• Өнөөдөр 2024-05-01

Э.БАТНЯМБУУ: БИ ДҮРЭЭ ӨМӨӨРЧ ТОГЛОХЫГ ХИЧЭЭДЭГ

2023-10-26,   4157

                   Эсрэг дүрийн рингин дээр сүүлийн үед хүчтэй нэгэн өрсөлдөгч гарч ирээд байгааг уншигч та бэлхнээ мэднэ. Түүний тоглосон “Тэнгэрээс буусан од” киноны Лутын дүр одоо ч айдас төрүүлж, араас дагаж, эсвэл хаа нэгтэйгээс гарч ирэх мэт мэдрэмж төрүүлдэг. Тэр бол жүжигчин Э.Батнямбуу. Тэрбээр “Маш нууц”, “37-р Точка”, “Байтаг богд”, “Мөрдөгч”, “95%” зэрэг кинонд тоглож, мөн гэрэлтүүлгийн найруулагчаар ажиллаж, хамгийн сүүлд Б.Амарсайхан найруулагчийн бүтээл “Монгол” киноны Сэнгэ ноёны дүрд тоглосон түүнтэй ярилцлаа. Тэрбээр Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат бөгөөд 2007 онд Кино урлагийн дээд сургуулийг Ардын жүжигчин Д.Мэндбаярын удирдлага дор төгсжээ.

-Найруулагч Б.Амарсайханы “Монгол” киноны Сэнгэ ноёны дүрд тогложээ. Эндээс яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

                -Өнгөрсөн оны долдугаар сард жүжигчин Б.Амарсайхан ах “Монгол” кинонд тоглох санал тавьснаар очиж уулзсан. Амараа ахтай 2014 онд “Үргээлэг” гэх кинонд би туслахаар ажиллаж байсан. Миний хувьд Б.Амарсайхан, Ж.Сэнгэдорж найруулагч нартай ажиллаж үзэх, уран бүтээлчийнхээ хувьд тэднээс суралцах хүсэлтэй явдаг байлаа. Тэгээд л зураглаачийн туслах, гэрэлтүүлэгчээр нь хамт ажилласан. Дараа нь харин Сэнгэ ноёны дүрд санал тавихад ихэд дуртай хүлээж авсан. Энэ бол уран бүтээлч хүний хувьд том боломж шүү дээ. Анх “Монгол” киноны зохиолтой танилцахад л кино өргөн цар хүрээтэй, том болох нь харагдаж байсан. Тэгээд л зураг авалтын ажилдаа орж, найруулагч болон баг хамт олноосоо их зүйлийг сурсан.

-Түүхэн киноны ноёны дүр гэдэг утгаараа анхных гэж хэлж болох уу?

           -Тиймээ, түүхэн кинонд анх удаагаа дүрд ажиллаж үзлээ. Мэдээж уран бүтээлч хэн бүхэн л түүхэн кинонд тоглохыг хүсдэг байх. Миний хувьд ийм сайхан дүрд оноогдсон хувь тохиолтойд баярлаж байгаа. Энэ дүр цаашдын миний уран бүтээлүүдийн нэг том тамга болж явах байх гэж боддог.

-Багаасаа урлагийн хүн болохыг зорьж байв уу?

                  -Багадаа би Улаанбаатар хотдоо захын дүүргийн гэр хороололд өссөн. Зундаа харин хөдөө ахуйтай их ойр өссөн. Энэ ч утгаараа кинонд морь унах, морьтой харилцах нь миний давуу тал болдог. Тэгээд багаасаа л урлагт дуртай сургуулийнхаа урлагийн уралдаан,тэмцээнд оролцдог, бүжиг, дуу, спортдоо хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Ерөөс спорт, урлаг хоёрыг хослуулж байгаад наймдугаар анги төгсөөд урлагийн зам руу орохоор шийдсэн. Уг нь аравдугаар анги төгсөхдөө бүжигчнээр сурах урилга авч байсан. Гэсэн ч  илүү сонирхолтой, уншиж, сурах зүйл ихтэй, бүх зүйл рүү хазайж болох онцлогтой учир жүжигчний мэргэжлийг сонгож өөрийгөө илүү сорьж, ажиллуулахыг хичээсэн. Тэгээд л одоо өөрийнхөө хэмжээнд ажиллаад явж байна.  Эсрэг дүр адилхан хийгээд, адилхан дүр төрх гаргаад байх нэр биш гэж боддог. Аль болох өөр өнцгөөс, өөр хэлэмжтэй, биеийн үйлдэл, царай төрх, бодол гээд дүрийнхээ бүх зүйлийг бодож ажиллахыг эрмэлздэг.

-Таны урлагийн авьяас хаанаас эхлэлтэй вэ. Гэр бүлийнхэн дотор нь урлагийн хүн бий юу?

          -Аавын тал дуулдаг, хөгжимддөг хүмүүс байдаг. Би багадаа хөгжмийн төрлөөр хичээллэж байсан. Харин ээж минь бүжиглэх авьяастай. Бага залуу байхад нь аймгаас нь татаад хот руу бүжигчнээр явуулж байсан юм билээ. Тэгэхээр аав, ээжийн авьяас бий байх. Би нэг эгч, хоёр дүүтэй. Бүгдээрээ л урлаг соёл талдаа ажилладаг.

-Монгол кино үйлдвэр дээр та юу хийж байна вэ. Энд ажилладаг юм уу?

     -Кино үйлдвэр дээр манай студи байрладаг. Миний хувьд Absolute пикчирсийн уран бүтээлч гэж явж байна. Бид хоёр жилийн өмнө “95 хувь” гэж кино хийсэн. Тэр киноныхоо үргэлжлэл болох уран бүтээлийг хийхээр зохиол дээрээ ажиллаж байна.

-Сургуулиа төгссөнөөс хойш 16 жил урлагт ажиллажээ. Энэ хугацаанд голчлон гэрэлтүүлэгч, гэрлийн найруулагчаар ажиллаж ирсэн юм байна?

              -Тиймээ, гол төлөв гэрэлтүүлэгч, гэрлийн найруулагчаар ажилласан. Зарим үед туслах найруулагч, хоёрдугаар найруулагч, зураачийн туслах, орлон тоглогч гээд ер нь тэгээд бүгдийг нь хийж явлаа. Хошин урлагийн  “Х-ТҮЦ”, “Эмоци” продакшнын арын албанд гэрэлтүүлэгчээр ажиллаж байлаа. Харин киноны хувьд анх О.Бат-Өлзий найруулагчийн “Маш нууц-1” кинонд хоёр, гурван сценд орох боломж олдоод ажиллаж байсан. Дараа нь харин “Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од” киноны Лутын дүрд тоглосон. Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг эгчийн өмнөх кинонд би гэрэлтүүлэгчээр ажиллаж байсан. Тэгээд намайг “Ирж уулзаарай” гэснээр очсон. Тэгэхэд Лутын дүрийг танилцуулж, санал болгосон. Анхандаа жаахан эмээж байсан ч өөрт олдож байгаа боломжид бүх зүйлээ харуулъя, хичээж ажиллая гэж зорьсон, судалсан. Тэгээд амжилттай болсонд баяртай байдаг. Харин дараа нь Фантастик продакшны “Байтаг богд” кинонд мөн эсрэг дүр, “37-р точка” киноны гэрлийн найруулагчаар ажиллахын сацуу Цогоогийн дүрд ажилласан. Үүнээс өмнө “Помогати нам-1” кинонд туслахаар, Боловсрол суваг телевизийн “Мөрдөгч” гээд кинонд мөн эсрэг дүрд орж байсан.

-Хүмүүс уран бүтээлчийг дүрээр нь хайрладаг. Харин эсрэг дүрийг эсэргээрээ үзэн ядах, муухайгаар харах тохиолдол бий юм билээ. Танд тийм зүйл мэдрэгдэж байв уу?

               -Хуучин үед эсрэг дүр бүтээсэн уран бүтээлч рүү чулуу шидэх, муухайгаар хэлэх зүйл байдаг байсан юм билээ. Одоо харин хүмүүсийн үзэж харах нь өргөн, сэтгэлгээний хувьд илүү өссөн учир хувь уран бүтээлч рүү дайрах нь бараг үгүй. Хүмүүс эсрэг дүр гэхээр эсрэг тоглоно гэж ойлгох талтай байдаг. Эсрэг дүрд ч хайрлах, өмөөрөх зүйл байдаг гэдгийг л харуулахыг хичээдэг. Тухайлбал, “Тэнгэрээс буусан од” киноны Лутын дүр гэхэд хүнд хайртай болчихоод түүнийгээ буруугаар л илэрхийлж байгаа хүн байхгүй юу. Мэдээж хүнд амьдралдаа алддаг. Харин тэр алдааг нь засаж залруулах нь зүйтэй болохоос улам алдаан дээр нь дэвсэлж, доошлуулаад байж болохгүй. Лутын дүрээр эн санааг л гаргахыг зорьсон.

-Та уран бүтээлээ хэнд хамгийн их харуулахыг хүсдэг вэ. Мэдээж гэр бүлийнхэн нь хамгийн сайн дэмжигч байх?

          -Мэдээж гэр бүл, багш нар, уран бүтээлч ах, эгч, найруулагчид гээд олон хүн бий. Харуулах гэхээс илүү намайг дэмжиж, надад итгэдэг бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Сайн дэмждэг гэр бүл байна гэдэг уран бүтээлч хүнд хамгийн чухал байдаг.

  -Лутын дүр ч юмуу таны хичээж, бодож ажилласан дүрийг үзээд хүмүүс магтах тохиолдол бий байх. Тэр дундаа санаанаас гардаггүй урам зоригийг хэн өгч байсан бол?

         -"Тэнгэрээс буусан од" киноны Лутын дүрийн зураг авалт дуусахад кино багаараа баяр хүргэж, Урнаа эгчийнхээ "Их сайн болсон шүү" гэх үгийг сонсоод их том урам зориг авч байсан. Мэдээж уран бүтээлч ах, эгч, дүү нар урам зориг өгнө.

       -Эсрэг дүрд голчлон тоглолоо. Эерэг дүрд тоглохыг боддог уу?

       -Уран бүтээлч хүний хувьд мэдээж ямар ч дүрийг гололгүй хичээж ажиллахыг хичээдэг. 37-р Точкагийн дүр ч мөн айхтар эсрэг дүр биш шүү дээ. Ерөнхийдөө ямар ч дүр таарсан, түүндээ сэтгэл зүрхээ гарган ажиллаж, хүмүүст хүргэхийг зорьж байгаа. Эсрэг дүр оноогддог минь царай төрх, тухайн дүрийн характерийг гаргах нөхцөл боломж нь надад илүүтэй байдаг юм болов уу гэж боддог.

-Царай төрх гэснээс та аав, ээж хоёрынхоо хэнтэй нь адил вэ?

       -Аавтайгаа л их адилхан гэдэг дээ. "37-р Точка" киноны саравчтай малгай, пальтотой зургаа харахаар аавтайгаа их адилхан харагддаг.

               Тэрбээр өөрт оногдсон дүрдээ мэрийж ажилладаг тун даруухан уран бүтээлч байна лээ. Гэхдээ түүнд дахиад зэвүүн эсрэг дүр бүтээх хүсэл, чадна гэсэн итгэл дүүрэн байгаа нь ярианы турш мэдрэгдэж байсан юм. Ярианыхаа төгсгөлд түүнээс "Лутыг давсан дүр гарч ирэх үү" гэхэд, "Уран бүтээлчийн хувьд бодож, санасан зүйл бий. Магадгүй давсан дүр байхыг нь үгүйсгэхгүй" гэсэн юм.


Э.БАТНЯМБУУ: БИ ДҮРЭЭ ӨМӨӨРЧ ТОГЛОХЫГ ХИЧЭЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-03 21:44:51
    Ч.Хатанбаатар: Амжилт хүсье мундаг жүжиглэжээ Шар гэгээ кино г нь үзлээ мундаг сайхан олон дүр монгол түмэндээ олон жил харуулаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-29 14:11:26
    Я.Алтанцэцэг: Уран бүтээлч,жүжигчин хүү юм байна.Цаашидын уран бүтээл,ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-29 07:13:06
    Зочин: Сайн жүжигчин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-28 12:37:55
    Зочин: "Солиот эх "кинонд үзэгдээд л өнгөрсөн ч бүүр зэвүүн шүү ккк.Амжилт хүсье зэвүүн жүжиглэлтэнд нь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-26 23:46:06
    Zochin: Zunduu olon duriig ni meddeg jujigchin bn.Amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-20 12:13:02
    Tuya: Mash goy xeljee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-17 17:35:25
    зз: сайн жүжигчин
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188