• Өнөөдөр 2024-05-04

“МОНГОЛ” КИНОНД ГҮРВЭЛ МАЖИГИЙН ДҮР БҮТЭЭСЭН Г.ЭНХТАЙВАН: Амараа найз минь зохиолоо бичиж байхдаа энэ дүрд миний хэнэггүй зан чанарыг төсөөлсөн байх

2023-05-08,   1288

              Тэр найзынхаа тухай “Хэнтэй ч хаана ч үнэн сэтгэлээсээ байж чаддаг, үргэлж цог золбоо нь гэрэлтэж байдаг атаа үгүй, гутаа үгүй эр хар хүн” гэсэн. Түүний найз гэдэг нь “Монгол” киноны сайн эрсийн нэг болох Гүрвэл Мажигийн дүрд тоглосон уурхайн инженер мэргэжилтэй Г.Энхтайван. Б.Амарсайхан жүжигчний дотно сайхан найз тэрбээр энэ удаагийн кинонд зургийн даргаар нь ажиллаж, арын албаны ажилд голлон ажилласан байна. Бид түүнтэй “Монгол” кино болон тэдний нөхөрлөлийн талаар ярилцсаныг хүргэж байна.

-“Монгол” киноны Гүрвэл Мажигийн дүрд хэрхэн тоглох болсон юм бэ. Мэргэжлийн уран бүтээлч биш гэхэд их сайхан дүр байна лээ?

             -Энэ миний тоглосон хоёр дахь кино. Урьд нь Амараагийн тоглосон олон ангит “Хохирогч” кинонд эсрэг дүрийн хэсэгт оролцсон. Тэр үеэр найруулагч Б.Амарсайхан “Боохой чамайг дараагийн кинонд зургийн даргаар тавьж магадгүй” гэсэн юм. Тэгээд нэг өдөр утасдаад ажил дээрээ дууддаг юм байна. Яваад очтол “Монгол” киноны зургийн даргаар ажиллах санал тавилаа. Мэдээж миний хувьд мэргэжлийн биш, өмнө хийж байсан туршлагагүй болохоор эргэлзэж, “Чадах болов уу” гэсэн чинь Амараа “Зүгээр ээ, чиний л хийх ажлын нэг, би бүгдийг нь хийгээд, заагаад, зөвлөөд өгнө” гэсэн юм. Ингэж л найз минь надад том итгэл хүлээлгэсэн юм даа. За тэгээд болоогүй ээ, дахиад хэд хоногийн дараа Амараа залгаад, “Зургаа даруулаад явуулаач” гэлээ. Тэгээд мөн яваад очтол миний зургийг хэвлэж гаргаад доод талд нь Гүрвэл Мажиг гээд биччихэж. Би ч палхийгээд л явчихлаа. “За энэ нөхөр намайг яг алах нь” гэж л бодсон. Гэсэн ч намайг чадна гэсэн итгэлээр оноож байгаа байх гээд дүр, зургийн даргын ажил хоёуланг нь хүлээн авч, хичээж ажилласан.

-Та аль аймгийн хүн юм бэ. Хэзээнээс ан хийж эхэлсэн юм бэ?

              -Би Өвөрхангай аймгийнх. Би их азтай, миний аав Өвөрхангай аймгийнх, аавын минь найз мөн миний аав гэж явдаг Хөвсгөл аймгийн хүн бий. Хоёр аав минь хоёулаа анчин. Би ч мөн аав нарыгаа дагаад багаасаа буу үүрсэн дээ.

-Таныг "Боохой" гэж хочилдог юм байна лээ. Яагаад ийм нэртэй болсон юм бэ?

       -Нөгөө "Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах алдрыг хүн өөрөө олно" гэдэг шиг л юм болсон доо. Миний амьдрал чоно гэгч амьтантай ойрхон байсан. Олон чоно агнасан, мөн чонын инсинктийг ойлгох гэж хэдэн чоно тэжээж байсан болохоор тэр юм болов уу. Нэг мэдсэн боохой нэртэй болсон.

-Гүрвэл Мажиг гэж түүхэн хүний тухай ярих нь зүйтэй болов уу?

            -Говь-Алтай аймгийн сайн эр байсан юм билээ. Есөн эрүүг давж гарч ирээд, хонгоных нь мах нь арьсан дээрээ тогтсон байхад хүмүүс “Би хаа чинь хэцүүдлээ” гэхэд  “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, Монгол гурав тасравч гүрний дайтай” гэж хэлсэн байдаг. Амараа мөн дүрийн минь тухай “Хэрэв чи 100 жилийн өмнө төрсөн бол морин дэл дээр дарцаглаж явсан ийм л эр хүн байх байсан” гэж хэлж байсан. Энэ үг надад энэ дүрд ажиллахад том урам өгсөн.

-АМАРАА БОЛ МЭДРЭМЖ ӨНДӨРТЭЙ, НЭГ Л ЗАНГААРАА ЭР ХҮН-

-Амараа жүжигчинтэй хэзээнээс найзалж эхэлсэн юм бэ. Таны тухай бичсэн байна лээ. Таны хувьд ямар найз нь вэ?

           -Олон жилийн өмнөөс бид найзалж нөхөрлөж эхэлсэн. Бид байнга л байгаль дэлхийтэйгээ ойр байж, хамтдаа ан гөрөө хийж явна. Тийн явахдаа бүхий л сайхан зүйлтэй хамтдаа учирч, мөнхүү бэрхшээлтэй ч тулж байсан. Хөдөө хээр байхын жаргал, зовлон, сайн, мууг биеэр үзэж туулсан болохоор байгаль дэлхий, амьдрал ахуйтай ойр бүтээл Амараагаас төрдөг болов уу гэж боддог. Харин найзын хувьд мэдрэмж өндөртэй, нэг л зангаараа, хэнтэй ч дотно сайхан нөхөрлөж, чин сэтгэлээсээ байж чаддаг эр хүн.

-“Монгол” кино хүнд хэсэг ихтэй юм билээ. Таны хувьд хамгийн хүнд хэсэг нь аль нь байв?

            -Киноны зураг авалтын ихэнх хэсэг нь цаг агаарын хүнд нөхцөлд авагдсан. Үнэхээр ч хүнд хэсэг ихтэй. Учир нь дандаа мал адгуустай харилцдаг болохоор эрсдэл ч өндөртэй. Хүссэн зургаа авах гэхээр морь үргэж, босгоно, яг зогс гэсэн газраа зогсохгүй нөхцөл байдлаас үүдэн зураг авалт удах, хүндрэх тохиолдол бий. За тэгээд гал дундуур Сэрчмааг хөөдөг хэсэг байна. Харин сайн эрчүүдийн үйлдлийн хувьд олон давтуулахгүйгээр зураг авагдаж байсан. Гэхдээ бидэнд тулгарч байсан нэг бэрхшээл нь текст. Яг мэргэжлийн уран бүтээлч биш, мөн камертай харилцаж үзээгүй болохоор ичих, сандрах зүйл байсан. Харин яваандаа дасаад, Амараа ч сайн зөвлөгч, мөн тухайн дүрийнхээ дотоод сэтгэл рүү өнгийж харж чаддаг болохоор амар байсан.

-Амараа жүжигчин энэ дүрээр таны дотоод сэтгэлийг уудалж чадсан гэлээ. Тэгэхээр танд ч мөн түүхэнд гавьяатай баатар эрсээр бахархах, тэднийг онцлох сон гэх бодол байсан болов уу. Энэ хүслийг нь найз тань биелүүлж өгч гэж ойлгож болох уу?

          -Нэг талаараа тийм шүү. Амараа “Боохой энэ Мажиг гэдэг хүн ийм хэргийн учраас харийн нутгийн шоронд орсон хүн. Яавал ч яая гэсэн хэнэггүй, шийдсэн, өөрийнхөөрөө дүр шүү. Ёстой нохой нь байна уу, ноён нь байна уу хамаагүй гэдэг дүр” гэж хэлсэн. Тэгэхээр миний хэнэггүй, өөрийнхөөрөө зан чанартай ойр бууж байгаа юм. Тэгэхээр найз минь зохиолоо бичихдээ энэ дүрийг дотроо төсөөлж, буулгаж бичсэн болов уу гэж бодож байна.

-Та найзынхаа өгсөн итгэлийг даахыг хичээж энэ дүрд ажиллажээ. Кино дуусахад та хоёрын дунд ямар яриа өрнөсөн бол. Та үнэхээр энэ дүрийг бодож, төсөөлснөөр нь гаргаж чадсан гэж боддог уу?

              -Анх энэ дүрд ажиллах саналыг хүлээж авахдаа найзынхаа ажлыг, энэ их итгэлийг нь дааж гарч чадах болов уу гэсэн эмээлт, мөнхүү хүндлэл байсан. Амараа өөрөө ажлынхаа тухайд номер нэг зогсож чаддаг, энэ хүнээс эцсийн вариантад юу гарах уу гэдгийг мэдэж, уншиж чаддаг уран бүтээлч. Тэгээд “Зураг авалт дажгүй явж байна” гэх үгийг сонсоод жаахан уужирсан. Одооноос л харин “Би чадах юм байна” гэсэн итгэл бага багаар сууж байна.

-Уулаар явах, уурхайд ажилладаг орчин ахуйгаас кино урлаг тэс өөр байсан байх. Ямар мэдрэмж төрсөн бол?

           -Мэдээж хоёр өөр ертөнц. Киноны хамт олон, тэр дундаа миний хувьд зургийн даргаар ажиллахад бүх зүйлийг судлах шаардлагатай болдог юм билээ. Азаар 100 орчим жилийн түүх учир арай ойрхон, судлахад арай хялбар болов уу гэж бодож байгаа. Тухайн үеийн нөхцөл байдлыг харуулах учир бүх зүйлийг тэр үеийнхээр нь байлгахад анхаарч ажилласан. Нэг ёсондоо би киноны турш 100 жилийн өмнөх цаг хугацаагаар аялаж, түүгээр амьдарсан. Харин уурхайн ажил бол 20 гаруй жил хийсэн учир гарт орсон, бүх зүйлээ мэддэг, байнга л хөдөө хээр явдаг ажил. Хамт нэг сэтгэл зүрхээр баг болон ажиллаж, нэгэн цул болж нэгдсэнээрээ кино группын ажил манай мэргэжилтэй төстэй юм билээ. Бусдаар бол өөр ертөнц шүү дээ.

-100 жилийн өмнө амьдарч байсан сайн эрсийн талаар судлахад та бүхний дүр дөхөж очсон болов уу. Сайн эрс гэж ямар хүмүүс байсан юм бэ?

             -Сайн эрсийн тухай ихэвчлэн  хүмүүсийн ам дамжсан яриа байдаг. Зарим зүйлд мэдээж фантази оруулж өгсөн. Бид уншиж судалснаар тухайн үеийн сайн эрс гэж тэсвэр тэвчээрийн оргил, үнэхээр агуу улс байсан юм билээ. Бид ихэвчлэн сайн эрсийг малын хулгайчаар ойлгох гээд байдаг. Мөн сайн эрсийн нэрийг барьж жирэмсэн эмэгтэй хүний шээсний газраас хулгай хийдэг хүмүүс ч байсан. Түүгээрээ өөрсдийгөө сайн эрс гэх нь ч байж. Үнэхээр жинхэнэ сайн эрчүүд нь эрийн дээд байсан юм байна гэдгийг судалж байх явцдаа мэдсэн.

-Таныг кинонд тоглоход гэр бүл, үр хүүхдүүд нь хэрхэн хүлээж авсан бол?

            -Тэд минь  баярлахын дээдээр баярлаж байгаа. Кинонд тоглох, тэр дундаа түүхэн кинонд дүрээ үлдээнэ гэдэг хүн бүрд олдоод байдаггүй завшаан. Тэдний минь баяр жаргал, хайрыг үгээр илэрхийлэх аргагүй.

-Та цаашид уран бүтээлд тоглолоо ч Гүрвэл Мажигийн дүр тань таныг илүү тодотгож, тамгалж байгаа юм байна. Дахиад киноны санал ирвэл тоглох уу?

         -Ямар нэгэн ажилд санал тавьна гэдэг өөрөө их сайхан зүйл. “Энэ хүн миний хүсэж байгаа зүйлийг хийж чадна” гэсэн үүднээс санал тавьж, итгэл хүлээлгэдэг болов уу гэж боддог. Энэ ч утгаар киноны санал ирвэл сэтгэл догдлолтойгоор хүлээн авах, хоёрдугаарт зохиолоо сайн уншина. Хамгийн гол нь хамгийн түрүүнд Амараа найз дээрээ очиж ярилцах байх.

Хэний морин дээр ганзагалж хүн болсноо сана гэдэг шүү дээ. Тэгэхээр найзаасаа хамгийн түрүүнд очиж асууна.

-Байгальд ойрхон ажиллаж, амьдардаг хүний хувьд бусдад хэлэх, уриалах зүйл бий болов уу?

           -Анчин гэдэг хамгийн сайн байгаль хамгаалагч байдаг. Зарим хүн "Ан хийх миний хобби" гэдэг. Миний хувьд ан гэдэг өв тээгч. Манай аав “Ер нь хуучны анчид цэцгийн толгой тасдаад байдаггүй” гэж хэлдэг. Тэд хаана, хэзээ, ямар амьтан агнах уу гэдгээ мэдэрдэг, мэддэг байж. Ан гөрөөг гурван үгээр тайлбарлавал, эр хүнд эхлээд газар үзүүлдэг, хоёрдугаарт, нутаг нутгийн сайхан эрчүүдтэй хамт нөхөрлөдөг, гуравдугаарт, жудаг судлах байдаг. Тэгэхээр ан гөрөө хийж байгальтай ойр байдаг хүн чин сэтгэлээсээ байгалиа хайрлаж чаддаг. Тиймээс байгаль, эх орон, энэ сайхан өв соёлыг хайрлаасай гэж хүсэж байна.

-“Монгол” киног хүмүүс яагаад үзэх ёстой вэ. Мөн энэ киноны найруулагч, эрхэм сайхан найздаа баярласнаа хэлэх болов уу?

        -“Монгол” киног би ирж үзээрэй гэж хэлсэн хэлээгүй хүмүүс өөрсдөө ирээд үзэх бүтээл. Нэг ёсондоо Монгол гэсэн сэтгэл, сэтгэлгээтэй хэн бүхний сэтгэлийн дуудлагаар үзэх кино. Харин найздаа хандаж “Чи биднийг олон адал явдал, урт зам хүлээж байгаа шүү” гэж хэлмээр байна. Яг л нэг ээжийн хүүхдүүд шиг бид нөхөрлөдөг. Найздаа их баярлалаа, гэр бүлийнхэнд нь, энэ киног хийхэд тусалсан, сэтгэл зүрхээрээ оролцсон Завхан аймгийн Тосонцэнгэл, Идэр, Дөрвөлжин сумынхан болон бусад бүх хүнд баярлалаа гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

       -Баярлалаа.

Яг л нэг ээжийн хүүхдүүд шиг бид нөхөрлөдөг.


“МОНГОЛ” КИНОНД ГҮРВЭЛ МАЖИГИЙН ДҮР БҮТЭЭСЭН Г.ЭНХТАЙВАН: Амараа найз минь зохиолоо бичиж байхдаа энэ дүрд миний хэнэггүй зан чанарыг төсөөлсөн байх
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-11 09:41:01
    Л,Бааска: маш гоё, дэндүү гоё, хүнд юм юм бодогдуулсан. жинхэнэ Монгол үнэр. гайхалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-08 11:22:56
    Mons: Saihan yriltslaga boljee bayr hurgei
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188