• Өнөөдөр 2024-05-04

ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Б.БЯМБАСҮРЭН: "НАМАГ" КИНОНЫ НЭЭЛТЭЭР НЭРЭЭ ДУУДУУЛААД САНДАРЧ БАЙСАН МИНЬ АМЬДРАЛДАА АВСАН ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

2023-04-19,   1216

              Нийгэм бол намаг. Бид энэ л намгынхаа муу муухай бүхэнд шингэж, дээш өнгийн гарах аргагүй болтлоо гүн шигдсэн. Ямар ч гэгээн зүйл байхгүй. Хав харанхуй, муу муухайгаар нэгнээ харж, сонжиж, дээш нь гаргах нь бүү хэл доош унагааж байгаа өнөөдрийн нийгмийн тухай найруулагч Б.Ганболд “Намаг” бүтээлээрээ харуулжээ.

           Үнэхээр ч намаг шиг нийгэм болчихоод байгаа гэдэгт хэн бүхэн толгой дохих байх. Гэхдээ толгой дохилоо гээд хэн ч түүнээсээ гарахыг бодохгүй байгаа нь гайхам. Тэгвэл бид өөрсдийгөө ямар хэмжээнд байгааг “Намаг”-аас харна биз ээ. Бид тус бүтээлийн гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Бямбасүрэнтэй ярилцлаа. Кино урлагийн дээд сургуулийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Даваасүрэн багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн залуу уран бүтээлч түүний анхны гол дүр.

-Анхны гол дүрээ авсан ч чанга дүр байв уу гэж харлаа. Таны хувьд ажиллахад ямар дүр байв?

             -“Намаг” киноны дүрийн тухайд тодорхой задалж ярьмааргүй байна. Юутай ч тийм нэг секс сцентэй хэсэг бий. Гэхдээ энэ бол эротик кино биш, хүмүүс эротик кино гээд ойлгоод байгаа юм шиг байна лээ. "Намаг" бол драм төрлийн кино. Дүрийн хувьд дотоод зан чанар гэхээс илүү гадна төрх байдалтай илүү төстэй. Найруулагч маань “Чиний камер дээр гарч байгаа байдал огт өөр байдаг” гэсэн. Тэр ч утгаар миний гаднах төрхөд илүү наалдсан дүр болов уу гэж бодож байгаа. Энэ сайхан уран бүтээлдээ тоглуулсан найруулагчдаа их талархаж байна. 

-Багаасаа л урлагийн хүн болохыг бодож, зорьж байсан юм билээ?

        -Миний хувьд дуулдаг байсан болохоор дуучин болно гэж бодож байгаад ахлах ангидаа ороод, хэрвээ сайн эзэмшвэл жүжигчний мэргэжлийг хослуулаад аваад явж болох юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд нэг мөр шийдээд жүжигчин мэргэжлийг сонгосон. Одоо харин жүжигчин мэргэжлийг сонгосон минь амьдралдаа гаргасан зөв шийдвэрийн нэг байсан гэж боддог. Мэргэжилдээ одоо улам ч дурлаж, илүү их сурахыг хичээж, эрмэлзэж байна.

-Таны хувьд илүү нээлттэй хүн үү, дотогшоо юу. “Намаг” киноны дүрийн хувьд илүү задалж өгсөн болов уу?

        -Би дотогшоогоо талдаа. Хүмүүст аль болох юм аа яриад байхгүй л дээ. Энэ дүрийн хувьд тэр талаараа надтай адил. Зүйрлэвэл чинжүү шиг. Дотроо бүхнээ нууж байгаад нэг дэлбэрвэл дэлбэрдэг зан чанараасаа төстэй. Тэгээд анхны бүтээл учир алдаа, оноо их байгаа байх. Угаасаа киноноос кино, бүтээлээс бүтээлийн хооронд уран бүтээлч хүн туршлагажиж, чанарждаг байх. Миний хувьд анхны уран сайхны киноны гол дүрд ажиллаа. Үүнээс өмнө хоёр олон ангит киноны гол болон туслах дүрд ажилласан. Оролцсон кино бүрээсээ их ч зүйлийг сурч, илүү их туршлага сууж байгаа гэж бодож байгаа.

-“Намаг” кино ямар санааг илэрхийлж байгаа юм бэ ?

         -Монголын өнөөгийн нөхцөл байдал яг л намагт байгаа юм шиг л байна. Хэн ч энэ намгаас гарах оролдлого хийдэггүй. Гарах оролдлого хийсэн ч нэг их амжилттай болоод байдаггүй, тийм гүн шигдсэн юм болов уу гэдгийг л найруулагч хэлээд байгаа юм. Хэлж, илэрхийлсэн санаа энэ кинонд их бий. Манай киног нэг үзээд айхтар ойлгохгүй байх. Дахин,дахин үзэж байж л цаад утга санааг нь илүүтэй ойлгох бүтээл.

-Монгол Улсын Гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн жүжигчнээс үлгэр дуурайлал авч хүндэлдэг гэж байсан. Өмнө нь магад бүтээлийг нь үзээд төрсөн бодол байх. Сая уран бүтээлд хамт ороод, дэргэдээс нь харж байхад ямар бодол төрж байсан бол?

       -Дооёо ахын хувьд яг л миний бодож байсан хүн байсан. Өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй. Тэгээд сая уран бүтээлд хамтарч ажиллаж үзсэн. Үнэхээр мэргэжилдээ эзэн байж чаддаг мундаг хүн юм билээ. Одоогийн залуу уран бүтээлчид тэр хүний хэмжээнд очих хүртэл их цаг хугацааг зарцуулах байх л гэж бодож байна. Миний хувьд төгсөөд хоёр жил болж байна. Мундаг том жүжигчин ах, эгч нартайгаа тоглоход сурах зүйл их байсан. Мөн жаахан сандарч биеэ барьж, эмээж сандрах зүйл ч гарсан. Гэсэн ч хамт оролцож байгаа уран бүтээлчдийнхээ тус дэмээр дүрдээ ажиллаж, уран бүтээлийн ард гарсандаа баяртай байна.

-Сургуулиа төгсөөд удаагүй байгаа ч чамгүй уран бүтээлүүдэд ажиллаж байна. Олны танил болж байгаа мэдрэмж ямар санагдаж байна вэ?

       -Одоохондоо айхтар мэдрээгүй байна. Киноны нээлтийн үеэр их сэтгэл хөдөлсөн. "Намаг" киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Бямбасүрэн" гээд зарлуулаад гарахад сандраад чичрээд алхаж байсан минь амьдралдаа авсан хамгийн сайхан мэдрэмжийн минь нэг.

-Дараагийн уран бүтээлийн ажилдаа орсон уу. Ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

         -Одоо нэг уран бүтээлд ажиллаж байгаа. Оюутан байхаасаа эхлээд л эсрэг талын дүрд тоглохыг боддог байсан. Эсрэг дүр бол гол эерэг дүрээсээ илүү хэмжээний ур чадвар, тоглолтыг тухайн уран бүтээлчээс шаарддаг. Тиймээс өөрийгөө сорьж, илүүтэй хөгжүүлэх үүднээс эсрэг талын дүрд тоглохыг хүсдэг. Миний хувьд үсээ урт ургуулсан минь надад их нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, гадна төрхөөрөө илүү ширүүн төрхтэй харагддаг болсон юм билээ. Гэхдээ дотоод мөн чанараа гаргаж, тухайн авсан дүрдээ өөрөө л сайн ажиллах нь хамгийн чухал.

   -Үсээ хэзээнээс ургуулах шийдвэр гаргасан бэ?

         -Хөл хорио тогтоосноос хойш үсээ ургуулсан. Оюутан байхдаа оролцсон "My voice" шоуны нэгдүгээр шатанд богино үстэй байж байгаад, хоёрдугаар шатандаа урт үстэй болоод ороод ирсэн чинь их өөр байсан. "Намаг" киноны дүрд ч гэсэн урт үс минь ихэд зохицож өгсөн.  Үс минь бараг жүжигчний ур чадвараас минь илүү тоглосон юм билээ. "Үс чинь бараг чамаас илүү тоглолоо" гэх яриа хальт сонсогдсон. Тэгэхээр өөртөө зохицсон өөрчлөлт их чухал юм байна гэдгийг мэдсэн дээ.

   -Зан чанарын хувьд их даруухан юм шиг санагдлаа?

           -Тиймээ, даруу зан чанартай. Гэхдээ дотны найз нөхөдтэйгээ арай өөр байдаг. Киноны хаалтын үйл ажиллагаанд зарим хүн "Өө, чи чинь ийм даруухан залуу юм уу. Кинон дээр тэс өөр харагддаг" гэж хэлж байсан. Тэгэхээр миний гаднах төрх тэр хүмүүст илүү галзуу, зоригтой, эрч хүчтэй харагдсан юм шиг байна лээ. 

  -Магадгүй "Намаг" кинонд тоглосон нь залуу уран бүтээлчийн хувьд зоригтой алхам болов уу. Сургуулиа төгсөөд удаагүй мөртлөө жүжигчдийн тэр бүр барьж авч чаддаггүй дүрд тоглолоо. Ер нь хэр их зоригтой үйлдэл хийдэг вэ?    

   -Барагтаа зоригтой үйлдэл хийхгүй шүү. Аль болох халгаад, "Алдчихвал яах вэ" гээд эмээгээд байдаг талтай. "Намаг" кинонд бол үнэхээр том зориг гаргасан. Жүжигчин хүнд эротик сцентэй дүр хүнд шүү дээ. Нөгөө талаараа дараа нь ямар ч уран бүтээлд тоглосон үзээд алдах зоригийг илүүтэй нэмж өгснөөрөө давуу талтай санагдсан.

     -Уран бүтээлд орж, мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаагаа хэнд хамгийн их харуулахыг хүсэж байгаа вэ. Мэдээж аав, ээж, гэр бүлийнхэн нь хамгийн сайн дэмжигч байх?

          -Аав, ээж минь үнэхээр мундаг хүмүүс байдаг. Миний ард байнга асаалттай танк шиг байж, хамгийн үнэнч дэмжигчид шүү дээ. Энэ ташрамд аав, ээждээ  хүү нь хайртай шүү, их баярлаж явдаг. Та хоёрынхоо ачийг хүү нь хариулна аа гэж хэлмээр байна. Харин уран бүтээлчийнхээ хувьд Б.Даваасүрэн ангийн багшдаа зааж, сургасан бүхнийг нь дүрдээ хэрэгжүүлж байгаагаа харуулахыг хүсдэг. Би үнэхээр мундаг багшийн шавь. Багшийн минь зааж, сургасан бүхэн алт гэж боддог. Багшдаа хайртай шүү.

    -Залуу уран бүтээлчийн хувьд ямар зарчмыг баримталдаг вэ?

           -Мэдээж авсан дүрдээ сайн ажиллахыг хичээдэг. Түүнээс гадна миний хувьд цаг их сайн барьдаг. Энэ чадвар минь нэгэн давуу тал минь болж өгдөг юм болов уу. Учир нь тухайн цагтаа байна гэдэг хүний итгэлийг олох, тухайн хүний ажлыг хойш нь уяхгүй байх том соёл гэж боддог.

   -Ойрын төлөвлөгөө, зорилго зөндөө бий байх. Бүр том мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

         -Тийм ээ, мэргэжилдээ илүү дурлаж, дүрдээ илүү чамбайрч ажиллахыг хүсэж байна. Мэдээж жүжигчин хүний хувьд хамгийн том мөрөөдөл минь Оскар. Оскарын хивсэн дээр нэрээ дуудуулаад алхахыг мөрөөддөг.

-Ярилцсанд баярлалаа.

        -Баярлалаа.


ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Б.БЯМБАСҮРЭН: "НАМАГ" КИНОНЫ НЭЭЛТЭЭР НЭРЭЭ ДУУДУУЛААД САНДАРЧ БАЙСАН МИНЬ АМЬДРАЛДАА АВСАН ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188