• Өнөөдөр 2024-04-20

ЖҮЖИГЧИН Б.ЗАМИЛАН: БИ УЯН ЗӨӨЛӨН ХАРАГДДАГ Ч БАЙГААГААСАА ИЛҮҮ ДАЙЧИН

2023-03-12,   3000

            Тунгалаг хар нүд, дөлгөөхөн төрхтэй ч мөнхүү зорьсондоо заавал хүрэх дайчин зан чанар түүнээс цухалздаг. Тэр бол “Говийн домог” киноны Эгэрэл гүнж, “Нарны садан” киноны Гиймэл хатан, “Амьдралын урт замд” киноны Оюуны дүрд тоглосон залуу жүжигчин Б.Замилан. Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурчаар төгссөн даруу төлөв, бүрэг ичимхий, дотогшоо охин кино урлаг руу орсноор өөрийгөө илүүтэй нээсэн байна. Нөгөө талаар МУГЖ, бүжиг дэглээч, бүжгийн багш ээж нь ч нөлөөлж, багаасаа л урлагийн ахуй орчинд өсжээ. Тэрбээр мөн СУИС-ийн тайз дэлгэцийн жүжигчин мэргэжлээр бакалавр, МУИС-ийг маркетингийн мэргэжлээр сурч төгссөн байна. Түүнтэй ярилцлаа.

-АНХ “АМЬДРАЛЫН УРТ ЗАМД” КИНОНЫ ЗОХИОЛЫГ УНШААД УЙЛСАН-

      -“Амьдралын урт зам” кино ойрд олныг шуугиулж, цахим орчинд ч нэлээд сэтгэгдэл хөвөрч байгаа харагдлаа. Таны хувьд Оюуны залуу насны дүрд тоглосон байна лээ. Өөр нэг Замиланг олж харсан шүү?

                -Тийм ээ. “Амьдралын урт замд” гэж сайхан уран бүтээлийн нэг хэсэг болох азтай завшаан тохиосонд баяртай байгаа. Энэхүү киноны найруулагч болох  С.Баттулга ах киноны гол дүр болох Оюуны дүрд тохирно гэж надад итгэл хүлээлгэсэн болов уу. Би ч итгэлийг нь алдахгүйг хичээж ажилласан. Анх зохиолоо уншаад их уйлсан. Бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл болохоор илүүтэй амьтай, үнэхээр л ийм байдаг даа гэх зүйлийг бодсон. Өөрийн дүр буюу Оюуны сэтгэлзүйг давж туулаад эцсийн цэгтээ хүргэж байгаа учраас надаас нэлээд хариуцлага шаардсан. Дүрийн хувьд мэдээж өмнө нь гүнж, хатны дүрд тоглож байсан болохоор энгийн нэг эмэгтэйн дүр үзэгчдэд шинэ содон байгаа болов уу.

  -Таны хувьд айлын хэд дэх хүүхэд вэ. Урлагийн хүн болоход бүжигчин ээжийнх нь нөлөө байсан болов уу гэж таамаглаж байна. Эсвэл өөрийнх сонирхлоор урлагийн замд орсон уу?

                   -Манайх гурван охинтой айл. Би том нь. Ээж  Ээж минь МУГЖ, бүжиг дэглээч, бүжгийн багш Д.Энхгэрэл гэж хүн бий. Харин аав Д.Болор-Эрдэнэ гээд “Хүн” театрын захирлаар ажиллаж, дунд дүү минь балетаар хичээллэдэг гээд манайх урлагийн гэр бүл л дээ. Би анхнаасаа кино жүжигчин болно гэж бодоогүй юм. Хөгжим бүжигт сурч байхдаа хөгжмийн зохиолч болно гэж боддог байлаа. Дараа нь  Япон Улс руу сурна гэж байсан ч яваагүй. Амьдралд заримдаа болох гэж байсан зүйл гэнэт хувирах тохиолдол байдаг шүү дээ. Ингэж байгаад СУИС-д жүжигчин мэргэжлээр шалгалт өгөхөөр зориглосноор тэнцсэн. Энэ салбар надад цоо шинэ нээлт байсан л даа.

Яагаад гэвэл арван жилд байхдаа би өөртөө итгэлгүй, их бүрэг ичимхий хүүхэд байсан болохоор олон хүний өмнө жүжиглэнэ гэдэг их ч зориг ч шаардсан.

-Анх жүжигчин мэргэжлээр сурахдаа сонирхож, зориглож орж байсан юм байна. Одоо тэгвэл дотор нь ороод ажлаад явж байхад ямар санагдаж, өөртөө юуг ойлгож авсан бол?

                     -Хөгжим бүжгийнхний нэг онцлог байдаг. Хөгжмийн чиглэлээр сурч байгаа хүүхдүүд нэг тийм дотогшоо, илүү ганцаарчилж, өөрөө өөртэйгээ ажилладаг. Нэг ёсондоо хувь хүн өөрөө хичээгээд л явахад болдог. Харин СУИС-ийн театр урлагийн сургуульд оронгуут хамтын гэдэг зүйл гараад ирсэн. Тэр нь надад их сонин байсан. Нэг ёсондоо энэ байдал нь намайг их нээж өгсөн. Нэг хүн хоцроход тухайн баг хамт олны хариуцлага гэж зүйл гарч ирдэг. Бүгд сайн байх ёстой, хамтаараа лаг байх ёстой гэдгийг ойлгуулж, хувь хүн болон мэргэжлийн тал дээр олон өөрчлөлт гарсан. Зарим зүйлд илүү их өөрийгөө дайчлах, зориг шаардах  зүйл их гарсан.

-Анх UBS телевизийн бүтээл “Говийн домог” шүү дээ. Эгэрэл гүнжийн дүрд хэрхэн сонгогдсон бэ?

                  -Нэгдүгээр курсдээ телевизийн уран бүтээлд ажиллах том үүрэг, хариуцлагыг хүлээж авсан. Нэг тийм сэлж сураагүй байхдаа далайд үсрээд орсонтой адил зүйл болсон доо. Ямар ч туршлагагүй би шууд кино баг хамт олны  дунд орж, зургийн талбайд  гарч хурдан хугацаанд сэтгээд, бусад уран бүтээлчийнхээ хурдыг мэдэрч ажиллах шаардлага тулгарсан. Тэр хэрээр шантрах ч үе байсан. Жаахан чадсан зүйлээсээ урам зориг авч, баг хамт олноосоо илүү их суралцсан.

-“Говийн домог” киноны дүрүүдийн үг хэллэг энгийн үг хэллэгээс өөр байсан. Үүгээрээ  уран бүтээлчдийг сорьж, илүүтэй ур чадвар шаардсан болов уу?

         -Тийм ээ. “Говийн домог” киноны нэг онцлог нь уран яруу үг хэллэг ихтэй, хэлж байгаа үг нь далд утгатай байсан. Киноны текст энгийн үг бараг байхгүй дээ. Дандаа ардаа утгатай. Жаахан үгийг би өөрийнхөөрөө болгоод хэлэхэд үгний утга алдагдахуйц, үг нэг бүр нь их үнэ цэнтэй кино байсан. Харин Эгэрэл гүнжийн дүр бол нэг тийм өсөлт, уналт ихтэй. Гүнж гэхээр зөвхөн эмэгтэйлэг үү гэвэл үгүй. Эгэрэл гүнж ялдам болон дайчин зан чанар хосолсон дүр. Монголын түүхэн дэх хатад өөрсдөө их эрэмгий, зоригтой, ухаантай байсан. Эгэрэл гүнж тэдний л нэг. Хувь Б.Замилан гэх хүний зан чанартай юугаараа төстэй байсан бэ гэвэл гаднаа даруу мөртлөө дотроо дайчин зан чанараараа ижил юм болов уу. Тухайн үед намайг дүрийн шалгаруулалт өгч байхад олон ч охин сонгон шалгаруулалтад оролцож байсан. Би жаахан хэнэггүй талдаа хүн. Хамгийн наад захын жишээ гэхэд тухайн үед “Говийн домог” киноны дүрийн сонгон шалгаруулалтад орж байхад охидууд гоё хувцаслаал, хөөрхөн болоод ирсэн. Би болохоор ганцаараа хар подволктой, үсээ дээд талдаа овоолоод боочихсон сууж байлаа. Тэгэхээр нэг талаараа тийм хэнэггүй хүнийг дүрд шалгаруулж авахад хэцүү шүү дээ. Иймээс л энэ дүрийг хувь хүний дотоод, дайчин зан чанарыг нь голлон харсан байх гэж боддог.

-Тэгэхээр өөрт чинь юунаас ч буцаж, юунд ч бууж өгдөггүй дайчин зан чанар байдаг гэсэн үг үү?

          -Тийм би өөрийгөө нэлээд шартай гэж боддог. Гэхдээ улайрч муйхарладаггүй. Аливаа нэгэн зүйлд бууж өгөх дургүй ч гэдэг юм уу нэг тийм зөв шартай байх. Гаднаа би уян зөөлөн харагддаг ч байгаагаасаа илүү дайчин.

-“Говийн домог” киноны “Зүрхний амраг” дууг дуулсан байдаг шүү дээ. Хэн анх санал тавьж байв?

             -Би чинь уг нь дуучин биш шүү дээ. “Говийн домог” киноны дүрийн шалгаруулалтад орж байхад UBS телевизийн захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжав ах “Чи дуулж чадах уу” гэж асуухад нь “Чадна” л гэж байлаа. Тэгээд дуулж үзсэнийг бичлэг болгоод авсан юм билээ. Ийн дуулах саналыг тавьсан. Киноныхоо гол дүрд тоглоод, дууг дуулаад том хувь завшаан гэж бодож, талархдаг.

      -Таныг “Говийн домог” кинонд О.Амгаланбаатар жүжигчинтэй хос болон тоглож байхад амьдрал дээрээ ч хос гэдэг яриа гарч байсан. Тэр яриаг сонссон байх, ямар сэтгэгдэл төрж байсан бол. Үүнийг залуу уран бүтээлч  цахим орчинд шүүмжлүүлэх, урмын үг сонсох гээд олон зүйл бий. Үүнийг хэрхэн хүлээж авч, ханддаг вэ гэдэгтэй холбон асууж байгаа юм шүү?

              -Монгол кинонд хамт хос болж тоглож байгаа бүх хүнийг л холбон ярьж байгаа санагддаг. Кинонд бид хоёр хайр сэтгэлтэй хосууд болж тоглодог. Тэгэхээр амьдрал дээр ч мөн “Энэ хоёр хосууд юм болов уу” гэж бодох хэмжээний байна гэхээр бид дүрдээ сайн ажилласан юм болов уу л гэж бодож байна. Хэрэв дүрдээ муу ажилласан бол тийм яриа гарахгүй байх. Би ингэж л хүлээж авсан. Уран бүтээлч хүн цахим орчинд шүүмжлүүлэх зүйл байлгүй яах вэ. Түүнээс авахыг нь аваад, дараагийнхаа бүтээлийг илүү сайжруулаад явах нь чухал гэж боддог.

-ЭЭЖ БОЛООД ХҮЛЭЭЦТЭЙ, ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ИЛҮҮ ТОГТВОРТОЙ БОЛСОН

          Бидний уран бүтээлийн яриа энэ хүрээд өндөрлөж, цааш аав, ээж, өөрөө ээж болсон тухай нь яриа дэлгэлээ.

-Аав, ээж хоёр нь хамгийн том дэмжигч, шүүмжлэгч байх?

             -Тэгэлгүй яах вэ. Манай ээж, аав хоёр бидний хамгийн том дэмжигч байдаг. Урлагийн хүмүүс болохоор тэр юм уу мэдрэмж нь их өндөр байдаг. Харах өнцөг нь хүртэл их нарийн, миний болохгүй байгаа юмыг илүү их олж харж, зөвлөдөг. Нэг их айхтар хөөргөж, магтдаггүй.

-Ээжтэйгээ их адилхан юм байна шүү?

            -Харин тийм ээ. Хүмүүс ч “Яг ээж” гэж хэлдэг. Гэхдээ би ээжийнхээ гадаад төрхөөс илүү аливаад дайчин, хөдөлмөрч зан чанараас суралцахыг хичээдэг.

-Ээж болоод олон зүйлд өөрчлөлт орж, илүү хариуцлага нэмэгдсэн болов уу?

                    -Хүн алхам тутамдаа өөрчлөгдөж байдаг. Жилийн өмнө бичсэн өдрийн тэмдэглэлээ уншихад хүртэл “Би ингэж бодож байсан юм байх даа” гэдэг ч юм уу арай өөр мэдрэмж төрдөг. Би Замилан гэдэг хүнийг хуваах юм бол ээж болохоос өмнөх  Замилан, ээж болсны дараах Замилан гэж хоёр ангилмаар байна. Яагаад гэвэл ээж болохоос өмнө хүний зан чанар ертөнцийг харах өнцөг, юманд хандах хандлагаас эхлээд маш омголон, бардам, дураараа, эрх байдаг шүү дээ.  Харин ээж болсныхоо дараа илүү их эрсдлийг хардаг. Хамгийн энгийн жишээ гэхэд хүүхэд минь явж байгаал унах вий дээ, ингэвэл даарчих вий, өвдчих вий гэдэг олон зүйлийг анхаарч, хариуцлагатай болдог юм билээ.Харин нөгөө талаар их тийм хүлээцтэй, үзэл бодол, зан чанарын хувьд тогтвортой болдог юм шиг санагдсан. Гэхдээ би сахилгагүй зангаа гээгээгүй. Заримдаа хүүхэдтэйгээ эгч, дүүс шиг тоглодог. Их зүйлийг ойлгуулж, мэдрүүлж ирсэн дээ, миний хүү.

-Эмэгтэй хүн урлагийн хүн байх хэцүү гэдэг. Ээж, мөн уран бүтээлч хүний хувьд үүнийг хэр мэдэрч байгаа бол?

              -Цагийн менежмент сайтай, мундаг аав, ээж нар бол зөндөө. Би бол өөрийгөө тийм мундаг гэж хэлэхгүй. Гэхдээ аль болох бүгдийг амжуулахыг хичээдэг.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

        -Баярлалаа, танай хамт олонд мөн амжилт хүсье.

 


ЖҮЖИГЧИН Б.ЗАМИЛАН: БИ УЯН ЗӨӨЛӨН ХАРАГДДАГ Ч БАЙГААГААСАА ИЛҮҮ ДАЙЧИН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-12 12:04:46
    Миний л бодол: Балхжавын бандийн нууц амраг уу.Хоншооротой л байна нууц амрагаа жүжигчин болтол нь өөрийнхөө кинонд тултал нь хийгээд л өглөө шд.Гэнэн хонгор гэмгүй царайтай ч айхтар хүүхнүүдийн төлөөлөл шүү гэдгээ хэлээд л байна шд өөрөө
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-10 21:48:13
    ээ: сайн жүжигчин болох ирээдүйтэй гэж боддог шүү. Амжилт хүсэе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188