• Өнөөдөр 2024-04-18

Д.АСАРДАРЬ: ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ ХОЙНООС ТУУШТАЙ ЯВЖ ЧАДДАГ ГАЛ ЦОГТОЙ ЗАН МИНЬ “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ” ЖҮЖГИЙН ШУБИРАТАЙ ТӨСТЭЙ

2023-05-22,   1177

         “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубиратай "уулзлаа". “Хэнтэй, Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг уу, эсвэл Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг үү” гэж уншигч та асууж мэдэх юм. Үгүй дээ, М.Батболд найруулагчийн найруулгаар тайзнаа тун удахгүй тоглогдох “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубирагийн дүрд тоглож буй Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Д.Асардарьтай уулзлаа. Шубираг түүний өнцөг, илэрхийллээр үзэх нь.  

               Түүнийг өмнө нь тайзнаа “Макбет” жүжгийн Макбет, “Медея” жүжгийн Медея, “Надтай үлдээч” жүжгийн Нандин, “Анна Каренина” жүжгийн Сорокин вангийн гүнж зэрэг туслах болон гол дүрд тоглохоос гадна “Хавар” киноны Мөнхөө, “Нийслэл хүүхэн” киноны Халиунаа зэрэг дэлгэцийн дүр бүтээж байснаар бид эчнээ таних билээ.

-Таныг “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубирагийн дүрээр харах болсондоо баяртай байна. Өмнөх Шубирагаас юугаараа онцлог байх бол?

                -Сорогдогийн Жаргалсайханы зохиол “Шөнө дундын бүжиг” драмын жүжгийг өмнө нь театрын тайзнаа хоёр удаа тавьж байсан. Шубирагийн дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг эгч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг эгч нар тоглож байсан. Энэ удаад 2023 онд Орфей театрын хамт олон М.Батболд найруулагчийн найруулгаар тавих гэж байна. Миний хувьд Шубирагийн дүрд сонгогдоод, жүжгийн бэлтгэлээ хийж байна. Шубира бол шөнийн хатан хаан, үзэсгэлэнтэй бүжигчин бүсгүй.

-Энэ дүрд сонгогдох болсноо дуулаад эмээсэн үү. Эсвэл, харин ч “Тоглож чадна” гэсэн итгэлтэйгээр хүлээж авсан уу?

              -Анх Орфей театраас санал тавихад л хүмүүсийн итгэл надад зориг өгсөн. Нэг ёсондоо “Энэ хүмүүс намайг Шубира гэж харсан учир би чадах л ёстой гэж хүлээж авсан. Тийм учраас эмээхээс илүү талархаж хүлээж авсан. Нөгөө талаар анх театрт ороод анхны гол дүрээ аваад сандарч, эмээж байсан Д.Асардариас өнөөдрийн Асардарь тодорхой хэмжээнд өсөж дэвжсэн. Тиймээс “Шөнө дундын бүжиг” жүжгийн гол дүрийн санал ирэхэд би 100 хувь өөртөө итгэлтэйгээр хүлээж авсан. Учир нь, найруулагчаас ирэх бүх сорилтод би бэлэн, надад тэр нөөц боломж, авьяас нь байгаа учир аль болох бүх хүч бололцоо, хөдөлмөрөө гаргаж, энэ дүрдээ ажиллахыг хүсэж байна. Театрт ороод найман жилийн хугацаанд гол болон туслах дүр, олны хэсэг гээд чамгүй уран бүтээлд тоглож, ажилласан учир багагүй туршлага надад суусан гэж боддог.

-Уран бүтээлч бүр өөрийн өнцөг, онцлогоор дүрээ гарган үзүүлдэг. Таны хувьд ямар Шубираг бидэнд үзүүлэхээр ажиллаж байна вэ?

            -Мэдээж өөрийнхөөрөө дүрдээ ажиллаж байна. Магад өөр жүжигчин энэ дүрд сонгогдсон бол мөн тэр хүний өнцгөөр л харах байсан байх. Тиймээс миний хувьд Шубирагийн өөр нэгэн өнцгийг өөрөөрөө дамжуулан гаргана. Харин дүрийн өөрчлөлтийн хувьд үзэгчид ирж үзэхдээ мэдэх байх.

-Шубиратай ямар зан чанараараа төстэй вэ. Магад адил зүйл байсан болоод М.Батболд найруулагч энэ дүрийг танд оноосон байж мэдэх юм?

             -Энэ дүрд намайг яагаад сонгосныг найруулагч илүүтэй хэлэх байх. Шубира бол маш гал цогтой, хүнийг өөртөө татаж чаддаг эмэгтэй. Харин миний хувьд аливаа зүйлд бууж өгөх дургүй, нэг эхлүүлсэн зүйлийнхээ ард амжилттай гарахыг хүсдэг. Өөрөөс гарч болох бүх хүч хөдөлмөрөө дайчилж дүрээ гаргахыг хичээдэг. Тэгэхээр хүсэл мөрөөдлийнхөө хойноос тууштай явж чаддаг гал цогтой зан минь Шубирагийн дүртэй төстэй болов уу гэж бодож байна. Харин Шубирагийн сайн бүжигчин, үзэсгэлэнтэй байдал зэргийг нь үзэгчид дүгнэх байх.

-Бодит амьдрал дээр эмэгтэй хүн гал цогтой, өөртөө итгэлтэй байхаар хүмүүс муухайгаар хэлэх хандлага их байдаг. Харин Шубира яаж байна вэ?

           -Шубирагийн хувьд эрэгтэй хүнээс хараат бус, хүн бүрийг өөртөө татаж чаддаг эмэгтэй. Гэсэн ч хайртай залуугаасаа хайр халамж хүссэн нэгэн. Харьцангуй таны асуугаад байгаа шиг хандлагаас хол л доо. Амьдрал дээр харин эмэгтэй хүнийг элдвээр ярьж, хэлдэг байдал тухайн хүний боловсролтой холбоотой гэж  боддог. Өөрөө багаас нь бүхнийг хийж амжилтад хүрсэн, зовлон, жаргалыг нь мэддэг хүн хүнийг тэгж ярихгүй байх. Харин амьдралд үзэж харсан зүйл бага, боловсрол дутмаг хүн л хэн нэгнийг муугаар ярьж магадгүй.

-Жүжигчин хүн тоглосон дүр бүхнээсээ өөртөө ямар нэгэн зүйлийг авч үлдэж, дүрээсээ суралцдаг байх. Шубирагийн дүрд ажиллаж байхад танд юуг өгч, үлдээж байна вэ?

          -Шубирагийн дүрд ажиллахад надад их амттай байгаа. Зөвхөн жүжиглэх биш бүжиглэх, дуулах гээд олон талын авьяасыг минь сорьсон. Нэг ёсондоо олон сорилттой, намайг өөрөөр ажиллуулж, илүү чадвар шаардаж чадаж байгаа учир амттай, адал явдалтай байгаа. Бэлтгэлийн туршид найруулагчаас ямар ч сорилт ирж магадгүй гэсэн хүлээлт нь илүү сонирхолтой.

Таны тоглосон тайз болон дэлгэцийн бүтээлээс аль нь илүү хүнд байсан бэ?

           -Амархан, хөнгөн дүр гэж байхгүй. Жүжигчин хүнд ирж байгаа дүр бүхэн сорилт. Магадгүй Асардарь гэж хүн цор ганц байж болох ч  түүнд ирж байгаа дүрүүд ондоо. Тийм болохоор өөрт оногдсон дүрдээ хамаг хүч чадал, авьяас билгээ дайчилж ажиллах нь уран бүтээлч хүний гол зорилго. Ганц би ч биш, бусад жүжигчин ч мөн 100 хувь гүйцэтгэлтэй сайн ажиллахыг эрмэлздэг.

-М.Батболд найруулагчтай анх удаа хамт ажиллаж байгаа юу. Театрын дассан, сурсан найруулагчдаасаа өөр найруулагчтай ажиллах ямар мэдрэмж төрж байгаа бол?

              -Тийм ээ, миний хувьд театрын тайзнаас өөр театрын тайзнаа гарч байгаа анхны бүтээл минь. М.Батболд найруулагчтай ч анх удаа ажиллаж байна. Хамт ажиллахад зөөлөн, жүжигчинтэйгээ санал бодлоо солилцож ажилладаг нь урамтай санагдсан. М.Батболд найруулагч Улсын драмын эрдмийн театрын найруулагч шүү дээ. Энэ удаад Орфей театрын ээлжит бүтээлийг найруулж байгаа. Тэгэхээр цаашид театрын тайзнаа гарах олон бүтээлд хамт ажиллах байх.

-Дэлгэцийн бүтээлийн санал ирж байна уу?

                    -Дэлгэцийн бүтээлийн санал ирсэн. “Нийслэл хүүхэн” кинонд тоглосны дараа ерөнхийдөө +18 талын дүрүүд ирсэн ч татгалзсан. Миний хувьд даруухан, амьдрал ойр дэлгэцийн бүтээлд тоглохыг хүсэж байгаа. Гэсэн ч найруулагчдаас ирэх санал арай өөр болчихоод, одоогоор татгалзсан байна.

-Энэ асуулт ихэнхдээ ярианы эхэнд тавигддаг. Өмнө нь би тантай ярилцлага хийж байхдаа ч асууж байсан. Үзэгчдэд хүргэх үүднээс дахин асуух нь зүйтэй болов уу. Багаасаа урлагт дуртай хүүхэд байсан уу. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ?

            -Багаасаа жүжигчин болно гэж бодож байгаагүй. Арван жилдээ урлагийн үзлэгт ордог, урлагт дуртай байсан. Тэгээд сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгохоор болж, СУИС-д эстрадын дуучин, жүжигчин гэсэн хоёр мэргэжлээр шалгалт өгч, хоёуланд нь тэнцсэн юм. Тэгээд ер нь жүжигчин хүн яагаад дуулж болохгүй гэж гээд жүжигчний анги сонгож байлаа.

-Ярилцсанд баярлалаа.

                -Баярлалаа.


Д.АСАРДАРЬ: ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ ХОЙНООС ТУУШТАЙ ЯВЖ ЧАДДАГ ГАЛ ЦОГТОЙ ЗАН МИНЬ “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ” ЖҮЖГИЙН ШУБИРАТАЙ ТӨСТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-24 20:29:34
    Zochin: Klipend vnen tasarhai toglodog
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-23 19:16:13
    Болор: Үнэхээр зоримог тууштай хөдөлмөрч охин шүү. зөв дөө тоглох тоглохгүй дүр гэж бх хэрэгтэй . тэр дундаа мэргэжлийн, эмэгтэй жүжигчинд энэ их чухал шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-23 01:20:19
    Erdene : Asardari mash ih olon taliin avyastai uneheer sain jujigchin . Ene toglolt mash ih saikhan uzeh yostoi toglolt boloh baih . Mundag saikhan jujigchind ihees ih amjilt husey . Tsaashdaa ooriin saikhan uran buteeleere uzegch bidniig bayrluulna gedegt itgeltei b na .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-22 20:30:51
    Оюун.: Маш сонирхолтой сэтгэлд үлдэх сайн сайхан шигтгээ болон гялалзах дүр бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.Урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхан ивээгээ!.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188