• Өнөөдөр 2024-05-04

СОБЫТ ФИЛЬМИЙН УРАН БҮТЭЭЛЧ Е.ДАВААСҮРЭН: "Баярлалаа, аав аа" киногоороо хүүхдэд эцэг, эхийн хайр хамгийн чухал гэсэн санаа илэрхийлсэн

2023-04-17,   1026

     Событ фильмийн ээлжит уран бүтээл "Баярлалаа, аав аа" кино тун удахгүй гарахаар зэхэж буй. Бид тус бүтээлийн зохиолч, найруулагч Е.Даваасүрэнтэй ярилцлаа.

-“Баярлалаа, аав аа” шинэ уран бүтээлийнхээ постерийг өчигдөрхөн цацлаа. Таны хувьд найруулагчаар нь ажиллаад, гол дүрд нь давхар тоглож байгаа юм байна?

              -Эргэлт.мн сайтын үзэгч, сонсогч, уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай софыт фильмийн ээлжит уран бүтээл болох “Баярлалаа, аав аа” уран сайхны кино тун удахгүй гарахад бэлэн болсон байгаа. Миний хувьд энэхүү кинонд зохиолч, найруулагч чиглэлээр ажилласан. Миний бие дааж зохиолыг нь бичиж, найруулсан гурав дахь уран бүтээл. Анх “Баярлалаа, аав аа” киноны гол дүрд тоглоно гэсэн ойлголт байгаагүй. Тэгээд манайхан зохиолоо уншиж дуусаад, “Гол дүрд чи байвал зүгээр санагдаж байна” гэсэн саналыг гаргаснаар энэхүү дүрд хичээж ажилласан.

-Аав, ээж, гэр бүлийн тухай сэдэвтэй олон уран бүтээл бий. Та бүхний бүтээл юугаараа ялгаатай, ямар санааг хэлэхийг зорьж байна вэ. Яагаад гэр бүлийн сэдэв барьж авсан бэ?

        -Манай киноны хэлэх гээд байгаа гол санаа их өргөн. Нийгэмд өнөөдөр өөрийгөө эцэг болсноо ч мэдээгүй явж байгаа залуус их байдаг. Яагаад мэдээгүй вэ гэдэг шалтгаан нь ч олон бий. Тухайлбал, эмэгтэй нь хэлээгүй байх тохиолдол байна. Хамгийн гол нь энэ бүхний эцсийн цэгт хүүхэд хохироод үлддэг гэсэн санааг л бид киногоороо гаргахыг зорьж байгаа.

Эцсийн дүндээ хүүхдэд эцэг, эхийн хайр хамгийн чухал, хүүхдийн ертөнц тэр чигээрээ эцэг, эх байдаг гэсэн санааг бүтээлээрээ дамжуулан хэлэхийг зорьсон.

-Өмнө нь танай фильмийн хувьд “Солилцоо”, “Хүний цаана” зэрэг киног хүргэж байсан санагдаж байна. Ямар, ямар бүтээлийг хүргэж, хэзээнээс фильм болон ажиллаж байна вэ?

            -Бид 2009 онд Кино урлагийн дээд сургуульд ороод, 2013 онд сургуулиа төгсөөд фильмээ байгуулсан. Сургуулиа дөнгөж төгсөөд бид тус бүрдээ л ажиллаж байсан. Цөм өөр, өөр уран бүтээлдээ орж, өөр продакшнд харьяалагдаж яваад, 2017 оноос эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн. "Этик продакшнтай хамтарсан  “Хүний цаана”, “Цуурхал”, “Солилцоо” зэрэг уран бүтээл бий. Одоо харин “Баярлалаа, аав аа” гээд дөрөв дэх уран бүтээлээ хүргэж байна. Энэ бол бидний фильмээрээ оролцсон уран бүтээл. Харин жүжигчдийнхээ хувьд оролцсон уран бүтээл мөн тусдаа бий. Одоо ирэх зургадугаар сард театр тавих шинэ бүтээлийнхээ бэлтгэл ажилд орох гээд байж байна.

-Та бүхний хувьд киноныхоо зохиолын санааг гаргах, найруулах, дүрүүдээ сонгох гээд бүх зүйлсээ өөрсдөө хийж байгаа болов уу. Энэ нь нэг талаараа бүх ачааг өөрсдөө үүрээд хэцүү байдаг ч, нөгөө талаараа залуу уран бүтээлчид хөгжихөд гол түлхэц болдог болов уу гэж бодож байна?

            -Манайхан өөрсдөө зургаа авна, монтажаа хийнэ. Зохиол, найруулга дээрээ ажиллана гээд бүх зүйлээ өөрсдөө хийдэг. Тэгээд өдрөөс өдөрт өсөн дэвжиж, алдаанаасаа суралцаж, улам ихийг суралцахаар зорьж ажиллаж байна. Мэдээж гаднаас олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг эрмэлздэг.

-Найруулагчаар ажиллахад хэцүү бэрхшээлтэй зүйл нь юу байдаг бол. Жүжигчний хувьд суралцаж төгссөн, харин найруулагч гэдэг тусдаа том мэргэжил шүү дээ. Тэгэхээр амаргүй байдаг болов уу?

          -Найруулагчаар ажиллаж байгаа миний гурав дахь уран бүтээл. Найруулагчийн хувьд их дутагдал бий. Миний харж байгаагаар найруулагч олон зүйлийг мэддэг, уншсан байх ёстой юм билээ. Их сайхан дүрсэлдэг, холыг харах чадвар гээд олон талын зүйл байх ёстой санагддаг. Миний хувьд суралцаж л яваа залуу уран бүтээлч. Мэдээж сайн найруулагч, зохиолч болохыг хичээж байгаа. Мөн надад нас явах тусам, амьдралыг харах өнцөг илүү өргөн болж тэлснээр сайн найруулагч болдог болов уу гэж бодогддог. Мэдээж тэр хүртэл зүгээр сууж болохгүй. Алдсан ч оносон ч тасралтгүй хийж байвал тэр бүхэн минь туршлага суух болов уу. Тиймээс илүү их суралцаж, хичээх болно. Харин жүжигчний хувьд миний суралцаж төгссөн мэргэжил ч гэлээ насан туршдаа суралцаж дуусашгүй зүйл. Энэ мэргэжилд ноён оргил гэж байхгүй байх.

-Үзэгчид хийж байгаа уран бүтээлийг нь хэрхэн хүлээн авч байна вэ. Мэдээж хамгийн чухал нь үзэгчид байдаг учир үр дүнгээ уран бүтээлчид өөрсдөө мэдэрч байгаа болов уу?

         -Мэдээж уран бүтээл бүрийн хамгийн  том шүүмжлэл бол үзэгчид. Гэхдээ хүн бүр өөр өөрийн гэсэн ертөнцтэй. Тэгэхээр бүх үзэгчдэд таалагдсан уран бүтээл байна гэж байхгүй. Тиймээс энэ бүхнийг тэнцүүхэн хүлээж аваад цаашаа уран бүтээл рүүгээ орох хэрэгтэй.

-Таны хувьд хэзээ сургуулиа төгссөн. Хүн бүрд л тухайн мэргэжлийг сонгоход шалтгаан, хүсэл мөрөөдөл байдаг шүү дээ. Таны хувьд урлагийн хүн болох сонголтыг хэрхэн хийж байсан бэ?

              -Би арван жилээ Эрдэнэт хотод төгссөн. Тэгээд оюутан болж, Кино урлагийн дээд сургуульд ороод, 2013 онд Б.Даваасүрэн багшийнхаа удирдлага дор жүжигчний мэргэжлээр төгссөн. Миний хувьд багаасаа л урлагийн хүн болох зорилготой байдаг байсан. Түүнийг минь гэр бүлийнхэн минь ч их дэмждэг. Гэхдээ жүжигчин болно гэж бодож байгаагүй, дуучин болно гэж зорьж байсан. Гэсэн ч тухайн үед шалгалтнаасаа хоцроод очиж амжаагүй. Тэгээд Кино урлагийн дээд сургуульд шалгалт авах хуваарь Эрдэнэтэд ирснээр тэнцэн орж, жүжигчний мэргэжлээр сурч төгссөн. Одоо бол мэргэжилдээ их хайртай.

-Жүжигчин хүнд оюутан ахуй цагаас нь эхлээд тоглосон дүр бүхэн чухал, нандин байдаг байх. Таны хувьд киноны гол болон туслах дүр гээд хэчнээн бүтээлд тоглосон бэ?

           -Миний хувьд оюутан байхдаа дипломын жүжгийн гол дүрд ажиллаж байсан. Харин сургуулиа төгссөнөөс хойш тоглосон уран бүтээлийнхээ бүхий л дүрд хайртай. Бүгд л надад олдсон боломж шүү дээ.

-Залуу уран бүтээлчийн хувьд ямар зарчмыг баримталдаг вэ?

           -Уран бүтээлчийн хувьд гэхээс илүү хувь амьдрал дээрээ бусдыг хүндэтгэж, бусдад төвөг учруулахгүй амьдрах гэдэг том соёл гэж боддог. Тухайлбал, хариуцаж авсан ажлаа зохицуулж, хариуцлагатай байхыг хичээдэг. 

-Ажиллахыг хүсдэг ямар дүр байдаг вэ. Мөн ямар уран бүтээлийг найруулахыг хүсдэг вэ. Уран бүтээлчийн хүний дотор бодож, мөрөөддөг зүйл бий болов уу?

        -Надад оногдож байгаа дүр бүхэн надад хамгийн үнэ цэнтэй. Урьд нь ийм дүрд тоглоно гэсэн мөрөөдөлтэй байсан бол одоо арай өөр болсон. Сүүлийн үед түүхэн хүний дүрд тоглохыг их боддог. Гэхдээ амаргүй шүү дээ. Үнэхээр тийм дүрд тоглох боломж олдвол сайхан байна. Найруулагчийн хувьд уран зөгнөлт кино найруулж ажиллахыг хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа.

     -Баярлалаа.


СОБЫТ ФИЛЬМИЙН УРАН БҮТЭЭЛЧ Е.ДАВААСҮРЭН: "Баярлалаа, аав аа" киногоороо хүүхдэд эцэг, эхийн хайр хамгийн чухал гэсэн санаа илэрхийлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188