• Өнөөдөр 2024-05-01

ЖҮЖИГЧИН Ц.ЖАРГАЛСАЙХАН: "ХАЙРЫН ВИЗ" ЖҮЖГИЙН ЦЭНГЭЛИЙН ДҮРД ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ АЖИЛЛАНА

2023-10-01,   1174

              “Хайр гуниг, хамгийн гэнэн алдаа, бүрхэг шөнийн саран, бүлээн нулимстай харцны аль нь юм бол оо. Үгүй бол эдгээр бүх зүйл ч байж мэдэх юм” гэж “Хайрын виз” жүжгийн дууг сонсох бүрдээ бодно, өөрийнхөөрөө үгийн утгыг нь тайлах гэж давтан сонсдог байж билээ, ахлах ангид байхдаа. Хичээл дээрээ юм уу эсвэл тараад гэр рүүгээ явахдаа заавал сонсож алхана, дагаж дуулна. Тийн явахдаа жүжгийг нь тавигдахаар заавал үзнэ дээ гэж бодсон ч амжаагүй юм.  Гэтэл харин энэ намар М.Батболд найруулагч шинэ найруулга, бага бүрэлдэхүүнтэйгээр тавихаар хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ. Бид тус жүжгийн Цэнгэлийн дүрд тоглож буй Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Жаргалсайхантай ярилцлаа. 

-“Хайрын виз” жүжиг шинэ тавилт, найруулгатайгаар үзэгчдэд хүрэх нь. Эл жүжигт өмнө нь МУГЖ С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, жүжигчин О.Майдарравжаа нар тоглож байсан. Таны хувьд дүрээ ямар онцлогтойгоор үзүүлэхийг зорьж байна вэ?                             

               -Мэдээж уран бүтээлч бүр тухайн авч байгаа дүрдээ өөрийн өнцөг, мэдрэмжээр ажиллана. Миний хувьд театрынхаа ах, эгч нараас суралцах зүйл их бий. "Хайрын виз” жүжиг анх 2006 онд Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн найруулгаар тоглогдож байсан бол дараа нь 2019 онд М.Батболд найруулагчийн найруулгаар тавигдахад жүжигчин О.Сэргэлэн, О.Майдарравжаа нар тоглосон. Энэ ч утгаар эдгээр ах нараасаа суралцан, зөвлөгөө авч, найруулагчийнхаа чиглэлийн дагуу өөрийнхөөрөө бүтээхээр зорин ажиллаж байна. М.Батболд найруулагчтай нэг үе л дээ. Тэгээд анх удаа ажиллаж үзэж байна. Уран бүтээлчид өөрийнхөөрөө дүрдээ ажиллах эрх чөлөөг олгодгоороо онцлог санагдаж байна.

-Дүрдээ ажиллаад, бэлтгэлдээ ороод явж байгаа юм байна, дүрийн хувьд өмнөх бүтээлийн дүрүүдтэйгээ харьцуулахад ямар санагдаж байна вэ?

         -Сайхан байна, шинэ залуу найруулагчтай эрч хүчтэй, гал цогтой багт орж ажиллаж байгаадаа баяртай байна. Театртаа ажиллаад долоон жил болсон байна. Энэ хугацаандаа олон түүхэн болон сонгодог жүжигт тоглосноос энэ удаагийн жүжгийн хувьд анхны орчин цагийн жүжигт авсан дүр гэдгээрээ шинэ байна.                

-Театрт орж байсан үеэ дурсвал, анхны бүхэн бэрх мөртлөө догдлол дүүрэн байдаг шүү дээ?

            -Тэгэлгүй яах вэ, анхны юм бүхэн сайхан. Анх театрт 2015 онд шалгалт өгөөд тэнцээгүй юм. Дараа жил нь шалгалт өгч ороод, анх тайзнаа “Жаргаагүй нар” жүжгийн Луханы дүрд тоглож байсан. Тэгээд цаашлаад “Царцаа намжил” жүжгийн хулгана, “Ану хатан” жүжгийн бага банди, “Адууны түүх” жүжгийн агтчин, “Хаадын хаан” жүжгийн Боорчи гээд олон дүр бий. Өөрт оногдсон дүр бүхэндээ хайртай. Тэр дундаа "Адууны түүх" жүжгийн агтчны дүрдээ илүү хайртай. 
-Тэнцээгүй мөртлөө дахин шалгалт өгч театрт орох хүсэл тэмүүлэлийн гол учир нь юу вэ, зорилгодоо хүрэхийн тулд аливаад их тууштай зан чанар хүн бүрд байдаггүй шүү дээ?

          -Оюутан байхдаа хөдөлгөөнтэй оюутан байлаа. “Мөрөөдлийн театр”-ын олны хэсэгт орж байлаа, “Эмоци” продакшнд оюутан байхдаа хоёр жил ажилласан. Мөн “Шинэ үе” продакшн гээд бүгдэд нь л оролцоод явдаг байсан. Манай багш Ардын жүжигчин Ж.Лхамхүү. Яах аргагүй театрын хүн учир багшийн нөлөө ч багагүй байсан юм болов уу гэж хардаг. Тэгээд л театртаа ороод ах, эгч нараасаа сураад л явж байна. Бидний мэргэжил биднээс тууштай, үнэнч байхыг шаарддаг.

-Анх дөнгөж сургуулиа төгсөөд театрт орж байсан үеэсээ одоо хамаагүй өсөн дэвшсэн, сурсан зүйл их байгаа шүү дээ?

         -Анх драмын театрт орсон гээд их хөөрч байлаа. "Ёстой үзүүлээд өгье" гээд л явдаг байсан. Одоо харьцангуй суурьтай болж, хөрсөндөө бууж байна уу гэж бодож байгаа. Гэхдээ болоогүй, сурч мэдэх зүйл дүүрэн байна. Сурч, мэдэж, ханаж дуусахгүй шүү дээ.

     -Дэлгэцийн олон ангит бүтээлд тоглосон залуу уран бүтээлчид тухайн дүрээрээ үзэгчдэд танил болдог. Таны хувьд харин театртаа чимээгүй л бүтээлээ хийгээд явах юм, уран бүтээлчийнхээ хувьд илүүтэй үзэгчидтэй ойртох хүсэл байдаг болов уу?

     -Айхтар тийм бүтээлд тоглоно гэсэн шунал бараг байхгүй дээ, киноны санал мэдээж ирнэ, гэхдээ театрынхаа уран бүтээлд илүү анхаарч, ажилдаа илүүтэй төвлөрдөг. Хамгийн сүүлд харин “Доз” энтертайнмэнтийн захирал Ш.Доржсүрэн ахын хийж байгаа арван ангит кинонд тоглосон. Одоо ингээд тайзнаа байгаа нь надад аз жаргалтай байна. Урдах юмаа л сайн хийгээд явахад болно гэж боддог.

-Ийм даруу, театрын үнэнч уран бүтээлч болохын тулд эл мэргэжлийг сонгов уу гэлтэй юм. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ?

    -Ааваас улбаатай л даа, аав минь урлагаар яваагүй ч урлагийн өндөр мэдрэмжтэй хүн байдаг. Морин хуур тоглоно, шүлэг уншина. Айлын найран дээр ая дууны дугаараа барьсан хүний араас дууны утгад нь  таарах дөрвөн мөртийг хэлдэг хүн л дээ. Тэр ч утгаараа аавыгаа дагаад шүлэг унших дуртай болсон. Уран уншлагын тэмцээнд арван жилдээ их ордог байсан. Шүлгээ дууны шүлэг бичих гэж оролдсон нь ч бий.

 -Эхээс хэдүүлээ вэ, гэрээсээ урлагийн мэргэжил сонгосон нь та л байна уу?

      -Дүүтэйгээ хоёулаа. Дүү минь энхийг сахиулагчаар ажилладаг. Аав минь дүү, биднийг өөрийнх нь хүсэж байсан хоёр мэргэжлээр ажиллаж байгаад баяртай байдаг. Ойрд дүүтэйгээ уулзаагүй, санаж байна шүү. 


  -Мэдээж жүжигчнээр төгссөн хүн бүр л театрт орохыг мөрөөддөг. Таны хувьд театр таныг юугаараа илүүтэй татдаг вэ?

    -Театрын мундаг ах, эгчтэйгээ мөр зэрэгцэн хамт бүтээлд орно гэдэг сайхан. Бүтээлээс бүтээлийн хооронд өсөж хөгжиж, мэргэжилдээ улам суралцана. Тайзан дээр байх шиг жаргалтай, гайхалтай зүйл театрын жүжигчинд байхгүй шүү дээ. 

   -Хүнд бэрхшээлтэй, шантармаар үе гарч байв уу?
       
        -Гаралгүй яах вэ, анх театрт орсон байхдаа эхнэр, хүүхэдтэй болж амьдрал ид эхэлж байх үед багахан цалинтай хэцүү санагдаж байсан. Гэхдээ мэргэжилдээ үнэнч хандаж, тууштай байж, бүгдийг даван туулсан. Эхнэр минь арыг бат дааж, миний хүсэл мөрөөдлийг дэмжиж, ажлаа хийх боломжийг минь зуун хувь олгож өгдөг. Нэг ч удаа "Хүүхдээ цэцэрлэгээс нь авсангүй" гэж гомдоллож байгаагүй. Тэгэхээр би гэр бүлийнхээ хүсэл мөрөөдөл, итгэлийг хамт тээн яваа.

     -Цаашид дэлгэцийн бүтээл рүү орох уу?

                 -Найзуудтайгаа нийлж юм хийх бодол бий, тэгээд цаг хугацаа нь болохоор болох байх. Гэхдээ тайзан дээр би хэрэггүй болох хүртлээ л ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

           -Баярлалаа.


ЖҮЖИГЧИН Ц.ЖАРГАЛСАЙХАН: "ХАЙРЫН ВИЗ" ЖҮЖГИЙН ЦЭНГЭЛИЙН ДҮРД ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ АЖИЛЛАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188