• Өнөөдөр 2024-05-03

МОХОШГҮЙ "МОХАНИК"

2023-08-05,   822

    Монголын амьд хөгжмийн “ертөнц”-д үргэлж амь халуун оршиж, сонсогчдыг уран бүтээлээрээ байлдан дагуулж байдаг хамтлагийн нэг бол “Моханик”. Тус хамтлаг 2004 онд зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, өдгөө дөрвөн гишүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж байна.  Тэд өнгөрсөн хугацаанд “Зуугийн ундаа”, “Амарбаясгалант” гэх хоёр цомог,  “Морьтой ч болоосой”,  “Чи ирээгүй”, “Будагчин” зэрэг  50 орчим уран бүтээл хийсэн байдаг.

     Тэднийг  гурван жилийн сонсогчидтойгоо уулзахаар зэхэж буйг сонсоод, тэдний бэлтгэл дээр очиж, "Моханик" хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргал болон басс гитарчин О.Энэрэлт  нартай ярилцлаа.

       Бэлтгэлийн байранд нь түр саатаж, тэдэнтэй ярицлахдаа сонсогчид нь  яагаад мохошгүй "Моханик"  гэж нэрийтдэг гэдгийг мэдэх шиг боллоо. Тэд  Нэгдүгээр сургууль гэх эрдмийн их өргөөнд сөөсгөр жаахан долоон настай, дүрсгүй хөвгүүд байхдаа танилцаж, нэг ангийн сурагчид болж байжээ. Тэдний нөхөрлөлийн түүхийн мөчидхөн хэсгийг сөхөж, уран бүтээлийн он цагуудынх нь талаар  ярилцсаныг хүлээн авч уншина уу.

-Сайн байцгаана уу. Анх хамтлагаа байгуулж байсан үеэс яриагаа эхэлцгээх үү?

                -О.ЭНЭРЭЛТ/О.Э/: Бага байхад биднийг хөлбөмбөг болон дуу хөгжим нэгтгэж, найзлуулсан.  Дуу хөгжим сонирхдог хэдээрээ нийлж, зургаан хүнтэй эхэлж, төгсөхдөө дөрвүүлээ болж байсан даа. Одоо тэр бүрэлдэхүүнээрээ  19 жил тоглосон байна.

                  -Ц.ДАВААЖАРГАЛ/Ц.Д/: Анх байгуулагдаж байх үедээ бид чинь 14 настай жоохон л хүүхдүүд байлаа шүү дээ.  Тухайн үед хаанаас гитар авах учраа ч мэддэггүй байсан байх. Сургуулийнхаа болон таньдаг ах нарыгаа гитарыг гуйж аваад л тоглодог байлаа.

-Тухайн үед ямар хамтлаг сонсож, хөглөгдөж байв. Одоо манай хөгжмийн хөгжил хэр түвшинд байна вэ?

                -О.Э: Одоо үетэй харьцуулахад тэр үед рок урсгалын нөлөө их, хамтлагууд ч их байгуулагдаж байсан. Бидний хувьд гадаадын хамтлаг дуучдын дууг их сонсдог байсан. Арван хэдтэй хүүхдүүд учиргүй “Хурд”, “Харанга” сонсохгүй шүү дээ. Дээд үеэс энэ хоёр хамтлаг л байсан санагдаж байна.  Бид “Night train” хамтлагийн тоглож байгааг хараад, “Ийм гоё цэвэрхэн тоглож сурах юм сан” гэж боддог байлаа. Тэд жижиг бааранд тоглодог,бид  яг урд нь суугаад л ширтэж үздэг байсан даа.Одоо Монголд шинэ рок хамтлаг, дуу дутагдаж байгаа юм шиг санагдах үе бий.

                -Ц.Д: Биднийг анх гарч ирж байхад пм сонсогчдод хамгийн хүчтэй хүрдэг, сошиал тийм ч сайн хөгжөөгүй л байсан.  Харин одоо хөгжмийн хөгжил, нийтэд нөлөөлөх хурд сайжирсан байна.  Гэхдээ Монголын хөгжмийн зах зээл бусад оронтой харьцуулахад жижигхэн шүү дээ.  Тэгэхээр яах аргагүй нөлөө, давамгайлал нь ямар хөгжим, дуучин байна тэр нь л гарч ирж байна.  Одоо рок хөгжим хийхийг хүсдэг хамтлаг багассан юм шиг л санагдаж байна.

 -Арван жилээ төгссөнийхөө дараа “Хамтлагаа цааш үргэлжлүүлж авч явах уу, яах  уу” гэж эргэлзэж байв уу?

                -О.Э: Мэдээж хүн 20 гараад ирэхээр амьдралын талаар бодож эхэлнэ. Тэгээд “Гэр бүлгүй, залуу байгаа дээрээ хийх хэрэгтэй” гэж бодоод “Амарбаясгалант” цомгоо хийж байсан. Бид учиргүй өнгөрсөн хугацаанд нэг ч удаа учиргүй аймар муудалцаж, “Хамтлагаа тараана” гэж бодож, ярилцаж байгаагүй.

 -2005 онд “Playtime наадамд оролцож байсан гэсэн. Тэр талаараа дурсамж дэлгээч?

                  -О.Э: Бид тэр үед аравдугаар ангийн л хүүхдүүд, “Playtime” наадам биш , нэг өдөр л үргэлжилдэг үйл ажиллагаа рок шоу байсан. Одоо бодоход сайхан л байдаг юм.  Дараа жилийн “Playtime” наадамд оролцохыг хүсэж байгаа. Оролцохоор болбол эхлээд шинэ уран бүтээлүүд гаргана. 

                -Ц.Д: Тэрний дараа 2009 онд “UNIVERSE BEST SONGS” тэмцээн  анх зохион байгуулагдахад сонирхоод орж, шилдэг-25 оролцогчид багтаж байлаа.  Хааяа бичлэгээ санаандгүйгээр олж үзэхээр хөөрхөн санагддаг. Тухайн үед нэлээдгүй хүмүүс “Ийм хамтлаг байдаг юм байна” гэж  харж авсан байх.

-Олон танигдаад, гадуур хүмүүс дууг нь аялаад алхаж байхыг харах мэдрэмж үгээр илэрхийлэмгүй гоё байсан байх?

                -Ц.Д: Хамгийн анх радиогоор хамтлагийнхаа л дууг сонсох мэдрэмж сайхан байсан.

              -О.Э: Бид өөр хамтлагийн дууг сонсоод, толгой дохиод алхдаг шиг хэн нэгэн биднийг дууг сонсоно гэдэг  сайхан шүү дээ.  Байрны гадаа хамтлагийн маань бүтэн мэддэг хүүхэдтэй таарах ч үе байсан.  Тэр үедээ “Аан бид давгүй юм хийгээд, тэр нь хүмүүст гоё мэдрэмж өгч байгаа”  юм байна гэж л боддог байлаа.

-“Морьтой ч болоосой” гэх дуу бүтсэн талаар яриа дэлгээч?

        О.Э: Анхны уран бүтээлээ “Кукарики”  гэх нэрээр гаргаж байлаа. Харин Морьтой ч болоосой” гэх дуу олонд таниулж өгсөн.  Дууны үг аяыг Даваа, Цойжоо хоёр маань ихэвчлэн бичиж, заримдаа бөөнөөрөө сууж байгаад хийдэг.  Энэ дууны хувьд “Морьтой ч болоосой” УСК-ны нэр нь гоё санагдаад, “Ийм  нэртэй дуу хийе” гэж бодоод л явсан.  Үгийг нь морины магтаалаас авсан, ая нь ч хурдан хийгдсэн. Амархан үгтэй болохоор хүмүүст их хүрсэн байж магадгүй.  

     Харин хоёр цомгийн “Тайвшралын хөндийд” гэх дуугаа хамгийн удаан буюу хоёр жилийн хугацаанд бүтээж байсан. Энэ дуугаа би жинхэнэ уран бүтээл гэж боддог.

-“Моханик” хамтлаг үргэлж эв нэгдэлтэй  байхад юу нөлөөлдөг бол?

                -О.Э: Одоо бид яг л нэг гэр бүлд шиг болсон.  Уулзахгүй удсан ч өчигдөр салсан ч юм шиг л байдаг.

            -Ц.Д: Үнэндээ дөрвөн өөр зан ааштай. Гэхдээ нэгнээ байгаагаар нь хүлээн авч, нөхөрлөсөөр л байна.  Тэгж хайрладаг болохоор чөлөөтэй уран бүтээл гардаг байх.

-Удахгүй шинэ уран бүтээлүүд гаргах бодол бий юү.

                -О.Э: Шинэ хөгжим гаргахгүй, хуучин дуугаа дуулаад л байх чинь уран бүтээлч хүнд уйтгартай. Магадгүй сонсогчдод дагаж дуулахад сайхан байдаг байх. Бид 2020 онд Архангай аймагт тоглосноосоо хойш тайзан дээрээ огт гараагүй. Тайзаа, сонсогчдоо санаж байна.

-Урлагийн ямар хамтлаг, дуучидтай илүү дотно бол?

                -О.Э:Рок хамтлагуудтай нээх дотно биш мэнд устай сайхан харилцаатай л байдаг. “The Colors” хамтлагийн дүү нартайгаа бол илүү дотно байх. Биднийг анх гарч ирж байхад, үйл ажиллагаа, клипний ажлууд дээр  тусалдаг, хамт байдаг байлаа.

 -Ярилцсанд баярлалаа.  Сонсогч нартаа хандаж үг хэлэх үү?

                -О.Э: “Playtime” наадмаас буцаж явахдаа санаандгүй манай дууг сонсдог нэг залуутай таарсан юм. Тэр “Би танай “Амарбаясгалант цомгийг амьдралд хэцүү зүйл тохиолдох, сэтгэлээр унах үедээ бүтэн сонсдог. Тэгэхээр яг Гандан ороод, хийморийн сан тавиулсан юм шиг сэтгэл сайхан болдог” гэж билээ. Надад тэр үг сайхан санагдсан. Бидний дууг сонсдог бүгдэд “Баярлалаа” л гэж хэлье дээ.

                -Ц.Д:  Хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт биднийг дууг сонссон, сонсох бүх хүнд баярлалаа. 

 

 

 

 

               

 


МОХОШГҮЙ "МОХАНИК"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-08 20:34:59
    олдол: Гоё хамтлаг шүү үхсэн хатсаны Хурд Харанга.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-07 17:17:24
    К: Эхлээд Харанга Хурд аа сонсчоод дараа нь чарла, бас тэрүүхэн тэндээ амбицтай бас.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188