• Өнөөдөр 2024-05-02

ЯРУУ НАЙРАГЧ О.ЭЛБЭГТӨГС: Хүн хөдөлмөрлөхгүйгээр юуг ч бүтээж, туурвиж чадахгүй гэдгийг баттай хэлье

2023-09-12,   1048

           Эргэлт.мн мэдээлэлийн сайт энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” булангаараа зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгстэй ярилцлаа. Тэрбээр 2003 онд анхны ном болох “Алтан үе” яруу найргийн түүврээ хэвлүүлснээс хойш “Чимээгүй хот”, “Хөх мэдрэхүй” антологи, “Эмгэнэлийн үр хөврөл”, “Чөлөөт шувуу”, “Бүслэлт”, “Тэнцвэр” зэрэг яруу найраг, үргэлжилсэн үгийн бүтээлүүдээ уншигчдын хүртээл болгосоныг утга зохиол сонирхогчид андахгүй биз ээ.

-Танд Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Монгол орны хоймор нутагт сайхан намар болж байна уу?

           -Налгар сайхан намар болж байна. Хүмүүс Хөвсгөл нутгийг “Хүйтэн үү” гэж их асуудаг. Хөвсгөл хүйтэн, гэхдээ Мөрөндөө бол гайгүй. Хойшоо Дархадын хотгор руу их хүйтэн дээ. Би өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын эхээр очиход л аль хэдийнэ хасах 20 градус гарчихсан Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын сургуулиуд халаалтгүй, хүүхдүүд нь эсгий гуталтай, хөвөнтэй өмдтэй бээвийгээд даарчихсан сууцгааж байсан. Анги танхимдаа зай завсаргүй галлаад ч нэмэргүй. Идэр ес эхлэх яагаа ч үгүй цагт шүү дээ. Тийм орчин нөхцөлд тэр сурагчдаас сурлагын чанар, багш нараас ажлын үзүүлэлт шаардах ёс зүй баймааргүй л юм билээ. XXI зуун гарчихаад байхад галлагаатай, гаднаа бие засах газартай сургуультай байна гэдэг эмгэнэлтэй хэрэг. Хоёрхон сумын сургуулийн барилгын асуудлыг шийдчихэж чадахгүй хэвтэж дэлхийн боловсрол яриад байгаа Боловсролын сайд, мөнгийг баруун солгойгүй цацаж буй Соёлын сайд гээд ерөөс Засгийн газар танхимаараа ичих хэрэгтэй. Ийм бэлэггүй юм ярьж мэндчилж байгаадаа хүлцэл өчье. Намрын тухай, ирж буй өвлийн тухай бодлууд өөрийн эрхгүй Дархадын хотгорын сурагчдыг хайрлах, өрөвдөх бодол руу хөтөлчихлөө.

 

жазз хөгжим бол хамгийн эрх чөлөөтэй, саксафони бол хамгийн тачаангуй дуугаралттай хөгжим

-“Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал” нэр сонирхолтой санагдаж байна. Яагаад номондоо энэ нэрийг өгөх болсон бэ. Ямар нэгэн түүх, дурсамж агуулж байгаа юу?

           -Номын нэрний тухайд бол би жазз хөгжимд дурлагч учраас өгсөн. Тэр дундаа Жон Колтреин гэгч жазз хөгжмийн шинэчлэлд том хувь нэмэр оруулсан уран бүтээлчийн аялгуунуудаас маш их таашаал авдаг. Колтреин шиг саксафони хөгжмийг яриулдаг уран бүтээлч маш цөөн. Мөн жазз хөгжим бол хамгийн эрх чөлөөтэй, саксафони бол хамгийн тачаангуй дуугаралттай хөгжим. Цар тахлаас хойш төрийн албаны ажлаа өгөөд гэртээ суух болсноор энэ номынхоо санааг олж сүүлийн гурван жил бичлээ. Тэр хугацаанд голдуу жазз хөгжим сонссон гэхэд хилсдэхгүй. Хэрвээ жазз гараг гэж гараг байдаг бол тэнд би оччихсон Жон Колтрейн эрхмийн хүндтэй зочдын нэг болоод бүтэн таван улирлыг тэнд өнгөрөөж, номоо бичиж дуусгасан гэсэн төсөөллөөр ийм нэр өгсөн. Миний ном 11 цуврал шүлгээс бүтэж байгаа. Цуврал бүр дотроо 3-12 ширхэг шүлэгтэй. Нэгэн нэрийн дор багцлагдсан шүлгүүд дүр, үйл явдал гээд өнөөгийн яруу найргаас төдийлөн харагдахаа байсан мэдрэмжүүдийг уншигчдад өгөхийг зорьж бичсэн.

 -Ид уран бүтээл туурвиж байгаа залуу хүн орон нутагт ажиллаж, хөдөлмөрлөхийн давуу болон сул талын тухай яриа дэлгээч?

           -Орон нутагт амьдрахын давуу тал олон. Сул талыг нь олж харахаа байжээ. Хүсэл сонирхол нэгтэй хүмүүс маань энд байна. Гэр бүлийнхэн минь байна. Байгаль, дэлхийтэйгээ ойрхон байна. Эндээс явах, өөр газар зорих шалтгаан алга. Залуучуудыг орон нутаг руу очиж ажиллаж, амьдарцгаа гэж уриалмаар байна.

МУИС-ийн утга зохиолын дугуйланд цуглардаг байсан оюутнууд нийлж, “Хөх мэдрэхүй” гэх бүлгэм байгуулж, яруу найргийн чөлөөт уншлагыг сэргээж, хэд дэх удаагийн ч юм бэ дээ, “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам зохион байгуулж байлаа

-“Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүд даацтай уран бүтээл туурвиж байгаагийн нууц нь юу вэ. Та бүхэн анх хэрхэн “Хөх мэдрэхүй” бүлэгт нэгдэж байсан бэ?

           -Бид найзалж, нөхөрлөөд бараг хорин жил болж байна. МУИС-ийн утга зохиолын дугуйланд цуглардаг байсан оюутнууд нийлж, “Хөх мэдрэхүй” гэх бүлгэм байгуулж, яруу найргийн чөлөөт уншлагыг сэргээж, хэд дэх удаагийн ч юм бэ дээ, “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам зохион байгуулж байлаа. Бидний туйлын хүсэл зорилго ерөөсөө л бүтээж туурвих байсан. Тэрхүү замаасаа гажилгүй явсаар өдий хүрсэн байна. Би өөрийгөө даацтай бүтээл туурвисан гэж хэлэхгүй. Харин Батсуурийн Баясгалан, Ядамсүрэнгийн Баяраа, Цагаанчулуугийн Дэлгэрмаа гурваараа бахархаж явдаг. Энэ гурав маань манай үеийнхнээс төрөн гарч буй соён гэгээрүүлэгчид шүү дээ.

 

Хуягаа ахын тухай бодохоор сүүлийн жилүүдэд жаахан хөндий байсан хөндүүр дурсамж бодогдоод хэцүү байдгаа нуугаад яах вэ. Хөндий гэдэг нь ямар нэгэн үзэл бодол, үйлдлийн маргаан, зөрчил биш шүү.

 -Утга зохиолч судлаач, шүүмжлэгч, зохиолч, яруу найрагч П.Батхуяг агсантай ойр дотно нөхөрлөсөн дүү нарынх нь нэг бол та мөнөөс мөн. Та энэ эрхэм хүмүүнтэй хэрхэн танилцаж байсан бэ. Мөн хамтдаа бүтээсэн сайхан дурсамжаасаа манай уншигчд хуваалцвал?

           -Хуягаа ахын тухай бодохоор сүүлийн жилүүдэд жаахан хөндий байсан хөндүүр дурсамж бодогдоод хэцүү байдгаа нуугаад яах вэ. Хөндий гэдэг нь ямар нэгэн үзэл бодол, үйлдлийн маргаан, зөрчил биш шүү. Зүгээр л хол амьдардаг нь биднийг хөндийрүүлчихсэн хэрэг. Бид анх биечлэн уулзсан нь Дундговь аймгийн төв Мандалговьд. Хуягаа ах намайг зориод манайд хүрээд ирсэн юм. Би тэгэхэд нурууны хагалгаанд ороод удаагүй, таягтай. Хоёул тамхи татаж, урлаг уран зохиол баахан ярьж алхсаар Дундговь аймгийн хойд ар дээр байдаг Хар овоон дээр гарч шөнөжин сууж билээ. Тэгэхэд Дундговь аймгийн ой тохиогоод алдарт С.Жавхлан ирж тоглолтоо хийж байлаа. Бид хоёроос өөр хүн тэр овоон дээр байхгүй. Учир нь, бүгд Жавхлангийн тоглолтыг үзэх гээд талбай дээр цуглачихсан. Түүнээс хойш бид хоёр их ойр дотно явсан. Намайг ойлгож дэмждэг цөөхөн хүмүүсийн нэг байсан гэдгийг нь өнгөрсөн хойно нь л ухаардаг юм байна.

- Зарим яруу найрагч “Үг хүнийг захирдаг” гэдэг. Гэтэл зарим нь эсрэгээрээ “Хүн үгийг захирдаг” гэх юм билээ. Энэ тал дээрх таны бодол?

           -“Үг хүнийг захирдаг” гэдэг нь ахуй амьдрал дээр нотлогдчихсон эд шүү дээ. Ажилд орох, ажлаас гарах, халагдах, ажил төрөл хөөцөлдөх гээд бүх зүйл бичиг баримт, үгээс хамааралтай. Ерөөс үг байхгүй бол бид харилцаж чадахгүй. Тиймээс үг хүнийг захирдаг нь гарцаагүй. Харин бичгийн хүмүүс бол үгийг захирдаг. Үгийг захирахгүй, үгэндээ захирагдаад байх юм бол ер нь бичиж яах юм. Үгийг захирч, үгийг эрхшээлдээ байлгадаг, үгийн энгийн байдал төлөвөөс эгэлгүй гоо сайхан, ид шидийг бүтээдэг яруу найрагч харин цөөхөн. Тэд бол үгийн эзэд.

“Суут хүн гэдэг нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр” гэж уншиж өссөн хүний хувьд мэдээж хөдөлмөрлөхгүйгээр юу ч бүтээж, туурвиж чадахгүй гэдгийг баттай хэлж чадах байна

-Хүн бүхэнд л байнга уншдаг ширээний ном гэж байдаг. Та хэний номноос урам зориг авдаг вэ?

           -Ойрын үед А.Амар гуайн “Монголын товч түүх” номыг их уншиж байна. Гол нь өнгөрсөн зууны эхэн үеийн их бичгийн хүмүүний найруулгын гоё сайхнаас жаахан ч атугай суралцахын тулд гэх үү дээ. Бусдаар бол ширээний ном гээд л нэг ном ширээн дээрээ цавуугаар наах нь холгүй юм байхгүй.

-Уран бүтээлчид онгод гэж их ярьдаг. Зарим нь “Онгод бол хөдөлмөр” гэдэг бол “Үгүй ээ, онгод бол гэдэг авьяас” гэж ярих нь олонтаа. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?

           -“Суут хүн гэдэг нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр” гэж уншиж өссөн хүний хувьд мэдээж хөдөлмөрлөхгүйгээр юу ч бүтээж, туурвиж чадахгүй гэдгийг баттай хэлж чадах байна. Бас мянга хөдөлмөрлөөд ч ганц ч олигтой бүтээл туурвилгүй маш олон хүнийг мэдэх учраас авьяас гэдэг төрмөл гэдгийг баталж чадна. Мэдээж авьяастай бол онгод байх нь зүйн асуудал. Онгод гэдгийг нэг их сүртэй, уран яруугаар томьёолмооргүй байна л даа. Зүгээр л жимс боловсроод газарт унахын адил оюун санаанд чинь боловсорсон тэр нэгэн санаа бэлэн болж гүйцээд тархинд чинь дохио өгөх тэр агшин юм уу даа. Тэгж л боддог доо.

-Та бичгийн арга барилынхаа тухай яриа дэлгээч. Өөр өөрийн сонин арга барилтай зохиолчид байдаг юм билээ. Жишээлбэл, кино үзэж, зураг харж, дуу сонсож, зогсож, хэвтэж байхдаа бичдэг гэх мэт. Таны арга барил залуу уран бүтээлчдэд сонирхолтой байх?

           -Арга барилсаад байх юм байхгүй ээ. Чимээгүй, чимээгүй тайван орчинд суух дуртай. Мэдээж хөгжим сонсоно. Ер нь ном юм уу, жүжиг гэх мэт томоохон бүтээл дээр суух болохоороо плэйлист үүсгэчихдэг. Тэгээд тэрхүү плэйлистээ л сонссоор бичиж буй зүйлээ дуусгадаг даа. Ер нь шөнө дунд хамаг зүйлс аниргүй болсон хойно сууж эхлээд үүр цайхад гарч наран мандахыг харах дуртай.  

Яруу найраг гэдэг чинь яг ийм эрх чөлөөтэй болохоороо мөнхийн хөдөлгөөнд оршдог, хэр баргийн юманд баригддаггүйгээрээ сайхан байж мэднэ.

-Яруу найрагчид, уншигчид шүлэг, яруу найраг хоёр тэс өөр зүйл гэж ярих юм аа. Та уран бүтээлч хүний хувьд энэ ялгааг хэрхэн хардаг вэ?

           -Манайхан л нэг их сүйдтэй ялгаа зааг гаргаж ирээд л байдаг болохоос биш шүлэг, яруу найраг гэдэг нэг л зүйл шүү дээ. Муу шүлэг, сайн шүлэг л гэж байхаас биш, энэ яруу найраг, энэ шүлэг гэж би лав үздэггүй. Бас болоогүй ээ заримыгаа яруу найрагч гэснээ заримыгаа шүлэгч гэчихнэ. Би лав ойлгодоггүй. Бичээд, туурвиад, уншаад, уяраад явцгааж л байг л дээ. Тэртэй тэргүй манайд шүлэг, яруу найраг мэддэг, мэдэрдэг бичээч, шүүмж судлаач байхгүй юм чинь нийтээрээ гоё таашаалаа өмнөө бариад амьдарцгаая л даа. Гоё л байна шүү дээ. Яруу найраг гэдэг чинь яг ийм эрх чөлөөтэй болохоороо мөнхийн хөдөлгөөнд оршдог, хэр баргийн юманд баригддаггүйгээрээ сайхан байж мэднэ.

-Үе тэнгийн уран бүтээлчдийн нөхөрлөл, уран бүтээлийн талаар сонирхолтой яриа дэлгэнэ үү?

           -Үнэндээ би үе тэнгийнхнээсээ маш их хөндийрсөн хүн. Жилд ганц, хоёр удаа хот орохдоо найз нөхөдтэйгээ уулздаг ч байнга уран бүтээл энээ тэрээ гээд яриад байхгүй шүү дээ. Ер нь одоо уран бүтээл гээд л шунаад, хүсээд буцлаад байдаг үе өнгөрчээ. Зүгээр л гоё тайван амьдармаар байна. Чаддаг бол хэдэн хүүхдэд зөв номыг нь олж уншуулах, жаахан бичих дөртэй хүүхдүүдэд нь хорь гаран жил уншиж, бичсэн туршлагынхаа үүднээс жижигхэн зөвлөгөө өгмөөр аядаж байна. Хүн тэгээд хүссэн хүсээгүй нас нэмж, буурь суухаараа хар зөнгөөрөө Данко болох зам руугаа ордог юм байна.

-Таны амьдралын мөн чанар яг юунд оршдог вэ?

           -Энэ маш өргөн агуулгатай асуулт байна. Энэ асуултад хариулахын тулд эхлээд хүний мөн чанарын тухай, амьд организм, түүний мөн чанарын тухай, цаашаа оршин буй үзэгдэл юмсын мөн чанарын тухай ярих хэрэг гарна. Ийм сунжирсан заваан яриаг уншаад суух тэнэг хүн байхгүй л болов уу. Тиймээс би хариулахаас татгалзаж байна.

-Утга зохиолын ертөнцөд 90-ээд оныхон хүч түрэн орж ирсэн шиг  “Хөх мэдрэхүй”, “Шинэ үнэр”, “Язгуурын”, “Алиус”, “Хас дорно” гээд шинэ мянганы өөр өөр өнгө төрхтэй залуус хүсэл сонирхлоороо нэгдэн утга зохиолын бүлгэм байгуулж, биесээ хурцалж гарч ирсэн. Тэр дундаас тод төлөөллүүдийг нэрлээч гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Үеийнхэн маань бүтээж туурвиж байгааг харах сайхан байна. Бүгд л авьяастай, зорилготой залуучууд байсан. Одоо ч тийм байгаа гэдэгт итгэж байна. Сая чиний дурдсан бүлгэм, нэгдлүүдээс гадна ямар нэгэн харьяа гуншингүй өч төчнөөн авьяаслаг залуучууд бий. Үнэхээр ном зохиол сонирхож уншдаг, бичиж туурвидаг бол манай үеийнхнээс хэн нь бүтээж буйг, хэн нь тод төлөөлөл болоод буй нь нүднээ илхэн байдаг шүү дээ. Тэрийг заавал би улиглах шаардлагагүй байх.

-Таны өмнө нь “Монголын яруу найраг нэг хэвэнд цутгачихсан юм шиг болчихлоо” хэмээн ярилцлага өгсөн байсан. Энэ тухайгаа та тодруулж ярьж болох уу?

           -Одоо ч тэгж хэлнэ. Бид яруу найргийг нэг их цэцэн цэлмэг, цэгцтэй найруулгын цуглуулга гэж үзэхээ больсон цагт, бид яруу найргийг ганц нэг мөр шүлгийг нь тасдаж аваад ишлэхэд тасарч үлдсэн бусад хэсэг нь амь биегүй хоосон үгс болсон байдгийг анзаараагүй цагт хямдхан үсний даруулга шиг ижилхэн шүлгүүдээ бичсээр л байна. Угаасаа яруу найраг далай шиг арвин эд шүү дээ. Тэгэхээр 95 хувь нь ижил төстэй байх нь ч аргагүй. Тэндээс өөрт таашаагдаж байгаагаа хүртэх нь уншигчийн эрхийн асуудал.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

           -Баярлалаа.


ЯРУУ НАЙРАГЧ О.ЭЛБЭГТӨГС: Хүн хөдөлмөрлөхгүйгээр юуг ч бүтээж, туурвиж чадахгүй гэдгийг баттай хэлье
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-13 11:35:39
    М. Санжаа: Эрхэм андын ярилцлагыг уншаад найзаараа бахархаж сууна даа удахгүй номыг нь уншиж тэр гараг дээр очиж таван улирал цэнгэх биз ээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188