• Өнөөдөр 2024-05-03

ЖҮЖИГЧИН, НАЙРУУЛАГЧ П.ДЭЛГЭРБАЯР: Дүрээрээ үзэн ядагдаж, үзэгчийнхээ шидсэн чулуунд оногдвол би лав баярлана

2023-09-03,   2165

             Түүнээс “Хүний ээж” кинонд ажилласан дүрээр тань хүмүүс магад үзэн ядаж ч мэдэх юм” гэж асуухад дээрх хариултыг өгсөн юм. Найруулагчийнхаа сандалд суучихаад барагтай бол босдоггүй түүнийг “Аримун” продакшны хоёр Ганаа “татаж босгоод” камерынхаа өмнө суулгасан байна шүү. Тэгэхдээ бүр зэвүүн эсрэг дүрд гээч. Энэ чөлөөнөөр бид ч мөн ярилцлагынхаа зочноор урьж, жүжигчин, найруулагч, зохиолч, уншигч, бодогч, эрэгч гээд олон талаас нь нээхийг зорилоо.

 

НАЙРУУЛАГЧИЙН СУУДЛААСАА БОСООД...

           Тэр “Хайрлаж болох уу” киноны Мантуу, “Амьдрал төсөл” киноны зальхай дарга гээд ерөөс зэвүүн, жинтэй, чимхлүүр дүрийн ч эзэн л дээ. Гэхдээ энэ удаагийн дүр нь арай давуу, үзэгчид цоо шинэ П.Дэлгэрбаярыг харах болов уу. Тэрбээр “Хүний ээж” киноны талаар “Хоёр эмэгтэй хүний сэтгэл зүрхнээс гарсан бүтээлд тоглолоо. Одоогоос 20 жилийн өмнө Д.Ганцэцэгтэйгээ анхны бүтээлдээ хамтран тоглож байлаа. Түүнээс хойш хамтраагүй байж байгаад өнгөрсөн жил Ганаагаасаа урилга аваад, киноныхоо үеэр А.Ганчимэгтэйгээ танилцаад энэ сайхан бүтээлд хамтран ажиллаа. Хоёр Ганаа бол үнэхээр мэргэжлийн академик түвшний театрын боловсролтой уран бүтээлчид юм байна гэдгийг ч илүү мэдэрлээ. Харин миний дүрийн хувьд хэрэв би найруулагч нь байсан бол сонгохгүй байхаар дүр байлаа. Гэтэл Ганаа эсрэг дүрд заавал ширүүн төрхтэй нэгэн тоглох биш харин ч гэмгүй царайлсан нэгнээс юу ч гарч болно гэсэн санааг тухайн дүрд гаргасан нь сонирхолтой шийдэл байв. Энэ ч байдлыг гаргах гэж дүрдээ хичээж ажилласан. Өөрөөсөө өөр хүнд тоглоно гэдэг уран бүтээлчээс их зүйл шаарддаг л даа.

Миний хувьд дүрдээ орохын тулд гадаад, дотоодын хөгжим сонсох байдлаар дүрийнхээ мэдрэмжийг олж авахыг хичээсэн.

СУУДАЛДАА СУУХААРАА...

             Аясаараа юм шиг мөртлөө ихэд адгуу, аливаа ажил руу зоригтойхон ханцуй шамлаад ордог, эхлүүлснээ чамбай хийхийг зорьдог яс чанар түүнийх аж. Тиймдээ ч чанараараа гудайхгүй, чансаагаараа зоолттой дээгүүрт багтдаг “Төрийн дайсан”, "Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Найзууд”, “Илд цэцэг”, “Бууны сумыг буцааж болохгүй”, “95%”  бүтээлийн зохиолыг нь бичин, найруулж, кино урлагт өөрийн жимийг татаад хэдийнэ 20 шахам жил болжээ. Ингэхдээ 48 цаг богино хэмжээний хоёр удаагийн тэргүүн байр, нэг удаагийн үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан бол  “Эзэгнэгч” киногоороо “Filmapoloza” наадмын шилдэг шалгарч, Каннын наадамд оролцож байсныг дурдах нь зүйтэй.

           Түүнээс найруулагч, найруулагчийнхаа бүтээлд тоглоход өөртөө юу сурч авдаг талаар асуухад “Найруулагчид өөрсдийн онцлогтой. Тухайлбал, Херо Баатар найруулагч зураач суурьтай учир бүтээл нь өнгөлөг байдаг бол Д.Ганцэцэг найруулагчийн хувьд жүжигчидтэйгээ тулж ажиллаж, дүрдээ анхаардаг онцлогтой. Харин миний хувьд хэдийгээр жүжигчин мэргэжилтэй ч жүжигчдээсээ жаахан зайтай найруулагч. Учир нь жүжигчний ажиллагааг нэгдүгээр найруулагч хариуцаад, би дүрслэл талдаа илүү анхаарал хандуулдаг. Мэдээж суралцах зүйл ч бий” гэнэ.

                  Үнэхээр ч хүн харахад зурагтны ард суугаа юм шиг, эсвэл юу ч хийгээгүй байгаа юм шиг мөртлөө найруулагч тархиндаа нэг хором ч амрахгүй бодож, байнгын санааны эрэлд хатаж явдаг улс байх. Тиймдээ ч тэр найруулагчаас чиглэл аваад, дүрд ажиллахдаа харьцангуй амарч, оюуны тэр их бодол, ачааллаас жаахан ч болов алсарч, нэг зүйлд анхаарлаа хандуулах аргатай болдог байх нь.  Гэсэн ч төд удалгүй зохиолч, найруулагчийнхаа суудалд сууж, хийх гэж зорьсон бүтээлээ тархи, сэтгэлдээ “зурж”, “будаж” бэлэн болгоод, бүтээл болгон амилуулахаар автдаг гэмээр. Түүнийг ийн ажиллахад “уруу татагч” нь үзэгч.

Олон сар, хоногоор бодсон бүтээлийг нь үзэгчид дурлан үзэж, түүгээр амьсгалж байгааг хараад л дараагийн уран бүтээлээ хийх “жигүүр ургаж”, жаргалтайгаар камерынхаа ард гарч, ядрахаа умартан дахиад л мянган бодол, түмэн санааны эрэлд гардаг аж. 

           Бүтээлийг нь үзээд үзэгч аль нь вэ гэдгийн мэдэж, шүүж болох ч зориуд өөрийнх нь байр суурь, үзэл бодлыг сонсох үүднээс  “Та найруулагчийн хувьд хэлбэр, агуулга хоёрын алиныг нь барьж ажилладаг вэ” гэж асуусан юм. Тэрбээр “Зэрэгцүүлэн ажилладаг. Ганц хүнд үзүүлэх талыг барьж ажиллаад байж болохгүй. Уран бүтээлч хүн өөртөө үнэнч байх хэрэгтэй. Гэхдээ кино нэг талаасаа урлаг, нөгөө талаасаа бизнес байдаг .Би үзэгчдээсээ хэт түрүүлж явна уу, хоцрох гээд байна уу гэдгээ тооцоолдог. Урлаг үзэгчдийнхээ урд явах ёстой гэдэг үнэн. Түүнээс хэн нэгнийг хүмүүжүүлэх ёстой зүйл биш, харин мэдрэмж өгөх ёстой” гэсэн юм. Цаашлаад “Найруулсан бүтээлийнхээ дүрд өөрөө тоглох их сонирхолтой санагддаг. Та өөрөө сонгодог юм уу, продюсер, нэгдүгээр найруулагч нь танд дүр санал болгодог уу” гэхэд “Киноны тухайн дүрийн насанд таарах хүнийг хайна, заримдаа бол өөрт тохирох нь байвал өөрөө орох нь бий. Гэхдээ энэ бол өөрийн найруулж буй бүтээлд гэдэг үүднээс л дээ. Түүнээс өөр хүний бүтээлд санал тавихгүй бол орохгүй шүү дээ” гэж байв. Харин киноны амин сүнс зохиолын тухайд тэр тун хянамгай, мөнхүү өөрийнхөөрөө эрх чөлөөтэй, өөрт төрж байгаа мэдрэмж, бууж байгаа илэрхийллээ бүрэн гүйцэт шингээж бичихийг зорьдог байна. Мөн зохиолоо бичих явцдаа тэмдэглээ хийж, дараа нь тэр дагуу найруулгаа хийх нь олонтаа аж.

Тухайлбал, “Хонх дуугарна...” гэхийг хонх чарлана гэх юм уу мэдрэмжийн хувьд зөрүүтэй байдлаар тэмдэглэгээ хийж, дараа нь найруулахад өөрт дөхөм байдлаар ажилладаг байна.

-ААВ МИНЬ ШҮҮГЧ, ЭЭЖ МИНЬ УИХ-ЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГИШҮҮН  БАЙСАН-

             Жүжигчин, найруулагчийнх нь хувьд дээр өгүүлэхийг зорьсон бол энэ хэсэгт П.Дэлгэрбаяр гэж уран бүтээлч хаанаас эхлэв, хэн бэ гэдгийг сонирхлоо.

               “Бэрс” кино урлагийн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр Хүүхэлдэйн театр, О.Машбат найруулагчийн үүсгэн байгуулсан “Монголжин” студэд туслах найруулагчаар тус бүр жил ажиллаад л бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн юм билээ.

              Тэр “Сайн кино, ном бол миний багш. Мөн залуу, ахмад үеэсээ суралцана. Миний хувьд сургуулиа төгсөөд, нэмж сурч мэдэхийн эрэлд гарсан нь “Хүүхэлдэйн театр”, “Монголжин” студи юм. Хүүхэлдэйн театрт очиход Б.Лхагвасүрэн найрагч даргаар нь ажиллаж байлаа. Зохиол бичих, зохиолч хүн ямар байдгийг би тэндээс суралцаад, дараа жил нь тухайн цагт хамгийн сайн уран бүтээлийг гаргаж байсан “Монголжин” студийг зорьсон. Тэнд очихдоо би “Танай хамгийн доод ажлаас эхэлж суралцмаар байна” гээд туслахаас нь эхэлж, кино хийх зарчим, өнөөгийн нөхцөлд хүмүүстэй хэрхэн гэрээ хийх зэрэг олон зүйлд суралцсан. Тэгээд л хүн аливаа зүйлээс өөрийнхөө савны хэмжээгээр хутгаж авна гэдэг шиг өөртөө хэрэгтэй зүйлсээ сурч аваад л дараа жилээс нь бие даасан уран бүтээл рүүгээ орсон” гэж анх бүтээл хийх эхлэх гэж байсан бэлтгэл үеэ дурсан ярина.

              Харин багаасаа кино урлагт дурлаж, жүжигчин, найруулагч болох мөрөөдөлтэй байж. Кино үзэхээс гадна уран зохиолын ном түүнийг зохиолч, найруулагч, жүжигчин болох эхлэл болж, уншсан зохиолоо ургуулан бодож, кино болон амилж байгаагаар төсөөлдөг хүүхэд байжээ. Аав нь шүүгч, ээж нь хуульч мэргэжилтэй бөгөөд Улсын бага хурлаас Их хурал руу орсон ганц эмэгтэй гишүүн хүн байна. Харин ээжийнх талын өндөр өвөө нь С.Жамъянгарав гэж номтой гэгээн хүн байсан гэнэ. П.Дэлгэрбаяр жүжигчин “Өвөөгийн минь нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль гэж байлаа. Гэр бүлийнхнээсээ би ганцаараа урлагийн хүн болсон. Аав, ээж минь өөрсдийн хүслээрээ л ажиллаж, амьдар гэсэн үзэлтэй их дэмждэг байлаа. Оюутан байхдаа байраа барьцаалж кино хийх гэж хичээж байсан ч үе бий. Тэр бүхэнд хүүдээ итгэж, чадна гэсэн зориг өгдөг байсан. Аав минь миний оюутны ажлыг үзээд их баярлаж байсан нь санаанаас гардаггүй юм” гэх бөгөөд өдгөө хүртэл тэднийхээ итгэлийг алдалгүй уран бүтээлээ хийж, өнөөдөр ч хичээж яваагаа өгүүлж байв.

КИНО БАГИЙНХАНТАЙГАА НЭГ ГЭР БҮЛ ШИГ БАЙХЫГ БОДДОГ

         Гол төлөв эсрэг дүрд тоглодог уран бүтээлчийг дүрээр нь бодох тал бий. Түүний хувьд мэдээж дүрээсээ харин ч эсрэг зөөлөн, намдуу, нийтэч, хамт олонч нэгэн аж. Энэ тухай “Би хувь хүн талдаа, найруулагчийн хувьд ч хурц ааштай биш, харин ч хэн бүхэнтэй нийтэч, гэр бүл шиг нь байхыг хичээдэг. Хүний араншин шатрын хар цагаан тал шиг ялгарчихсан зүйл биш, харин сааралдуу гэнэ. Харин түүнийг цухалдуулдаг зүйл нь цаг барихгүй байх. Кино олон хүний хамтын бүтээл учир нэг хүн цаг барихгүй байхад л бүх зүйл хоцорч, хойшилж, мөнгө, цаг, хөдөлмөр үнэгүйдэх эрсдэлтэй байдаг учир аль болох цагтаа байх зарчмыг баримталдаг гэсэн.

       Ийм л нэгэн завгүй найруулагч, уран бүтээлч тэрбээр өнөө мөдгүй цоо шинэ дүр, үзэгчдэд хүргэсэн бүтээлийнхээ дараагийн цувралыг хүргэхээр зэхэж сууна. “Зүрх өвдөх асуудал бий, боксоор хичээллээд овоо гайгүй болсон ч эргээд л өвдөж, эмнэлэгт хэвтэх заалттай л яваа” гэдгээс нь амралтгүй ажиллаж, амрахаар суусан ч кино үзэж, ном уншиж, санаа эрж, зохиолоо бичих гээд ажлаа л хийдэг байна.


ЖҮЖИГЧИН, НАЙРУУЛАГЧ П.ДЭЛГЭРБАЯР: Дүрээрээ үзэн ядагдаж, үзэгчийнхээ шидсэн чулуунд оногдвол би лав баярлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188