• Өнөөдөр 2024-05-03

ТАТАР ХАМТЛАГ: Бидэнд дуу хөгжимгүйгээр амьдралаа төсөөлж байсан нэг ч өдөр байхгүй

2023-08-19,   988

-ДЭЛХИЙН ДУУЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ ХҮҮХДҮҮД ЭВДЭРСЭН ЧИНГЭЛЭГ ДОТОР АНХНЫ УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙЖ БАЙЛАА-

     1999 онд Дэнжийн мянгад өссөн гурван хүү дуу хөгжимд татагдаж, хип хоп хөгжмийг судалж, хэд гурван үг холбож, өргөн өмд, томдсон гуталтай гудамжаар алхаж байлаа. Яг тэр үед Монголд хип хоп хөгжмийн урсгал залуусын дунд моод болж, өргөн өмд, юүдэнтэй цамцаар гангардаг байсан цаг үе. Ингэж л хүсэл зорилго нэгдсэн залуус, дуу хөгжимд татагдан орж, анхны дуугаа гаргаж байжээ. Харин тэд өнөөдөр 20 жилийн ойн тоглолтоо хийх гээд догдлол дүүрэн завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Тийм ээ тэд бол Татар...

            Тэдний түүх хөрш айлынхаа эвдэрсэн машин дотор бэлтгэлээ хийж, ангийнхаа самбар дээр “ТАТАР ХАМТЛАГ” гэж бичиж эхэлсэн. Тэд 2003 онд анхны дуугаа дуу бичлэгийн “Сонор”  студид бичүүлж, албан ёсоор хамтлаг болсноо зарлаж байлаа. Түүнээс хойш тасралтгүй “Хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Хамтдаа”, “Эсрэг өдөр”, “Жаргалтай хос” зэрэг хит дуунуудыг бүтээсэн. Мөн “TATAR”, “SECOND ALBUM”, “ГАНЦААРАА”, “FREEDOM” гэх дөрвөн цомог гаргаснаар олон хүлээн зөвшөөрөгдсөн хип хоп хамтлаг болов.

    Тэд хамтлагаа байгуулаад жил ч болоогүй анхны “Татар” цомгоо гаргаж, фм, радионы шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж эхэлсэн.  Тухайн жилдээ “Хайрыг хүндэл” хэмээх анхны бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнд хийж, заал дүүрэн үзэгчдийн алга ташилтанд урамшин дуу хөгжмийн салбарт эргэлт буцалтгүй хөл тавив.

    Тэдний гаргасан уран бүтээл бүхэн сонсогчдын дунд хит болж, 2005 онд “Lumino” хамтлагтай хамтран “To Night”, 2006 онд “Бороонд ганцаардах”, 2013 онд “Нөлөөллөөс дээгүүрт”, 2018 онд 15 жилийн ойн тоглолт зэрэг олон ч том тоглолтын ард гарчээ. Ингэхдээ “Татар”, “SECOND ALBUM” цомгоо  дэлхий хөгжмийн зах зээлд албан ёсны эрхтэйгээр борлуулж чадсан анхны хип хоп хамтлаг болж байлаа. Хип хоп хөгжим сонирхогчид тэднийг дэлхийн хамтлаг болоход нэг хуруу дутсан гэцгээдэг. Гэхдээ одоо ч тэдний дуу нэлээдгүй хэдэн оронд эгшиглэсээр байгаа билээ. 

      Хамтлагийн уран бүтээлчид дуу хөгжмөөс гадна кино урлагийн салбарт хүч сорьж, 2006 “Аз жаргал The bad boy” уран сайхны киног бүтээсэн нь ч үзэгч, сонсогчдоос чамгүй өндөр үнэлгээ авсан.  Тэдний өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн бүхэн монголд хип хоп хөгжмийн урсгал хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан гэхэд маргах хүн байх биз ээ.

БИД ХАМТЛАГИЙНХАА ТҮҮХ ТУХАЙН ҮЕИЙН НИЙГМИЙН СОНИН СОДОН ҮЗЭГДЭЛ, ДУРСАМЖИЙГ ШИНГЭЭСЭН “ХАЙРЫГ ХҮНДЭЛ” ОЛОН АНГИТ КИНОГ БҮТЭЭЖ БАЙГАА

            Тэгвэл хүний насаар бол идэр насны гал цогтой үедээ хүрсэн, хамтдаа бүтээсэн түүхээрээ хэнд ч хүлээн зөвшөөрөгдөхөөр цаг хугацааг туулсан “Татар” хамтлаг энэ сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Бороо” хэмээх 20 жилийн ойн тоглолтоо хийх гэж байна. Бид тэдний завгүй бэлтгэлийн үеэр ярилцсанаа хүргэж байна.

-Ойн баярын мэнд хүргэе, тоглолтынхоо бэлтгэл хэр хангагдаж байна вэ. Завгүй, өдрүүд өнгөрч байгаа ч, доглол дүүрэн байгаа болов уу?

      -Ч.ЖАРГАЛСАЙХАН/Ч.Ж/: Бэлтгэл маш завгүй өрнөж, тоглолтынхоо өдрийг тэсэн ядан л хүлээж байна даа.   Тайзны бэлтгэл, тоглолтын дараалал жигдрээд, техникийн ажилдаа орсон байна.

      Д.МӨНХЧУЛУУН/Д.Ч/: Эргэлт.мн сайтын нийт уншигч, үзэгчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. “Татар” хамтлаг эргэлт хийх гэж байна. Бид 20 жилийн ойдоо зориулж тоглолтоо хийхээс гадна хамтлагийнхаа түүх болон тухайн үеийн нийгмийн сонин содон үзэгдэл, дурсамжийг шингээсэн “Хайрыг хүндэл” олон ангит киног бүтээх гээд тун чиг завгүй цаг хугацааг өнгөрөөж байна. Өнгөрсөн долоо хоногт бид гурвын бага насанд тоглох хүүхдүүдээ сонгосон. Гурван дүү маань бидний тоглолт дээр дуулах гээд бэлтгэлээ базааж байна. Киногоо ирэх оны нэгдүгээр сарын 1-нд нээх төлөвлөөгөөтэй ажиллаж байгаа.

    Д.БАТЗАЯА/Д.Б/: Тэгэлгүй яах вэ. Бид мэдээж хуучны сайхан дуугаараа сонсогчдоо хүргэхээс гадна ойдоо зориулж, Young Mo G, Ginjin хоёртой хамтран “Улаанбаатарын нулимс” дуугаа шинэчлэн дуулаад, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Мөн шинэ уран бүтээл цацах гээд завгүй л гүйцгээж байна даа.

-Хамтлагаа байгуулж байсан үеэ эргэн дурсвал. Татарынхан ямар хүүхдүүд  байв?

         Д.Б: Бид гурав 39 дүгээр сургуулийг төгссөн. Нэг удаа Жагаа бид хоёр “Хамтлаг байгуулах юм сан” гэж  яриад, ангийнхаа самбар дээр “Татар хамтлаг” гэж бичсэн юм. Тэгсэн ангийнхан маань гаднаас орж ирээд, уншчихсан. Тэгээд л биднийг харахаараа л “Аая, Татарынхан явж байна. Эд нарын “од” болно гэж юу байдаг юм” гэж шоолдог байлаа. Тэр үед бид нар тэднийг тоох сөхөөгүй, Хорооллын “HIP HOP Z” дэлгүүрээс хамгийн өргөн хувцсыг авч, өмсөөд л хамтлаг байгуулах хүсэлдээ автаж, дэлхийн хамтлаг болно гэж мөрөөдөж явлаа.

       Ч.Ж: Бид их хүмүүжилтэй хүүхдүүд байсан юм шиг санагддаг. Хичээлээ дуусгаад л зав гарвал зогсоо зайгүй л хөгжим оролдож, жинхэнэ хип хопоор өвчилсөн хүүхдүүд байсан даа.

-Арван жилээ төгсөөд хамтлагаараа уран бүтээл гаргаж, дуу хөгжмөө цааш үргэлжлүүлэх үү, үгүй юү гэж эргэлзэж байв уу?

            -Д.Б: Бидэнд дуу хөгжимгүйгээр амьдралаа төсөөлж байсан нэг ч өдөр байхгүй. “Дуу хийхгүй, одоо болъё” гэж бодох завгүй л түүндээ дурлаж, өөрсдийгөө хөгжүүлж, хип хоп хөгжмийг судалж байлаа шүү дээ. Францын хамтлагуудыг яаж үгээ бичиж, аяаа зохиож байна гэж хараад, үүнийгээ өөрсдөө оролдож үзээд явдаг байлаа. “Яаж сайжрах, ямар зүйл бүтээх вэ” гэж бодсоор нэг мэдэхэд өнөөдрийн “Татар” бий болсон байна.

-Олонд танигдаж, гадуур хүмүүс дууг нь аялаад явж байхыг харах мэдээж сайхан. Тэр үеийг эргээд дурсвал?

        -Д.Б: Яг 20 жилийн өмнө “Чамдаа өгсөн хайр” гэх дуугаа хит болно ч гэж бодолгүй, фм-д өгч байлаа. Тухайн фм-ээр дуу нь явна гэдэг нь маш чухал, том зүйл байсан. Тэгээд дуугаа явж байхыг сонсоод, “Ямар гоё юм бэ, бидний дуу Монголын “од”-уудынх шиг фм-ээр явж байна” гээд баярлаад л хоорондоо ярьж байсан.

    Тэгсэн дуу маань хит дууны жагсаалтыг тэргүүлсэн. Гадуур явахаар хүмүүс бид нар дээр ирээд, “Бид нар “Татар” хамтлагийнхан байна. Дэнжийн мянгын татар гэж мэдэх үү” гэж худлаа ярьдаг байлаа.  Тэгээд л бид “Клиптэй болж, царайгаа хүмүүст харуулчих юм сан” гэж бодож, явсаар 2004 онд “Хайрыг хүндэл” дууныхаа клипыг хийж анхны клипээ цацаж, олонд өөрсдийгөө харуулсан даа.

-“Ганцаараа” дуу бүтсэн түүхийн талаар ярьж өгөөч?

            -Д.Б: Анх “Бороо” дууг нэг охинд зориулж дуулсан. “Дурлалаар бороо нь ордог” гэдэг бороотой өдөр танилцаад, бороонд романтик байгаа. “Дуугарч амжилгүй хацар минь нордог” гэх нь надад хэлэхгүй үерхэж байсан охин маань АНУ-д суралцахаар явсныг, “Сэм сэмхэн биедээ дөхье. Сэрүүн цагаар тэвчсэнээ нөхье” гэдэг эргэж уулзсанаа л зүйрлэж, зохиосон юм даа.

            Заа тэгээд энэ дуу гараад байж байсан чинь нөгөө охин маань дахиад АНУ руу явсан. Тэгээд л “Ганцаараа” дууг гаргасан юм даа. Ер нь эргээд бодоход манай хамтлагийн дууг ихэвчлэн нэг охинд зориулж гаргасан байдаг. /инээв/

-“Татар” хамтлагийн эв нэгдэл юун дээр оршдог бол?

            -Ч.Ж: Биднийг хип хоп хөгжим нэгтгэж, 30 жил яг л нэг гэр бүл мэт ажил, амьдралынхаа бүхий л цаг үед хамтдаа байна.

            Д.Б: Шинэ дуу цацах бүрд биднийг дэмжиж, хүлээж авч байсан сонсогчид маань “амин сүнс” нь байх.

-Танай хамтлаг Монгол Улсаас дэлхийн хөгжмийн зах зээлд цомгоо борлуулсан анхны  хип хоп хамтлаг шүү дээ.  Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?

            -Д.М: Манай хамтлаг 2006 онд Япон Улсын хөгжмийн зах зээлд гарах гэж томоохон ажлуудыг хийж, цомгоо борлуулж байлаа. Нэг оролдлогоор дэлхийд гарна гэж байхгүй. Бид одоо Монголынхоо сонсогчидтойгоо илүү ойр байх, хуучны дуунуудаа сэргээж дуулах тал дээрээ л түлхүү ажиллаж байгаа. Манай хамтлагийн Заяа хамтлагийнхаа уран бүтээлийг хийхээс гадна бусад хамтлагуудтай хамтран ажилладаг. Бид дараагийн дүү нартаа мэдлэг туршлагаа хуваалцаж, дэлхийд гаргахыг хүсэж байгаа.

-Монголын хөгжмийн салбар хөгжил хэр түвшинд яваа гэж боддог вэ?

            -Д.Б: Бид яг л дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж би хувьдаа боддог. Өнгөрсөн 20 жилд л гэхэд Монголын хип хоп маш хурдацтай хөгжсөн. Одоо идэвхтэй уран бүтээлээ хийж байгаа Ginjin, Mrs M, Roockie,Young Mob G зэрэг залуус маш чадварлаг байна. Манай хамтлаг ч тэдэнтэй хамтарч, хуучны дуунуудаа сэргээн дуулж байгаа.

-Ярилцлагын төгсгөлд үнэнч сонсогчдодоо зориулж үг хэлээч?

            -Д.М: 20 жилийн турш биднийг сонсоно гэдэг нь өөрөө маш сайхан зүйл. Бидэнтэй сэтгэл зүрхэндээ дуугаар дамжуулан хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бид татар гэх нэг долгион, хэмнэл дор хамтдаа 20 жил болсон байна. Цаашдаа олон жил дуу хөгжмөөрөө дамжуулан урам зориг, сэтгэлийн жаргал бэлэглэж, ганцаардах үед нь дуугаараа хань болохыг хичээх болно оо.

            Ч.Ж: Хүн өнгөрүүлсэн амьдралаа эргээд харахаараа муу муухай биш сайхан дурсамжаа л илүүтэй санадаг юм байна. Тэр бүх жаргалтай үеүдэд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.

            Д.Б: Татарын сонсогчид байхгүй бол бид өнөөдөр 20 жил уран бүтээлээ тасралтгүй хийхгүй байсан. Та бүхэн бол бидний эргэх хүч, урам зориг, итгэл юм шүү, баярлалаа.

 

 

 

 


ТАТАР ХАМТЛАГ: Бидэнд дуу хөгжимгүйгээр амьдралаа төсөөлж байсан нэг ч өдөр байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188