• Өнөөдөр 2024-05-03

ЖҮЖИГЧИН, НАЙРУУЛАГЧ Д.ДЭЛЭГНЯМЫН АЧ ОХИН Э.АНУУДАРЬ: Өвөө минь хөгжилтэй, наргианч хүн байсан гэдэг

2023-08-30,   2260

             “Энэ хүүхнүүд үү” киноны Төмөрийн дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч Л.Жамсранжав гуай тоглодог доо. Харин Төмөрийн найзад богино буржгар үстэй, гялалзсан нүд, өндөр хамартай, тун сайхан инээмсэглэлтэй хүн тоглосон нь жүжигчин, найруулагч Данхарын Дэлэгням.

            Ховд аймгийн театрт найруулагчаар ажиллаж, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Улаанбаатарт байгаа миний аав” зэрэг бүтээлийн туслах дүрд тоглосон нэгэн. Түүний хань Ховд аймгийн Манхан сумын уугуул, чимэг дуучин Ө.Рэгзээ юм. Тэрбээр ханийнхаа талаар “Өвгөнийхөө тоглосон киног үзэх бүрд хамт байгаа юм шиг л санагддаг. Урлаг үүгээрээ л сайхан юм даа. 1959 онд анхны кино драмын сургуульд явах гэж байхад нь би хоёр дахь хүүхдээ төрүүлэх дөхсөн байлаа. “Амрагийн гэрээс” гэж дууг дуулан ханийгаа сургуульд нь үдэж өгч байсныг мартдаггүй юм” гэнэ. Тийм сайхан гэр бүлийн уран бүтээлчид Ховд аймгийн театрт олон жил ажиллаж, долоон хүүхдийн аав, ээж болцгоосон байдаг. Бид жүжигчин, найруулагчин Д.Дэлэгням гуайн ач охин, ковер дуучин Э.Ануударьтай ярилцлаа.

      -Таны өвөө жүжигчин, найруулагч  Д.Дэлэгням “Улаанбаатарт байгаа миний аав”, “Энэ хүүхнүүд үү”, “Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд туслах дүр бүтээсэн уран бүтээлч юм байна. Өвөө нь ямар хүн байсан юм бэ?

         -Өвөө минь мэргэжлийн кино найруулагч, жүжигчин хүн байсан. Их сайхан шүлэг уншдаг, хөгжилтэй наргианч хүн байсан гэж авга ах, эгч нараасаа сонссон. Өвөөгийнх байнга л хүн орж, гарсан олонтой айл байсан юм билээ. Миний хувьд өвөөгөө сайн мэдэхгүй, ахыг минь нэг настай гаруй байхад өвөө минь элэгний С вирус өвчнөөр нас барж байсан юм байна лээ. Өвөөгөө өөд болсных нь дараа би төрсөн л дөө. Гэхдээ өвөөгийн тоглосон киног үзээд, “Өвөө минь аавтай их адилхан хүн байж дээ” гэж бодсон. Ховд болон Завхан аймгийн театрт найруулагчаар ажиллаж байсан гэдэг.

-Дээрх бүтээлээс өөр ямар уран бүтээлд тоглож байсан юм бэ, театрт ч олон жүжиг найруулсан байх нь?

      -Өвөө минь тайз, дэлгэцийн олон уран бүтээлд туслах болон гол дүрийг бүтээж байсан. Тэр дундаа тайзнаа их гарсан, өөрөө ч олон сайхан бүтээл найруулсан юм билээ. Тухайлбал, Ховд аймгийн театрт “Учиртай гурван толгой” тэргүүт Монголын томоохон сонгодог бүтээл, Оросын том зохиолд ч ажилласан хүн. Өвөөгийн үзэгчдийг байлдан дагуулж, өөртөө гарамгай татдаг байсан тухай нэг дурсамж яриа дэлгэхэд, нэг удаа театртаа болдог шүлгийн тэмцээнд ороод

 “Тагтаа хөөрхөн

   Тагтаа номхон

    Дандаа олуулаа

    Дандаа хөөрхөн...” гээд уншихад нь үзэгчид тав, зургаа дахиулсан байгаа юм. Ганцхан шүлэг уншаад л үзэгчдийг тэгж өөртөө автуулж чаддаг авьяастай хүн байсан байгаа юм. Багадаа энэ тухай сонсоод танхимын үзэгч, үзэгчдийн алга ташилт ч гэж төдийлөн мэддэггүй байлаа. Харин одоо олон хүний өмнө гарах амаргүйг, тэр тусмаа тэр олон хүнд дуу хоолойгоо хүргэж өөртөө татна гэдэг хэчнээн хэцүүг мэдэрч, өвөөгөөрөө бахархах шиг болдог юм.

-Өвөө нь ямар зан чанартай хүн байсан гэдэг вэ?

      -Дэлгэцээс харахад өвөө минь аавтай адилхан гялалзсан нүдтэй хүн шиг харагддаг. Бид ер нь өвөөтэйгээ их төстэй хүнхэр нүдтэй, монхор хамартай улс.Харин эмээ минь аливаад яс, цэвэрч нямбай, шаардлага өндөртэй эмэгтэй. Аав минь долоон хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд л дээ. Тэгээд өвөө, эмээ хоёрын тухай бидэнд хаа нэг ярьна. Тэр бүгдээс сонсож байхад өвөө минь ерөөсөө хүүхдүүдээ загнадаггүй, аливааг хөнгөн, хошин байдлаар давж гардаг хүн байсан байгаа юм. Харин эмээ уурлаж, дуугаа өндөрсгөх үед өвөө инээдэмтэй юм яриад эмээ болон хүүхдүүдээ инээлгээд, тэр чигээрээ инээд наргиан болоод тухайн асуудал дуусдаг байсан гэдэг. Тэгэхээр аливаад их эерэг, уужуу тайван хүн байсан нь тэр жишээнээс харагдаж байгаа юм. Аав өвөөгөөс тэр зан чанарыг нь авсан шиг санагддаг.

-Уулзаж байгаагүй ч өвөөгийнхөө талаар бодож, төсөөлөх зүйл байдаг болов уу?

     -Өвөөгийн минь нөлөөлөл амьдралд минь бага. Ухаан ороход л жүжигчин юм байна гэж мэдэн, киног нь үзэж, анх харж байлаа. Гэхдээ хүүхдүүдэд нэг тийм төсөөллийн хүн байдаг даа. Миний хувьд тэр хүн нь өвөө байсан. Багадаа гэртээ цоожлогдож үлдэхдээ цонхон дээрээ суугаад өвөөтэйгээ их ярьдаг байлаа. “Өвөө...”гэж байгаад л өөрт тохиолдсон зүйл болон санагдаж байгаа зүйлсээ ярьдаг байсан. Нээрээ би тийм хүүхэд байсан юм байна шүү, чамайг асуухаар гэнэт саналаа. Энэ талаар ч өөрөө мартсан байж.

-Хүүхдүүддээ юу гэж хэлж захидаг хүн байсан бол, энэ талаар аав нь дурсаж байсан зүйл бий болов уу?

          -Аав энэ тухай ярьж байсан зүйл байхгүй юм байна. Гэхдээ намайг багад аав минь үг бичээд өрөөний хаалган дээр наасан байдаг байлаа. Аав минь бичгийн хэлбэр их сайтай. Тэгээд л тууш дэвтэр дээр  “Залуудаа махаа идэж байж юм сураад, хөгширсөн хойно шөлийг нь уух сайхан”, “Шувуу шиг эрт босож, адуу шиг орой унт” гэж бичээд наадаг байсан. Эл үгсийн сэдлийг чухам хаанаас авч байсныг мэдэхгүй ч өвөө минь хүүхдүүддээ үлгэрлэдэг хүн байсан байх. Ямартай ч өвөө минь их ном уншдаг хүн байсан юм билээ.

-Таны урлагт дуртай нь өвөө, эмээгийн тань нөлөө тусгал болов уу?

      -Тэгэлгүй яах вэ, мэдээж өвөө, эмээ, аавын нөлөө бий. Урлаг миний хувьд амьдралын минь том орон зайг эзэлдэг зүйл. Урлаг намайг зүгээр ч нэг өөртөө татдаг биш их хүчтэйгээр автуулж чаддаг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

-Баярлалаа.

               Э.Ануударь өөрөө хүний их эмч мэргэжилтэй ч хөгжимд дуртай, тиймээс ч өөрийнхөө тоглолтоо үзэгчдэд хүргээд амжсан. Түүний аав Дэлэгнямын Энхнасан Ардын армийн дуу бүжгийн чуулгын бүжигчнээр ажиллалаг хүн байж. Харин ээж нь дуучин нэгэн байсныг бид түүний тухай "Гитар барьсан нэгэн ертөнц" нийтлэлдээ онцолж байсан билээ. Тэр нийтлэлийнхээ төгсгөлөөр энэ яриагаа өндөрлүүлье. Өрвөгөр үстэй шавилхан биетэй эмэгтэй яг одоо гитараа бариад 

"Шүүр унаад нисмээр байна
 Шүдгүй чавганц болмоор байна" гээд  хамгийн жаргалтайгаар дуулж суугаа. Түүнийг жүжигчин, найруулагч Д.Дэлэгнямын ач охин Э.Ануударь гэдэг.


ЖҮЖИГЧИН, НАЙРУУЛАГЧ Д.ДЭЛЭГНЯМЫН АЧ ОХИН Э.АНУУДАРЬ: Өвөө минь хөгжилтэй, наргианч хүн байсан гэдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-31 21:01:15
    Зочин: Завханы соёлын ордонд царайлаг жүжигчин хүн байсан санагддагн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-31 21:01:05
    Зочин: Завханы соёлын ордонд царайлаг жүжигчин хүн байсан санагддагн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-31 17:53:15
    Сүхбаатар : Дэлэгням Багшийн үед хамт ажиллаж байлаа Маш наргианч сэргэлэн Ухаалаг Сайхан хүн байлаа Үр Хүүхдүүд Ач нар нь Өвөөгөө дуурайсан авъяаслаг УХААЛАГ Сайхан сэтгэлтэй болж хүмүүжиж байгаад баяртай байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-31 07:02:31
    Oyuna: Сайхан хүн байсан.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188