• Өнөөдөр 2024-04-27

ЖҮЖИГЧИН Т.ЛХАГВАДУЛАМ: БИ БУСДАД ХАЙР, ГЭРЭЛ ТҮГЭЭХИЙГ ХҮСДЭГ ЭМЭГТЭЙ

2023-05-30,   1354

           Хөгжилтэй, хошин, цоглог эмэгтэй гэж түүнийг л хэлнэ дээ. Хэн бүхэнд байдаггүй ховорхон энэ л зан чанараараа Монголын урлагт олон сайхан дүрийг бүтээж яваа уран бүтээлч бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Лхагвадулам. Сүхбаатарын талбайд алдарт эхийн одон энгэртээ гялалзуулах ээжүүдийн баярт энэ өдрүүдэд тэр ч мөн таван жилийн өмнө эхийн хоёрдугаар одон энгэртээ гялалзуулж байсан үеэ дурсан, сэтгэл догдлон суугаа. Тун удахгүй болох олон улсын эх, үрсийн баярын өдрийг тохиолдуулан дөрвөн хүүхдийн ээж, дөлгөөн мөртлөө дундрашгүй эрч хүчтэй түүнтэй ээж болон хүүхдүүдийнх нь талаар ийн ярилцлаа. Анх “Эрхэм элч” нэгдлээс уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш дэлгэцэд архи уудаг, эрүүлжүүлэгддэг эмэгтэй, хөдөөний хээгүй эхнэр, цоглог галзуу, өөдрөг гэгээн гээд “чимэг” болсон дүрийг гаргасаар яваа. Тэрбээр “Дүрийг их, бага, гол, туслах гэж гололгүйгээр найруулагчаас өгсөн дүрдээ хичээж, чанартай ажиллахыг боддог. Дүр бүхний минь ард найруулагч, уран бүтээлчдийн итгэл байдаг учир хүний итгэлийг алдах дургүй” гэнэ.

-Хүн аав, ээжийнхээ сургаал, хүмүүжлээр хүүхдүүдээ хүмүүжүүлдэг санагддаг. Таны хувьд дөрвөн хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлж байна вэ?

             -Манайх нэг охин, гурван хүүтэй. Охин минь өвөө, эмээ дээрээ өссөн болохоор илүү сайн, зөв хүн болж өссөн. Гурван хүүгээ харин өөрөө өсгөж байна. Гэхдээ уран бүтээлийн ажил гээд завгүй байх үед ээж хүүхдүүдийг минь түлхүү өсгөж, хүмүүжүүлсэн. Ээжийнхээ суулгасан тэр суурь хүмүүжилд хүүхдүүдээ сургах гээд үзэж байна. Хүнээр хүн хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Тэр дундаа эрэгтэй хүүхдийг зөв, сайн хүн болгох гэж их хичээдэг. Хүүхдүүд минь давгүй сайхан болж байгаа юм байна гэдгийг саяхан нэг жишээн ээс харж мэдэрлээ. Хүүхдүүдээ суулгаад машин бариад явж байсан чинь нарийхан зам дээр нэг машин хажуугаар гарах гээд дайраад байна. Тэгэхээр нь хажуугаар нь гарахдаа таагүй үг хэлээд өнгөрөв. Манай хоёр хүүхэд цонхоор харсан чинь настай эмэгтэй хүн байж л дээ. “Ээж та яагаад хөгшин хүнд тэгж хэлж байгаа юм бэ” гэж эмзэглэж байсан. Тэндээс би өөрийнхөө хэлсэн үгэнд гэмшихийн зэрэгцээ хүүхдүүд минь ямар ч байсан хүнийг хүндэлж, хайрладаг хүн болж байгаа юм байна гэж баярлаж байлаа.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ, таны ээж харин хүүхдүүдээ хэрхэн сургаж хүмүүжүүлдэг хүн байв?

               -Би таван хүүхэдтэй айлын том нь. Аав минь цэргийн дарга хүн байсан болохоор зав бага, ээж, эмээ хоёр минь биднийг өсгөж хүмүүжүүлсэн. Зун болохоор биднийг хөдөө их явуулна. Тэр ч утгаараа хөдөө ахуйтайгаа их ойрхон өссөн. Ээжийн минь бидэнд өгсөн гол хүмүүжил бол болдог, болдоггүй зүйлийг их сайн ялгаж хэлж өгсөн нь. Нэг ёсондоо буян, нүглийг ялгаж сургасан хүн л дээ. Мөн цэвэрч нямбай, дэгтэй байхыг их эрхэмлэн захидаг байсан. Тухайлбал, ариун цэврийн хэрэглэлээ хүмүүс ариун цэврийн өрөөнд их замбараагүй орхих талтай байдаг. Тийм болохоор хумиад, уутанд хийгээд аль болох хүний нүдэнд харагдуулахгүйгээр цэгцэлж байгаарай гэх зэргээр биднийг биеэ авч явах соёлд сургахаас эхлээд л хэлдэг байсан. Тэгэхээр аав, ээжээсээ сурсан зүйлсээ хүмүүс хүүхдүүддээ хэлж өгч өвлүүлээсэй гэж хүсдэг.

  -Ээжийгээ олон л баярлуулж байсан байх. Тэр дундаасаа онцолж “Тэр үед л ээж минь хачин их баярласан даа” гэсэн дурсамжаасаа бидэнтэй хуваалцаж болох уу?

              -Дүү нар минь эрт биеэ даагаад гадаад, дотоодын сургууль соёлд яваад, тусдаа айл өрх болоод явсан. Харин миний хувьд амьдралынхаа ихэнх хугацааг төрсөн гэртээ өнгөрүүлсэн. Аав минь 11 жилийн өмнө бурхан болсноос хойш ээжтэйгээ хамгийн ойрхон байсан хүүхэд нь, би. Тиймээс ч ээжийгээ аль болох л баярлуулахыг хичээдэг. Бүр нэг магнайг нь тэнийтэл баярлуулаагүй ч гэсэн баярлуулдаг л охидын нэг гэж боддог. Гэхдээ санааг нь чилээж, зовоож байсан үе ч бий.

-Таныг хөгжилтэй, цоглог уран бүтээлч гэдэг. Энэ зан чанар аав, ээжийн тань алиных нь вэ?

      -Аавын талд хошин шогийн мэдрэмжтэй, хүнийг ёжилдог хүмүүс байдаг. Тэгэхээр би аавынхаа тэр зан чанарыг нь өвлөж авсан юм шиг байгаа юм. Ерөнхий төрх, нийтэч зан чанараараа би ээжтэйгээ адилхан. Манай ээж хүн бүрийг хооллож, ундалдаг, хэн бүхнийг наашаа гэсэн найрсаг хүн байсан. Ээжийн минь энэ зан чанар надад бий.

үүхдүүд нь харин таныг олон сайхан үйл явдлаар баярлуулсан байх. Хүүхэд өсөж том болохоос эхлээд л аз жаргалыг мэдэрч байгаа болов уу?

             -Тэгэлгүй яах вэ, саяхан л жаахан байсан үрс минь том болж, өдрөөс өдөрт ухаажиж, хэрсүүжиж байна. Бага хүүгийнхээ хөгжилтэй түүхээс ярья гэж бодож байна. Хүү минь бүр багадаа нусаа авахуулах их дургүй. Тэгээд өөрөөр нь нусыг нь гаргуулаад, гараад ирэхээр нь алга ташаад “Мундаг миний хүү” гэж магтдаг байсан. Тэгэхээр л нусаа гаргаж өгвөл ээж баярладаг юм байна гээд ойлгосон юм шиг байгаа юм. Нэг орой дүрсгүйтэж байснаа “Би аав, ээж хоёрын хүүхэд биш” гэж байна. Тэгэхээр нь бид хоёр жаахан гомдсон юм шиг болоод унтлаа. Тэгсэн гэнэт “Аав, ээж гэрлээ асаа” гэж байна. Тэгсэн том нус гартаа барьчихсан “Уучлаарай” гэдэг юм даа. Гэрээрээ бөөн инээдэм болж байгаа юм чинь. Тийм хөөрхөн хөгжилтэй, хөгтэй мөчүүд их болно. Тэр бүхнээс л үр хүүхдээсээ аз жаргалыг мэдэрнэ дээ. Мэдээж том болж, сургуульд орж, амжилт гаргах гээд тэдний хийж, гаргаж байгаа үйлдэл бүхэн л ээжийгээ баярлуулж байдаг.

-Анх ээж болж байсан үеийн мэдрэмж хүн бүрд л сайхан. Таны хувьд ямар санагдаж байв?

            -Ээж болж байсан үеийн мэдрэмжийг юугаар ч илэрхийлэшгүй. Ёстой хүүхдээ тэврээд л хайлж урсдаг юм билээ. Хүн нэг хачин их ам цангаж байгаад ус уухад сайхан болдог шүү дээ. Тийм мэдрэмжээс ч сайхан. Үнэхээр үнэн зүрхний хайр ундардаг юм билээ. Тэр мөчийг би оноож хэлэх, зүйрлэх зүйл олддоггүй юм. Тэгж л охин минь намайг ээж болгож байлаа.

-Мэдээж хүн үр хүүхдүүдээ сайн хүн болгохын төлөө л хичээж байгаа. Таны хувьд ямар зан чанартай хүн байгаасай гэж боддог бол?

          -Гурван хүүгийн минь нэг жаахан эмзэг, эрх танхи байдаг. Тэр хүүгээ жаахан эр хүн шиг, хэт хатуу чанд байгаа хүүгээ жаахан зөөлөн уяруу гээд аль болох бүх зан чанарыг нь тэгш суулгах сан юм гэж хичээдэг.

-Одоо хоёул таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан руу орьё. Сүүлд тоглосон уран бүтээлээс нь “Зүрхэн зүг” киног онцолмоор байна. Мөн л нэг зэвүүн дүрийг гаргасан байсан?

   -"Зүрхэн зүг" кинонд 60, 70-аад оны үед шоронд орсон эмэгтэйчүүдийн тухай гардаг. Би эрүүлжүүлэх, шоронтой нэлээд кинонд орсон байдаг. Тэдний л адил нэг дүр минь. Тэгээд үзсэн хүмүүс өөрсдийнхөөрөө дүгнэж, үзсэн байх гэж бодож байна. Сүүлийн үед гэвэл аймшгийн кинонд тоглолоо. Үзэгчдэд арай хүрч амжаагүй байгаа. Миний хувьд өмнө нь хошин төрөл жанр, архичин эмэгтэйн дүрээр илүү үзэгчидтэйгээ уулзаж байсан бол энэ удаад аймшгийн киногоор уулзах нь. Миний хувьд мөн л нэгэн сорилт байсан.

      -Зэвүүн мөртлөө тийм нэг чимэг болсон туслах дүр таных байдаг шиг санагддаг?

   -Тийм ээ, найруулагчдаас ирж байгаа дүр л дээ. Гэхдээ "Лхагваа эгч та л энэ хэсэгт яг тохирно" гэж байгаа уран бүтээлч дүү нарынхаа итгэлийг алдахгүйн төлөө, мөн үнэхээр тухайн зохиолч зохиолоо бичихдээ тэр дүрд намайг л тохирно гэж, найруулагч ч мөн тэгж харсан л бол би түүнийг яг санаанд нь тултал хийх ёстой. Би ингэж л бодож уран бүтээлдээ ханддаг.  Туслах дүр бол гол дүрээ тодотгож өгөхөөс гадна тухайн уран бүтээлийг өргөж, өрнүүлж өгдөг гол үүрэгтэй дүр.

-Хүүхдүүд нь ээжийгээ дэлгэцээс үзээд юу гэдэг бол?

      -Өө, тэгээд хоёр том нь бол хэдийнэ үзээд дасчихсан. Харин хоёр бага нь хаа нэг зурагт үзэж байгаад "Ээж та гарч байна" гэдэг. Би ч тэгээд "За яах вэ, гарч л байг дээ" гээд тэрүүхэндээ хүүхдүүдийнхээ дунд од болчихно. Том хүүгийн ангийнхан "Ээж чинь телевизээр гарч байна лээ" гэсэн чинь "Гарч л байдаг шүү дээ" гэж томорсон гэж байгаа. Одоо ч тэгээд бүр дөжирч байна даа.

      -Уран бүтээлч хүн сайн ханьтай байна гэдэг хамгийн сайхан зүйл байх. Гэр бүлийнхээ хүний тухай энэ хэсэгт ярилцаж болох уу?

    -Хань минь Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын тээврийн цагдаагийн албанд ажилладаг. Нөхөр нь замын цагдаа, эхнэр нь урлагийн хүн байна гэдэг хоёулаа хүнд. Гэхдээ нагац эгч, хадам аав, ээж минь хүүхдүүдийг минь ээлжилж хардаг. Хүүхдүүд ч өөрсдөө биеэ даагаад нэгнээ аваад явдаг. Хань минь их сайхан, миний мэргэжлийг ойлгодог мундаг залуу. Бид хоёрын зан чанар, ажил мэргэжил, амьдралынхаа төлөө зүтгэж байгаа байдал цөм ижил тэнцүү, тохирсон байдаг. Хэн ч хэнийгээ гэх зүйл үгүй ижил байдаг болохоор бие биенийгээ ойлгоод явдаг. Хүмүүс одоо Баагий гэхээр андахгүй дээ.

-Ээж болон, эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлээд яриагаа өндөрлөе?

     -Бүх сайхан ээж, эмэгтэйчүүддээ олон улсын эх, үрсийн баярын мэнд хүргэе. Айл бүр эрүүл энх, элэг бүтэн, аз жаргал дүүрэн байх болтугай гэж хүсье.

       Багадаа тэр их мөрөөдөмтгий, хүсэл тэмүүлэлтэй охин байж. Дэврүүн мөртлөө гэгээн энэ л зан нь түүнийг өдгөө урлагийн тулхтай нэгэн уран бүтээлч хүртэл хөтөлжээ, гэмээр. Асан дүрэлзэж, хамгийн сайхан энергийг бусдад өгч байдаг энэ эмэгтэй "Би бусдад хайр, гэрэл түгээхийг хичээдэг" гэнэ. Үнэхээр хүүхэд шиг гэгээ цацарсан, хэн бүхэнд ойр, хажууд найрсаг нэгэн гэдэг нь уулзаад салахад мэдрэгдэж байлаа. Мөн эмэгтэйчүүддээ хэрэгтэй мэдээллийг өгч, тэдний баяр жаргалыг хуваалцахаар "Ганган хөвсгөр" группийг үүсгэн байгуулж олон эмэгтэйд аз жаргал, хайр түгээж, гоё сайханд хөтлөн яваа нэгэн. Түүний дүрүүд бодитой бөгөөд үргэлжийн түшигтэй, дулаахан, хэн бүхэнд нэгийг бодуулсан байдаг билээ.


ЖҮЖИГЧИН Т.ЛХАГВАДУЛАМ: БИ БУСДАД ХАЙР, ГЭРЭЛ ТҮГЭЭХИЙГ ХҮСДЭГ ЭМЭГТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188