• Өнөөдөр 2024-05-10

Б.НЯМДАВАА: Бүх зүйлийн урагшлах ХҮЧ нь БИ өөрөө

2020-12-09,   3682

-АНХНЫ КИНОГООРОО ДЕБЮТ ХИЙСЭН ШИГЭЭ ШИНЭ КИНОГООРОО ОРГИЛ ҮЕЭ ЭХЛҮҮЛЖ, КИНО УРЛАГИЙН САЛБАРТ ДАХИН НЭГ ШИНЭ ХУУДАС НЭЭХЭЭР ХИЧЭЭЖ ЯВНА -

ND film-ийг үүсгэн байгуулагч, найруулагч, жүжигчин Б.Нямдаваатай ярилцлаа. Тэрбээр залуухан найруулагч хэдий ч кино урлагийн салбарт хүч түрэн гарч ирж байгаа залуусын төлөөлөл. Үзэгчид түүнийг “Шилжилт” киноны Нямбаярын дүрээр нь илүү сайн мэдэх биз ээ.

-Сайн байна уу. Сүүлийн үед хийж байгаа уран бүтээлийн сонин сайхнаас нь яриагаа эхлүүлье гэж бодлоо. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн хоёр жил орчмын хугацаанд би кино урлагийн талаар илүү судалж, суралцаж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч, цөөнгүй туршилт хийгээд амжлаа.

Харин яг одоогийн байдлаар бол “Сүүлчийн нүүдэлчид” гэх уран бүтээлээ хийхэд бэлэн болоод байна. Киноныхоо бэлтгэл ажилд хагас жилийн өмнөөс орсон бөгөөд анхны зураг авалт хийхээр товлосон өдрөөс 4-5 хоногийн өмнө хөл хорио тогтоочихлоо. Зургийн ажил хойшилсонд эхэндээ жаахан бухимдаж байсан ч одоо эвлэрсэн. Учир нь, кино зохиолдоо бага сагахан засвар хийх, төлөвлөгөөн дээрээ нягт суух боломж хангалттай гарлаа шүү дээ. Кинонд маань чадварлаг олон уран бүтээлч оролцож, надад зааж, зөвлөж байгаа учраас би эрч хүчтэй ажиллаж байгаа.

Багш минь надад “Энэ киног Ази, дэлхийн хэмжээнд хүртэл хийгээрэй” гэсэн үүрэг өгсөн. Энэ бол над шиг залуу хүнд олдохгүй бөгөөд бас алдаж болохгүй том боломж.

-Уншигчид өөрийг тань Б.Нямдаваа гэхээс илүүтэй “Байрны ах”, “Шилжилт” I, II, “Азтай бондгор” зэрэг уран сайхны киноны найруулагч, заримынх нь жүжигчин гэдгээр илүү сайн мэдэх байх. Найруулагч, жүжигчин байхын ялгаа нь юу юм бэ?

-Надаас юу хүсэж байна вэ түүнийг, надаас гарч болох бүхнээ мэргэжлийнхээ төлөө зориулна. Кино урлаг намайг эргэж буцалтгүй дурлуулчихсан. Найруулагчийн ангид сурч байхдаа “Жүжигчин л болно” гэж боддог байлаа. Гэтэл сургуулиа төгсөөд, найруулагчийн мэргэжлээрээ түлхүү ажиллаж байна. Би нэгэн хэвийн хэвшмэл дүрд тоглохыг хүсдэггүй. Аль болох өөрөөсөө өөр, өмнөхөөсөө ангижирсан дүр гаргахыг хичээдэг. Харагдах байдал, үг хэллэг, үйлдэл, зан төлөв гээд л бүх зүйлдээ өөрчлөлт, тэсрэлт хийхийг хүсдэг. Ийм ч учраас өнгөрсөнд гаргах гэж хичээсэн дүрүүд маань хоорондоо ялгаатай гэж ам бардам хэлж чадна. Гэхдээ төгс биш л дээ. Надад ирдэг дүрийн санал, хийсэн кино болгондоо өөрөө тоглох боломж надад байсан ч би тэгээгүй. Үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн, сайн уран бүтээлч болмоор байгаа учраас тэр. Олон кино, дүрд тоглосноороо биш, чанартай байхыг л хүсдэг гэсэн үг. Өөрөө найруулсан гурван киноныхоо хоёр контентын гуравт нь тоглосон. Бүгд амжилт олоогүй ч сонирхолтой нь миний тоглосон гурван кино зардлаа нөхөж чадсан. Бас чамлалтгүй ашиг ч олсон.

-Кино зохиолынхоо санааг хэрхэн олдог вэ. Ямар санаа, юуны тухай мессэжийг үзэгчдэд хүргэхийг чухалчилдаг вэ. Залуучууд Б.Нямдаваа гэдэг хүнээс юуг олж харж, амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж боддог вэ?

-Кино зохиолын санаа бол хаа сайгүй байдаг. Бидний амьдарч байгаа амьдрал, нийгэм, хүн, нар сар огторгуй гээд тэр чигтээ киноны санаа. Харин тэр олон санаанаас яг алийг нь барьж авч, хүмүүст хүргэх вэ гэдэг л их чухал. Миний бүтээсэн кино, контетнууд маань хүүхэд, залууст хандсан, тэдний асуудлыг хөндсөн байдгаараа ялгаатай.

Өнгөрсөнд хийсэн зүйлс маань олсон боломжиндоо л аргалж хийж байсан зүйлс. Тиймээс өнгөрснөөр хэнийг ч дүгнэх хэрэггүй. Жил ирэх тусам би сайжирч, хөгжиж байгаа гэж боддог. Хүнийх нь хувьд надаас авахаа аваад, хаяхаа хаях хэрэгтэй. Хүн бүр төгс байдаггүй шүү дээ. Харин одоо би арай өөр өнцгөөс барьж авсан, өөр төрлийн кино, контентууд бэлдэж байгаа. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бэлдсэн бүхэн маань үзэгчдэд гэнэтийн бэлэг байх болно.

-Тоглосон дүрүүдийнх нь нэрээр олон хүн мэддэг Б.Нямдаваа яг ямар зан ааштай, юуны төлөө зүтгэдэг хүн юм бэ. Өөрийгөө цөөн өгүүлбэрээр томъёолж хэлбэл?

-Үзэгчдийн зарим нь намайг “Шилжилт”-ийн Нямбаяр шиг ууртай, ширүүн гэж боддог юм байна лээ. Гэтэл би жаахан л бардам зантай болохоос их зангүй, хүнтэй таарч, тохироод ярилцаж, маазрах дуртай хүн. Мөн өөрийн гэсэн мөрөөдөлтэй, тэрэндээ хүрэхийн төлөө зорьсон зорилготой, зорилго бүр нь шат дараатай, хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийдэг нэгэн. Сансандаа хүрсэн бол илүү том руу тэмүүлж, ажил даалгавал “Суусан газраасаа шороо атгадаг” гэж өөрийгөө боддог. Нам бус, шашин бус, ар гэр, найз нөхдөөс өөр хорьж цагдах хүнгүй, жинхэнэ хээр талд давхиж яваа адуу шиг эрх чөлөөтэй хэдий ч улсынхаа хуулинд баригдаж яваа тийм л хүн юм уу даа. (инээв)

 

-Амжилтад амархан хүрэх гэж энэ бүхнийг эхлүүлээгүй гэдэг нь тодорхой. Өнөөдрөөс 20 жилийн дараах өөрийгөө төсөөлж үзсэн үү?

-Мэдээж үзэлгүй яах вэ. Зүүдний ертөнцдөө ирээдүйн өөртэйгээ уулзаж үзсэн. Тэр үед маш том байр сууринд очсон байх болно.

Мэдээж үхээгүй бол шүү дээ. Бие минь хөрсөнд ч, хийсэн бүтээл, дурсагдах нэр хоёр минь гэрч болж үлдэнэ ээ. Харин 10 жил үү, 100,100 жил үргэлжлэх үү гэдэг л байна. Их сургуулиа төгсөх жил надад том сонголт ирсэн. Учир нь, урлагийн тогоонд орох хүсэлтэй олон залуу хаалган дээр дугаарлаж байлаа. Тэднээс юугаараа ялгарах вэ гэдэг их чухал байсан. Тэгээд би хүсэж байгаа зүйлийнхээ тооноор нь орохоор шийдсэн юм. Яваад ортол тэнд урлагийн бурхад чуулж байлаа. Нэгэнт энд орж ирсэн болохоор өнгөрснөөс өдий хүртэл шантралгүй явж байгаа.

Яг нэг жилийн дараа миний амьдралд маш том өөрчлөлт хийгдэнэ. Тэр үзэгчдэд төдийгүй өөрт минь хүртэл сонирхолтой байна.

-Их сургуулиа төгсөхдөө бүтээж байсан “Шилжилт” киноны зураг авалтын үеийн сайхан дурсамж зөндөө л биз. Сургалтын төлбөрөөрөө киногоо эхлүүлсэн гэдэг шүү дээ?

-Тиймээ, тэнэг ч юм шиг мөртлөө их зоригтой шийдвэр. Тэр үед би 21 настай байлаа шүү дээ. Хэрэв кино зогссон бол кино ч үгүй, сургууль ч үгүй л болох байлаа. Мэдээж хувийн уран бүтээлийн дөнгөж эхлэл, амжилтын эх учраас хамгийн хайртай кино минь. Миний ууган хүү л гэсэн үг. Тэр киног дуусгах гэж хагас жил болсон. Энэ хугацаанд сайн муу бүх л зүйл болж өнгөрсөн. Тэр үед киноныхоо төлөө гаргасан шийдвэрүүд, миний хийсэн зүйлс, бас бус золиос цөөнгүй хийсэн. Тэр бүхнийгээ салхинд хийсгээгүйдээ баярладаг даа. Маш том туршлага, шинэ алхам болж надад үлдсэн.

-Амьдралдаа алхсан хамгийн буруу, хамгийн зөв зүйл нь юу байсан бэ.  Тэр үед тийм шийдвэр гаргасан бол гэж харамсаж, хэрэв тэгээгүй бол яана гэж баярлаж явдаг үеийнхээ талаар хуваалцахгүй юу?

-Хамгийн зөв зам нь гэрийнхэнтэйгээ зөрчилдөн байн мэргэжлээ сонгосон явдал. Хамгийн буруу нь би хүнээс ерөөсөө гуйж чаддаггүй. Хүсэлт, санал тавина зөвшөөрөхгүй бол “За яахав дээ” гээд орхичихдог. Дараагийн хувилбар, боломжоо эрж хайдаг. Манай гэрийнхэн бүгд тийм. “Яаж ч ядарч явсан хүнээс битгий гуй” гэж хүмүүжүүлсэн. Хэрэв би хүнээс гуйж, царайчилж чаддаг байсан бол өдийд бүр илүү амжилттай явж байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ огт харамсдаггүй, энэ зан маань намайг тодорхойлох нэрийн хуудас.

-Таныг өдөр бүр юу урагшлуулж, хүч өгдөг гэж боддог вэ?

-Миний мөрөөдөл, зорилго тэмүүлэл. Надад урам зориг, итгэл найдвар өгдөг үзэгчид, уран бүтээлчид, тамирчид, дуу хөгжим бас би өөрөө.  

-Өөрчлөгдөхийг хүсдэг үү, эсвэл одоо байгаа Нямдаваадаа хайртай юу?

-Өөрчлөгдөх амархан шүү дээ. Жишээ нь, ойр дотны хүмүүс, байгаа орчиндоо жаахан нөлөөлөхөд л хангалттай. Ер нь бол энэ асуултад 50, 50 хувьтай гэж хариулна. Зарим талаараа өөрчлөгдөж, зарим зүйл дээр өөрийнхөөрөө үлдмээр байна.

-Нууц биш бол хувийн амьдралаа ярьж болох уу. Ялангуяа өсвөр насныхан, киног чинь үзсэн охид, үзэгчид сонирхож байгаа байх?

-Залуу хүний хувьд цаг хугацаатай уралдаж, амжуулах зүйл маш их бий гэж боддог. Тийм болохоор хэн нэгэнд гаргах цаг зав маш хомс явж ирсэн. Эсвэл цаг заваа зориулахаас аргагүй болтол сэтгэлийг минь татахаар хүн гарч ирээгүй ч байж мэднэ. Ажил их байхад уулзъя гэж хоргоогоод байдаг охидоос залхсандаа хэд хэдэн хүнд “Эхнэр, хүүхэдтэй шүү. Одоо боль” гэсэн удаа бий. Тэд  ч цөөнгүй хүнд үүнийг маань хэлсэн бололтой байсан. Нэг бүсгүй таалагдтал “Чи эхнэр, хүүхэдтэй биз дээ” гэсэн. Одоо залруулга хийхэд “Би гэр бүл зохиож амжаагүй байгаа шүү”.

-Бага насных нь сайхан дурсамж болоод ирээдүйд хийх, хүч сорих мөрөөдлийнх нь тухай яриагаар ярилцлагаа өндөрлөх үү.

-Манай удамд урлагийн хүн цөөн ч тэд маань гавьяат, Ардын гэсэн тодотголтой. Энэ нь намайг “Тэднийхээ эгнээнд заавал очно доо” гэсэн урам зориг, түлхэц бас хариуцлага болдог.

Би эмээ, өвөөдөө эрхэлж, хоолны дээжийг нь идэж, үеэлүүдээсээ илүү тооны чихэр хүлхэж өссөн эрх хүү Гэхдээ тэр бүхэн тийм ч удаан үргэлжлээгүй л дээ. Эмээ, өвөөгөөсөө хол, хотод ирсэн. Гэрийнхэн ажилдаа яваад орой, эсвэл шөнө ирнэ. Уйдахдаа зурагттай найзалж, зураг зурж, ихэнх цагийг тоглож өнгөрүүлдэг байлаа. Бүрэг ичимхий, ганцаардмал хүүхэд болсон байсан. Гэхдээ дотроо үргэлж олны хайрыг хүснэ. Тэр үед л “Олны танил, эсвэл ямар нэг мундаг хүн болно доо” гэж боддог болсон байсан. Энэ бүхэн ахлах сургуулиа төгсөх жил мэргэжлээ сонгоход нөлөөлсөн. Мэргэжил сонгох үед багын мөрөөдөл, өөрийн замаар явах уу, эсвэл гэрийнхнийхээ хүслээр амьдрах уу гэдгийг их бодсон. Тэр үед Rokit bay-ийн “Нэг өдрийн хаан” дуу яг ид гарч ирж, доторх галыг минь дүрэлзүүлж, өдөөсөн дөө. Тэгээд л элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө гэрийнхнийхээ хэлсэн хичээлүүдийг хасаж, шаардлагатай гурван хичээлээ сонгоод, бас уран чадвартаа нууцаар бэлдэж эхэлсэн. Гэрийнхэн шалгалтын хариу гарах өдөр хүртэл мэдээгүй. Мэдчихээд маргаан болсон ч би “СУИС-т тэнцчихвэл яах вэ” гэж асуухад уурлаж байсан ээж минь “Тэгвэл дөрвөн жил сургалтын төлбөрийг чинь төлнө. Гэхдээ чи хэзээ ч тэнцэхгүй” гээд намайг өөр сургуульд оруулахаар хөөцөлдсөн. Надад СУИС-т тэнцэхээс өөр сонголт байгаагүй. 2012 оны намар ингэж л урлагийн салбарт хөл тавьж байлаа. Түүнээс хойш шантрах үе маш олон гарч ирсэн ч би одоог хүртэл энд байна. Учир нь, сургалтын төлбөрийг минь дөрвөн жил төлсөн гэрийнхнийхээ төлөө, өөрийнхөө төлөө хичээж байгаа. Энэ бүх боломжийг олгож, намайг дэмжиж, үргэлж ард байсан гэр бүлдээ, намайг өсгөсөн эмээ, өвөөдөө “Хайртай шүү, маш их баярлалаа” гэж хэлмээр байна.

 Уран бүтээлч хүнд эхлэл үе, оргил үе, уналтын үе гэж бий. Миний хувьд ирэх жил оргил үе маань эхэлнэ гэж найдаж байна. Би анхны киногоороо дебют хийсэн шигээ шинэ киногоороо оргил үеэ эхлүүлж, кино урлагийн салбарт дахин нэг шинэ хуудас нээхээр хичээж явна. Бас ирээдүйд зөвхөн кино урлагаар дагнасан урлагийн сургуультай болно.

-Цаг зав гаргасанд баярлалаа. Амжилт хүсье.

-Та бүхэнд баярлалаа. Эх дэлхийд минь сайхан цаг хурдан ирж, амьдрал хэвийн үргэлжлээсэй гэж хүсэж байна.

 

 


Б.НЯМДАВАА: Бүх зүйлийн урагшлах ХҮЧ нь БИ өөрөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188