• Өнөөдөр 2024-05-10

ТАНИЛЦ:Уран бүтээлчдийн ЗУРШИЛ

2020-12-04,   1427

-БҮТЭЭХИЙН ТУЛД ТЭД ХЭРХЭН ДУРААРАА ЗАГНАДАГ ВЭ-

         Уран бүтээлчид, оюуны хөдөлмөр эрхлэгчид, зураачид зохиол, бүтээлээ хэрхэн туурвидаг нь тайлагдашгүй нууц билээ. Тэр дундаа зохиолч, зураач, хөгжмийн зохиолч тэргүүтэй уран бүтээлчдийн агуу бүтээлийн өмнөх сонин хачин зуршлынх нь талаар үлгэр, домог мэт яриа хүн төрөлхтний анхаарлыг үеийн үед татсаар ирсэн. Жишээ нь, Маш их чимээ шуугиантай, эсвэл өчүүхэн ч аниргүй орчинд сууж байж бичдэг нэгэн байхад шоколад, шоколадны төрлийн зүйл ихээр идэж байж тухаа олдог, ямар нэгэн хүндэтгэлийн ёслолд оролцох гэж байгаа мэт ихэмсэг хувцаслаж байж гараас нь “юм” гардаг суутнууд байдаг, байсан гэх янз янзын л яриа байдаг.

      Бидний зохиол, бүтээлээр нь сайн мэдэх Эрнест Хэмингуэй (1899-1961) гэхэд зогсоогоороо бичих зуршилтай байсан гэдэг. Түүнчлэн Уильям Фолкнэр (1897-1962) архи уухгүй бол цэг ч тавьж чаддаггүй, нэгээс хоёр хундага виски ууж байж бичиж эхэлдэг зуршилтай байж. Харин “Фауст”-ыг бүтээгч Иоганн Вольфганг фон Гёте (1749-1832) битүү өрөөнд сууж зохиолоо туурвидаг байсан бол Чарьлз Диккэнс (1812-1870) 50 мөр бичээд нэг аяга халуун ус уудаг дадалтай байж. Үүнээс гадна Буржуйн дүрийг гайхалтай дүрсэлснээрээ дэлхийн утга зохиолд мөнхөрсөн Онорэ дэ Бальзак (1799-1850) бүх хувцсаа тайлж, загалмайн шашны гэлэн хүний нөмрөг нөмөрч байгаад зохиолоо бичдэг байсан гэдэг. Тэр бүх  цонхоо битүүлж аваад өрөөн дотуураа явангаа бичдэг байснаас гадна өдөрт чихэргүй, сүүгүй 50 гаруй аяга кофе уудаг зуршилтай байсан гэгддэг. Тэгвэл манай Монголын уран бүтээлчид бүтээхийнхээ өмнө, эсвэл бүтээж байхдаа хэрхэн “дураараа аашилдаг” зуршилтайг тандахаар бид эхний удаад дараах дөрвөн эрхэмтэй холбогдлоо.

ЗОХИОЛЧ, ДОКТОР П.БАТХУЯГ:Шөнөөр л голдуу бичдэг

    Би шар шувуу төрөлд багтах байх аа. Эрт унтаад шөнийн хоёр цаг орчимд босоод үүр цайтал “нухна”. Шөнөөр л голдуу сууна. Намрын улиралд шүлэг, өвөл эсээ, хүүрнэл зохиол, хавар жүжиг бичдэг журамд өөрийгөө оруулчихсан. Зун түүх, судалгааны материалууд илүүтэй сонирхож, бичдэг дээ.

ОРЧУУЛАГЧ О.ЖАРГАЛСАЙХАН:Ус, кофе уугаад, нэг, хоёр ширхэг жигнэмэг идчихээд суудаг

      Би Мураками Харукигийн “Торгон цэргийн хороон даргын аллага” хэмээх 540 хуудастай номын II ботийн орчуулгыг дуусгах гээд сууж байна. Голдуу өглөө эрт суудаг. Өглөөний 5-8 цаг миний ид бүтээмжтэй цаг учир тогтмол гурван цаг суудаг. Одоо номоо дуусгах гээд орой ч сууж байна. Оюун санаа нойроор шинэчлэгдээд тааваараа суудаг даа.

Өглөө бүр ус, кофе, нэг, хоёр жигнэмэг идээд сууна. Найман цагт орчуулгаа дуусгаад өглөөний цайгаа кофетой, гэрийн нойтон бяслаг идээд ажилдаа гардаг. Үдийн хоолондоо нэг цагийг заавал зарцуулна. Оройдоо зохиолоо барьж авалгүй эрт амарч, бусад цагтаа орчуулгаа шалгаж, нягталдаг даа. Муракамиг өдөрт 6-8 хуудас, сайндаа арван хуудас “мэрж” байна. Зохиол бүтээлээсээ шалтгаалаад өөр байх нь бий.

Голдуу өглөө эрт суудаг. Өглөөний 5-8 цаг миний ид бүтээмжтэй цаг учир тогтмол гурван цаг суудаг

ЗУРААЧ Ж.АРИУНТУЯА:Сул хувцас өмсөөд, орчноо эмх цэгцтэй болгочихоод хэдэн цагаар ч хамаагүй суудаг

      Өөрийн бүтээлдээ ихэвчлэн хөдөлгөөнд тээргүй сул хувцас өмсөөд, бүх материалаа цуглуулж авахад ойрхон бэлдээд, урлангаа цэвэрлэж, эмх цэгцтэй болгочихоод гарч орохооргүй үед бүтээлээ эхлүүлж, цагаа ч анзаарахгүй нам суудаг. Хааяа лаа асааж, байгалийн чимээ сонсож зурдаг. Нэг төвлөрөөд хийж байгаа үедээ сатаармааргүй байдаг учир утасныхаа дууг хаадаг.

        Цагийн баримжаагаа алдаж, хийж байгаа зүйлээ орхиж чадахгүй уулзалтаас хоцрох тохиолдол олон гарч байсан. Гэхдээ мэдээж дандаа тийм бэлдсэн тухтай орчиндоо, урт хугацаагаар суухаас илүү өөр орчин нөхцөлд тухлаад ажиллах ч гоё байдаг. Бүтээл гэдэг цаг товлоод ажиллах боломжгүй зүйл юм шиг санагддаг. Хэчнээн яарсан, бүх зүйл нь бэлэн байхад гараас гарахгүй үе байдаг бол хийх шаардлагатай ажлуудтай үед бүгдийг нь хаяад бүтээл рүүгээ орчихмоор тийм амттай, орхичихож боломгүй үе олон бий.

     Дармын Батбаяр гуайн номын нэг санаа их ойр санагдаж билээ. Бүтээлч хүнд хоёр л цаг байдаг. Нэг нь бүтээлээ олох, (бодох, төсөөлөх, боловсруулах...) нөгөө нь бүтээлээ хийх цаг (бодолд бий болсон бүтээлийг дамжуулах) гэсэн байсан. Санаа төрөх, эргэцүүлэл, төвлөрөлийн үйл явц амьдралын ямар ч үед, хаана ч, ямар ч хугацаатай үргэлжилж болдог мэт. Алхаж явахад, автобусанд, чимээтэй орчинд, хүмүүстэй уулзсаны дараа, ном унших, ямар нэг шинэ эргэцүүллийн дараа, аялалд, байгальд, сэтгэл хөдлөлийн олон төлөвүүдийн дараа, сэтгэл зүйн тодорхой нэг үед гэх мэт ямар ч үед бүтээлийн санаа төрж байдаг. Шинэ санаа төрөх үед нь шууд тэмдэглэхгүй бол эргээд санахгүй тохиолдол их учир зурах боломжгүй үед бол үгээр бичиж хадгалдаг.

Шинэ санаа төрөх үед нь шууд тэмдэглэхгүй бол эргээд санахгүй тохиолдол их учир зурах боломжгүй үед бол үгээр бичиж хадгалдаг

ЯРУУ НАЙРАГЧ Я.БАЯРАА: Нэг удаа дээд тал нь гучин шүлэг бичиж байсан

        Би ихэвчлэн өглөөн цагаар ганцаараа байхдаа бичдэг. Нэг удаа дээд тал нь гучин шүлэг бичиж байсан. Доод тал нь арав ч юм уу, нэг амьсгаагаар олон янзын шүлэг бичээд, тэндээсээ сүүлд нь хараад хоёр, гурвыг нь авч үлддэг.

        Шүлэг бичих арга гэж байхгүй л дээ. Эхлээд шүлгийн санаа анх сэрж мэдэрснээс илүү гүнзгий утгатай болж төгссөн шүлэг дажгүй болсон юм шиг санагддаг шүү. Яруу найраг өөрөө тааварлашгүй урлаг гэдгээрээ бусад үгийн урлагаасаа ялгаатай. Зориуд ийм санаа гаргаад бичье гэхээр явцгүй болчихсон мэт санагддаг. Зарим яруу найрагчийн шүлгийг харж байхад “Энэ онгодоор бичигдсэн шүлэг байна, энэ зориудаар бичсэн шүлэг юм уу даа” гэх мэтээр харагддаг л даа. Урт мөртлөө шүлгийн онгод алдагдаагүй сайхан шүлгийг яруу найргийн авьяас нь оргилж, буцалсан хүний шүлэг гэж ойлгодог доо.

      Яруу найргийг тоохгүй орхих их хэцүү. Шүлгийг орхимооргүй, хүмүүст уншуулмаар санагддаг. Миний хувьд дутуу дулимаг, хэтэрхий хувийн шинжтэй шүлгүүдээ нийтлэлгүй орхино. Гоё мөр орж ирээд шүлэг бололгүй орхигдчих тохиолдол бий. Гэтэл гудманд, хэн нэгэнтэй ярьж байхад санамсаргүй нөгөө мөр маань хөгждөг үе бий. Тэр үе сайхан л даа. Амандаа нөгөө мөрөө бувтнасаар яваад бичих боломжтой газраа шүлгээ бичдэг дээ. Онгод орж байгаа нь тэр юм уу, нэг дор олон шүлэг бичнэ. Энэ нь ихэвчлэн 30 минутаас нэг цаг орчимд үргэлжилдэг.

       Миний хувьд багаасаа хүний нэрээр, үгээр тоглох дуртай байсан. Хүнийг үг хэлэхээр утгат хэсгээр нь наана, цаана оруулж хөрвүүлж, тоглож байснаа дараа нь үсгүүдийг нь наана цаана оруулж тоглох дадалтай байсан. Анхбаяр гэсэн хүний нэрийг Баяранх болгоод, бүх үсгүүдийг нь хольж, эргүүлж хөрвүүлдэг дадалтай хүүхэд байлаа. Одоо ч энэ дадлаараа хүний нэрийг сөөлжлүүлээд сууж байдаг. Энэ дадал маань шүлэг бичихэд нөлөөлсөн байх гэж боддог.

Урт мөртлөө шүлгийн онгод алдагдаагүй сайхан шүлгийг яруу найргийн авьяас нь оргилж, буцалсан хүний шүлэг гэж ойлгодог доо


ТАНИЛЦ:Уран бүтээлчдийн ЗУРШИЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-04 14:22:44
    zochin: Awwwww
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188