• Өнөөдөр 2024-05-03

ЯРУУ НАЙРАГЧ Н.МӨНХСАЙХАН: Яруу найргийг цөхрөл гуниг, харуусал гэж төсөөлж байвал эмгэнэл

2023-08-23,   731

Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” буландаа яруу найрагч Н.Мөнхсайхантай ярилцлаа. Тэрбээр нутаг Дорнод аймагт аж төрөн сууж, уран бүтэлээ туурвиж буй нэгэн билээ. Ингээд уншигч та бүхэнд минь хөөрөлдөөнөө хүргэж байна.


-Танд юуны түрүүнд Эргэлт.мн мэдээллийн сайтын нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Дорнын тал нутагт сонин сайхан ихтэй юу, намжиржаа сайхан уу?

             -Сайхаан сайхан. Дорнын их тал амгалан налайж сайхан зун намар боллоо. Хөдөөний намайг тоож урьсан та бүхэнд гялайлаа. Ярилцлага авч үзсэнээс өгч үзсэнгүй. Би чинь нутгийнхаа Дорнод сонинд сэтгүүлч ухаантай арваад жил болж байгаа хүн. Тал яах вэ дээ гаслахдаа гаслаад гайхуулахдаа гайхуулаад л байж байна. Талын шаналалыг бид даах биш, ангижруулах биш. Газрын тос гэж гайгаар зэвсэг барьсан японууд зэрэмдэглэж чадаагүй байхад мөнгө барьсан хужаа нар л өрцийг нь цоолж байх шив дээ. Өнөөгийн эмгэнэл энэ юм даа. Бусдаар сайхан байна аа.

-Тал нутаг хүмүүний сэтгэлд ямархан сэрэл мэдрэмж, сэтгэл хөдлөл, тайтгаралыг төрүүлдэг вэ. Нар хамгийн түрүүнд манддаг тал нутагтаа амьдарч буй уран бүтээлчийн хувьд олон зүйлийг мэдэрч хардаг байх?
 

             - Би талдаа л төрсөн талдаа л үхнэ гэж боддог хүн. Ажин түжин амгалан тайвны өлгийдөө тааваараа сайхан л байна. Талын намар гэдэг чинь тэр аяараа сэрэл мэдрэмж, хөг уянга шүү дээ. Хайран талаа хамгаалж чадахгүй яваадаа л хааяа гутрах юм даа. Хөдөөгөөсөө холдох дургүй, одоо цагийн та нарын хэлдэгээр “Оркийн орк” гээч нь байна даа.

-Эх орны минь хязгаар нутгаас олон найрагч төрөн гарсан байдаг. Тухайлбал, Дорнын их найрагч Д.Нямсүрэн, Т.Содномжил зохиолч, оруулагч, яруу найрагч Ж.Нэргүй гээд л дурсаад байвал олон сайхан хүн бий. Таны хувьд эдгээр хүмүүстэй ойр дотно нөхөрлөж байсан нь мэдээж. Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн ул мөрөө үлдээсэн энэ сайхан эрхмүүдтэй ойр байсан сонирхолтой түүхээсээ хуваалцана гэж бодож байна?

             - Тэгэлгүй яах вэ. Энэ талд л би энэ агуу хүмүүстэй ойртож нөхөрлөж явна. Баттөмөрийн Тайван гэж сайхан найрагч ах минь байлаа. Тэр хүний нөмөр нөөлгөөр яруу найрагч нартай танилцаж дотноссон. Содномнамжил, Б.Бат-Орших, Г.Хүрэлчулуун, Д.Батжаргал гээд сайхан ах нар минь эдүгээ тэнгэрт шүлгээ бичиж буй. Тэд нарын минь үлдээсэн сайхан дурсамжууд олон бий. Ярьвал урт. Монголын том сэхээтэн, гүүш Ж.Нэргүй багш минь өчүүхэн намайг тоож шавиа гэдэгт ихэд баярлаж тэрхүү том хүмүүний үгийг олгой толгойдоо олон жил хийх гэж явна. Насаараа хил манасан яруу найрагч Ц.Жамбалгарав ахтайгаа олон жил дотно явлаа. Хөдөөгийн уран бүтээлчид гэдэг амь нэг, атаа хорслоос ангид, алдар гавъяанд үл тэмүүлэгчид байдаг юм шүү дээ. Чи боддоо, “Галууны дэгдээхэй олуулаа байлаа. Ганганаж ниссээр нутаг буцлаа.” гэж ардын дуу шахуу дуу, шүлэг бичсэн Н.Дугарсүрэн гэж манай найрагч ах байлаа. Тэр хүн алдар нэр элдэв амбиц хөөлгүй гав ганцаараа хорвоог туулсан. Орь ганц найрагчийг оршуулахад орчлон бас давчуу л санагддаг юм билээ. “Лимбэний М.Ганболд гэж мундаг авъяастай хөгжмийн зохиолч байна. Монголын хэдэн үеийнхэн дуулж өссөн “Цаг боллоо шүү ээж ээ. Цагаахан сүүгээ хөхүүлээч ээж ээ” хэмээх дууны аяыг зохиосон хүн шүү дээ. Одоо тэр Эрдэнэ-Цагааны талд ээжээсээ өөр дурсах юмгүй элдэв гуншингүй л амьдарч байна. Ийм агуу хүмүүстэй энгэр хормойд нь багтаж явсан болохоор би өөрийгөө азтай шүлэгч гэж боддог.



 

Талын шаналалыг бид даах биш, ангижруулах биш. Газрын тос гэж гайгаар зэвсэг барьсан японууд зэрэмдэглэж чадаагүй байхад мөнгө барьсан хужаа нар л өрцийг нь цоолж байх шив дээ. Өнөөгийн эмгэнэл энэ юм даа.

- “Сайн яруу найрагчийг мэдъе гэвэл төрсөн нутагт нь очоод үз” гэдэг үг бий. Тал нутгийн найрагчдийг тэнүүн сэтгэлтэй уужим хүмүүс байдаг болов уу гэж хардаг. Таныг энэ тал дээр хамгийн үнэн үгийг хэлнэ гэж бодож байна

           - Туулж барамгүй дуулж ханамгүй талын шүлэгчид дундуурхан хүн чанартай явбал тал гомдох биз. Биднийг зорьж ирсэн олон найрагчид хэлэх биз. Чи ч гэсэн ирж байсан биз дээ?

Тийм ээ

             - “Талыг тал туулж болохгүй Талыг тал дуулж болохгүй” хэмээсэн Магван-Эрдэнийн Саруулдалай гэж сайхан найрагч байна. Хаа холын Хөвсгөлийн тэрбээр Дорнодын найрагчидтай олон жил дотно нөхөрлөж дорнын талаас уяатай юм шиг байдаг. Бурхан болсон найрагч ах нарын минь номыг хүртэл гаргаж үнэнч нөхөрлөлдөө яваа нь үүний баталгаа биш гэх үү?


-Хүн бүхэнд л байнга уншдаг ширээний ном гэж байдаг шүү дээ. Та ямар номыг багаасаа уншиж, урам зориг авдаг байсан вэ?

             - Би дэлхийн, болоод Монголын сонгодогуудыг уншиж өссөн. Авга ээжийнх минь номын сан дүүрэн номтой айл байлаа. Гэхдээ тэр сонгодогуудаас яруу найрагчдын л номууд надад эрч хүч, урам зориг амьдрах итгэл өгдөг байсан. Агуу их О.Дашбалбарын шүлгүүдийг 13 настай хүү олж уншаад шүлэг гэдэг зүйлийг шүтсээр өдийг хүрч байна. Их найрагч Д.Нямсүрэн, эгэлгүй Р.Чойном энэ гурав миний шүтээн. Тэр нэгэн жил Балбар ахыг бурхан болсныг радиогоор сонсоод гарч гүйн морио унаад хээр очиж өдөржин тэнгэр ширтэж хэвтсэнсэн. Бөөн бөөн үүлс нүүсэн их гунигтай өдөр байж билээ. Яруу найрагч тусгаар тогтнол, эх орон, газар шорооныхоо илд бамбай, туг сүлд нь байх ёстой гэж би боддог. Дашбалбарын “Оюун санааны яруу найраг” номыг би байнга сөхөж хардаг. эргэн эргэн” унших дуртай, магад тэр миний ширээний ном болчихсон байх. Энэ ном түүний бурхадын зүг явахынхаа өмнөхөн бичиж үлдээсэн ном юм.

 -“Сарны тойром” яруу найргийн ном уншигдын танил хэдийнэ болсон. Тэгэхээр та энэхүү хэрхэн бүтэж, уншигчдын гарч хүрч байсан түүхээс хуваалцаач?
             - За битгий хүн явуулаад бай. 300 хан хувь хэвлэгдэж хотод огт зарагдаагүй номыг хэн мэддэг юм. Уржнан манай аймаг ерээд оны Монголын яруу найргийн сод төлөөлөгч, омголон шүлэгч Б.Бат-Оршихынхоо нэрэмжит “Талын шүлэг-2021” яруу найргийн наадам зохиож би түрүүлсэн ухаантай. Номын садан, дээд Монголын яруу найрагч Цэрэндаш маань тэргүүн байрын шүлэгчийн номыг ивээн тэтгэж өгнө хэмээгээд хэвлэж өгсөн. Ер нь миний номыг хөөрхий муу Өвөрлөгчид маань л хэвлүүлж өгсөн байдаг. Анхны “Хашгираан” шүлгийн түүврийг маань Хөлөнбуйр аймгийнхан хэвлүүлж өгсөн. Анхны номоо хэвлүүлэх шиг жаргал байдаггүй ч ахиад харахаар өөрийгөө болоогүйг мэдрэх ай бас чанга шүү. Анхны номын шүлгүүд минь их агсан, бухимдуу аястай. Их л зоригтой байсан юм шиг байгаа юм. Одоо харахдаа хайран мод гэж боддог доо. Цаасыг чинь модоор хийдэг биз дээ. Гэхдээ яах вэ манай Ж.Нэргүй тэргүүтэн ихэд үнэлсэнд жаахан тайвширдаг юм.

 

“Утгын чимэгт” ганц өгүүллэг явуулсан чинь шилдэг 10 гээчид нь багтсан биш шүүмжлэн цохигчдод ууцаа хуга цохиулсан.

- Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
             - Би угийн л шүлэгч байх. Эсвэл шүлэг сонирхогч. Яруу найрагч биш шүү. Яах вэ МЗЭ надад “Сэр-Од” өгсөнд баярладаг. Шүлгээ л бичиж өөрийгөө баясгаж байна даа. Өрөөлд нэг их хүртээлтэй юм биш. Үргэлжилсэн үг рүү орох санаатай ноднин хэдэн өгүүллэг бичсэн. Яах вэ гээд “Утгын чимэгт” ганц өгүүллэг явуулсан чинь шилдэг 10 гээчид нь багтсан биш шүүмжлэн цохигчдод ууцаа хуга шаалгасан. Тэгээд урам хугарч байснаа” үхсэн хүн бичдэг юмыг би яахаараа чаддаггүй юм” гээд шар хөдлөөд байж байгаа. Ер нь би чоно шигээ явж чоно шигээ үхчих юмсан гэсэн философитой хүн.

-Уран бүтээлч хүний амьдралын сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?
             - Нийгмийн хийгээд улс орны эмзэг талуудыг хамгийн амархан хүлээж авдаг. Түүндээ их эмзэглэж шаналах юм. Нөгөө төрийн өмнөөс оготно боож үхнэ гэдэг шиг. Магад сөрөг нь энэ байх. Сайхан гэвэл зөндөө шүү дээ. Би халхын аль ч хавтгайд очсон над шиг өөрийгөө яруу найрагч гээд бодчихсон нэг солиотой нөхөр ганц гожин өвөртлөөд угтана шүү дээ. Халтар хултар хэдэн шүлэгтэй номыг минь жинхэнэ халтар хултар болтол ноолж уншдаг хүмүүс урмыг үг өгөхөд сайхан л байдаг. Гэхдээ ямар шүлэг бичээд улс орноо хөгжүүлэх биш. Уг нь уран зохиол, шүлэг яруу найраг оюуны хэмжүүр баймаар. Одоо ч тэгээд англи, хятад хэлтэй л бол оюунлаг гэж үнэлэгддэг болж байх шив дээ. Уг нь энэ орчлонгоос буцахдаа эрхбиш Монголоор л баяртай гэж хэлж, монголоор л булшныхаа чулуун дээр үг сийлүүлэх байлгүй дээ.

 -Уран бүтээлчид “онгод” гэж их ярьдаг. Зарим нь “Онгод бол хөдөлмөр” гэдэг бол “Үгүй ээ, онгод бол гэдэг авьяас” гэж ярих нь олонтой. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?

             - Хөдөлмөр байсан бол хэдэн зуун удаа юм сараачаад сүүлдээ агуу мундаг болчих байлгүй дээ. Гэтэл хэдэн арван номтой нөхдүүд хүний сэтгэлд үлдэх нэг үггүй л үхэж байна шүү дээ. Амьддаа нэг ч ном гаргаагүй Содномнамжилын “Хаалга задгай шамбалын хаанаас ч орж болно” гэсэн үг яагаад үлдчихэж байгаа юм. Сэтгэлийн хоёр туйл дээр их мэдрэмж орж ирээд байх шиг санагддаг. Онгод тэнгэр гэж байлгүй яах вэ дээ. Бид чинь тэнгэр газараа шүтдэг эндээсээ эрч хүч, энергээ авдаг шүү дээ.

- Та өөрийн бичгийн арга барилынхаа тухай яриа дэлгээч. Өөр өөрийн сонин арга барилтай зохиолчид байдаг юм билээ. Жишээлбэл кино үзэж, зураг харж, дуу сонсож, зогсож, хэвтэж байхдаа гэх мэт. Таны арга барил сонирхолтой байх?

             -Нэг их арга барилсаад байх юм байхгүй ээ. Гэнэт л ороод ирдэг шүү дээ. Нойронд хүртэл. Бодвол онгод гээч нь юм байлгүй. Аа бас сайхан дурлаж сайхан шаналах чинь өөрөө онгод шүү дээ. Бүсгүй хүн гэдэг чинь өөрөө яруу найраг юм.

 

Хөдөө гээд гундсангүй гандсангүй. Хань сайтай, хүн ухаантай явбал тэгээд болох байлгүй дээ.

- Зарим яруу найрагч “Үг хүнийг захирдаг” гэдэг. Гэтэл зарим нь эсрэгээрээ “Хүн үгийг захирдаг” гэх юм билээ. Энэ тал дээрх таны бодол?

             - Ухаан муутай хүнээс юун хэцүү юм асуудаг юм дээ. Мань мэт шиг дэвэргэн хүмүүс үгэнд баярлаж үгэнд гомдож байдагийг бодвол нэгдэх нь байх. Эзэн Тэмүжин үгээрээ л захирч энэ дэлхийг эзэлсэн биз. Эзний зарлигаа үг дуугүй дагаж чадсан улс гүрэн гэхээр нэг юм бодогдоно байгаа. Чингис гэснээс бид дэлхийн талыг эзэлсэн гэж ярьж бичээд байдаг. Угтаа бид тухайн үедээ дэлхийг бүтнээр нь эзэлсэн юм шүү дээ. Газрын зурагт ч байгаагүй Америк, Австралийг яаж эзлэх билээ дээ. Тэр хоёр тивийг хэдэн онд нээсэн билээ.
- Уран бүтээлч хүний хувьд орон нутаг амьдрахад ямар давуу болон сул талтай вэ. Өөрийн хүссэн уран бүтээлээ хийхэд хүндрэл гарч байна уу?

             - Хөдөөгийн найрагчид хөдөөдөө жаргалтай. Болж байна аа. Сайхан л байна. Хөдөө гээд гундсангүй гандсангүй. Хань сайтай, хүн ухаантай явбал тэгээд болох байлгүй дээ. Уран бүтээлчид бид угаасаа их зүйл хүсэх биш. Аахар шаахархан ахуйгаасаа арай дээгүүрхэн сэтгэчихвэл уг нь болох юм. Гэвч энэ төр засаг талхны мөнгөө яаж олохыг бодуулсаар илүү их юм сэтгүүлэхгүй байна шүү. Би ч яах вэ нэг их тод томруун авъяастай биш. Авьяастай заримыгаа харахаар өрөвдөх юм байна шүү дээ.

- Яруу найрагчид, ном шимтэн уншигчид шүлэг, яруу найраг хоёр тэс өөр зүйл гэж ярих юм аа. Та уран бүтээлч хүний хувьд энэ ялгааг хэрхэн хардаг вэ?
             - Бид яруу найраг гэж хэвшчихсэн болохоос наадах чинь үнэн байх. Төрөл жанр нь ч өөр биз. Шүлэг, найраглал хоёр. Шүлэг бол сэтгэлээс гарч буй мэдрэмж, яруу найраг бол уянга, ухаарал, утга найруулга гээд бүх зүйл орсон төгс байх байлгүй дээ. “Сэгс цагаан богд, Буриад найраглал гэх мэт сайхан сайхан найраглалууд шиг.

Л.Өлзийтөгсийг шүтсэн бүхэл бүтэн үе гараад ирлээ. Өлзий сайн уран бүтээлч үү гэвэл тийм. Гэвч яруу найргийг цөхрөл гуниг, харуусал гэж төсөөлж байвал эмгэнэл юм

- Үе тэнгийнхээ уран бүтээлчдийн, нөхөрлөл, уран бүтээлийн талаар сонирхолтой яриа дэлгэнэ үү?

             - Үе тэнгийнхээ олон сайхан найрагчидтай гэмгүй сайхан нөхөрлөж явдаг. Заримыг нь ч гомдоодог л байх. Би чинь шалихгүй ээ мэдэхгүй омголон, долигонож нялганаж чаддаггүй хүн. Манай үеийнхэн ч тэгээд бас ч гэж үг даахтайгаа болчихсон доо. Б.Батсайхан, манай аймгийн П.Гэрэлхүү, Түмэнжаргал, Мөнгөнтуул, Орхонтуяа энэ хэдтэйгээ олон жил сайхан нөхөрлөж явна даа. Саяхан Болор цомын эзэн Д.Болдхуяг маань нэг өдөр залгаад “Алив найз нь ном гаргах гэж байна. Уран сайхны редактор хийгээдэх” гэж тушаасан. Нэг муу хөдөөний хэн ч мэдэхгүй шүлэгчийг ихэд тоосонд баярласан гэж жигтээхэн. Залуус их биеэ тоочихсон. Өөрсдөө л их мундаг гээд бүхэл бүтэн давхрага үүсгэчихээд байж байгаад нь эмгэнэлтэй санагддаг даа. Бусдыг уншихгүй. Биесээ нийлж хөөргөн магтана. Арай дөнгүүрхэн нь О.Цэнд-Аюуш, Цогбадрах, О.Элбэгтөгс энэ хэдийг харж суудаг даа. Овоо хэдэн авъяастай дүү нар байсан хэт их биеэ тоолт нь эвдээд байх шиг санагддаг. Хүн ер нь шүлэгч болохоосоо өмнө хүн болчих хэрэгтэй шиг байгаа юм. Эхнэр хүүхдээ хайрлаж чадаагүй хүн эх орон, яруу найрагч үнэнч байна гэж яриад ч яах вэ. Тийм биз дээ.

 
             Өлзийтөгсийг шүтсэн бүхэл бүтэн үе гараад ирлээ. Өлзий сайн уран бүтээлч үү гэвэл тийм. Гэвч яруу найргийг цөхрөл гуниг, харуусал гэж төсөөлж байвал эмгэнэл юм. Тэднийг би Өлзийтөгсийн өвчтөнүүд гэж нэрлэж байгаа. Монголын яруу найраг зарим нэг хүний хэлснээр мөхчихөөд байгаа юм байхгүй. Ямар уншигчид байхаас шалтгаалж харин мөхөх сэхэх яригдана. Монгол хэлнийхээ цагийг хасдаг, Монгол хэлээ хоёрт тавьдаг бодлого явах юм бол харин мөхнө байх. Бидэнд язгуурын өгөгдөл байгаа. Тэр өгөгдлөөр тэртэй тэргүй үлдэх шүлэг нь үлдээд мартагдах нь мартагдана. Аливаа цаг үеийн дууч нь яруу найрагчид байдаг. Чингис хаан есөн өрлөгөө магтаж шүлэглэсэн нь нууц товчоонд үлджээ. Тэгэхээр тэр агуу их хүн ч толгой холбодог байж ээ дээ. Тийм өгөгдөлтэй Монголын найрагчид том сэтгэж том байх хэрэгтэй. Төр улсынхаа төлөөө ч дуугардаг байх ёстой. Улстөрийн харалган харанхуй бодлого, үндэстний эсрэг зүйлийн төлөө ч тэр. Ганцхан Р.Чойном бүхэл бүтэн системийн эсрэг зогсож чаддаг байлаа, ганцхан О.Дашбалбар газар шороогоо хамгаалж чаддаг байлаа, ганцхан З.Дорж малын хулгайтай тэмцэж чаддаг байлаа. Одоогийн бид ичмээр байгаа биз. Монгол ялна гэсэн үгний төлөө л мояа-гаараа дуудуулж байна шүү дээ. Яагаад Монгол ялахад дургүй хэсэг гараад ирчихэв


ЯРУУ НАЙРАГЧ Н.МӨНХСАЙХАН: Яруу найргийг цөхрөл гуниг, харуусал гэж төсөөлж байвал эмгэнэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-26 14:27:24
    Г. Цоглхагва: Талын хүн болохоороо уужим сэтгэж тааваараа ярьжээ. Дурсаж, дурдаж явах хүмүүсийн нэг нь чи шүү Мөнхсайхаан!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-23 18:53:54
    Бямбаа: Агсам юмаа. Шүлэг нь ч тэр шүлэгч нь ч тэр. Уран бүтээл нь онгод хийморио бялхаж явах болтугай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-23 15:36:26
    Зочин: Сайхан ярилцлага болжээ, залуус уншаасай. Ганц нэг санаа абзацыг нь аваасай л гэе дээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188