• Өнөөдөр 2024-05-03

АРГАГҮЙ АГУУ Ц.ЦЭГМИДИЙН ХҮҮ ЮМ АА, ТЭР

2023-06-22,   2906

              Тэр өдгөө 60 нас давж яваа. Монголын урлагийн тайз, дэлгэцэд 47 жил ажиллаж, өнөөдөр ч залуу үеэ үлгэрлэн тайзнаа зогсож байгаа түүнийг харахад “Аргагүй агуу Ц.Цэгмидийн хүү юм аа” гэж бодогдоно. Аавынхаа нэрийг өндөрт өргөж, багш нарынхаа зааж сургасныг амьдрал, уран бүтээлдээ мөрдөж, хорь гаруйхан наснаасаа урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн тэр өнөөдөр ч иртэй, хавтай, эрч хүч, авьяас билиг амь халуун хэвээр байна. Үүнийг бид  “Шөнө дундын бүжиг” жүжгийн Амигогийн дүрээс тод харлаа. Ганц эл жүжиг ч биш сүүлийн жилд хоёр, гурван тайзны бүтээлд залуусаа хөтлөн тоглож, том нөмөр түшиг, хань бараа нь болж буй юм.

          “Хүний амь” киноны Эрдэнийн дүрээс л Монголын урлагт өөрийн мөр жимийг татаж, 25 настайдаа төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын дүрийг бүтээж, Төрийн шагнал хүртсэн. Мөн “Суварган цэнхэр уулс” киноны Саруултөгс, “Нарны унага” киноны Зоригт, “Фронтод явах өргөдөл” киноны Базар, “Мандах нарны туяа” киноны Сю Шүжан, “Амьдралын нахиа” киноны Баяраа, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Жамух, “Төрийн сүлд өршөө” киноны Хятадын генерал, “Ээждээ л үнсүүлэх сэн” киноны Ерөөл, “Үхэж үл болно” киноны Чингис хаан гээд дэлгэцийн олон сайхан кинонд өөрийн өнгө төрх, жинтэй дүрийг тамгалж чадсан.

             Мөн тайзнаа ч “Бооцоо” жүжгээс эхлэн “Надаар тоглосон хайр”, “Зөрүүд эрийг номхотгосон нь” зэрэг олон бүтээлийн гол болон туслах дүрд тоглож, тайз, дэлгэц хослуулан ажилласан. Өдгөө харин тэр М.Батболд найруулагчийн гурван ч бүтээлд тоглолоо. Залуу уран бүтээлчидтэй гар нийлэн шижигнэтэл ажиллаж, үргэлж бүтээлийн эрэлд гарч, дүрээ гүнд нь ортол судалж бүтээдэг зогсолтгүй хөдөлмөрч түүнтэй “Шөнө дундын бүжиг” жүжгийн үеэр ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-АМИГОГИЙН ДҮР САЙН, МУУ ХОЁР ТАЛТАЙ-

-“Шөнө дундын бүжиг” жүжгийн Амигогийн дүрээс яриагаа эхэлье?

          -Амигогийн дүрээ өмөөрч байгаа. Учир нь, амьдрал, хайр сэтгэл, бизнесийн үйлдлээр гол дүрийн залуу болох Хавхаас өш хонзонгоо авч байгаа дүр л дээ. Арваад жилийн өмнө хайртай эмэгтэйг нь Хавх цонхон дээрээс түлхсэний хариуг авах гэж байгаа юм. Хүн өөрийн хайртай, дуртай юмыг эвдэж бусниулах үед тухайн хүндээ муу санана, “Яаж өшөөгөө авах вэ” гэж бодно. Ямар ч хүн өөрийнхөө сэтгэл зүрх, оюун санаа, амь амьдралаа зориулсан зүйлд харам байдаг. Тийм л хүний нэг бол Амиго. Нэг ёсондоо хайр сэтгэл, амьдралыг нь бусниулсан хүнээс өшөөгөө авахын тулд олон жилийн хугацаанд өөрийгөө бэлдэж, зэхсэн хүн. Харин муу тал нь хүний алдаан дээр өөрийнхөө санасан зорьсондоо хүрч байгаа хүн. Тэгэхээр Амигогийн дүр сайн, муу хоёр талтай.

          М.Батболд найруулагчийн гурван ч бүтээлд ажиллалаа. Сэтгэж бодох нь өөр, шижигнэсэн хурдтай залуустай ажиллахад та ч мөн олон зүйлийг авч, сурч байгаа болов уу?

     -Мэдээж тэгэлгүй яах вэ, залуусаас сурах юм их байна. Анх би “Орфей” театрын Ф.М.Достоевскийн зохиол “Гэм зэм” жүжгийн Свидргайловыпийн дүрд тоглосон, дараа нь АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал” жүжгийн даатгалын эмчийн дүрд тоглосон. Одоо харин  “Шөнө дундын бүжиг” жүжгийн Амигогийн дүрийг бүтээсэн. Манай жүжгийн хувьд тайзны шийдэл, үзэгчдийн орчин ахуй гээд цөм өөр, шинэлэг байгаа. Тэгэхээр энэ зохион байгуулалт, энэ найруулга, залуу жүжигчдийн сэтгэлгээ, шинэ содныг бодож, эрэлхийлж байгаа байдлаас ахмад жүжигчин миний хувьд олон зүйл сурч байна. М.Батболд найруулагчийн хувьд шинэ залуу сайхан найруулагч, нэг зүйл бодсон л бол түүндээ заавал хүрдэг хүн. Миний хувьд найруулагчтайгаа их нарийн ярьж дүрээ бүтээдэг. Тэгэхээр М.Батболд найруулагч бидний уран бүтээлийн ажиллагааны арга барил ижил санагддаг. Мөн уран бүтээлчидтэйгээ харилцаж, ажиллаж байгаа нь ч зөв зүйтэй харагддаг.    

    -Та “Одоо би залуу наснаасаа ч илүү эрч хүчтэй ажилламаар байна” гэсэн  байна лээ. Магад таны үеийн уран бүтээлч “Одоо ч би тайзнаа гарах хөг өнгөрсөн” гэж хойш сууж мэдэх юм. Гэтэл та улам л тайз руу тэмүүлж, залуусаасаа дутахгүй эрч хүчтэй ажиллаж байгаагийн гол учир юунд байна вэ?

          -Үхвэл тайзан дээрээ үхмээр санагддаг. Гэхдээ би хөгширсөн гээд таяг тулаад үхэхгүй, харин залуустайгаа хамтарч тоглож байгаад тайзан дээрээ нүд анивал сайхан гэж боддог. Тайзтай ойр байна гэдэг өөртөө энерги цуглуулахаас гадна оюун санааны хувьд залуу байх, энергитэй байх том суурь болдог.  Тиймээс урт насалж, уран бүтээлдээ зогсохгүй оролцож,  үзэгчдэдээ сайн дүрийг үзүүлэх сэн гэж хичээн ажиллаж байна.

-Тайзны бүтээлийн тухайд ийм сонин сайхантай байх нь. Харин сүүлийн үед та кинонд бага харагдаад байна. Ямар уран бүтээлд орохоор зэхэж байна вэ?

             -Японы нэг киноны дүрд ажиллаж байгаа. Одоогоор жүжигт тоглож байгаа учир киноны зураг авалт жаахан хойшилсон. Манай Ш.Доржсүрэн, Зулаа хоёрын бүтээл л дээ. Өмнө би тэдний  “Хөх толбот хүмүүс” кинонд тоглож байсан, одоо шинэ бүтээлд эмчийн дүрд ажиллаж байна.

     -Таны тоглосон бүтээл, дүрийн талаар урт яривал урт яриа хөвөрнө. Онцолж, “Суварган цэнхэр уулс” киноны Саруултөгс, арай жаахан дунд эргэм насны хүүгийн дүрд тоглосон “Ээждээ үнсүүлэх сэн” киноны дүрийг асуумаар байна. Эдгээр дүр таны амьдрал дээрх зан чанар, хувь хүнтэй төстэй юм болов уу гэж үзэгчийн хувьд хардаг юм?

            -Би урлагт, тэр дундаа кино урлагт зүтгээд 47 жил болж байна. Энэ хугацаанд олон бүтээлд тоглосон. Өөрийн зан чанараар тоглосон кино бол “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс” хоёр байна. Эл бүтээлүүд миний багш Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн найруулсан кино. Харин “Ээждээ үнсүүлэх сэн” киноны тухайд би өөрөө тийм амьдралыг туулаад гарсан учир илүү өөртөө шингээж тоглосон дүр. Тэр дундаа би Одноогоо магтмаар байна, агуу авьяастай, миний алтан хамтрагч. Кинонд хамтарч тоглодог өөр нэг уран бүтээлч бол Ардын жүжигчин С.Сарантуяа. Ийм л сайхан хоёр хамтран тоглогчидтой шүү дээ, би.

-Ажиглаад байхад та хэнтэй ч  их дотно сайхан харилцдаг юм байна. Уг нь олон жил ажилласан туршлагатай, зөндөө ч том дүрийг бүтээсэн, цол хэргэмтэй гээд харвал та залуустаа зааж зөвлөж, үгүй бүр хаа нэг томорч болох юм шиг?

      -Би ёстой тэгж чаддаггүй юм, энэ сайхан шинэ залуу хүүхдүүдийн хажууд хамраа сөхчихөөд дуугарахгүй байж чадахгүй. Миний зан төрх угаас тийм биш, хэнтэй ч ярилцаж, бүх юмаа дэлгэчихдэг хүн. Харин намайг, үл тоовол харин ч нэг буулгана даа.

Дараагийн тайзны уран бүтээлийн төлөвлөгөө юу байна вэ?

      -Одоогоор тодорхой бодож төлөвлөсөн зүйл алга. “Шөнө дундын бүжиг” жүжиг намар тоглогдох байх. Нэг хэсэгтээ энэ уран бүтээлээрээ үзэгчидтэй уулзах байх.

          “Үхвэл тайзан дээрээ л үхмээр санагддаг ”гэж ярих тэр хүүхэд байхдаа онгоцны нисгэгч болох тухай л бодож байснаас нэртэй жүжигчин болж, олон сайхан дүрд хувирна чинээ бодоогүй явсан гэдэг. Тэгвэл цэргийн дунд сургуульд шалгалт өгөөд тэнцсэн түүнд ээж нь “Аав чинь нэртэй жүжигчин байсан, аавынхаа мэргэжлийг уламжилвал яасан юм бэ” гэж хэлсэн нь өнөөдрийн бидний хайртай уран бүтээлч болох, аавынхаа нэрийг үргэлж туг шиг намируулж, өндөрт мандааж явах ташуур үг байсан юм билээ. Ингээд тэр Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг дүүргэж, “Суварган цэнхэр уулс” киноны Саруултөгсийн дүрээр дипломаа хамгаалсан гэдэг. Үе үехэн толгойгоо илж ичингүйрсэн залуухан цэрэг Саруултөгс сурвалжлагчаар очсон Солонгод өөрийн зохиосон шүлгээ уншиж өгч байгаа хэсэг хэн бүхэнд дотно. Тэр ийм л гэгээн дүрээр Монголын урлагт инээмсэглэн орж ирснээс хойш урлагт  дуулгавартай, хэлсэн ярьснаа яг таг, тэгээд бүр давуулан биелүүлдэг сайн уран бүтээлч хүү нь болсоор өнөөдрийг хүрч явна.

       “Уран бүтээлд орж байгаа тохиолдолд гэртээ очоод тухайн дүр, бүтээлээ л боддог. Зохиолоо эргэж харна, хэлэх үг, өгүүлбэрээ бодно, яаж ажиллавал би амжилтттай ажиллах вэ гэдэгт л толгойгоо гашилгадаг” гэх ярианаас нь мэргэжлээрээ амьдарч, амьсгалж яваа нэгэн гэдэг нь илт. Тэр өнөөдөр ч тайзнаа гарч буй Амигогийн дүрээ ягштал бодсон нь лавтай.


АРГАГҮЙ АГУУ Ц.ЦЭГМИДИЙН ХҮҮ ЮМ АА, ТЭР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-26 12:20:56
    Ююююююю: Үнэн үг нэртэй бичигч чи хүн доромжилж худал цуурч болно гэж бодож байвал чамд би дунд хуруу өгъе.Чи миний аавын Хятад гэх түүхийг гаргаад ирвэл би хүлээн зөвшөөръе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-23 19:05:43
    Үнэн үг: Цагааны Цэгмэд гуай хятадын эрлийз юм гэсээн.сая Булганы театрыг нэрэмжит болгох гээд 3 үеийн намтараа өг гэсэн боловч Төмөрбаатар нь таг алга болоод сүүлдээ Булганыхан өөрсдөө судлаад явсан чинь яалтчгүй хятад гаралтай бсан гэсэн.тэгээд л Наранбаатрын нэрэмжит болгосын бна лээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-23 13:01:31
    Зочин: Хэлэх өөгүй сайн жүжигчин аргагүй л мундаг аавын хүү.70 хэдэн онд бид нэг лагерт гардаг байлаа жаахаан байсан боорцог идэж ус уугаад цуг тоглодог байлаа өдөржин тоглоно нөгөө муу лагерийн жижигхэн байшин дээрээ гарч тоглоол 4 өнгөрөөгөөд гэрээ цэвэрлээд хөөрхөн байжээ яаж ийм сайн жүжигчин болохыг мэдэх вэдээ ШАРГАМОРЬТ. Ямар хөаохөн байсын бид нэг ч удаа муудаж уйлалдаж байгаагүй санагддаг юм.Хамгийн аймаар юм хүчтэй салхитай том том бороо байсан шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-23 12:27:11
    Зочин: Ээж нь зөв залжээ. Урлагийн тэнгэрт нисч, дүүлж байна. Мундаг жүжигчин.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-23 09:55:42
    Иргэн: Сэтгэлд хоногшсон дүр бүтээдэг чадалтай, чадвартай, мундаг сайн, жүжигчин. шагналыг гуйж биш гуядаж авдаг , ард тумэндээ хайрлагдсан, хүндлэгдсэн сайхан жүжигчин. Амжилт хүсэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-23 09:55:32
    Иргэн: Сэтгэлд хоногшсон дүр бүтээдэг чадалтай, чадвартай, мундаг сайн, жүжигчин. шагналыг гуйж биш гуядаж авдаг , ард тумэндээ хайрлагдсан, хүндлэгдсэн сайхан жүжигчин. Амжилт хүсэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-23 09:55:22
    Иргэн: Сэтгэлд хоногшсон дүр бүтээдэг чадалтай, чадвартай, мундаг сайн, жүжигчин. шагналыг гуйж биш гуядаж авдаг , ард тумэндээ хайрлагдсан, хүндлэгдсэн сайхан жүжигчин. Амжилт хүсэе.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188