• Өнөөдөр 2024-04-24

ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮ: АМБИЙ МИНЬ ЖАРГАЛ, ЗОВЛОН ДААДАГ, АВЬЯАС БИЛГЭЭ ДАРУУХАН ИЛЭРХИЙЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ БАЙСАН

2023-07-09,   6608

          Тайз, дэлгэц, хошин урлагийн нуруутай уран бүтээлчдийн нэг Ж.Баатархүүтэй ярилцлаа. Түүнийг бид хөгжилтэй, хошин тайзны номерууд болон дэлгэцийн Сэргээш I, II, “Шарталт”, “Худалч залуу”, “Ганц бие бүсгүйчүүд”, “Хүүгүй ломбард”, “Омарын эрэл”, “Содура”, “Гурван найз” зэрэг уран бүтээлийн дүрээр нь андахгүй сайн мэднэ. Аливаад алтан дунджийг барьж, авсан дүрээ өөрийнхөөрөө бүтээдэг даруухан түүнтэй бид “Эмоци” продакшны арван жилийн ойн хэвлэлийн бага хурал дээр уулзсан минь энэ.

-Залуучуудтай ажиллахад сэтгэлгээ залууждаг-

   Сайн байна уу, юуны өмнө танд болон танай хамт олонд арван жилийн ойн баярын мэнд хүргэе. Ойгоо угтаж “Баян боол” киногоо нээх гэж байгаа баяртай мэдээ дуулгаж байна?

                  -Баярлалаа. Тиймээ, “Эмоци” продакшн байгуулагдаад хэдийнэ арван жил болжээ. Ойн баяраа угтаж, бид Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж, “Баян боол” киноны зураг авалтаа хийж, үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болоод байна.  Миний хувьд энэхүү киноны хажуугаар 20 ангит кинонд оролцох ажилтай байсан учир завсар зайгаар нь цагдаагийн даргын хэсэгт орсон байгаа. Манай хамт олон арван жилийн хугацаанд олон бүтээл хийсэн байна. Монгол Улсынхаа 21 аймгаар жилдээ хоёр тойрч, 330 сумд хүрч уран бүтээлээ хийсэн.

-“Эмоци” продакшнтай хэрхэн хамтрах болсон юм бэ?

               -Арван жилийн өмнө дүү нар минь надад “Ах уран бүтээлчийн хувьд хамтран ажиллаж, биднийг удирдаж ажиллаач гэсэн саналыг тавьсан юм. Ихэнх нь Х-ТҮЦ-д хамт ажиллаж байсан дүү нар. Тэгээд л дүү нартайгаа хамтран ажиллаад, уран бүтээлийн алдаа оноонд өөрийнхөөрөө зөвлөгөө, заавар өгч, оролцож явсаар, нэг мэдсэн арван жил болсон байна.

-“Эмоци” продакшнаас өмнө та Таныг бид анхлан хошин урлагийн уран бүтээлч гэдгээр тань мэднэ. Жүжигчин мэргэжлийн яагаад сонгосон юм бэ?

           -Анх 1986 онд Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театрт орсноор урлагийн зам гараа эхэлсэн. Тус театрт таван жил гаруй ажиллаж, их ч зүйл сурсан.  Тэгээд л Эрдэнэтээсээ хот руу орж, 1993-1997 онд Ч.Найдандорж багшийнхаа удирдлага дор СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Манай ангиас урлагт олон сайхан уран бүтээлчид төрсөн байдаг. МУГЖ, Л.Баттулга буюу Аглуу, УДЭТ-ын жүжигчин өндөр Түвшин гээд олон уран бүтээлч бий. Сургуулиа төгсөөд л Х-ТҮЦ продакшнд ажиллаж эхэлсэн. Анхлан Сэргээш киногоор л үзэгчид мэддэг болсон байх. Дараа нь Амбий, Хүрэлээ хоёртойгоо  “Комеди арт” хамтлаг байгуулан, дөрвөн жил хамтарч уран бүтээл хийсэн.

Тэгээд л “Эмоци” продакшны дүү нартайгаа нэгдэж, өдгөө хүртэл хамтран уран бүтээл хийж байна даа.

-Нэгэнт та үеийн уран бүтээлчдээ дурдсанд нэг зүйлийг асуувал болох уу. Таны үеийн уран бүтээлчид цөм гавьяат боллоо. Энэ шагналын тухайд ямар бодолтой явдаг бол?

     -Нэг их айхтар бодсон зүйл байхгүй. Өнөө цагт шагнал их үнэгүйддэг болж. Хүмүүс ч их элдвээр ярих нь байх юм. Үнэхээр муулуулан байж шагнал авах ёстой ч юм уу, бүү мэд. Цаг нь болохоороо болно байх. Миний хувьд бол уран бүтээлдээ ороод, урдахаа хийгээд явахад л болно гэж боддог.

-Залуу хүмүүстэй ажиллах эрч хүч, урам зоригтой, улам залуужаад сайхан байдаг болов уу?

     -Тэгэлгүй яах вэ, залуу хүмүүсийн энерги, мөнхийн эрч хүч, хөдөлгөөн дунд хамт цуг байхаар өөрийн эрхгүй сэргэж, хамаг бие эрүүлжих шиг болдог. Би чинь залуучуудаасаа хоцрохгүйг хичээнэ. Залуучуудтай ажиллахад сэтгэлгээ хүртэл залууждаг. Өөрийн эрхгүй өөртөө анхаарч, дүү нараасаа дутахгүй байхыг хичээнэ шүү дээ.

-Таны залуу байх үеийн уран бүтээлчдийн нөхцөл байдлыг өнөө цагтай харьцуулж харж байгаа болов уу. Одоо уран бүтээлч өөрийгөө л хөгжүүлж чадвал бүх зүйл нээлттэй байна шүү дээ?

      -Тиймээ, намайг залуу байхад хэдхэн телевиз байлаа. Уран бүтээлчид өнөө хэдэн телевиздээ өөрсдөө явж рекламаа хүргэнэ. Дараа нь тэгээд  рекламаа тоолж хянадаг, оргил цагаар явуулахыг хичээдэг гээд өөрсдөө л бүх зүйлдээ гүйдэг байлаа. Бүтээлийнхээ зарлалыг бүр цуу ямбан дээр зуруулдаг байсан. Одоо бол сонголт ч их, ямар л бол ямар янзаар зарлалаа түгээж, хүргэж байна шүү дээ.

-ЭЭЖ МИНЬ ОЛОНТОЙ БАЙГААРАЙ, ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ИХ ЗАН ГАРГААРАЙ ГЭЖ СУРГАСАН-

  Уран бүтээлийн яриаг энэ хүргээд, үргэлжлүүлэн тун удахгүй болох гэж буй олон улсын эмэгтэйчүүдийн баяртай холбогдуулан ээжийнх тухай яриа өрнүүллээ.

   -Удахгүй мөн олон улсын эмэгтэйчүүдийн  баяр болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор та бидэнд ээжийнхээ тухай яриа дэлгэвэл болох уу?

                   -Би гурван дүүтэй, айлын том хүүхэд. Манай ээж насаараа цэргийн байгууллагад ажилласан, сайхан ажилсаг эмэгтэй бий. Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байгаа юм чинь эхний ээлжид сайхан ханьдаа, охиндоо мэнд дэвшүүлье. Мөн хамтлагийнхаа дүү нарт мөн мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье.

-Таны хувьд ээжийнхээ хэр сайн хүү нь байв. Ээжийгээ баярлуулж байсан дурсамжаас хуваалцвал?

                  -Хүн бүр л ээжийнхээ ачийг хариулахыг боддог ч төдийлөн чаддаггүй болов уу. Миний хувьд айхтар ээжийгээ баярлуулж байсан нь бага байх. Гэхдээ ээж минь уран бүтээлийг минь ирж үзэж, зөвлөгөө өгч, хүүгээ дэмжинэ. Уран бүтээл гарах бүрд сайн болох болов уу, муу болох болов уу гэж надтай хамт л догдолж, баярлаж, санаа нь зовнидог байсан. Би ч уран бүтээлдээ  айхтар сайн биш ч ерөнхийдөө алтан сайхан дунджыг барьж явдаг гэж боддог. Багад ээж цэцэрлэгээс авах үе л хамгийн сайхан, санаанд тодхон байдаг. Би 24 цагийн цэцэрлэгт явдаг байсан. Тэгээд даваагаас баасан хүртэл цэцэрлэгтээ суугаад, хоёр өдөр л ээж, аав дээрээ гэртээ байдаг байлаа. Тэр үе их сэтгэлд ойрхон, тод санагддаг.

 

-Ээж тань юу гэж хэлж, захидаг байсан бэ?

             -Хүнд битгий дараа болоорой, өөрийнхөө хүч чадлаар амьдралаа аваад явдаг байгаарай. Хүнд худал битгий хэлээрэй гэдэг байсан. Санаа зөв бол заяа зөв гэдэг шүү, хүний дунд зөв, түвшин сайхан яваарай. Олонтой байгаарай, хэзээ ч битгийн  их зантай байгаарай гэж захидаг. Би өөрөө тийм нэрэлхүү талдаа хүн л дээ. Би л нэг тийм гэж явдаггүй. Аль болох хүнтэй эв эетэй байж, сайхан харилцахыг боддог. Ямар ч хүнтэй тааралдсан мэндтэй, устай байхыг хичээдэг.

Байгаа хэмжээндээ байхыг баримталдаг.

       -Та яриандаа Амбий жүжигчний талаар дурслаа. Найз тань ямар зан чанартай, уран бүтээлчийн хувьд ямар хүн байсныг нь дэргэдээс нь харж, мэдэрч байсан болов уу?

       -Талийгаач Амбий минь  олонтой хүн шүү дээ. Хамгийн сүүлд бид “Содура” кинонд хамт тоглосон. Амбийгаа би оюутан байхаас нь л мэднэ. Хамтарч уран бүтээлд ажиллахаас гадна хошин урлагийнхан дотроосоо Хүрэлээ бид гурав л цэрэгт явсан байдаг юм. Тийм болохоор эр хүний зориг, тэвчээр, хатуу хүтүүг сайн мэддэг хүн чанартай хүн дээ. Армид шанаа аваад үзсэн, хэнээс ч айхгүй, хэнд ч хэлэх үгээ хэлнэ. Харин уран бүтээлчийнхээ хувьд үлгэр дуурайлал авдаг хүн байсан. Нэг үе мөртлөө л “Амбий шиг тоглох юм сан” гэж харж, бахархдаг байлаа. Найз минь тийм л жаргал зовлон даадаг, авьяас билгээ даруухан илэрхийлдэг уран бүтээлч байсан даа. Тийм ч учраас талийгаач найзыгаа би гавьяат авахад тун ойрхон байж байгаад чадсангүй дээ гэж боддог.

-Хамт уран бүтээл хийж, хамтдаа дарвиж, онгирч, мөнхүү жаргал, зовлонгоо хуваалцаж байсан найзыгаа их үгүйлж байгаа болов уу?

        -Тэгэлгүй яах вэ. Гэнэт хааяа найзтайгаа тэгж байсан шүү гэж давтамжтай санаанд орж ирэх үе бий. Хамгийн сүүлд “Содура” кинонд хамт тоглох үед ан хийх гэж байхад нь би хориглосон юм. Тэгсэн намайг машинд суулгаад, гаргаж өглөө. Тэгэхэд би “Муу найз минь дотроо гомдчих вуу даа” гэж бодоод, явах замдаа  Цагааннуур суман дээр очоод, дэлгүүр ороод, жаахан юм аваад, арван ширхэг сумтай буцаагаад хүнд дайгаад явуулсан юм. Тэгсэн найз минь Цагаан нуур сумаас хөдлөөд Хөвсгөл аймгийн төв ортол утсаар яриад инээж байсан ийм л цайлган, гоё хүн байсан даа.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮ: АМБИЙ МИНЬ ЖАРГАЛ, ЗОВЛОН ДААДАГ, АВЬЯАС БИЛГЭЭ ДАРУУХАН ИЛЭРХИЙЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188