахгүй, бүр зүрхэнд ортол гаргасан байна. Үхтэл үр харам гэдгээр өөрөө бие, сэтгэлээрээ “шүүслүүлж” байсан ч үр минь гээд өндийдөг ээж үнэндээ бидний дунд олон.  Тиймээс ч үзэгчийн хувьд сэтгэл нэлээд үймэрч, хүнд халуун оргисон мэдрэмжээр түүнтэй ярилцлаа. Дүр ингэж час халуунаар цээжин цаанаас төөнөж, заримдаа бүр шархиртал өвтгөдөг байна.
 

-“ЭМЭГТЭЙН КЭЙС”-ИЙГ ҮЗСЭНИЙ ДАРАА-

-Д.Галбаяр найруулагч Хажид эмэгтэйн дүрд таныг яагаад сонгосон тухай хэлсэн болов уу, их хүнд дүрийн ард гарсан байна?
 
                 -Жүжигчинд хүнд, хөнгөн дүр гэж үгүй. Оногдсон дүрдээ л амжилттай тоглож, найруулагчийнхаа даалгаврыг биелүүлдэг учиртай. Сүүлийн жилүүдэд “Нийслэл хүүхэн” киноны  74 настай Ажаа, “Өвөөгийн хайр” киноны  50 настай Аня, одоо энэ 78 настай Хажидын дүрд ажиллалаа. Цол дагаж бяр гэдэг шиг Ажаа намайг цолонд хүргэж, өнөө хоёр нь бяр дагуулсан дүр байлаа. Эх хүн үрийнхээ төлөө цохилох зүрхээ дуустал зүтгэдгийг эл дүр минь харуулна. Д.Галбаяр найруулагч Хажидын дүрд манай үеийнхнээс судалсан юм билээ. Киноны зургийн хүнд хэсгүүдийг хэн давж гарах бол гэхдээ “А.Цэгмид эгч л давж гарна даа” гэж надад итгэн сонгосон болохоор уран бүтээлч хүний хувьд найруулагчаа хүндрүүлэхгүйн тулд хамаг бие, сэтгэлээ дайчилж ажилласан. Тэгээд дүрд хэрхэн ажилласан эцсийн үр дүнг үзэгч тавьдаг. Тиймээс үзсэн хүмүүс өөр, өөрийнхөөрөө дүнгээ тавих биз ээ.
 
-Дүр ямар болсныг үзэгч дүнгээ тавина гэсэн, гэхдээ найруулагч тань танд урмын үг хэлсэн байх. Уран бүтээлч  хүнд итгэж өгсөн дүрд нь ажиллаад найруулагчаасаа урмын үг сонсох хамгийн сайхан байдаг болов уу?
 
          -Мэдээж хэлэлгүй яах вэ, Галаа “А.Цэгмид эгчдээ баярлалаа, үнэхээр таныг сонгосондоо буруудсангүй, та дүрийнхээ ард амжилттай гарч чадлаа” гэж хэлсэн.Т.Хулангийн хувьд тийм турьхан, ганган жүжигчин мөртлөө өгөлт, авалт, дүрээ гаргаж байгаа нь ёстой мундаг юм байна, миний хүүд тоглосон жүжигчин Э.Батнямбуу, өмгөөлөгчийн дүрд тоглосон Т.Бархүү байна. Үнэхээр бахархмаар, залуу үеэсээ суралцмаар сайхан уран бүтээлчидтэй хамтарч, кино группдээ ганцаараа ахмад нь гэж тэднийнхээ алган дээр бөмбөрч, эрхэлж тоглолоо.
 
-Үсдэж чирүүлээд, өшиглүүлэх гээд кинонд хүнд хэсэг их байна. Зургийн дундуур зогссон зүйл бий юу?
 
       -Би уг нь даралтгүй хүн. Тэгсэн үсдэж зодуулдаг хэсэгт миний даралт хөдөлсөн. Тэгээд хэдэн минут хүүхдүүдээ сандраасан шүү. Өөрөөр ч гайгүй дээ. 
 
-Цааш таны бусад уран бүтээлийн яриа руу орьё. Анх “Өндөр ээж” кинонд та хэрхэн тоглох болсон юм бэ?
         -1965 онд аравдугаар анги төгсөөд л театрт дагалдан жүжигчин хийдэг байлаа. Тэр үед л намайг спортоор хичээллэдэг эрэгтэй хүүхэд шиг юм байна гээд л сонгож авч байсан юм. Алтан үеийн уран бүтээлчдийн сэтгэл, зүтгэл шингэсэн, үзэгчдийн үзэх дуртай, хайртай тэр сайхан бүтээлд тоглох хувь надад тохиосонд их баярладаг. 
-Анх жүжигчин болсон түүх тань их сонирхолтой юм билээ?
 
        -Тийм ээ, өглөө гэрээсээ гарахдаа Анагаах ухааны дээд сургуульд сурна гэж дэвтэр сугавчилж гараад л явна. Гэтэл Анагаахын сургуульд намайг биеийн тамирын дээд сургуулийн хувиартай гээд аваагүй. Сүүлдээ эмээ, ээж хоёртоо биеийн тамирын дээд сургуульд сурч байгаа гээд хэлчихгүй юу. Угтаа алинд нь ч орж чадаагүй. Тэгээд Энхтайваны гүүрэн дээр Ардын жүжигчин Д.Мэндбаяр эгчтэй тааралдаад, “Энэ жүжигчин ямар гоё эгч вэ” гэж харж байлаа. Гэсэн манай нэг найз “Чи драмын театрт жүжигчнээр шалгалт өгөөд үзээч, тэнд эмэгтэй хүүхэд хэрэгтэй гэж байна лээ, би орсон” гэдэг юм даа. Тэгээд шалгуулаад орсон. Хэсэгтээ эмээ, ээж хоёртоо хэлэлгүй явж байгаад “Гарын таван хуруу” жүжигт баригдсан. Тус жүжигт би эрэгтэй хүүхдийн дүрд тоглосон юм чинь. Хажуугаар нь би гимнастикийн шигшээд ч бэлтгэлээ хийдэг. Тийн явж байгаад 1968 оны Мексикийн олимпд орох болоход хүүхдүүдийнхээ аавтай танилцаад жирэмсэн болов оо. Түүнийгээ тас нуугаад, тэгсэн шигшээгийн дасгалжуулагч драм дээр ирээд “Энэ хүүхдийг ажлаас нь чөлөөлж өгөөч, бид Мексикийн олимпийн бэлтгэлд гарах гэсэн” гэдэг юм байна. Тэгэхэд нь би театрын даргын өрөөнд “Би жирэмсэн” гэж уйлж байсан. Миний хань Монголын номер нэг сайхан хоолойтой Урлагийн Гавьяат зүтгэлтэн Г.Чулуунбат гэж хүн, том хүү минь энэ зун Үндэсний баяр наадам, Хэнтий аймгийн наадмыг хөтөллөө. Хүүгээрээ бахархсан зун байлаа. 
 
-Анх ханийнхаа хоолойнд дурлаж байсан байх. Таны хань ямар зан чанартай хүн байв, ямархан хань, аав байв?
 
          -Маш мундаг аав, хүүхдүүдээ хүзүүн дээрээ суулгана. Надад их ч зүйл заасан. Тэнгэрийн орноо яваад удаагүй байна. Олон сайхан зан чанар, суралцмаар зүйл нь сэтгэлд үлдэж, хүүхдүүдэд ч өвлөгдсөн байна. Анх ханийнхаа дуу хоолойг 14 настайдаа радиогоос сонсож, найраглалыг сонсоод уйлж байлаа. Тэгээд “Энэ ах лав тав, зургаан хүүхэдтэй, нэг их бүдүүн гоё хүн байгаа даа” гэж бодож байсан.Дараа нь харин театрт танилцаж, гэр бүл болсон доо.
 
 
-Танд одоо дахиад ч олон уран бүтээлийн сураг бий юм билээ?
 
      -Тийм ээ, ирэх онуудад тоглох бүтээлийн жагсаалт, төлөвлөгөө гарсан. Цаг тухайдаа үзэгчдэд хүрээд явах байх аа.
 
-Амьдрал болоод уран бүтээлдээ ямар зарчмыг баримталдаг вэ?
 
       -Бусдад чадах зүйлээрээ чин сэтгэлээсээ тусалж, өөрт байгаа бүхнээсээ хуваалцах юм сан гэж л боддог. Эгч нь хүнд үгүй гэж тэр бүр хэлж чаддаггүй. Аль болох болгоод, бүтээгээд, дэмжээд өгөх сөн гэж хичээдэг. Зохиомж дээд сургуульд багшилж байхад шавь нар минь "Багш аа, амьдралд юу хамгийн хэцүү вэ" гэж асууж байсан. Тэгэхэд нь би "Гүтгүүлэх, амьдын хагацал үзэх хоёр л хамгийн хэцүү зүйл, бусад нь юу ч биш" гэж хэлдэг байлаа. Би энэ хоёрыг энэ амьдралдаа үзсэн хүн. Тиймээс ч бусдыг гүтгэхгүй юм сан, хүнд төвөг удахгүй юм сан" гэж хичээдэг.
 
-Та мөн дасгал хөдөлгөөн хийдэг, биеэ гоё сайхан авч явдаг байдлаараа үеийнхнээ болон залуу уран бүтээлчдэдээ үлгэрлэдэг шүү дээ?
 
      -Тийм ээ, эгч нь өглөө босоод дасгал хийдэг. Гоё сайхан байдлын хувьд би тийм ганган хүн биш шүү дээ. Өөрт байгаа хувцсаа донжийг нь олоод л өмсөхийг боддог. Хамгийн гол нь залуу үеэсээ хоцрохгүй уншиж, сэтгэхийг л хичээдэг. Барагтаа л бол дэлгүүрээс шинэ хувцас худалдаж авахгүй. Хүмүүсийн бэлгэнд өгсөн дээлээр гангарчихна. Эмээ, ээж хоёр минь "Нүүрээ булгийн усаар угаа, хот газар бол буцалсан усыг хөргөөж шавшиж угаа, хэзээ ч битгий арч" гэж сургадаг байсан. Бусдаар ямар ч илүү, дутуу тэжээлийн тос түрхдэггүй. Мэдээж киноны будгаа бол яах аргагүй будаг арилгагчаар арилгана. Үсээ будах тун дургүй, хөмсгөндөө хүрэх ч дургүй. Байгалиас заяасан юм байгалиараа л байг, шүд унадаг юм бол аясаараа л унаг гэж боддог хүн дээ, эгч нь.

                    Тийм ээ, тэр үнэхээр ямар ч элдэв янзын будаггүй энгийн даруу эмэгтэй аж. Хоёр ч ном эхлүүлээд дундаа орж яваа гэсэн. Хүнтэй цаг товлоод яг цагтаа ирдэг, өөрийнх нь хэлснээр хэнд ч төвөг учруулахгүйг хичээж, хүний итгэлийг даасан шиг дааж явахыг эрхэм болгосон үнэхээр үлгэр жишээч эмэгтэй аж. Дээд дурдсанчлан түүнд арвин их уран бүтээлийн сан байгаагаас уудлан онцолбол, "Нүгэл сүлсэн хайр" моно жүжгийн дүр нь гарцаагүй түүнийг тодотгох бүтээлийн нэг. Удаагаар нь "Марка поло" киноны дүр зүй ёсоор тооцогдоно. Ингэж л гадаад, дотоодгүй уран бүтээлийн замаа татуулж, өөрийгөө улам ч өргөжүүлэн, хөгжүүлж, өнөөдөрт бүр ч хурдтай алхаж явна.


ГАЛАА НАЙРУУЛАГЧ ТҮҮНИЙ ДҮРИЙГ ГАРЦААГҮЙ ӨГЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-20 13:13:46
    Зочин: Яг үнэнийг хэлэхэд Хамгийн муу жүжигчин байсан хүн одоо хамгийн эрэлт хэрэгцээтэй болооюу? театр киноны жүжигчидын чанар,чадвар аргагүй муудсаны жишээ тод томруун дүр төрх
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188