• Өнөөдөр 2024-05-03

ДЭЭВРИЙН ӨРӨӨНД ТЭР “ТРИЛЛЕР” ШҮЛГЭЭ БИЧИЖ СУУНА

2023-09-07,   864

          Уран зохиол гэх байшингийн дээврийн өрөөнд тэр триллер шүлгээ бичиж сууна. Турьхан эмзэг энэ эмэгтэй том зоригтой

Чамаар гоёно

Бүх ясаар чинь гоёно

Сүүжээр чинь ээмэг хийж зүүнэ

Сээр, нурууг чинь хэлхэж зүүлт хийнэ

Далавчаар чинь дэвүүр хийж барина

Чөмгийг чинь ташаад сүрчигний сав хийнэ

Үлдсэн ясаар чинь даашинзаа гоёно

Чамаараа гоёно” гэж сэтгэнэ, бичнэ. Үүнийг уншсан цөөн хүнд таатай мэдрэмж төрнө. Ихэнхдээ л айна, бэргэнэ, гайхна. Монголын Залуучуудын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Д.Гансаруул найрагчийн шүлгүүд ийм. Триллер, детектив, акмэйст төрлөөр бичдэг тэрбээр “Саранд гандсан хөшиг”, “Цоохор майлзын түүх” шүлгийн номтой, удахгүй триллер төрлийн туужийн номоо өлгийдөхөөр зэхэж сууна. Дэлхийн яруу найргийн наадамд оролцоод ирсэн түүний ертөнцөөр хамтдаа аялая. Холоос ирсэн хүнээс сонин хачин дуулахыг хэн бүхэн яарч, хот айлдаа цугладаг монгол ёс бий. Гэхдээ ярилцлагаа дундаасаа эхлэхээр шийдэж, өнөөх “нөхөр” триллер шүлгийн ойр хавиас эхэлье.

-Триллер шүлэг гэхээр хүмүүс төдийлөн ойлгохгүй тал бий шүү дээ, хэн таны шүлгийг ингэж тодорхойлсон юм бэ?

      -МУБИС-ийн Утга зохиолын тэнхмийн С.Энхбаяр багш анх миний шүлгийг триллер гэж тодорхойлсон юм. Тэгээд оюутан байхад багш номын минь өмнөтгөлийг бичихдээ “Намайг Монголын өнөө цагийн бүх яруу найрагч, зохиолчид өмнөх үг бичиж өгөхийг гуйдаг ч би ганц, хоёрт л зөвшөөрдөг. Харин би өөрөө чинийхийг бичиж өглөө шүү, тэгэхээр чи юм бодно шүү” гэж хэлээд намайг яруу найргийн “галт тэрэгт” суулгаад явуулснаас хойш өнөө хүртэл буулгүй салхи татуулан явж байна.

-Магад хана харж суугаад л биччихсэн болов уу гэмээр “Хана их гоё...” гэж эхэлдэг таны нэг зэвүүн шүлэг байна. Шүлгийн санаа нь хаанаас ургадаг юм бэ?

           -Уран зураг үзэж, хөгжим сонсоод шүлэг бичнэ. Миний пэйж дээрх шүлгүүд зурагтайгаа уяалдаж байгаа. Нийтэлсэн шүлэгтээгээ хамт хөгжмийн линк, эсвэл тухайн хөгжмийн нэрийг оруулсан байвал тэр хөгжмийг сонсоод бичсэн гэсэн үг л дээ. Шүлэг минь ертөнцийг үзэх үзэлтэй минь холбоотой л доо. 

Энэ ертөнцөд гэгээн цагаан бүхний эсрэг, хар бараан нь ч бий шүү дээ. Нэг ёсондоо далд ертөнцийг сонирхож, хоосон чанарыг ухаж ойлгохыг хичээдэг хувь үзэл л триллер шүлэг бичихэд нөлөөлдөг.

-Хэдэн настайгаасаа шүлэг бичсэн бэ?

     -Багадаа дууны аяыг нь мэддэг мөртлөө үгийг нь мэдэхгүй. Тэгээд аянд нь тохируулаад өөрөө шүлэг бичээд дуулдаг хүүхэд байлаа. Мөн ухаан орсон цагаасаа уран зохиол, орчуулга, дэлхийн сонгодог зохиол, ардын аман зохиол, орос ардын үлгэр дунд өссөн. Аав минь их ном уншдаг, эргэн тойрныхон минь их ном уншиж, сонирхдог байсан учир тэр суурин дээр шүлэг бичиж эхэлсэн. Төв аймгийн арван жилийн сургуулийн дунд ангид байхдаа Хүрэл тулга яруу найргийн наадамд орж байлаа.

-Аав, ээж хоёр нь бичгийн хүмүүс байсан юм уу?

         -Аав минь уран сайханч, мужаан, инженер, менежер, хөгжимчин, шүүхийн тогтоол гүйцэтгэгч гээд арав гаруй мэргэжилтэй мундаг хүн байлаа. Ээж минь харин даруухан, бодь эмэгтэй. Ийм хоёр хүн намайг өсгөж, хүмүүжүүлсэнд би их баярладаг. Их эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө сэтгэж бодож, төсөөлөх орон зайг өгч өсгөсөн л дөө.  Нэг удаа “Аав аа таны моорогт ажилладаг найз байвал яах вэ, тэгээд тэр найзындаа очсон чинь таныг юугаар дайлах уу” гэсэн чинь аав бодож байснаа харин “Миний охинд моорогт ажилладаг найз байгаад, чи найзындаа очвол юугаар дайлах бол” гэхэд нь “Мооргийнхоо ширээнд байгаа юмнуудаасаа л дайлах байх даа” гэхэд, аав минь загнаж, үгүйсгэхгүй “Нээрээ тийм байна шүү” гэж хүлээж авч байсан. Энэ мэтээр намайг их дэмждэг, анхны уншигч минь байлаа. Магадгүй өнөөдөр жаахан хүүхэд ийм сонин юм яриад байвал аав, ээж нь зэмлэх байх. Тэгэхээр тийм эрх чөлөөн дунд, дээврийн өрөөндөө суугаад хөгжим сонсоод, шүлэг бичээд суухад хэн ч садаа болохгүй байсан учир би чөлөөтэй сэтгэж, шүлгээ бичих суурь болсон гэж боддог.

             Тэгээд дээврийн өрөөндөө суугаад шүлэг бичиж буй жаахан охин Д.Гансаруулыг төсөөлсөн юм. Тэр магад одооныхоосоо ч чөлөөтэй, бүр ямар ч хил хязгаар, зааг тавихгүйгээр сэтгэж, түүндээ автаж байсан байх аа. Өнөөдөр ч дээврийн өрөөндөө шүлэг бичсэн тэр балчирхан охин уран зохиол гэх олон давхар том байшинтай айлын дээврийн өрөөнд илүү чамбай бичиж сууна.

-Эрх чөлөөтэй орон зайг буруу тийш жолоодох хүүхдүүд ч байдаг шүү дээ?

         -Энэ бол хүний суурь хүмүүжилтэй холбоотой. Аав минь оюун санаа, сэтгэж, бодохын хувьд хязгааргүй эрх чөлөөг олгосон ч ээж минь “Боль, битгий, цээртэй” гэх үгсийг хэлж, их зарчимтай өсгөсөн. Тиймээс суурь хүмүүжил сайтай, аав, ээжийн хайрыг хангалттай хүртсэн хүүхдэд буруу зүйл рүү гулсаж орох нөхцөл бүрдээгүй. Аав минь “Би хүүхдүүдээ ямар хүмүүжилтэй хүн болохыг мэднэ ээ, миний хүүхдүүд ухамсартай, ажилсаг хүүхдүүд” гэж хэлдэг байсан.

-Шүлэг амархан төрөх үе ч байна, заримдаа “дуншаад” мөддөө төрдөггүй тал бий юм билээ?

   -Тийм ээ, шүлгийн нэг мөрт орж ирээд хэсэгтээ “зовооно”. Зарим шүлэг гараас гарахгүй жил болно. Тэгэхээр нь орхиод байж байтал жилийн дараа төгсгөл нь орж ирэх ч үе бий. Эсвэл шөнө унтаж байхад ч санаа төрнө. Тэгэхээр нь өглөө эрт босоод л бичнэ. Энэ мэт янз бүрийн нөхцөл байдлаас санаа төрнө л дөө. Сар, нар, хана, хаалга гээд юунаас ч бууна.

-Хана их гоё...” гэж эхэлдэг шүлгээ та манай уншигчдад уншиж өгөөд, шүлгийн тухайгаа яриагаа энэ хэсэгт өндөрлье.

        - Хана их гоё

Хадаасаар хамаагүй зурж болдог

Гэхдээ баллуурдаж болдоггүй болохоор

Болгоомжтой зурах хэрэгтэй

Хайртай хүнээ үхүүлж ч зурж болдог

Хааяа бас амилуулаад ярилцаж ч болно

Нарыг зураад гараа ээн дулаацаж болно

Сарыг ч бас зураад

Тогоон дээр нь цай чанаж болно.

Хана их гоё

Харин заримдаа эмч нар

Бүгдийг нь хар будгаар будчихдаг

Битгий ингэ гээд

Хоёр гарыг минь хүлчихдэг юм

Сэтгэцийн энэ эмнэлгээс гарвал

Түүнийхээ байшингийн дээврийг

Сар, оддоор дүүргэж өгнө өө.

-НЭГ ДОР 20 УЛСЫН ХЭЛЭЭР ЯРУУ НАЙРАГ СОНСОНО ГЭДЭГ ЯМАР ГАЙХАЛТАЙ ГЭЖ САНАНА-

             Цагаан сувдан шигтгээтэй ягаан торгон дээлтэй түүнийг орон орноос ирсэн найрагчид гайхаж бүчсэн, ихэд хүндэтгэсэн, тэр өөрөө ч 20 улсын хэлээр яруу найраг сонсож, өөртөө олон зүйлийг “өвөртөлсөн” догдлом үдэш өнгөрсөн сарын 24-нд Македони Улсын Струга хотноо болсон билээ. Тэр үдшийн сонин сайхнаас энэ хэсэгт хуваалцлаа.

       -Дэлхийн яруу найргийн наадамд оролцоод ирсэн, сонин сайхнаар яриагаа үргэлжлүүлье?

            -Македони Улсад яруу найргийн наадам болдог гэдгийг өмнө нь сонсож байсан. Гэтэл энэ том яруу найргийн наадамд орох завшаан энэ жил надад тохиолоо. Өмнө нь ямар нэгэн арга хэмжээ, яруу найргийн тэмцээнд Д.Гансаруул гэх хувь хүнээр л оролцож байсан бол эл наадамд Монгол Улсаа төлөөлж явсан учир илүү хариуцлагатай байж, хоёр, гурван сарын өмнөөс бэлтгэлээ базааж, оролцоод ирлээ. Эндээс явахад хүмүүс “Түрүүлээд ирээрэй” гэсэн ч тухайн наадамд очиход уралдаан, тэмцээн гэхээс илүү дэлхийн яруу найрагчдын хамгийн том цугларал болсон. Бие биетэйгээ дотно танилцаж, шүлгээ сонсоцгоож, нэгдэн нийлсэн тийм сайхан наадам юм билээ. Наадамд ирсэн найрагчид миний дээлийг их сонирхож байсан.

    -Орон орны найрагчидтай танилцсан, суралцсан өдрүүд байж ээ?

             -Монголын хамгийн том сонин болох өдрийн сонинд том нийтлэлчидтэй ажилладаг хүний хувьд тэднийхээ үгийг их сонсоно. Намайг энэ наадамд явахад манай сонины нийтлэлч П.Хашчулуун ах” Саруул аа, энэ том боломж шүү, аль болох олон хүнтэй танилцаад ирээрэй” гэж захисан. Би тэр бодлоо тээн явсаар очоод, 20 гаруй орны найрагчтай танилцсан, номоо солилцсон, дотно яриа өрнүүлсэн. Наадам өндөрлөж, улс улс руугаа харьцгаасан ч өнөөдөр ч сошиалаар харилцаа холбоо хэвээр байна. Улс бүр яруу найргийн өөрийн гэсэн өнгө аястай, найрагчидынх нь шүлэг уншдаг хэв маяг, аялга өөр. Нэг дор 20 улсын хэлээр яруу найраг сонсоно гэдэг ямар гайхалтай зүйл гэж санана. Тиймээс харин ч улам их бичих урам зориг өвөртөлж ирсэн.

        -Монголоос энэ наадамд олон уран бүтээлчид явсан, энэ цагт явах найрагчид цөөнгүй бий. Таныг сонгоход хэрхэн хүлээж авсан бол?

     -Надаас өмнө манай улсаас зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Д.Нямаа,Б.Галсансүх, Г.Аюурзана, Ц.Буянзаяа, С.Начин гээд найрагчид явсан юм билээ. Харин энэ удаад наадмын зохион байгуулагчдын зүгээс эмэгтэй, шинэлэг яруу найрагч байвал гэсэн саналыг манай улсад тавьсан юм билээ. Тэгээд л тэр шалгуур нь тэнцсэн байх гэж бодож байна. Анх энэ наадамд явах болсноо дуулаад “За байз, Македони чинь хаана билээ, газрын зургаас харья” гэсэн бодол л төрсөн.

-Тус наадамд та “Тариан талбайн дэргэдэх жижигхэн байшинд”, “Тэр буцаж байна” гэж хоёр шүлэг уншсан байна лээ. Триллерээсээ унших бодол төрж байв уу?

           -Орон орны найрагчид цугласан тэр том наадамд “Чамаар гоёно, бүх ясаар чинь гоёно” гээд уншиж байвал зохимжгүй шүү дээ. Тэгээд л гэгээлэг, зөөлөн шүлгээсээ уншсан.

-“Тариан талбайн жижигхэнд байшинд та их жаргалтай сууна лээ. Дэлхийн наадамд уншсан тэр шүлгээ бидэнд уншиж өгөөч?

-Амрагхан минь чи

Арвай тариаллаад л...

Алган дээр минь асгаад л...

Ширмэн зузаан тогоондоо

Шир ширхийн хуураад л...

Тээрмээ хамтдаа эргүүлж

Тарианы гурил бэлдээд

Өглөөдөө шар тостой зуураад

Өдөржингөө амтархан идэцгээгээд л...

Өндөр биш байшингийнхаа

Өргөн уужим хаалганыхаа

Довжоон дээр зэрэгцэж суугаад л...

Дорнын саранг зааж

"Тэнд хоёул очно оо" гээд л...

Дүүрэн мишээн мөрөө түшилцэнэ.

Атгаж ирсэн ганц үр

Амуу болоод арвайн үр

Талыг хучиж ургаад л...

Хөндийг нөмөрч халиураад л...

Алтран алтран найгаад л...

Амрагхан минь чи

Арвай тариаллаад л...

Алган дээр минь асгаад л...

-Бид ч нийтлэг ийм шүлэг дуртай шүү, бүр нэг догдолчихлоо?

     -Тийм ээ, баярлалаа.

-ХҮҮХЭД БАЙХААСАА СОНИНД АЖИЛЛАХ МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙСАН, БИ МӨРӨӨДЛӨӨРӨӨ АЖИЛЛАЖ ЯВАА-

-Бүх зүйл цахим болж, интернетийн эрин зуун хүчээ авч байгаа энэ цаг үед цаасан хэвлэлдээ хамгийн үнэнч, сэтгэл зүрхээ бат бөх уясан хүний нэг нь таныг юм болов уу гэж бодож байна?

        -Би сонины сэтгүүлчийг бусдаасаа өөр түвшний хүмүүс гэж боддог. Тухайлбал, хэвлэлийн сэтгүүлчид нэг дор суухад барагтай бол дуугарахгүй, дуугарвал жинтэй, далайцтай, тоймтой үг хэлдэг нь сонинд ажиллаж байгаа, ажлаад гарсан хүмүүс байдаг. Тэгэхээр сонин бичгийн хүнд их тохиромжтой, миний хувьд бичих дуртай учир сониндоо хамгийн тухтай, хайртай, өөрийнхөөрөө байж чаддаг. Хэдийгээр дэлхий нийтээрээ цахимжсан ч сонгодог утгаараа сонин уншигчаа алдаагүй. Хүн сонинд ажилласнаараа сайн төлөвшиж, боловсорч, юм бичиж сурдаг. Юм бичиж сурсан хүн, зөв боддог, ярьдаг болдог. Өдрийн сонинд би сургуулиа төгсөөд л ажилласан, одоо ч ажиллаж байна. Том нийтлэлчдийн дунд суугаад өглөөний хуралд суух бүрдээ “Би ч бичгийн хүн болох болоогүй байна даа, нээрээ энэ асуудлыг ийм өнцгөөс харах юм байна, айхтар харж байгаа юм шүү” гэж суралцсаар байгаа. Иймээс би сонинд хайртай, сонин миний хобби. Хүүхэд байхдаа л өдрийн сониныг уншаад, “Энэ сонинд ажиллах юм сан” гэж бодсон. Тэгэхээр би мөрөөдлөөрөө ажиллаж байгаа.

-Сонинд өдөр бүр материал бичдэг шүү дээ. Хэдийгээр баасан, бямбад амардаг ч даваа гарагийн дугаарынхаа материалыг олох, ярилцлагаа буулгах гээд амардаггүй. Тийм үедээ нэг өдөр ч болов тархиа амраах юм сан гэж бодох үе надад лав байсан. Танд тийм бодол төрдөггүй хэрэг үү?

    -Амрах бодол эхний хэдэн жилд байдаг. Түүнээс мэргэжилдээ мэргэшээд наймаас дээш жил болохоор бүх ажил гарт орохоор тийм бодол төрөхөө болиод, материал зовлонгүй гардаг.

-Хэдий туршлагажиж, ажлаа мэддэг болох ч сайн зүйл хийж чадахгүйдээ багахан бачуурах, “Өнөөдрийн материалаа тааруу хийчихлээ дээ” гэх зүйл бий болов уу?

         -Үгүй ээ, миний хувьд гүйцэтгэл муу материал гаргаж байгаагүй. Манай сониныхон ч энэ талаар гайгүй ам сайтай байдаг. Дутуу материалыг тухайн өдрийн сонинд нийтлэхгүй шүүж үлдээдэг шүү дээ. Миний материал үлдэж байгаагүй, энэ бол хувь сэтгүүлчийн зохион байгуулалт, мэдээлэл олж авах чадвар, боловсруулалтаас хамаарах зүйл байдаг.

-Та одоо улс төрийн чиглэлээр бичиж байгаа шүү дээ, өөрийн сэтгүүл зүйн бүтээлээс онцолж яриа дэлгээч?

    -Тийм ээ, улс төрийн чиглэлээр голлон бичиж байна, тэгээд хутагт, гэгээнтэн, буддын гүн ухаан талын хүмүүс рүү хандсан ярилцлага хийж байна. 2020 оноос эхлээд “Эх хэлээ аваръя” гэх Өвөр Монголчуудаа аврах ар Монголд болж буй хөдөлгөөнд дуу хоолойгоо нэгтгэж, манай сонин ч нэлээн хүчин чармайлт гаргасан юм. Сүүлийн үед миний бичиж буй сэдэв бол эх хэлэн дэх хүний эрхийн байдал. Энэ сэдвээрээ 2020 оны Азийн хүний эрхийн шагнал хүртсэн.

-Сониноос гарвал дараагийн аялал тань юу байх бол?

     -Сониноосоо тэтгэвэртээ гарна. Сонин хэзээ ч хуучрахгүй, харин ч он цаг өнгөрөх тусам үнэ цэн нь нэмэгдэнэ. Яах вэ, хүмүүс утсаа ухаж л байг л дээ. Гэхдээ цаасан хэвлэл хэзээ ч үлдэнэ. Сайт, сошиал тэр чигээрээ тог, датад түшиглэсэн зүйл шүү дээ. Нэг өглөө дэлхий нийтээрээ тог тасрахад л хүмүүс ном, сонингоо л уншина шүү дээ.

        Бидний яриа “Өдрийн сонин” гэх том айлын хурлын өрөөнд ийн өрнөж, өндөрлөлөө. Д.Гансаруул найрагч триллер шүлгээ анх бичихдээ өөртэйгээ ихэд зөрчилдөж байсан ч үе бий юм билээ. Тэгээд номоо хэвлүүлэхдээ жинхэнэ триллер шүлгээ “нуун” авч үлдэж, арай зөөлөн, түгээмэл гэснээ нийтлүүлсэн гэсэн. Харин халуурч, бүлээрч, галзуурч, айж, тэгэхдээ хачин жигтэй ч юм шиг мэдрэмж төрүүлэм зэвүүн шүлэг нь тууж болоод удахгүй уншигч бидний гар дээр ирэх нь. 


ДЭЭВРИЙН ӨРӨӨНД ТЭР “ТРИЛЛЕР” ШҮЛГЭЭ БИЧИЖ СУУНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188