• Өнөөдөр 2024-05-04

ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Д.ХУЛАН: КИТИ, ТОГОСООГИЙН АЛЬ НЬ Ч НАДТАЙ ТӨСТЭЙ БИШ

2023-04-20,   1423

         Тэр сургуулиа төгссөнөөс хойш “37-р Точка” киноны Тогосоо, “Анна Каренина” жүжгийн Кити гээд тайз, дэлгэцийн хоёр сайхан дүрд ажилласан азтай уран бүтээлч. Жүжигчнээр төгссөн хүн бүрд байдаггүй боломж түүнд нээгдсэн. Тэгээд бүр анхны дүрээрээ олонд танигдаж, өдгөө түүнтэй дайралдсан хүмүүс “Тогосоо явна” гэх. Ийм л нэгэн азтай, авьяастай, галтай, цогтой залуу жүжигчнийг онцлохыг зорилоо. Тэр бол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Д.Хулан.

-ЖИНСЭН ӨМД, ХАР САВХИТАЙ ТҮМЭЛҮН-

   Хамгийн сүүлд тэрбээр “Миний үзэсгэлэнт дагуул” киноны гол дүрд ажиллажээ. Ганган хээнцэр, өндөр өсгийт дээр өөртөө итгэлтэй алхдаг Тогосоо маань энэ удаад жинсэн өмд, хар савхи өмсөөд, үсээ боож, мотоцикл унасан байгаа нь мөн нэгэн содон дүрх төрх байв.

Мотоцикл унадаг уу” гэхэд “Мотоцикл унадаггүй л дээ. Кинонд тоглох гээд сургалтад суусан юм. Тэгээд нэлээд гайгүй унаж сурч байгаад, кинондоо ороод сургалтнаасаа хөндийрөөд, унаад жаахан хаширсан. Гэхдээ удаанаар алгуурхан унаж чадна” гэв. Тэгэхээр тэр энэ удаад Түмэлүн болжээ. Сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрын студи ангийн уран бүтээлчээр ажиллаж, театрын ах, эгч нараасаа суралцаж, туслах дүрээр тайзнаа гарч, оюутан байхдаа сурч мэдсэнээ бодитоор хийж хэрэгжүүлсээр хэдийнэ хоёр жил өнгөрч, театрын үндсэн жүжигчнээр жинхлэгдсэн.

         Энэ тухай тэрбээр “Улсын драмын эрдмийн театрын студи ангийн жүжигчнээр хоёр жил ажиллаж байгаад үндсэн жүжигчин болж, кинонд тоглох боломж нээгдсэн. Тэгээд сая “Миний үзэсгэлэнт дагуул” киноны Түмэлүний гээд дүрд тоглосон” гэв. Сүүлийн үед түүгээр ийм сонин сайхантай. Театр, гэр гэж суралцсан хоёр жил байсан одоо харин уран бүтээлчийн хувьд дэлгэцэд ч хослуулан хүч үзэж эхлэх нь. Залуу чадварлаг гэдгээ Тогосоогийн дүрээр сайн ч харуулсан.

-ӨНЧИН ЦАГААНЫ ГАНГАН ТОГОСОО-

     Энэ түүний эхлэл. Өнчин цагааны ганган Тогосоог мэдэхгүй үзэгч өдгөө бараг ховор. Буржгар үс, эрээн плаж, урт түрийтэй гялтгар хар гуталтай ганган Тогосоогийн дүрийг Д.Хулан бидний зүрх сэтгэлд үлдээж чадсан. Гуравдугаар курсийн оюутан байхдаа л тэр гал шиг дүрд тоглосон нь зоригтой бөгөөд оносон. Жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа охиныг Б.Тамир найруулагч ч хурц харж, залуу уран бүтээлчийн гарааг сайн тавьж өгсөн. Илүү том, тод харуулж өгсөн. Магад өөр нэг эмэгтэй уран бүтээлч Тогосоогийн дүрд тоглосон бол тэгж тод буугаа ч үгүй мэдэхгүй. Ямартай ч жүжигчин Д.Хуланд бол тун зохицсон.

                  Тэрбээр дүрийнхээ талаар “Уулзсан хүмүүс намайг “Чи чинь ийм жаахан охин юм уу гэдэг. Тогосоо бол амьдрал дээрээ надаас найм, есөн насаар эгч бүсгүйн дүр. Айдас, сандрал, догдлол гээд бүх л мэдрэмж зэрэг давхацсан. Хэрвээ би тэр кинонд тоглоогүй бол маш том боломж алдах байсан гэж бодож байна. Эхэндээ надад маш хэцүү байсан. Тийм сцен байгаа, хүмүүс юу гэж хэлэх бол, ойр дотныхон минь муугаар харчих вий дээ гэж айгаад л. Ээждээ хэлээд, “Би яах вэ, ийм боломж гарч ирж байна. Хүн болгонд олдохгүй боломж шүү дээ” гээд, ярилцсан. Ээж минь дэмжсэн. Зарим хэсгийн зураг авалтад орохдоо чадахгүй болоод, уйлаад сууж байсан үе ч байсан” гэсэн юм.Үнэхээр ч Тогосоо бол амьдралын эрээн барааныг үзэж, тэр хэрээр хат сууж яваа эмэгтэйн дүр. Харин тэр дүрд ажиллаж байгаа Д.Хулан сургуулиа ч төгсөөгүй охин. Ийм их зөрүү, ялгаатай ч нэгэнт жүжигчин мэргэжлийг эзэмшиж, сурч яваа учир боломжийг алдалгүй өөрийнхөөрөө хичээж, суралцсны хүчинд оносон. Юутай ч одоо ганган Тогосоогийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хэдийнэ оршиж байгаа. Тэрбээр сүүлд тоглосон “Миний үзэсгэлэнт дагуул” кинонд “37-р Точка” киноны Тулгаттай хамт тогложээ.

        Тэр “Р.Отгонбаяр ах бид хоёр их азтай. Тулгат Тогосоо гээд хосууд ч юм шиг дүрд тоглосон. Орчин цагт харин Тулгат Тогосоо хоёр ямар байх вэ гэвэл энэ л киног хэлэх байх” гэнэ. Тэгээд мөн уран бүтээлчийн хувьд түшигтэй, зааж зөвлөдөг гэдгийг онцлон ярьж байлаа.

           Түүний өрнөл. Мөн сургуулиа төгсөөгүй байхдаа тэр “Анна Каренина” жүжгийн Китигийн дүрд сонгогдсон. Тэгээд л энэ дүрээрээ босго өндөр, хүссэн хэн бүхэн ороод байдаггүй театрт орсон. Кити бол ордны дэгжин хээнцэр, дэггүй авхай. Ганган Тогосоос тэр ордны баян тансаг амьдрал ахуй руу шилжиж дэггүй Китид хувирсан. Үнэхээр ч хөөрхөн Кити байж чадсан. Тэрбээр Китигийн дүрийнхээ талаар “Сургуулиа төгсөхдөө жүжиг тавьдаг. Тэгээд УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар манай ангийн багш. Тэр жүжгийнхээ дүр дээр ажиллаж байтал багш маань ирээд, “Чи Китигийн дүрд сонгон шалгаруулалт өгөөрэй. Анги болгоноос олон охидууд энэ дүрд тоглохын төлөө шалгалт өгч байгаа” гэж хэлсэн. Тэр том боломжийг алдахыг хүсээгүй. Ямар ч байсан шалгалтаа өгье. Тэнцсэн ч бай тэнцээгүй ч бай хамаагүй өөрийгөө сориод үзье гэж бодсон. Шалгаруулалтад ч орсон, Китигийн дүрд тэнцсэн. Энэ дүрд тоглох болсондоо маш их баяртай байгаа” гэсэн юм.

     Ингэж л тэр гэнэн цайлган, гэгээн Китиг бидэнд үзүүлсэн юм. Дэлгэцэд тэслээд удаагүй байсан тэр ингэж л тайзнаа мөн өөртөө тун зохицсон дүрд буусан нь залуу уран бүтээлчид дотроо аргагүй азтай. Гэхдээ тэр “Тогосоо, Кити аль нь ч надтай төстэй биш” гэсэн. Тэгэхээр хувь Д.Хулан гэж хэн бэ гэдгийг дараагийн хэсэгт өгүүлье. Түүний өмнө түүний тоглохыг хүсдэг, битүүхэн мөрөөдөж явдаг дүрийг нь хуваалцъя. Залуу уран бүтээлчийн хувьд ямар дүрд тоглохыг хүсдэг вэ гэсэн асуултад минь тэр “Нэг тийм хүчирхэг, зодолддог, эсвэл бокс тоглодог эмэгтэйн дүрд тоглохыг хүсдэг. Яагаад ч юм тийм дүр гоё санагддаг. Жүжигчин болсных хэзээ нэг өдөр мөрөөдлөө биелүүлэх байх” гэнэ. Ийм нэгэн залуу уран бүтээлч сургуулиа төгсөөд удаагүй ч тайз, дэлгэц хоёуланд нь амжилттай яваа.

-ЭМЭЭ, ӨВӨӨГИЙН ОХИН-

           Мэргэжил нь эрх танхи охиныг өөрчилж, үг даадаг, тунгаан боддог нэгэн болгосон байна. Багаасаа л эмээ, өвөөгийнхөө гар дээр эрхэлж өссөн тэрбээр кино багийнхантайгаа хамт ажиллаж, хамт ажиллаж байгаа уран бүтээлч болон найз нөхдөөсөө их зүйлийг сурч, илүү хариуцлагатай болжээ.Тайзны уран бүтээлчийн хувьд юу ярих уу. Бэлтгэл сургуулилт, биеэ авч явах байдал гээд л давгүй ёстой сургууль гэсэн үг. Тэгэхээр одоогоос дөрвөн жилийн өмнөх хорь дөнгөж шүргэсэн охин одоо л уран бүтээлч болох замдаа эргэлт буцалтгүй орж, багагүй жигдэрч байгаа аж. Байнга давтагддаг ч хүн бүрд өөр байдаг өнөө асуултаа ч түүнээс асуусан. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ гэхэд “Би өвөө, эмээ дээрээ өссөн.Аав, ээж хоёр маань гадаадад ажиллаж амьдарч байгаад долоон настай байх үед ирсэн юм. Багадаа дуу цөөнтэй, бүрэг ичимхий, гэрийнхнээсээ их л эмээдэг охин байлаа.

         Аль нэг хичээл гэхээсээ илүүтэй бүгд дээр нь жигд суралцдаг байсан. Чөлөөт цагаараа жүжиг, кино зэргийг шимтэн үзэхийн зэрэгцээ Драмын жүжиг үзэхийн тулд хот руу хүртэл зорьж ирдэг байлаа” гэсэн юм. Тийм ээ, багын л хүсэл мөрөөдөлтэй тэр мөрөөдлөө л биелүүлж яваа нь энэ аж. Одоо ч бүр биеэ даасан уран бүтээлч болж өссөөр байгаа нь үзэгчдэд ч мэдрэгдэж байгаа шүү, Д.Хулан. Жаахан охин айхгүйгээр зоригтойхон ганган Тогосоогийн дүрээр гараад ирэхэд чинь тосож авсан шигээ цаашид ч олон дүр, уран бүтээлийг хүлээж байгаа. Гараа сайн бол бариа сайн. 

УЛАМ ТОД АСАХ Л ҮЛДЛЭЭ-

                    Өдгөө харин улам сонирхолтой өрнүүлж, улам тод асах л үлдлээ. Түүний эсрэг, эерэг аль ч дүрийн нөөц бололцоо байгаа гэдгийг бид Тогосоо, Китигийн дүрээр харсан. Одоо тэгвэл бүр ч гал дүрийг дүрэлзүүлэхийг үзэгчид хүлээж байгааг мөн уламжилмаар байна. Улам ч өсөж том болох хэрэгтэй. Оюутан байхаасаа л зоригтой байж, өөртэйгээ тэмцэлдэж, уйлаад ч хамаагүй зүтгэсэн шигээ өнөөд бүр илүү зүтгэж, хөдөлмөрлөж, өөрийгөө бие даасан жүжигчин босноо харуулах нь чухал. Магад тоглохыг хүсдэг дүрээрээ ч тэсрэлтийг үзүүлэхийг үгүйсгэхгүй. Юутай ч илүү их хичээж, бидний үзэхийг хүсдэг, уран бүтээлийг нь хүлээдэг уран бүтээлч болоорой гэж хүсье.


ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Д.ХУЛАН: КИТИ, ТОГОСООГИЙН АЛЬ НЬ Ч НАДТАЙ ТӨСТЭЙ БИШ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-23 15:29:10
    Zochin: Saihan bvsgvid amjilt hvsie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188