• Өнөөдөр 2024-10-15

ХАВАР БОЛЖ БАЙДАГ. С.НАЧИН БИД ХОЁР ЯРИЛЦААД Л, ЯРИЛЦААД Л БАЙЛАА

2024-02-10,   3801

                     Нэгнээ эгцлэн харж, ярьж суух хүртлээ түүний нэгэн шүлэг санаанаас минь огт гарсангүй. Түүний шүлэг автобусны хамгийн арын суудалд ч, бүрхэг өдөр намуухан хөгжим сонсоод явахад ч аманд аялагдсаар байв. Нэг л мэдэхэд

 “Эгэн одож буй миний гуниг ганцаардлыг анагаагч

Энэ чанагуух ертөнцөд яаж бүтээгдсэнээ

Өөрөө ч олж үзээгүй

Өр зүрхнээ энэрлийн элч гэрлийг цацруулагч минь 

Анх чамайг харсан үдшийн бүгээн цэгээн салхийг би

Амь цогондоо хадгалж дулаацаж л явдаг” хэмээн эхэлдэг түүний “Хавар болж байдаг” шүлгийг давтан давтан уншсаар “Мишээл экспо”-д ирлээ. Тэр гэдэг маань яруу найрагч С.Начин. Уг нь бид аль жилийн өмнө ярилцлага хийхээр ярьж, тохирсон юм. Гэсэн ч хойшилсоор өдий хүрсэн нь энэ. Харин бидний уулзах, ярилцах ёстой цаг нь л энэ хавар байсан шиг санагдсаныг уншигч танд дуулгая.

ӨӨРИЙГӨӨ УНШИЖ, БОЛОВСОРСОН ГЭДГЭЭ ХАМГААС ХҮНДЭТГЭДЭГ ЯРУУ НАЙРГААРАА ХАРУУЛАХЫГ ХҮССЭН ЮМ

-Таныг “Ай” номоо гаргаж, “Болор цом” тэргүүтэй яруу найргийн наадамд хэд хэдэн удаа оролцсоноос хойш хэсэг хугацаанд “Чимээгүй байна даа” гэж ажиглаж байлаа. Харин сүүлийн үед эргээд утга зохиолын үйл ажиллагаанд идэвхжиж, яруу найргийн наадамд ч оролцож байх шиг харагдсан. Чимээгүй хүлцсэн хугацаандаа юу амжуулж, юу олов. Эсвэл зүгээр л уран зохиол, шүлэг найргаа больё гэж бодож байсан юм уу?

-Анх 15 насандаа шүлэг бичиж эхэлснээс хойш 17 жил нисэх мэт өнгөрчээ. Одоо нас ч 30 гарлаа. Хэсэг хугацаанд чимээгүй байж, хүлцсэн минь хүмүүст “Больж байгаа” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн шиг байна лээ. Гэхдээ үгүй. Магад би хэзээ ч шүлэг бичихээ больж чадахгүй байх. Чимээгүй байсан, хүлцсэн цаг хугацаагаа уншиж, өөрийгөө боловсруулах үе байсан гэж дүгнэнэ. Зөвхөн өөрийн бус, бусдын бүтээлд цаг хугацаа зарцуулсан юм. Харин таны ажигласан шиг эргээд яруу найргийн наадам, уншлагад идэвхтэй орж байгаа минь өөрийгөө уншиж, боловсорсон гэдгээ хамгаас хүндэтгэдэг яруу найргаараа харуулах гэсэн хүсэл юм л даа.

-Анх шүлэг бичиж эхэлснээс тань хойш 17 жил өнгөрсөн талаар дурдлаа. Энэ хугацаанд их ч юм өөрчлөгдсөн байх. 20 гаруйхан насандаа сэтгэл хөдлөл, мэдрэмжээрээ бичдэг байсан шүлгүүд ч өөрчлөгдсөн болов уу?

-Би яруу найргийг томьёо гэж боддог. Уран бүтээлч хүн мэдэрсэн, олсон зүйлдээ хянуур хандаж, бүх хүнд ойлгогдохоор ойлгомжтой бичих ёстой байх. Түүнээс биш, зөвхөн өөрийнхөө мэдэрснийг биччихээд “Энэ бол миний мэдрэмж” гээд уншигчдад тулгаад байж болохгүй. Үнэн хэрэгтээ Монголын уран зохиол уншигчдаасаа алхам хоцорч яваа. Тиймээс ядаж л нэг алхмын урд яваа уншигчдаа хүндлэх нь зүй ёсны асуудал.

Харин бичиж байгаа шүлгийн хувьд их өөрчлөгдсөн байх. Анх бичиж байхдаа зүрх сэтгэлийн асуудлаас шалтгаалан их хайхрамжгүй хандсан байж магад. Одоо бол уран зохиол, ном бүтээл гэгч зүйл үнэн байх ёстой гэдгийг мэдэрч байна.

-Зарим судлаач, шүүмжлэгчийн үздэгээр яруу найраг хэн бүхэнд ойлгогдох бус, зөвхөн уран бүтээлч, яруу найрагч нь өөрөө ойлгодог байвал үнэ цэнтэй гэх юм билээ. Жишээлбэл, зөвхөн өөрөө ойлгох шүлэг бичээд “Энэ бол яруу найрагч. Гэтэл хэн ч ойлгохгүй байна” гэж зарлавал жинхэнэ яруу найраг болно гэлцэж байна. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг юм бэ?

-Миний бодлоор Монголын үе үеийн шилдэг яруу найрагчид хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой үгсээр хүний сэтгэлд хүрэх шүлэг бичсэн санагддаг. Яруу найраг хэт чамин бус энгийн байх тусмаа сайхан. “Хамгийн энгийн үгсээр шүлэг бүтдэг. Хамгийн энгийн шавраар гоёмсог ваар урладаг” гэдэг үг байдаг даа. Мөн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан “Шүлэг бичнэ гэдэг бодол ханах цаг” хэмээсэн байдаг. Энэ үгсийг голыг нь оносон үгс гэж боддог. Би өмнө нь хэлсэндээ үнэнч байна. Яруу найргийг хамгийн энгийн үгсээр бичдэг.

-Нэгэнт яруу найргийн тухай ярьсных хоёулаа таны нэг шүлгийн талаар ярья. Цаг нь ирсэн болоод ч тэр юм уу таны “Хавар болж байдаг” шүлэг үе үе аманд аялагдах юм. “Хавар болж байдаг” шүлгээ хэдийд, хэрхэн бичиж байв?

-Хавар цагаар бүхий л юмс нахиалан дэлгэрч, урин цагийн шувуудын дуу хүний айзам, хөг аялгууг тэнцүүлж байгаа шиг санагддаг. Би хаврыг яруу найрагчдын улирал гэж боддог. Зөвхөн яруу найрагчид ч гэлтгүй хаврын улирал хүн бүрийг дотоод ертөнцөөс нь сэрээдэг байх.

Улаанбаатарт өвөл их хүйтэн, цэвдэг болдог доо. Түүнийгээ дагаад хотын хүмүүсийн ааш зан ч өөрчлөгдчихдөг. Харин хавар цагаар л хүмүүний сэтгэл дэх цэвдэг, мөс хайлж, урсдаг юм шиг. Яг тэгж хайлан урсаж байх шиг догдлолоор “Хавар болж байдаг” шүлгээ бичиж байжээ. Уг нь “Хавар болж байдаг” шүлгийг 2018 онд бичсэн юм. Гэсэн ч хүнд харуулалгүй хэдэн жил дарж, 2021 оны хавар “Youtube”-д өөрөө уншаад оруулж байлаа. Хүмүүс их тааламжтай хүлээж авсан нь сайхан санагдсан. Гэхдээ туршлагагүйтээд шүлгээ уншихдаа дэвссэн ая нь зохиогчийн эрхтэй байж таараад удалгүй “Youtube” дээрээс устгагдсан. Гэхдээ “Хавар болж байдаг” шүлгээ дахин оруулахаар залуу хөгжмийн зохиолчоор ая хийлгэж байгаа. Бэлэн болмогц нь шүлгээ уншаад дахин “Youtube”-д байршуулна.

-“Хавар болж байдаг” шүлэг “Ярилцаад л, ярилцаад л” төгсдөг. Яг л тэр шүлгийн төгсгөл шиг таны тухайн үеийн эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаа тийм эмзэг, хөндий байсан юм уу?

-“Хавар болж байдаг” шүлгийн эзэн бие нь эсрэг хүйстэндээ дурласан ч хайртайгаа илэрхийлж чадахгүй байгаа гэнэн залуу. Харин эмэгтэй нь “Хайртай” гээд хэлчихэж чадахгүй хэрнээ уулзаж, ярилцаад яваа юм. Би үүнийг монгол эмэгтэйн цэвэр ичимтгий зан гэж боддог. Хайртайгаа ил хэлж, гараас нь атгаж чадахгүй ч дотроо хайрлаж явдаг. Эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч нэгэндээ хүрч, эсвэл “Хайртай” гэж хэлж чадалгүй алхаад л, ярилцаад л яваа юм.

-Та хайрыг юу гэж боддог вэ. Хэдий хайртай ч хэн хэндээ хэлж чадахгүй яваад байвал цаг хугацаа өөр зүйл харуулж ч болох юм?

-Миний хувьд хайр дурлал, нэгэндээ сэтгэлээ илчлэх явц удаан байх тусмаа нандин санагддаг. Ярилцаад л, ярилцаад л байх сайхан. 

АХИЖ ТӨРӨХ ТАВИЛАН БИЙ БОЛ ЯГ ЭНЭ ХУВЬ ЗАЯАНДАА ЭРГЭН ТӨРЖ, ДАХИН ШҮЛЭГ БИЧНЭ

-Хамгийн сүүлд “Ай” номоо хэвлүүлснээс хойш долоон жил өнгөрчээ. Энэ хугацаанд шүлэг их бичсэн болов уу. Хэзээ шинэ бүтээлүүдээ эмхэтгэж, ном болгох вэ. Бодож, төлөвлөсөн зүйл бий юү?

-2016 онд яруу найргийн хоёр дахь “Ай” түүврээ хэвлүүлж байжээ. Хамгийн сүүлд номоо хэвлүүлснээс хойших хугацааг бодоход хол санагдана. Гэхдээ Монголын уран зохиол, яруу найргийн томчуудыг харахад уран бүтээл тоондоо бус чанартаа байгаа нь харагддаг. Жишээ нь, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан анхны яруу найргийн түүврээ гаргах гэж 20 жил дарсан байдаг.

Одоо би 20 гаруйхан настай гэгэлгэн залуу биш болсон. 30 гарсан эр, гурав дахь номоо хэвлүүлэх гэж байгаа яруу найрагчийн хувьд уншигчдаа хүндэлнэ. Дахин дахин засаж, сөөм сөөм, алгуур алгуурхнаар өөрийн үзэл бодол, мөн чанартаа үнэн байж шүүсийг нь шахсан сайн бүтээл болгохыг хичээж байгаа. Яг таг хэлж чадахгүй ч ирэх намар шинэ ном гаргая гэсэн бодол тээж явна.

-Зохиолч, яруу найрагчид уншигчдаа хүндэлж, ажил болгож хийх ёстой гэж ойлголоо. Гэсэн ч Монголын нөхцөлд уран зохиолыг ажлаа болгож, амьдралаа авч явах хэмжээний зах зээл байхгүй гэж олон зохиолч хэлдэг. Нөгөөтээгүүр зах зээл дэх ажил биш гэхээр монгол яруу найрагч, зохиолчдыг уран зохиолыг хоббигоороо бүтээл хийж байна гэж ойлгож болохоор юм болов уу. Зах зээл нь ийм байхад зохиолч, яруу найрагчид уран бүтээлийг ажил, амьдралаа болгож авч явах боломжтой гэж үү?

-Би хэзээ ч уран зохиолыг хобби гэж хэлэхгүй. Хэн дуртай нь хоббигоороо уран зохиол бичиж чадахгүй. Уран зохиол бол цэвэр ажил. Үгийн дээд урлаг учир зохиолчид ч уран зохиолд асар их цаг хугацаа, зүрх сэтгэл, амьдралаа зориулдаг. Тэгж амьдралаа зориулсан хүмүүс лав хобби гэж хэлэхгүй.

Одоо дэлхийг байлдан дагуулж байгаа Харүки Мүраками, Орхан Памук зэрэг зохиолчоос жишээлбэл, унтах, сэрэх, хооллох, зохиол бичих цагтай байдаг. Уран зохиолыг шат дараатай төлөвлөж, системээр авч явдаг. Зохиолчид уран зохиолыг ажил, амьдралаа болгож, амьдралдаа хийж буй хамгийн том үйлээ болгосноор л бичиж байгаа хэрэг л дээ. Уран зохиол хүний амьсгалах агаар нь болж байгаа юм.

-Та “Цаасны амь нас” шүлэгтээ “Муу шүлэг бичиж цаасны амь насыг барна гэдэг яавч үйлдэж болохгүй нүгэл шүү, яруу найрагчид минь” хэмээн бичиж байлаа. Одоо тэр үеэсээ хэрхэн өөрчлөгдсөн бол. Магад өөрөө ч гэсэн цаасны амийг барсан үе бий байх?

-Би онгодод итгэдэг. Онгод төрөх ёстой цагтаа төрж, шүлэг бичигдэх ёстой цагтаа бичигддэг. Тэр шүлгийг бичихдээ анх цаасны амь насны талаар бичнэ гэж бодоогүй. Эхлээд мөр мөр, хоёр хоёр мөрөөрөө орж ирсээр “Цаасны амь нас” шүлэг бүтсэн. Тэгээд эхнээс нь уншиж, хөөж явсаар шүлгийнхээ гол санааг олж, төгсгөлд нь

“Муу шүлэг бичиж цаасны амь насыг барна гэдэг

Яавч өршөөж болохгүй нүгэл шүү, яруу найрагчид минь” гэсэн юм. Би “Цаасны амь нас” шүлгийг шүүмж гэж боддоггүй. “Цаасны амь нас” бол анхааруулга. 

-Шинэ үеийн яруу найрагчид онгод гэдэгт тэгж ч их итгэдэггүй санагддаг. Харин та “Би онгодод итгэдэг” гэлээ. Онгодод итгэдэг, онгод ирдэг гэх хүмүүс онгодоо дүрслэх юм билээ. Та онгодоо хэрхэн дүрслэх вэ?

-Байгалийн сайхан миний онгод байх. Мөн эмэгтэй хүн. Анзаарч чадвал бид их сайхан хотод амьдарч байгаа шүү дээ. Хотоос гараад жаахан явахад л амралт, аяллын газрууд бий. Урагш гарахад л Богдхан уулынхаа хормойд очно шүү дээ. Магад бид өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг хожим ойлгох байх.

Салхи, цас, бороо хэн нэгэнд энгийн харагдаж болох ч тэр бүхэнд өөр өөрийн өнгө, аялгуу бий. Тэр бүхний гоо сайхныг гайхалтай гаргаж чаддаг дээд үе, өөрийн үеийнхээ дүрслэх урлагийн уран бүтээлчдийн зураг, үзэсгэлэнг харах гэж Улаанбаатараар тойрч алхах дуртай. Зарим үед сайхан хөгжим сонсоод алхаж байхад ч шүлэг орж ирнэ.

***

Тэгмэгцээ С.Начин “Би ер нь ямар ч дуу, хөгжмийг голж, шилж сонсдоггүй. Яг энэ хөгжмийн зохиолчийн тэр хөгжимд эсвэл тэр дуучинд дуртай гэсэн тогтсон зүйл байхгүй. Тухайн үеийнхээ мэдрэмжид тааруулж харж, сонгож сонсдог” гэв. Тэгэхээр нь “Тэгвэл өнөөдөр ямар дуу сонсоод алхаж баймаар өдөр байна вэ” гэж асуутал тэрбээр “Цас хялмаалж, будан хурсан энэ өдөр агуу Д.Пүрэвдоржийн шүлгийг нь бичиж, Л.Мөрдорж гуай аяыг нь бүтээсэн “Дөрвөн цагийн тал”-ыг сонсож суумаар өдөр байна” гэсэн юм.

***

-Та Хэнтий аймгийн “Хэрлэн тооно” утга зохиолын төвийн гишүүн. Хэнтий аймагт Р.Чойном, Н.Нямдорж, Л.Нямаа гуайгаас эхлээд сайн яруу найрагч олон бий. Олон сайхан яруу найрагч байсан нь таныг яруу найрагт дурлаж, шүлэг бичиж эхлэхэд нөлөөлсөн үү?

-Хэнтийн яруу найргийг Сэцэн ханы яруу найраг гэж нэрлэдэг. Сэцэн ханы яруу найрагт “Гал шарын магтаал”-ыг бичсэн Л.Агваажамбал агснаас эхлээд Хэнтийн яруу найргийн дэг, сургуулийг бий болгосон гол төлөөлөгч нь Л.Нямаа багш. Мөн Сэцэн ханы яруу найрагч Р.Чойном, Д.Галсансүх ахаас эхлээд шинэчлэгч олон. Энэ урсгал хэзээ ч тасрахгүй байх.

-Сэцэн ханы яруу найраг шинэчлэгч олонтой тухай хэллээ. Монголын уран зохиол, яруу найргийн нэг хэсэг болж яваа өөрөө ч гэсэн ямарваа нэгэн зүйлийг шинэчлэх юм сан гэж бодох үе олон уу. Өөрийгөө бусдаас юугаараа онцлог гэж боддог вэ?

-Шинэчлэл гэж яривал хий хоосон өөрийгөө магтсан хэрэг болно шүү дээ. Би чинь өөрийнхөө хэмжээнд л бичиж яваа (инээв). Гэхдээ “Хэн нэгэнтэй адил мөр, шүлэг биччихгүй юм сан”, “Бусдаас арай өөр өнцгөөс харах юм сан” гэж боддог.

-Уншигчид таныг “Мөнхийн залуу Начин” гэж хочлох юм билээ. Хоч нэрнийхээ талаар сонсож байв уу?

-Надад бүр хоч өгчихсөн байсныг нь танаас л дууллаа. Ер нь манай үеийнхэн “Миний хөгшин нэг их хөгширч барьдаггүй шүү” гэж хэлэх нь ч хэлдэг шүү (инээв). 

-“Мөнхийн залуу” гэж ярьсаных хэрэв мөнхийн ус гэж байгаад тэр нь танд олдсон бол та уух байсан уу. Мөнх амьдрахыг хүсэх үү?

-Чингис хаан хүртэл мөнх амьдрахыг хүсэж Чанчунь бумбыг зорьсон тухай түүх байдаг даа. Гэсэн ч хорвоод буй бүхэн мөнх бус. Хэрэв тийм зүйл амьдралд тохиолддог сон бол би мөнх бусаараа үлдэхийг сонгоно. Харин ахиж төрөх тавилан бий бол яг энэ хувь заяандаа эргэн төрж, дахин шүлэг бичнэ.

***

С.Начин бид хоёр ярилцлагаа хэсэг завсарлаад гадагш гарав. Түрүүхэн Богдхан уулын дээгүүр будан хөшиглөж айсуй байсан цас хэдийнэ малгайлан ороод газрыг цав цагаан болгочихож. Яг үеэр л ярилцагчийн маань

“Орь залуухан шаналал

Цээжинд наалдаад эхэр татна

Огтоос гуниггүй амьдаръя гэвч

Цас алгуурхан будраад төдхөнөө хайлна”

хэмээн бичиж байсан шүлгийн мөр санаанд орох. Бид хоёр ч эргэн орохыг яарсангүй “Мишээл экспо”-гийн урдхан байх “Мишээл” хүрээлэн рүү орж, модон саравчинд суусан юм.

***

-Уран зохиолоос, шүлэг бичихээс залхаж, шаналж байв уу?

-Хэзээ ч залхаж байгаагүй. Гэхдээ хаа нэг зогсож, зогсолт авах, гацаж, түүндээ бухимдах үе таарна. Бичье гэсэн ч сачий нь дутаж, үг эвлэхгүй байх нь бүх яруу найрагчид тулгардаг шаналан болов уу гэж боддог. Санаагаар болдог бол өдөр бүр л шүлэг бичмээр байна. Гэхдээ санаан зоргоор болох биш дээ.

-Өдөр бүр бичиж, бичих хүслээ биелүүлье гэвч тулгарч байгаа саад нь юу вэ. Өдөр тутмын үйл явдал, ахуй амьдрал уу?

-Ер нь тийм дээ. Хүн чинь ахуйдаа баригддаг шүү дээ.

-Гаднын яруу найрагчдаас жишээ татаж, хүмүүс “Яруу найрагчид ахуй амьдралаасаа тасарч байж шүлэг бичвэл сайн бичнэ” гэдэг болсон юм билээ. Харин та юу гэж боддог вэ. Сайн шүлэг бичиж, яруу найрагч байхын тулд заавал ахуй амьдралаа орхих ёстой гэж үү?

-Г.Аюурзана ахын “Амьдрал заримдаа шүлгээс ч чухал санагдах юм” гэх мөр байдаг. Өнөө цагт бол амьдрал шүлгээс илүү чухал санагдаж байна. Хүн ахуйтайгаа ойрхон байж, амьдралаа авч явахгүй бол болохгүй шүү дээ. Яруу найраг хүнээс маш их цаг хугацаа шаарддаг. Харин амьдрал, уран бүтээлээ аль аль талдаа тэнцүүлэх нь хувь уран бүтээлчийн асуудал байх. Миний хувьд аль алийг нь гээчихгүй юм сан гэж боддог.

САЙН ШҮЛЭГ БИЧИЖ, САЙХАН МЭДРЭМЖ ӨӨРТӨӨ ТӨРҮҮЛЭХИЙН ТУЛД БОДОЖ, ШАНАЛЖ ЯВАА УЧРААС МӨРӨӨДӨЛ МИНЬ ОРШИЖ БАЙНА

-Яруу найрагчид дотроо их зовж, шаналж байж шүлэг бичдэг шиг санагддаг. Та зовж, шаналж бичсэн шүлгийн ард гараад юу хийдэг вэ?

-Би одоог хүртэл өөрийгөө сайн шүлэг бичсэн гэж боддоггүй. Сайн шүлэг бичих юм сан гэж зовж, шаналж байгаа минь үнэн учраас л тийм сайн гэх шүлгийн ард гарсан мэдрэмж одоог хүртэл төрөөгүй. Тиймээс л сайн шүлэг бичиж, сайхан мэдрэмж өөртөө төрүүлэхийн тулд бодож, шаналж яваа учраас мөрөөдөл минь оршиж байна. Шүлэг бичнэ гэдэг өөрийгөө эдгээж, сэтгэлээ оёж байгаа нэг хэлбэр шүү дээ.

-Өөрт төрсөн тэр гуниг, шаналал, зовиураа шүлэг болгож, бусдад уншуулах нь яруу найрагчийн хувьд хэр зүй зохистой гэж боддог вэ?

-Шаналал, шүлэг хоёр нэгэнтэйгээ хамааралтай зүйл. Монголын үе үеийн яруу найрагчдын хайрын шүлгэн дээр авч үзвэл, эмэгтэй хүнээс авч үлдсэн хагацал, гунигаа шигтгээ болгож, сайхан хайрын шүлэг бүтээсэн байдаг. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг үе үеийн яруу найрагчид аль чадахаараа тунхагласаар ирсэн. Харин тэр тунхаг, тэр сайхан шүлэг бүхэн гуниг ганцаардал, харуусал дунд бүтээгдсэн гэж боддог.

-Нэгэнт хайр сэтгэлийн тухай ярьсных таны гэр бүл, хайр сэтгэлийн тухай ярья. Хүмүүс тэр бүр таны хайртай хүн, гэр бүлийг мэддэггүй шиг байна лээ. Эсвэл та өөрөө нууцлахыг хүсдэг юм уу?

-Хүн хайртай гэсэн зүйлдээ харам байдаг байх. Хайртай хүнтэй байгаагаа, сайхан хүнтэй байгаагаа хүнд хэлж, олонд зарлаад байхыг хүсдэггүй. Би жаргалаа дотроо нандигнаж, чимээгүй эдлэх дуртай.

-Хүмүүс их хожуу амьдралаа эхэлж, зарим хүн 30 нас гарсан ч хүүхэдтэй болж амжаагүйдээ харамсдаг юм байна лээ. Харин таны хувьд?

-Хүн бүтээнэ гэдэг маш том үүрэг хариуцлага. Гэр бүл зохиож, хүүхэдтэй болно гэдэг тоглоом биш учраас маш сайн бодож, төлөвлөж, хариуцлагатайгаар бий болгох нь зүйтэй гэж боддог. Мэдээж миний үүрэг хариуцлагаа ухамсарлах нас ирсэн. Хүүхэдтэй болж, үр удмаа үлдээлгүй яах вэ.

***

Энэ хүрээд С.Начин бид хоёр дахин нэг удаа ярилцлагаа завсарлав. Ярилцагч маань цас үйрэн ирэх Богд уулын тийш харцаа чиглүүлж, хэдэнтээ гүнээс гүн санаа алдах нь дуулдах.

***

-Таны аав гэрэл зурагчин. Бага ахуй наснаасаа аавыгаа дагаж, Монгол орон, байгалийн сайхнаар их явсан гэж дуулсан. Амьд байгалийг гэрэл зургийн хальсанд буулгадаг аавыгаа дагаж явсан хүн дүрслэх урлаг руу бус, үгийн урлагт шимтсэнийг хааяа гайхдаг. Үг холбож, шүлэг бичих болсон шалтгаан юу байсан бэ?

-Зохиолчдыг ерөнхийд нь харахад бага ахуй насаа хөдөө, өвөө, эмээгийнхээ дэргэд өнгөрөөсөн хүүхэд бусдаасаа илүү шүлэг, яруу найраг оролддог шиг санагддаг. Би ухаан орсон цагаасаа 20 нас хүртлээ Хэнтий аймгийн Баянмөнх суманд өвөө, эмээгийнхээ дэргэд өсөж, торнисон. Оюун санаа, мэлмийг минь нээсэн хүн бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат өдгөө 104 насыг зооглож байгаа өвөөгийн маань ээж, миний өндөр эмээ Дэнсмаа хэмээх буурай. Хонио услаад ирэхэд л “Сайн явж, санаагаараа жаргаарай, миний хүү”, “Энх явж, мөнх наслаарай, миний хүү” хэмээн ерөөдөг байлаа. Өндөр эмээ минь намайг “Дандаа жаргаж яваарай” гэдэг юм. Өглөө бурхантай авдарны өмнө надад сүүтэй цайн дээр өрөм тавьчихаад намайг “Миний бурхан босоорой” гээд дуудна. Би өндөр эмээгийнхээ тэр сайхын үгсээр тэжээгдсэнийхээ буянаар өөрийгөө үгийн урлагийн хүн болсон болов уу гэж боддог юм.

-Өндөр эмээгийнхээ хайртай хүү нь бололтой. Өдөр бүр өндөр эмээдээ магтуулж, шагшуулж байсан хүү багадаа их онгироо, хөдөлгөөнтэй байсан байх даа?

-Өндөр эмээ минь өдөр болгон “Миний бурхан босоорой” гээд байхаар хүн “Би нээрээ бурхан ч юм болов уу” гэж боддог юм билээ. Тиймээс ч миний бага нас уужим, тэнүүн сайхан өнгөрсөн. Өндөр эмээдээ өглөө болгон магтуулж хониндоо гараад, нутгийн ах нартай таарахаараа мэнд устай, ах захаа хүндэлдэг хүү байсан. Юунд ч санаа зовохгүй уужуу тайван цаг өнгөрсөн дөө.

-Эмээгийнхээ хайртай, сайн хүү байсан юм байна. Одоо хөдөө нутаг, ахуйгаасаа бүр холдож, төсөөрсөн санагддаг уу?

-Ахуйгаасаа их холдсон доо. Гэхдээ үндсэн ухагдахуун нь байгаа болохоор түүнийг сэрээхэд амархан. Хотоос гараад ойрхон мал хуйтай айлд очоод долоо хоноход л эргээд төрхөндөө орно доо (инээв). 

Хацарнаас эхлээд арьс борлож, жолоо, цулбуур атгаад адуун дээр мордоход бие чангараад л, худгийн ус ховоогоор татаж, уухад шүд хага ташихад нь баясаад л, худаг дээр усалж байсан морь усаа тамшаалж, эргэн тойронд болжмор шувууд жиргээд, унаж явсан адуу маань алсын барааг тайвуухан ширтэж шилгээн зогсох гээд сайхан даа. Сартай шөнө нуурын эрэг дээр морь усалж байхад дэрс бөхөлзөж, дэрсний толио нууран дээр хэдэн тийш найгаж, морины амнаас дусалсан ус нуурын мандал дээр долгио үүсгэхэд, цаахна талд нь хоёр ангир ус алгадаж нисэхийг харж сууна гэдэг... 

Энэ бол зөвхөн Монголд л харж болох урлаг, уран зураг. Монгол яруу найрагчаас өөр хэн ч үүнийг бичиж, монгол зураачаас өөр хэн ч зурж чадахгүй. Мөн монгол хүнээс өөр хэн ч тэдний бүтээлийг нь харахдаа догдлон баясаж чадахгүй.

-Хотын соёл, амьдралыг орхиж, хөдөө ахуй руугаа буцах бодол төрж байсан уу?

-Нүдээ аниад төсөөлөлдөө хэзээд очиж чаддаг мэдрэмж минь байгаа учир буцъя гэж бодож байгаагүй ээ.

***

Ийн хэлэхэд нь “Яг одоо нүдээ анивал хаашаа очих бол. Юу харагдах вэ” гэж асуутал С.Начин модон саравчны хашлага налан нүдээ аниад хэсэг дуугаа хурааж суулаа. Тэгснээ “Би нэг агшныг л хэзээ ч мартаж байгаагүй” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Өндөр эмээ маань цагаан идээ огт хаядаггүй, тогооныхоо хумсыг ч хусаж аяганд хийж аваад болжмор шувуу хооллодог байлаа. Түүнийг ч ойрын хүмүүс нь мэднэ. Тийм болохоор өвөө маань ээждээ буюу миний өндөр эмээд хусмаа тавьж байх хадан чулуу гэрийнх нь гадаа тавьж өгсөн юм. Нэг удаа манайх Бүрд гэх газар зусаж байхад би зуны халуун өдөр хонио уснаас гаргах гэж бөөн юм болж, болж арай нэг юм гаргачихаад харьж явлаа. Тухайн үед 10 орчим настай байсан болов уу. Уяан дээр буугаад гэрийн зүг харахад үзсэн өндөр эмээгийнхээ төрхийг мартдаггүй.  Цаахна талаас нь тэнгэр хөхөртөж, бороо хөшиглөн айсуй байхад өндөр эмээ минь болжмор шувуунд хусам тавьж, шувууд хаднаас эхлээд өндөр эмээгийн минь нуруу, гар дээр нь дүүрэн суучихаж. Борооны үүл хөшиглөсөн тэнгэр дор болжмор шувуун дунд хагас бөгтөр эмээ минь над руу харж инээгээд, буурал санчиг нь салхинд хийсэж байсан. Тэрхэн агшныг би амьдралдаа хэзээ ч мартаж байгаагүй. “Шүлэг болгон буулгаж үлдээнэ дээ” гэж бодож, санаагаа боловсруулдаг ч яаж буулгах учраа олохгүй сэтгэл дотроо л тээж явдаг даа” гэв.

***

-Хүн жаргалтай үеэ бичиж чаддаггүй гэх юм билээ. Тийм их аз жаргалтай байсан болоод л бичиж чадаагүй юм болов уу?

-Миний бодлоор яруу найрагчид хэдий шаналж байсан ч сайхныг бичиж, сайхан зүйлийг магтан дуулж байдаг шүү дээ. Би яруу найрагчдыг хорвоогийн гуниг, шаналлыг мэдэрч түүнийгээ сайхан зүйл болгон бичих одонд төрсөн хүмүүс гэж боддог. Шаналах нь хүртэл сайхан. Яруу найрагч бүхэн гуниг гутралын ёроолд байгаа ч тэр цүнхээлээс буцаж нисэх замаа өөрсдөө олж чаддаг улс. 

БУДАА ШИГШЭЭД НЭР ГАРГАЖ АВДАГ ШИГ ЦАГИЙН УРСГАЛААР МАНАЙ ҮЕИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД ГАРЧ ИРЭХ БАЙХ АА

-Монголд “Болор цом”-оос эхлээд яруу найргийн тэмцээн, уралдаан олон болжээ. Зарим уншигч “Олонх нь байхгүй болж, цомхон байвал сайхан” гэлцэнэ. Та харин юу гэж бодож байна вэ?

-“Яруу найргийг тайзан дээрээс шүүхгүй”, “Яруу найраг зөвхөн цаасан дээрээс уншигдах ёстой” гэхчлэн хүмүүс олон л юм ярьдаг. Харин миний хувьд яруу найргийн уралдаан, тэмцээнүүдийг заавал байх ёстой гэж боддог. Би ч болж өгвөл оръё гэж боддог юм. Яруу найргийн уралдаан, тэмцээн бол хүн зөвхөн өөрийн байр, байцаа мэдэхээс гадна бусдын юу бичиж, яаж сэтгэж байгааг харах боломж. Мөн яруу найргийн наадам бол яруу найрагч, уншигчийн хоорон дахь том гүүр. Уралдаан, тэмцээнийг нь үзсэн хүмүүс өөр өөрийн санал, шүүмжээ илгээнэ. Тэр нь тухайн яруу найрагчийг цааш нь өсөн дэвжихэд тусална.

-Та “Болор цом” наадамд хэд хэдэн удаа оролцож, тусгай байрын шагнал ч хүртэж байлаа. Тэр тухайгаа ярьвал?

-Би “Болор цом” наадамд нийт есөн удаа орсон. Жилдээ ганцхан болдог “Болор цом” наадамд тоотой яруу найрагч нь бичгийн шатандаа шалгарч, ухаанаа сойж, өөрийн хамгийн сайн, сайхан гэж болсон шүлгүүдээ уншдаг учир сайхан санагддаг.

-Уншигчдын хэлдгээр “Яруу найрагчдыг морь шиг уралдууллаа” гээд халгаахаа больж. Та энэ асуудалд юу гэж боддог юм бэ?

-Мэдээж, яруу найрагч, морь хоёр холбоотой зүйл биш. Нэг нь хүн нөгөө нь адгуус шүү дээ. Гэхдээ монголчуудын хамгийн их дээдэлж, шүтэж явдаг зүйл нь морь учраас ард түмэн хайртай яруу найрагчаа хүлэг сайн морьтой зүйрлэж хэлсэн байх гэж боддог. Агуу Б.Явуухулан гуай хүртэл

“Хүлэг минь, шүлэг минь

Чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж бичсэн байдаг даа. Тэр агуу яруу найрагч зүгээр ч нэг “Хүлэг минь, шүлэг минь” гэж бичээгүй байх. Монголчууд жилдээ нэг болдог наадмын хурдан морины уралдааныг үзэх гэж яарч, баян ходоодонд орсон адуу, унаач хүүхдийг харж, нулимсаа арчиж зогсдог уяхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ. 

-Ярилцлагын эхэнд “Уншигчид зохиолчдоос алхам түрүүлж байгаа” тухай ярьж байлаа. Тэгвэл тэр дутуу алхмыг үгүй болгохын тулд МЗЭ зэрэг байгууллага ямар үүрэг, оролцоотой байх ёстой гэж боддог вэ. Зохиолчдоо хөгжүүлж, гаднын утга зохиолынхон шиг сургалт явуулдаг байсан бол өөр болох байх даа?

-Монголын зохиолчдын эвлэл их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэхээс эхлэн тулгаа асаасан 90 гаруй жилийн түүхтэй. Тэр тулганы гал одоог хүртэл бөхөөгүй явж байгаа нь сайхан. Харин манай монголчууд, монгол зохиолчид өөрсдөө тулга, тогоо руугаа нулимж байгаа шиг санагддаг. Орчин үед нийгэм, цаг үеийн дуудлагаар зохиолч, яруу найрагчид заавал эвлэл, хороонд харьяалагдалгүйгээр өөрийн бүтээлээ олон нийтэд хүргэх боломжтой болсон. Олон паблишинг үүсэж хөгжин уран зохиолын том том орчуулагч төрөн гарч байна. Энэ зүйл Монголын утга зохиолд урьд урьдынхаас илүү нөлөөлж, сайжруулах болов уу. Харин гал голомтоо бадрааснаас нь хойш дээдэс маань бөхөөчихгүйхэн шиг авч явсан Монголдоо л зохиолчдын гэсэн статустай ганцхан байгууллагаа битгий нулимж байгаасай гэж боддог.

-Та Монгол уран зохиолын үе үеийн төлөөллийг өөрийн хэмжээнд сайн уншиж, мэдсэн бололтой. Тэгвэл таны бодлоор монгол хэлтний уран зохиолын хамгийн том, сод төлөөлөл хэн байх вэ?

-Ямарваа нэгэн зүйлийг хамгийн гэх нь утгагүй гэж боддог. Хамгийн гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт. Уран зохиолын ай сав асар том шүү дээ. Хийж бүтээснээрээ үеийн үед дурсагдсан тэр олон агуу хүнээс нэгийг нь онцолно гэдэг хэцүү.

Харин зохиолчдоос хамгийн хөдөлмөрч, Монголын уран зохиолын төлөө үнэнчээр зүтгэсэн, харж, үлгэрлэж, биширч өссөн хүн бол П.Батхуяг багш маань. П.Батхуяг багш маань ухамсарт амьдралаа Монголын уран зохиолын төлөө өргөсөн. Багш маань нэг хүнд баймгүй олон авьяастай хүн байлаа. Уран зохиолын орчуулгын төрлөөс бусад бүх төрлөөр жигд сайн бичсэн. Одоо ч тэр, цаашид ч бахархаж, үлгэрлэж явах хүн минь П.Батхуяг багш.

-П.Батхуяг багш өөд болсноос хойш Монголын уран зохиолын нэг тод гэрэл үгүй болсон. Одоо эргээд бодоход нэрт уран зохиол судлаач, шүүмжлэгч, зохиолч, яруу найрагч П.Батхуяг агсан том уран бүтээлч байсан төдийгүй залуу үе, ирээдүйг сайн бэлдэж байсан шиг санагддаг. Харин одоо тэр үүрэгт хэн ч үгүй. Та багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж, залуу үе, ирээдүйг гаргаж ирэх хүн нь байх болов уу гэж өөрийгөө бодож байв уу?

-П.Батхуяг багш маань “Ирж яваа шувуудыг гарч хардаг. Буцаж яваа шувуудыг үддэггүй юм” гэдэг байлаа. Одоо би өөрийгөө олох гэж яваа хүн бусдад өөрийг нь олоход тусалж чадахгүй байх. Цаг хугацаа юу гэж шивнэнэ түүгээр л болох болов уу. Харин одоо бол би өөрийгөө олох, өөрийгөө ялан дийлэх цаг хугацаандаа явж байна.

-Өөрийгөө олов уу?

-Олох гээд л явж байна даа. Хараахан олоогүй. Ер нь ямар ч хүн жинхэнэ өөрийгөө олж чаддаггүй юм биш үү?

-Тийм ч байж болох юм. Хэрэв ингэж явсаар жинхэнэ өөрийгөө ололгүй амьдралаа барвал яах вэ?

-Харамсалтай юм даа. Гэхдээ “Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэдэг дээ. Монголчууд энэ үгийг зүгээр ч нэг ам дамжин хэлээгүй байх. Тэгэхээр дөч хүрээд л ямар нэг юмны захаас барьж авах болов уу даа.

МӨРӨӨДӨЛ МИНЬ АМЬД УЧРААС БИ ОДОО Ч АМЬД БАЙНА

-Уншигчдын дунд “Ардчилсан нийгмийн эрх чөлөөтэй зохиолч, яруу найрагчид эрх чөлөөгүй цаг үеийнхээ зохиолчдоос давж, илүү бичиж чадахгүй байна” гэх яриа байгаа юм билээ. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Ярих амархан шүү дээ. Бүтээх үйл явц ямар хэцүү болохыг биднээс нэг алхмын урд яваа уншигчид маань ойлгоосой гэж хүсэж байна. Шинэчлэлийг цаг хугацаа нь шүүж өгөх байх. Би хувьдаа манай үеэс шинэчлэгч яруу найрагч, үргэлжилсэн үгийн сайхан зохиолч, том орчуулагч үлдэнэ гэж боддог. Зөвхөн уран зохиол гэлтгүй тайз, дүрслэх урлагийн бүтээлийн үнэ цэнийг ч тухайн цагт ойлгодоггүй шүү дээ. Тэднийг дараа дараагийн үе нь нээж гаргаж ирдэг. Будаа шигшээд нэр гаргаж авдаг шиг цагийн урсгалд манай үеийн хэд хэдэн хүний нэр торойж гарч ирэх байх.

-Та яруу найраг, утга зохиолд өөрийгөө зориулсныхаа хариуд яруу найргаас юу хүлээдэг вэ. Яруу найраг, уран зохиолоос хүссэн хүлээлт бий юү?

-Бүх залуу яруу найрагч, зохиолчид тийм хүсэл, хүлээлт байдаг байх. Би хувьдаа энэ монгол газар шороо, цэнгэг салхи, энэ ард түмний дунд үеийн үед дурсагдаж, хэзээд аманд нь аялагдах сайхан шүлэг бичих сэн гэж мөрөөддөг. Үе дундаа “Нэг сайхан шүлэгтэй” гээд үлдэх юм сан гээд л. Ерөөс яруу найрагчийн мөрөөдөл энэ шүү дээ. Мөрөөдөл минь амьд учраас би одоо ч амьд л байна. Амьд байгаагийн минь шалтгаан нэг сайхан шүлэг бичих байх гэж боддог. 

Хүний амьдрал сонин шүү дээ. Хэрэв тийм зүйл болбол, би үзэхгүй юм аа гэхэд үр удам маань миний шүлгээр хийсэн дууг найран дээрээ дуулж байхыг үгүйсгэхгүй юм даа.

 


***

Нэг л мэдэхэд бид хоёр модон саравчинд ирээд хоёр цаг хэртээ суужээ. Гадаа цас ороод л. Байгалийн сайхан агаарын цэнгэг бидний яриаг хөтөлж байв.

***

-Гадаа сайхан цас бударсан өдрөөр гарч алхаад, шүлэг бичээд, бодож суумаар болох үе олон байх даа?

-Би өмнө нь яг ийм цас бударсан өдөр 

“Гарч гудмаар алхъя гэвч

Зүрх минь хөрчих гээд хөндүүртэй” гэж бичиж байснаа санаж байна. Гарахын хүслэнд автаж, Хүүхдийн номын ордон дотор бичсэн юм л даа. “Угтаа энэ тэнгэрээс цэлмэг цэнгэг хүсэлд чинь” гэдэг нэртэй шүлэг. Цонхоор арваннэгдүгээр сарын цас будрахыг хараад “Зогсчих вий дээ” гэж бодсон ч шүлгээ дуусгахаар үлдсэн юм. Цас зогсохоос өмнө гаръя гэсэн ч шүлгээ бичиж дуусгах гээд “Гарч гудмаар алхъя гэвч зүрх минь хөрчих гээд хөндүүртэй” гэсэн мөрийг тавьж байгаа мэдрэмж шүлэг бичихийн таашаал.

-Тэгээд шүлгээ дуусгасан уу. Эсвэл гарч алхсан уу?

-Шүлгээ дуустал нь бичсэн. Гадаа гарч гудмаар ч алхсан. Цас бударсаар л байсан...

Монголчуудын цусанд нь байдаг байх л даа. Ямагт л шинэ зүйлд тэмүүлж, бууриа сэлгэхийг боддог улс шүү дээ. Хөх тэнгэр, цэвэр цэнгэг агаараар амьсгалахын тулд суурин газар удаан тогтоод байдаггүй. Ямар сайндаа л наадам, цагаан сараар хот эзгүйрдэг дээ. Ямагт шинийг зорьж, сэтгэж, эрэлхийлж байдаг учраас дэлхийн талыг хураасан байх. Далай байгаагүй бол бүгдийг нь ч хураасан байж магад.

-Монгол зохиол дэлхийд гардаггүйн шалтгааны талаар юу гэж боддог вэ?

-Би чинь хэл зүйн ухааны хүн биш шүү дээ. Орчуулагчдынхаа буянаар л дэлхийн утга зохиолтой танилцаж байгаа. Гэхдээ ямар ч орчуулагч хэт баялаг монгол хэлний үгсийн сан дунд төөрөх байх гэж боддог. 

***

Ийн хэлснийг дараа бид суусан газраасаа босож, буцахдаа голын эрэг дагуу явлаа. Богд уулын дээрээс цас үйрэн унаж, наахна талд нь Туул гол цагааран харагдах. Ярилцагч маань үнэхээр ч байгальд, гоо сайханд дуртай нь харагдана. Босож ирээд Богд уулыг, цасан будан, Туул голоо хараад инээд алдаж байх. Бид алхах замдаа ийн ярив.

***

-Шүлэг бичих гэхээр л гацчихдаг тухай ярьж байсан. Одоо тэр үеэ хэдийнэ давсан уу. Эргээд бичиж эхлээд дадлаа хэрхэн олж байна вэ?

-Бичих дадлаа олж байгаа. Гэсэн ч гацах үе нь таарвал гацна шүү дээ. Ямар ч уран бүтээлч гацна. Аливаа үйл явц хүний санаагаар болдоггүй учир тэр гацаж байгаа үеэ зөв ашиглах нь уран бүтээлчийн хамгийн том чадвар байх ёстой гэж боддог.

-Бүх яруу найрагч шүлгээ түр орхин үргэлжилсэн үгийн зохиол руу орж, ганц сайхан өгүүллэг, тууж, бүр роман ч бичих хүсэлтэй байдаг байх. Танд үргэлжилсэн үг рүү орох хүсэл төрж байх юм уу?

-Өмнө нь боддоггүй байсан ч сүүлийн үед үргэлжилсэн үгийн зохиол бичих талаар бодох боллоо. Үеийнхэн маань эхнээсээ үргэлжилсэн үгийн зохиол бичиж, зарим нь уншигчдад хүлээн зөвшөөрөгдөөд эхэлсэн. Адилхан хүн, уран бүтээлч болсон хойно “Найз маань чадаж байхад би яагаад чадахгүй гэж” гэх бодол төрөөд үеийнхэнтэйгээ цагаахнаар өрсөлдөж, үргэлжилсэн үгийн зохиол бичих оролдлогууд хийж байгаа.

-Яруу найргаас үргэлжилсэн үг рүү шилжих явц тухайн уран бүтээлчийн нас ахилттай холбоотой гэдэг. Энэ тухайд?

-Олон уран бүтээлчийн ярилцлагыг уншихад настай холбон тайлбарласан байдаг юм билээ. Харин би амьдралыг танин туулж байгаа үйл явц, амьдралаас салж, мэдрэмж нь илүү хурц болж байгаа учир бодол нь ханаж, илүү өргөн, далайцтай юм хийхийн тулд үргэлжилсэн үг рүү ордог болов уу гэж боддог.

-Та ихэвчлэн ямар үед, ямар нөхцөлд бичдэг юм бэ?

-Цаг агаарын хувьд бүрхэг өдөр ихэвчлэн бичдэг. Гоё хөгжимтэй байвал бүр ч сайхан.

***

Намайг “Тэгвэл өнөөдөр бол ёстой бичиж суумаар өдөр юм биш үү” гэхэд С.Начин “Би өчигдөрхөн шинэ шүлэг бичсэн шүү” гээд замдаа зогсоод 

“Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунш” номыг чи минь уншиж сууна

Хуудас эргүүлэх бүрдээ юу бодож суугаа бол гэдгийг чинь

Харүки Мүраками битгий хэл би ч бодож үл чадна.

Хоёр хоногийн өмнө хоёулаа түр хол байхад

Хонгор минь энэ мөчийг л би яасан их хүссэн гэж санана

Амьсгал чинь жигд хэмнэлээр цохилох нь

Ар нуруунд минь мэдрэгдэнэ.

Чи амьсгалж буй нь

Чив чимээгүй гэгч хөгжмийн

Чичигнэн чивчигнэх цуурайг бодол цууртана.

Үс чинь дал мөрөнд наалдахад

Жигүүр минь түүнийг эвхэнэ.

Үг үл дуугарсан ч чи бид

Харц харцаа харахад л нэгнээ ойлгоно.

Харах нүдгүй, сонсох чихгүй, хүрэлцэх уруулгүй байсан бол гэвч яана

Харамсалтай нь тэд байхгүй байсан ч бид яаж хөгжилдөхөө мэднэ.

Ганцхан зүрхнээс минь бусдыг бурхан буцааж авахгүйг

Гарцаагүй мэддэгтээ л бие биеэ хоёул эрнэ, хайна, хүснэ

Их дэлгүүрийн зургаан давхарт номын дэлгүүрт бид сууна

Ингээд энэ чигээрээ баримал болбол

Чи ном уншсан чигээрээ

Би чихэвчээр урсах аялгуунд мансуурсан

Бичих төдийд догдолсон зүрхтэйгээ дүрслэгдэж үлдэх сэн

Уншиж буй нүдний чинь зүүн зовхин дотор унтдаг мэнгийг

Удаан ганц ширтсэн бол Мүраками

“Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунш” гэж нэрлэлгүй

“Хилийн дээснээс хойшхон, алтан нарнаас зүүнш” гэж нэрлэх байсан болов уу.

Явах уу хайрт минь, орон гэр рүүгээ аажуухан дөхөх үү

Яруу яруухан хуудас хуудсаар илбэх номыг чинь

Яагаад ч юм дөрвөн хоногийн өмнө худалдаж авсныг чи санаж байгаа даа.

Явцгаая, гэртээ уншицгаая, хэд дэх хуудсан дээр зогсоосноо тогтоочих”

хэмээн уншлаа. Ярилцлагын төгсгөлд С.Начин намайг дотно гэгч нь тэвэрч өгөөд үдэв. Би ч редакц руугаа буцах замдаа ярилцагчийнхаа “Сонсож суумаар өдөр байна” гэсэн “Дөрвөн цагийн тал”-ыг сонсоод, амандаа “Хавар болж байдаг, С.Начин бид хоёр ярилцаад л, ярилцаад л байлаа” хэмээн аялж явсан юм.

ХАВАР БОЛЖ БАЙДАГ. С.НАЧИН БИД ХОЁР ЯРИЛЦААД Л, ЯРИЛЦААД Л БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-14 12:22:17
    Уншигч: Азаадаа баярлалаа. Уншууртай сайхан ярилцлага болсон байна. Дуртай яруу найрагчтайгаа уулзах шиг боллоо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-29 16:21:44
    Sodnom ichinnorov : Начин сайн яруу найрагч харин өөрийгөө хэт цензүрдээд өөрөө өөрөөсөө гарчих гээд байвал. Төрлөхийн авъяас чадвар чинь далавчаа хумьж болзошгүй. Гацна гэдэг нэг бол буруу эхэлснээс нэг бол өнгөө сольсноос замдаа будилж байгаа нь тэр. Түүнээ хайрлалгүй зоригтой эвдэж шинээр эхлэх юм шиг санагдаж байна. Хэн ч адилхан гацна. Яаж гарахаа зохиолч шийднэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-29 16:21:02
    Sodnom ichinnorov : Начин сайн яруу найрагч харин өөрийгөө хэт цензүрдээд өөрөө өөрөөсөө гарчих гээд байвал. Төрлөхийн авъяас чадвар чинь далавчаа хумьж болзошгүй. Гацна гэдэг нэг бол буруу эхэлснээс нэг бол өнгөө сольсноос замдаа будилж байгаа нь тэр. Түүнээ хайрлалгүй зоригтой эвдэж шинээр эхлэх юм шиг санагдаж байна. Хэн ч адилхан гацна. Яаж гарахаа зохиолч шийднэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-28 02:29:23
    А.Байгалмаа: Начинг Болор цомын эзэн болсонд үнэхээр их баярлаж байна.Авьяаслаг залуудаа сайн сайхан бүхний дээдийг хү сэн ерөөе.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188