• Өнөөдөр 2024-04-20

Л.СӨРӨЛТ: “Шөнө буусан аадар” жүжиг өнөөгийн нийгмийг өнгөтөөр харуулна гэдэгт итгэлтэй байна

2023-02-28,   579

    Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн “Шөнө буусан аадар” зохиол тэртээ 2005 онд Төрийн шагналт, УГЗ, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа амилж байлаа. Тэгвэл эл зохиол Э.Ёндоншаравын найруулгаар тайзнаа орчин цагийн өнгө аясаар “эвдэгдэн” хоёрхон хоногийн дараа тоглогдох гэж байна. Бид эл жүжгийн тайзны бэлтгэлийн үеэр жүжигчин СТА Л.Сөрөлттэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.

            Л.Сөрөлт Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд төрж, өссөн бөгөөд нутгийнхаа сүрлэг уулс, гүн цэнхэр нуурынхаа хөвөөнд дуулж явсаар мөрөөдлөө олсон гэнэ. Тэр дөрвөн насандаа тухайн цаг үеийнхээ хит дуу бүхнийг мэддэг, чанга дуугаар өөртөө итгэлтэй дуулдаг хэрсүү хүү байжээ. Буйдхан тосгоны хүү соёлын төв өргөөндөө ихэнх цагаа өнгөрөөж, зохиогдсон урлаг соёлын бүхий л тэмцээнд оролцож, чамгүй амжилт гаргадаг  байсан гэнэ.  

-Сайн байна уу. “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид тайзнаа “Шөнө буусан аадар” гэх гайхалтай жүжгээр эргэн ирлээ. Театрынхаа тайзыг хэр санасан байна вэ?

            -“Мөрөөдлийн театр”-ын хамт олон тайзнаа цар тахлын өмнө “Галзуу хот” шоу драмын жүжгийг тавьснаас хойш гараагүй. Хэдий өнгөрсөн хугацаанд дууны уран бүтээлээр тайзнаа гарч байсан ч театрын тайзаа санасан байна. Энэ цагийн мундаг найруулагчид болох Төрийн шагналт, УГЗ, найруулагч Н.Наранбаатар, ГИТИС-ийг төгссөн Э.Ёндоншарав нартай хамтран ажиллах, тэдний зааж зөвлөсөн зүйл дээр сэтгэлийн мухарт эмзэглэж явдаг, үг, үйлдлээ нэмэх завшаан тохиосонд баяртай байна. Мөн 2005 онд маш чадварлаг, чансаатай уран бүтээлчдийн бүтээсэн “Шөнө амталсан нулимс” гэх гайхалтай жүжгийг бид энэ цагийн хэв маягаар шинэчлэн найруулж, дутуудуулчихгүй юм сан гэж хичээж, ажиллаж байна. Өнөөдөр бид зохиолыг тэр цаг үеэс нааш татаж, шинэчлэн найруулахад хүндрэлтэй зүйл олон гарсан. Тухайн үед эмэгтэйчүүд өөрөөсөө 10-20 насаар ах хүнтэй уулзаж, гэр бүл болно гэдэг байж болохгүй мэт эмзэг сэдэв байлаа. Үүнийг яг тэр хэвээр нь одоо цагт тайзнаа амилуулалчихвал байдаг л нэг үзэгдэл болчихно. Тиймээс бид зохиолд нэлээд засвар хийж, үзэл бодлоо солилцож, зарим бүтэн үйл явдлыг бүтэн эргүүлсэн. Энэ жүжиг өнөөгийн нийгмийг өнгөтөөр харуулна гэдэгт итгэлтэй байна.

-Таны бүтээсэн дүр дээр 17 жилийн өмнө МУГЖ У.Уранчимэг тоглож байсан юм билээ. Дүрийн хувьд хэр өөрчлөгдөв, та өмнө нь ийм төрлийн дүр бүтээж байв уу?

            -Үзэгчид намайг хошин урлагийн жүжигчин эсвэл дуучин гэж хардаг байх. Угтаа би жүжигчин мэргэжлийг эзэмшсэн учир бүхий л дүрийг бүтээнэ шүү дээ. Энэ төрлийн дүрд тоглож байсан удаатай.  Гэхдээ “Шөнө  буусан аадар” жүжгийн Чингүний дүр  их онцлогтой. Нэг л их гомдож туньсан, өөрийгөө ихэд бодсон, цагаа тулахаар аймхай, бусдыг өөрийнхөө өмнөөс ялалдаг зэрэг сэтгэл зүйн маш олон шилжилтүүдийг харуулдаг. Үүнийг би хэрхэн тодотгож, гаргаж ирэх үү гэж бодож, найруулагчтайгаа зөвлөлдөж байгаа. Бид өнгөрсөн есдүгээр сард тоглохоор бэлтгэлээ хийж байсан ч тоглож хараахан чадаагүй. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн дахин бэлтгэлдээ орсон. Ингээд харахад багагүй хугацаанд бэлтгэлээ хангаж, дахин дахин засварласан учир тайзнаа тоглоход асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ миний голлож тоглосон хэсгүүд хэтэрхий хурц үг хэллэгтэй учир үзэгчдэд хүндээр тусахвий гэсэн бага зэргийн айдастай байна. Миний дүр дээр эмэгтэй хүн тоглож байсан учир үйл явдал яаж эргэх үү гээд үзэгчдэд ихээхэн сонирхолтой байх болов уу. Цаг хугацаа гэрлийн хурдаар өнгөрч, цаг үе эргэнэ гэдэг их сонин шүү. Өмнө энэ жүжгийн охины дүрд тоглож байсан МУГЖ Д.Ганцэцэг эгч маань өнөөдөр ээжийнх нь дүрд тоглож байх жишээтэй.

-Тайз засалт сонирхолтой харагдлаа. Жүжгийн агуулгаас хамаарч өөрчлөлтүүд хийсэн байх?

            -Соёлын төв өргөөний тайз урьд өмнө нь ийм  байгаагүй, театр гэхээр нөгөө л нүсэр том хөшиг байдаг. Энэ тайз шууд  ногоон зүлэгт шөнө аадар бууж байгаа үзэгдлийг илтгэнэ.

-Та анх дуучин болохыг мөрөөдөж байсан гэдэг. Яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болсон түүхээ хуваалцаач?

            -Хоймор нутгаас минь олон сайхан дуучид төрөн, гарсан байдаг. Би ахлах ангидаа аймгийнхаа гуравдугаар сургууль руу шилжиж байлаа. Яагаад ч билээ хожигдож ирээд, анги олдохгүй, захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан гээд бараг 5-6 хүнд дуулж, өгөөд орж байлаа.  Би чинь Хөвсгөл нуурын хөвөөнд өссөн таг хөдөөний улаан хацартай хүүхэд ирж байхад ангийнхан маань гоё пүүз, нэг үүргэвчтэй цүнх үүрсэн, сүрхий ганган хүүхдүүд байдаг байлаа. Хатгал тосгонд урлагаараа чамгүй танигдсан хүүхэд аймагт ирээд хэн ч биш болно шүү дээ. Тэгээд  нөгөө л сурсан зангаараа аймгийнхаа драмын театрт ах, эгч нарыг “Намайг тоглолтод аваад яваач“ гэж гуйгаад л өдөржин бэлтгэлийг нь үзээд, дагаж давтаад л суудаг байлаа. Намайг оюутан болдог жил Хөвсгөл аймгаас 23 оюутан СУИС-д сургуулиа төгсөөд, аймгийнхаа театрт ажиллах гэрээтэй элсэж байлаа. Тэр жил дуулаачийн ангийн хуваарь ирээгүй болохоор арга буюу жүжигчний ангид орсон доо. Сургуулиа төгсөх үед “Бүгдийг нь ажилд авах орон тоо байхгүй ээ” гээд хотод ирж, “Шинэ үе” продакшны нэг хэсэг болж байлаа.

    Сүүлийн жилүүдэд Түмэн-Өлзий найзтайгаа хамт олон сайхан уран бүтээл хийж, сонсогч, үзэгч түмэндээ хүргэж, багийн мөрөөдлөө биелүүлээд л явж байна.

-Ард түмэн тантай яах аргагүй “Шинэ үе” продакшнаар дамжуулан танилцсан. Продакшныхаа талаар дурсамжаасаа яриа дэлгээч?

     -Амьдралынхаа хамгийн сайхан гэж хэлж болохуйц арван жилийг тэнд өнгөрөөж, их зүйл сурсан.  Дурсамжаасаа яриад байвал дуусахгүй шүү дэээ. “Шинэ үе” продакшны талаар шар хэвлэлүүд худал зүйл их бичдэг.  Жаргалтай, зовлонтой тэр үеүүдэд нь хамт байсан хүний хувьд худлаа гээд өмөөрчихмөөр үе олон тохионо. Хэн ч юу ч гэсэн “Шинэ үе” продакшндаа үргэлж хайртай байж, ах, эгч нараа хүндэлсээр байх болно. Бооёо ах хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ их зөөлөн бидэнд уран бүтээлч байхаас гадна амьдралын олон үнэт сургаалуудыг хэлдэг. Дүү нараа эн тэнцүү хайрлаж, амьдралынх нь бүхий л зовлон, жаргалд хамт байдаг тийм л хүн.

-Ярилцсанд баярлалаа. Шинэ уран бүтээлд нь амжилт хүсье.

     -Баярлалаа.

 

  

 

 

 


Л.СӨРӨЛТ: “Шөнө буусан аадар” жүжиг өнөөгийн нийгмийг өнгөтөөр харуулна гэдэгт итгэлтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188