Үндэсний номын баярыг Хөвсгөл нутгаас уран бүтээлийн богц дүүрэн зорин ирсэн "Цэцүүхэй" Ц.Ганболд хэмээн уншигчдын эчнээ танил болсон эрхэмтэй ярилцлаа. Түүний энэ онд хэвлүүлсэн "Шувууд зүүрмэглэх зуур" үргэлжилсэн үгийн ном номын баярын онцлох номоор шалгараад байгаа юм. Утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог "Алтан өд"-ийн шагналт зохиолч Ц.Ганболдтой уран бүтээл, утга зохиолын тухай цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Юун түрүүнд "Шувууд зүүрмэглэх зуур" ном тань энэ удаагийн үндэсний номын баярын онцлох номоор шалгарсанд баяр хүргэе. Уран зохиол, тэр дундаа үргэлжилсэн үгийн богино өгүүллэгийн түүвэр ном онцлох ном болсон нь уншигчдын сонирхлыг их татаж байх шиг. Баярын сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Их баяртай байгаа. УИХ-ын дарга үндэсний их баяр наадмын онцлох ном Ц.Ганболдын "Шувуу зүүрмэглэх зуур" үргэлжилсэн үгийн ном гэж зарлаад, шагнал гардуулж байхад нь "Яагаад миний номыг онцлох болсон юм бол оо" гэсэн бодол төрж байлаа. Гэхдээ он гарсаар хэчнээн ном хэвлэгдэж, түүнээс хэд нь уншигчдын гарт хүрснийг лав мэдэхгүй ч ном, бүтээл туурвиж, үгийн урлагт үзэг нэгтгэсэн зохиолч, яруу найрагчдын дундаас ном минь онцлох ном болсонд их баяртай байна.
Аливаа уран бүтээл гэдэг эрэл хайгуулаас бүтдэг шүү дээ. Би зохиолчдыг ямар нэгэн орон зайд байх сэтгэлгээний хэв загвар, дотоод ертөнцөө бүтээсэн аяс, чигийнхээ дагуу бичдэг гэж боддог. Хорвоо дэлхий хэчнээн удам гэлээ хүн бүрд өөрийн гэсэн, өөрт тохирсон ай сав гэж бий шүү дээ. Тэр ай саваас л хүн буй болж, үгүйсгэл эс үгүйсгэлийн дунд орших амьдралын талаар "Шувуу зүүрмэглэх зуур" номоо бичсэн.
-Таны хоёр дахь бүтээл "Цэцүүхэй" тууж, өгүүллэгийн түүвэр уншигчдын хүртээл болсон жилдээ оны шилдэгт олгодог "Алтан өд" шагналыг хүртсэн. Энэ удаад "Шувуу зүүрмэглэх зуур" номоо үндэсний номын баярын онцлох ном боллоо. Хувь уран бүтээлч, зохиолчийн хувьд "Цэцүүхэй"-гээс "Шувуу зүүрмэглэх зуур" хүртэл хэр их өөрчлөгдсөн гэж харж байна вэ?
-Магад залуу үеэсээ арай илүү ул суурьтай болсон юм болов уу даа. Зохиолч, яруу найрагчид уншигчдын өмнө бус эх хэлнийхээ өмнө хариуцлага хүлээдэг. Амьдрал манай үеийнхний мэддэгээс илүү хурдтай болжээ. Энэ хурдыг гүйцэж, хамт урагшлахын тулд сэтгэлгээгээ ч "хурдан" байлгах хэрэгтэй болж байгаа юм. Нэрт зохиолч Дарма.Батбаяр агсны "Мөнхөөр савласан мөнх бус" гэж их том, ул суурь заасан ном хэвлэгдсэн байна лээ. Сүүлийн үеийн ном, бүтээлээс Дарма.Батбаяр агсны тэр ном надад ул суурь, ухаан бодлын сурах бичиг болж байгаа юм уу даа.
-Орчин үеийн зохиолч, яруу найрагчдын харахаас хөдөөгийн буйдхан газраас илүү суурин амьдрал дасан зохицож амьдарч байх шиг. Тэр дундаас хөдөөгийн сайхан талдаа аж төрж, амьдралаа бүтээж, зохиолоо туурвих болсон нь зарим орчин үеийн зохиолчийн давуу талж болж байгаа юм болов уу?
-Яах вэ, зохиолч, яруу найрагчид орон нутаг, хөдөөгийн буйдхан талд очвол мэдээ, сэлт, хорвоогийн сониноос хоцрох нь элбэг шиг байдаг ч эсрэгээрээ зэвсэг, давуу тал болно. Тэр дундаа зохиолч, яруу найрагчид ахуйтайгаа илүү ойртож, цаг хугацааг харж, цаг хугацааг мэдэрч, мэдэрнэ нь гэдэг өөр хэрэг. Тэгээд дотогшоо чимээлж, тэр их амар амгалан дунд бага багаар уран бүтээлийн амсар нь нээгдэж, нэг л өдөр бүтээлтэй болох нь байна шүү дээ. Харин орон нутгийн бид хотод ирээд хэд хонохоор л хоол унднаас эхлээд таарч, зохицохгүй юм гарч ирнэ ирнэ.
-Уншигчид "Зохиолч бүр гараагаа яруу найргаас эхэлдэг" гэх юм билээ. Харин таны зохиол, бүтээлийн гараа "Хээрийн шүүх" өгүүллэгийн түүврээс эхэлсэн байдаг. Та ер нь шүлэг, яруу найраг бичиж, сонирхож явав уу. Эсвэл хэвлүүлж, олонд хүргэх нөхцөл бүрдээгүй юм уу?
-Залуу халуундаа өөртөө зориулж бичсэн ганц нэг шүлэг бий. Гэхдээ тийм ч их биш ээ. Ер нь л багаасаа богино өгүүллэг бичиж л эхэлсэн юм байна. Намайг яг цэргээс халагдаад ирж байх үед дээ, манай Хөвсгөлийн "Эрх чөлөө" сонины Ч.Нямжав гэж ахмад "Энэ үргэлжилсэн үгээр бичих хүү байна" гэж байлаа. Ч.Нямжав гуай өөрөө их бичиж, хэвлүүлсэн зүйлгүй ч асар өндөр мэдрэмжтэй, залуу үедээ нөмөр нөөлөг, түшигтэй, хойш үедээ элгэмсүү хүн байсан юм. Уран бүтээлчийн хувьд Ч.Нямжав гуайн дор үзэг, цаас нийлүүлж, уран зохиолд хөл тавьсан гэдгээ хаана ч бардам хэлнэ.
-Таныг "Хээрийн шүүх"-ээс өмнө анхныхаа номыг хэвлүүлэх гэж байгаад больсон гэж дуулж байлаа. "Хээрийн шүүх" бүтсэн түүх ч гэсэн их сонирхолтой гэсэн. Та тэр тухай дурсамжаасаа манай уншигчдад хуваалцахгүй юу?
-1990-ээд оны дундуур тууж, өгүүллэгийн нэг ном бичиж, бүрэн дуусгаад хэвлэх дээрээ ирээд байсан юм. Гэсэн ч зориг хүрэлгүй номоо хэвлүүлэхээ больсон. "Харийг зорих шувууд" гэсэн нэртэй тэр тууж, өгүүллэгийн номоосоо авч үлдсэн зүйлгүй. Тэр ном маань цаг үетэйгээ цуг үгүй болсон. Түүнээс хойш 10-аад жил үзэг, цаас нийлүүлж, зохиол, бүтээл бичээгүй. Харин нэг л өдөр үзэг барьж авч суугаад "Хээрийн шүүх" өгүүллэгийн номоо ердөө сарын дотор биччихсэн. Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэн агсны хэлснээр "Цаг болж, нөхцөл нь бүрдсэн" юм байлгүй. 10 өгүүллэгээс бүрдсэн "Хээрийн шүүх" нэртэй анхны ном маань тэгж л хялбар бүтсэн юм даа.
-10 өгүүллэгээс бүрдсэн бүтэн ном сарын дотор "машиндах" тэр хүч хаанаас гарсан юм бэ. Таны бүтээх, туурвин бичих зуршил юу вэ?
-Би дулааны улиралд сайн сууж, бичиж чаддаггүй юм аа. Болж өгвөл намар, арав, арваннэгдүгээр сараас эхлээд хавар, дөрөвдүгээр сар хүртэл сууна. Энэ үе бол сайн сууж, бичиж, бодож чаддаг хүнд бол их хугацаа шүү. Тэгээд яг бичээд суухаараа хүнтэй ярьж чадахаа больчих юм аа. Бүр зарим үед утсаа унтраагаад ч алга болно. Миний ганц онцлог гэхээр юм зүүд. "Цэцүүхэй"-гээс эхлээд "Шувууд зүүрмэглэх зуур" номыг хүртэл зүүдэлж, дараад нь зүүдээ хөөж, зүүдний хэлмэрийг дагаж бичсэн юм аа.
-Таны тууж, өгүүллэгүүдийг уншаад их ахуйтайгаа ойр зохиолч гэж бодож байлаа. Харин та өөрийгөө хэрхэн дүгнэх вэ?
-Хэн нэгэн ямар ч зохиол, бүтээл бичиж, туурвиад ертөнцөөс тасарсан ч амьдрал, ахуй гэдэг зүйлээсээ зайлж чадахгүй болов уу даа. Миний хувьд ахуйтайгаа ойр, дотно байх сайхан байдаг. Сайхан байдаг болохоор ч бичиж байгаа зүйлдээ ард олны бодол сэтгэл, ахуй амьдралыг харуулахыг зорьдог.
-Та Монголын утга, уран зохиолыг шинэчилж, бүтээн байгуулж яваа уран зохиолын үеийн нэг хэсэг. Харин та өөр өөрийн өнгө, мэдрэмж, сэтгэлгээгээрээ хүч түрэн гарч ирсэн үеийнхнийхээ бүтээлээс таны бүтээл юугаараа ялгаатай, онцлог гэж боддог вэ?
-Өөрийгөө тодорхойлж, дөвийлгөж хэлэх нь ёс зүйн хувьд асуудалтай л байх. Гэхдээ ерөнхийд нь ажаад байхад миний зохиол, бүтээлд залуу үеийнхэн дуртай байх шиг санагддаг. Тиймээс залуу үетэйгээ хөл нийлүүлж, тэдний бодож, сэтгэдгээр сэтгэж, "Арай шинэлэг сэтгэлгээтэй байгаа юм болов уу" гэж өөрийгөө тоодог шүү.
-Утга, уран зохиолын "хамгийн" сайхан чанар нь юу юм бэ?
ОНЦЛОХ НОМЫН ЗОХИОЛЧ Ц.ГАНБОЛД: Зохиолчид эх хэлнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |