• Өнөөдөр 2024-03-29

PRO ТЕАТРЫН НАЙРУУЛАГЧ Б.ДАВААСҮРЭН: Бид хүүхдэд багаас нь театрын боловсрол олгох зорилгоор хүүхдийн жүжигт голлон анхаарна

2023-05-20,   556

             PRO театрын уран бүтээлчид нэгэн томоохон уран бүтээлийнхээ ард гарч амсхийн суугаа энэ үед бид тус театрын жүжигчин, найруулагч Б.Даваасүрэнтэй ярилцахаар зорин очлоо. Учир нь, тэрбээр тус театрт хамгийн сүүлд тоглогдсон “Инээмтгий хүн” жүжгийн найруулагчаар ажилласан билээ. М.Батболд, Ш.Ёндоншарав гээд залуу найруулагчид хүч түрэн гарч ирээд байгаа тавцан дээр турьхан биетэй эмэгтэй уран бүтээлч өөрийн өнцөг, оюун сэтгэлгээгээр Францын их зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийг найруулан тавьж, үзэгчдийг хэсэгтээ шуугиулаад авсан. “Өнөөдрийн нийгмийн төрх байдлыг уран бүтээлээрээ дамжуулан дуугарах, энэ цаг үед тохирох нь “Инээмтгий хүн” зохиол гэж анхлан PRO театрын хамт олон ярилцаад, энэ жүжгийг тавих шийд гаргасан гэсэн. Иймээс бид түүнтэй түүнтэй уулзан, найруулан тавьсан жүжгийнх нь үр дүн болоод дараагийн уран бүтээлийнх нь тухай ийн ярилцлаа.

                 Тэрбээр Оросын Холбооны Улсын Санкпетербургийн театрын урлагийн академийг жүжигчин, тус улсын зүүн Сибирийн урлагийн их сургуулийг найруулагчаар төгссөн бөгөөд ОХУ-ын ГИТИС-ийн магистрантыг дүүргэсэн байна. Сургуулиа төгсөж ирээд Монголын Хүүхэлдэйн театрт жүжигчин, ОХУ-ын Улаан-Үд хотын “Үлгэр” театрт жүжигчин, найруулагч, 2022 оноос PRO театрын найруулагчийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй. Мөн Монгол болон Оросын Холбооны Улсын театрт 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрд ажилласан, “Зараа”, “Баавгайн түүх”, “Хамгийн шилдэг аав” зэрэг хүүхдийн жүжгийн найруулагчаар ажилласантуршлагатай уран бүтээлч юм.

-“ИНЭЭМТГИЙ ХҮН” ЖҮЖИГТ  ТАЙЗ ЗАСАЛТАА АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛЖ ХУВЦСААР ШИЙДЭЖ ӨГСӨН-

-“Инээмтгий хүн” жүжиг тоглогдож өндөрлөлөө. Эрэгтэй хүний тархи, зүрхнээс урган гарсан зохиолыг эмэгтэй найруулагч жүжиг болгон тавьна гэдэг сонирхолтой бас амаргүй байх гэж бодлоо?

           -Зохиолын хувьд хүнд. Хөндөгдөж байгаа сэдэв хүнд учраас жүжиг ч мөн хүнд талдаа болсон. Эмэгтэй найруулагчийнхаа хувьд энэ хүнд сэдэв, түүхийг аль болох зөөлнөөр харуулахыг хичээсэн.

      -М.Батболд, Ш.Ёндоншарав гээд шинэ залуу найруулагчид өөрсдийн уран бүтээлээ үзэгчдэд дэлгэж байгаа энэ цаг үед “Инээмтгий хүн” жүжгийг найруулан тавьлаа. Тэдгээрээс ур чадварын хувьд юугаараа онцлог байсан бол?

          -Хүйсийн ялгааны хувьд сайн мэдэхгүй юм. Ээж минь Эрдэнэтийн Соёлын ордонд 30 жил ажилласан найруулагч. Анхны жүжигчний урлагийн багш минь мөн эмэгтэй найруулагч хүн байдаг. Сүүлд найруулагчаар сурахад зааж зөвлөсөн багш минь мөн эмэгтэй. Ёндоо, Батболд ах нарын хувьд нэг үед хамт сурч байсан. Ах нарын минь уран бүтээлүүд гарч байгаад баяртай байгаа. Манай театрын дараагийн уран бүтээлүүдэд ээлжит шинэ залуу найруулагчид мөн гарч ирнэ.

-“Инээмтгий хүн” жүжиг үзэгчид олонтой байлаа. Тэгэхээр таны хувьд ажлын үр дүн сайн байв уу? 

           -Миний хувьд найруулгадаа голчлон анхаарч, уран бүтээлээ хийх, жүжгээрээ дамжуулан ард түмний дуу хоолойг хүргэх гол зорилго байсан. Мэдээж шинэ театрын бүтээл учир хүмүүс төдийлөн зорьж ирэх нь бага байв. Тиймээс эхний хэдэн тоглолтыг таньдаг, мэддэг, ойр дотны хүмүүс үзсэн. Харин үзсэн хүмүүс сэтгэгдлээ хэлээд бусдад хүргэнэ гэдэг хамгийн чухал зүйл байдаг юм билээ. Тийм ч болохоор үзэгчдийн хүсэлтээр тоглолтоо сунгаад хоёр сар тоглоод дууссан.

-“Инээмтгий хүн” жүжгийн тайз засалт Ш.Ёндоншарав найруулагчийн “Сычуаны сайн хүн” жүжгийн тайз засалттай төстэй байсан. Ер нь анзаарч байхад сүүлийн хоёр жилд тавигдаж байгаа жүжгийн өнгө аяс ижил байна уу гэмээр. Энэ нь юутай холбоотой гэж бодож байна вэ?

           -Тайз засалтын хувьд манай зураач Анхбаатарын ажил. Мэдээж санаа оноогоо солилцоно. Тэгэхдээ “Бидэнд юу хэрэгтэй, бид ямар материал, хэрэглэл бэлдэж байж Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийг үзэгчид мэдрэх вэ” гэсэн асуултаас урган зассан л даа. Гэхдээ тайзаа зохиогоод бэлтгэл хийгдээд явж байхад жүжигчид болон үзэгчдээс “Сычуаны сайн хүн” жүжгийн засалттай ойролцоо байна гэсэн сэтгэгдэл орж ирсэн. Гэсэн ч манай жүжгийн хувьд ойролцоогоор 700 гаруй пальтогоор боссон тайз. Хамгийн гол нь тайзаа ингэж шийдэж өгсний учир бид энэ жүжгээрээ ард түмний дуу хоолой болохыг хүссэн. Виктор Хюгогийн бичиж байсан ард түмэн, өнөөдрийн ард түмний төлөөллийг гаргах хэрэгтэй гэдэг үүднээс олон хувцас байвал зүгээр юм байна. Нэг хөдөлгөөнөөр олон хүн ярьж байгаа юм шиг мэдрэмж өгөх хэрэгтэй гэсэн үүднээс тайзаа хувцсаар шийдсэн. Түүнээс дэмий хувцас өлгөчихөөд байгаа зүйл биш. Цаашлаад зөвхөн тайз засалтын хувьд биш жүжгийн хувьд төстэй байгаа нь нэг газар сурсан, тэр уур амьсгалыг нь үзэж мэдэрсэн байдал, багш нарын өгч байгаа урсгал нэг  байж магадгүй. Энэ ч үүднээс зарим нэгэн шийдэл төстэй байхыг үгүйсгэхгүй.

-Залуу найруулагчид цөм л гаднын зохиолыг барьж авч байна. Гэхдээ Монголын олон сайхан сонгодог зохиол бий шүү дээ. Таны хувьд тэдгээрээс тавьж, үзэгчдэдээ хүргэх бодол бий болов уу?

           -Театрт өөрийн гэсэн хэтийн зорилго, жил жилээр гаргасан уран бүтээлийн төлөвлөгөө гэж байгаа. Яг энэ дуу хоолойг бид өнөөдрийн нийгэмд хүргэхийг хүссэн. Залуус талбай дээр гараад тэмцэж байгаа шиг бид хийж дадсан ажлаараа дуу хоолойгоо хүргэхийг хүсэж байгаа юм. Тэгэхээр манай PRO театрын хувьд “Инээмтгий хүн” зохиолоор энэ нийгмийн дүр төрхийг дамжуулан илэрхийлсэн. Харин Ёндоо ахын хувьд “Сычуаны сайн хүн” жүжгээ тавиад, дараа нь “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчидтэй хамтраад “Шөнө буусан аадар” монгол жүжиг найруулсан. Үүнтэй адил бидний төлөвлөгөө жагсаал дотор монгол уран бүтээл бий. Аль болох сөөлжлөөд явахыг бодож байгаа.

-PRO театр үндсэн хэчнээн уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ. Гаднаас мөн уран бүтээлчид урьж тоглуулдаг юм билээ?

        -Нэг ангийн зургаан залуу уран бүтээлч нийлж театраа байгуулсан. Тэгээд бид нэмж залуу таван уран бүтээлч театртаа авсан. 

-Одоо хоёул дараагийн тавихаар зорьж байгаа бүтээл рүү нь яриагаа хандуулья. Удахгүй болох гэж байгаа хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхдийн жүжиг тавих гэж байгаа юм байна?

                   -Тийм ээ, манай театрын хувьд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад хүүхдэд зориулсан уран бүтээл гаргаж байгаа. Нэг нь манай PRO театрын хоёр дахь уран бүтээл болох “The Magic box” гээд есөн номероос бүрдсэн шоу тоглолт. Энэ тоглолт хүүхдийн баярыг тохиолдуулан дахин тоглохоор болсон. Түүнээс гадна манай театрын нэгэн төрөл болох шинэхэн урсгал “Baby” театр гээд дөрөв хүртэлх насны хүүхэд үзэх “Алдагдсан төрсөн өдөр”  жүжгийн нээлт энэ сарын 20-нд болно.

  -PRO театрын хувьд хүүхдийн жүжгээр голчлон ажиллаж байна уу гэж харж байна?

                        -Театр маань нээгдээд удаагүй байна. Одоо ингээд дөрөв дэх уран бүтээлийнхээ ард гарах гэж байна. Манай театрын зорилго нь бид нийт 100 хувийн уран бүтээл хийх ёстой бол 70 хувь нь хүүхдэд чиглэсэн уран бүтээл байна. Бид үзэгчдээ багаас нь бэлдэх хэрэгтэй юм байна, хүүхэд очоод жүжиг үздэг театрын урлаг нь олон байх ёстой юм байна гэдэг үүднээс аль болох хүүхэд рүү чиглэсэн уран бүтээл хийхийг зорьж байна. Үүнийхээ хажуугаар мөн өсвөр нас болон насанд хүрэгчдэд зориулсан үзвэрүүд бүтээнэ. Энэ хүрээнд хийгдсэн эхний ажил нь “Инээмтгий хүн” жүжиг.

   -Хүүхдүүд жүжиг хэр үзэж байна вэ. Энэ дагуу судалгаа хийсэн болов уу?

                        -Үнэнийг хэлэхэд, үзэгч цөөн байгаа.

Гэхдээ санаснаар үзэгчидтэйгээ харилцахад яах аргагүй үзэгч бага байгаа. Иймээс энэ байдалд өөрчлөлт хийхийн тулд хүүхэд театрт ирж, театрын соёлтой танилцах нь чухал. Тэгэхээр театрын үзэгчид бид хүүхэд байхаас нь бэлдэх ёстой юм байна гэсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Шинэ жилээр бид хүүхдийн уран бүтээл хийсэн, амжилттай сайхан болж өнгөрсөн. Одоо харин тавдугаар сарын 27,28, зургадугаар сарын 1 гэсэн гурван өдөр бид тоглох гэж байна. Манай театрын уран бүтээлийн хувьд зөвхөн баяртай холбоотой гэлтгүй сардаа, хоёр сардаа нэг ч юм уу хүүхдийн жүжгийн төлөвлөгөө гарах байх. Мөн онцлон хэлэхэд ганц РНЦК-ийн тайзан дээр гэхээс илүү хүүхдийн төрсөн өдөр, арга хэмжээ, цэцэрлэг, сургууль дээр нь очоод тоглох ч боломжтой. Нэг ёсондоо хаана очиж хүүхдэд театрыг түгээж болохоор байна, тэр газар нь тоглох боломжтой.

-Байгуулагдаад удаагүй театрт санхүү, хөрөнгө гээд тулгарч байгаа асуудал бишгүй л байгаа байх. Соёлын яамнаас ч юм уу ер дэмжиж, тусалж байгаа газрууд бий болов уу?

         -Тийм ээ, одоохондоо биднийг үзэгчдээс өөр дэмжиж байгаа зүйл байхгүй, бор зүрхээрээ л явж байна. “Инээмтгий хүн” жүжигт биднийг Playmo-гийн залуучууд дэмжиж, хамтран ажилласан. Соёлын яамнаас төсөл зарладаг. Бидний хувьд зарласан төсөл бүрд оролцдог ч одоогоор шалгарч үзээгүй байна. Одоогоор нэг төсөлд санал явуулсан, хариугаа хүлээгээд байж байна. Түүнээс биш бусдаар бид цэвэр өөрсдийнхөө мөнгө санхүүгээр театраа босгож явна.

-Ярилцсанд баярлалаа.

          -Баярлалаа.


PRO ТЕАТРЫН НАЙРУУЛАГЧ Б.ДАВААСҮРЭН: Бид хүүхдэд багаас нь театрын боловсрол олгох зорилгоор хүүхдийн жүжигт голлон анхаарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188