• Өнөөдөр 2024-04-25

"ЦАГААН УУЛ" ЦОМЫН ЭЗЭН Г.ХАШБААТАР: Бид яруу найрагтаа илүү хүндэтгэлтэй хандах цаг болсон

2023-02-16,   548

                              Тэр өөрийгөө “Моддын үр сад” гэж боддог тухайгаа ярьсан юм. Тэр гэдэг нь манай “Уран бүтээлчийн цаг” булангийн ээлжит зочин, яруу найрагч Г.Хашбаатар. Г.Хашбаатар саяхан зохион байгуулагдсан яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны нэрэмжит хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадмын тэргүүн байр эзэлсэн билээ. “Эртний улирлын түүх” яруу найргийн түүврээ уншигчдын хүртээл болгож, “Яруу феномен” номоо хэвлэлтэд шилжүүлээд буй “Цагаан-Уул” цомын эзэн яруу найрагч Г.Хашбаатар бид хоёр ярилцлагаа түүний баярын сэтгэгдлээс эхэлсэн юм.

-БИ БОЛ МОДДЫН ҮР САД-

-Юун түрүүнд Цагаан-Уул цом хүртсэнд тань баяр хүргэе. Энэ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болон зохион байгуулагдаж буйгаараа онцлог хайрын шүлгийн Цагаан-Уул наадамд тэргүүн байр эзэллээ. Баярын сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

                              -Үнэнийг хэлэхэд одоо ч “Цагаан-Уул” цом хүртсэндээ итгэж өгөхгүй, гайхширч л сууна. Бүр дотроо “Энэ хөгийн муу Хашаад “Цагаан-Уул” цом өгч байх гэж” гэж бодоод авлаа. Нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болоод анхны жилдээ зохион байгуулагдаж буй “Цагаан-Уул” наадмын тэргүүн байр өөрт минь ахадсан юм шиг санагдаж байна.

 

-А.Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болсонд залуу уран бүтээлчид ам сайтай байна. Таны хувьд А.Эрдэнэ-Очир агсны хэр сайн мэдэх вэ. Шүлэг, уран бүтээлд нь хачин их дуртай байв уу?

                              -Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд оюутан байхад минь А.Эрдэнэ-Очир агсан зохиолчийн уран чадварын хичээл ордог байлаа. Би, манай үеийнхэн бүгд л тэр хүнийг харж, биширч өссөн дөө. Харин хувийн сэтгэлээ нээхэд, анх А.Эрдэнэ-Очир агсны “Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд” шүлгийг уншаад хачин их гунигт автаж байснаа санаж байна. Би саяхан Дорноговь аймгийг зориод ирлээ. Тэнд хүрэх унаа олон юм байна. Харин би “Заавал ч үгүй галт тэргэнд сууна” гэсээр галт тэргэндээ сууж явчихаад ирсэн.

-Таны хэлснээр хүндэлж, биширч өссөн А.Эрдэнэ-Очир агсны нутгаар яваад ирсэн сэтгэгдэл ямар байв?

                              -Дорноговь өвөөгийн минь нутаг юм л даа. Миний ээж намайг шүлэг бичихэд, уншихад нэг их дэмждэггүй юм. Харин сая “Дорноговь руу яруу найргийн наадамд оролцохоор явлаа” гэхэд гайхмаар ихээр дэмжиж “Өвөөгийнхөө нутагт оччихоод ир” хэмээн үнсэж өгөөд явуулсан. Дорноговьд очоод нэг зүйл баттай болгож мэдсэн. Яруу найрагч А.Эрдэнэ-Очир бид хоёр ойрын садан юм билээ.

                              А.Эрдэнэ-Очир агсныг амьд сэрүүн байхад нь л ээж маань энэ тухай хэлдэг л байсан. Гэхдээ би тэр үед өөрт нь очоод хэлчих зориггүй бүрэг оюутан байсан юм. А.Эрдэнэ-Очир агсан миний ээжийн тал. Өвөөтэй минь их ойр гэсэн үг. Өвөө минь ерөөлч. Дорноговийн хүслийн уул буюу Хан Баянзүрх хайрхны энгэр бэлээр аж төрж, ерөөл хэлдэг хүн байлаа. Харин би Дорноговьд очоод ураг, садангаа бичих, ерөөхийн тавилантайг нь гайхаж суусан сан.

 

-“Цагаан-Уул” наадамд хуучин шүлгээрээ оролцсон сонсогдсон. Тус наадамд оролцсон хоёр хайрын шүлэгнийхээ тухай ярихгүй юу. Ер нь хүнд, уран бүтээлчид хайр ямар утга, учиртай байвал сайн гэж боддог юм бэ?

                              -Эхнэртээ чин сэтгэлээсээ бичсэн хоёр шүлгээ уншсан. Сэтгэлээсээ бичсэн шүлэг минь хүмүүст хүрсэнд баяртай байна. Нөгөөтээгүүр их гуниг төрж байна. Би яруу найрагчийн хамгийн сайн бүтээл хайрын тухай байдаг гэх яриа эсрэг зогсдог хүн. Шүлэг, яруу найраг сайн, муугаараа үнэлэгдэж, ялгагдах ёсгүй. Яруу найрагт шалгуур үгүй. Хэн ч үнэлж, ялгаж, хязгаарлаж, чадахгүй. Гэсэн ч энэ дундаас яруу найргийн наадмыг зөвхөн хайрын шүлгийн хэмээн заасан нь Цагаан-Уул наадмыг гайхалтай болгож байгаа юм.

-Ер нь өнөөгийн шүлэг, яруу найрагчид шинэ үеийн модернист урсгалыг сонгож шүлэг бичих болж. Ихэвчлэн хотын шүлэг. Харин та Булганы Хутаг-Өндөр суманд суугаа. Хөдөө, орон нутгаас ч шинэ үеийн бичгийн урлагтай хөл нийлүүлж яваа гэж хэлж болно. Тэгвэл өнөө үеийнхний бичиж буй модернист урлаг ирээдүйн Монголын уран зохиолд ямар үүрэгтэй байх талаар та юу гэж боддог вэ?

                              -Яг одоо ид бичиж, бүтээж яваа залуус нэгдэн нийлж, фракц болдог. Тэгэхдээ бусдыг масс гэж нэрлэдэг. Харин өөрсдийгөө масс болж байгааг анзаараагүй. Би Улаанбаатар хотод 10 орчим жил суусан. Тэгээд Хутаг-Өндөр суманд очиж, тэндээ аж төрж байна. Би уран бүтээлч хүнд орон зай маш чухал гэж боддог. Хүн өөрөө олж, нээж чадвал хаана ч урлаг байх болно. Харин Хутаг-Өндөрөөс эргэн хотод орж ирэхэд нэгдэн нийлж, нэг фракц болж явсан үеийнхэн минь өөрсдөө утга зохиолын масс болж байлаа. Надад маш эмзэг тусаж байна.

-“Уран бүтээлч хүнд орон зай маш чухал” гэж та хэллээ дээ. Та Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрж өссөн. Улаанбаатар хот, Хутаг-Өндөр суманд ч байлаа. Харин таны аж төрж байсан газруудаас аль нь илүү орон зай өгч, төрж, өссөн нутгаасаа хол явахад төрж, өссөн нутаг шиг санагдаж байв?

 

                              -Би Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Тужийн нарсан дунд төрж, өссөн. Оюутан ахуйдаа Улаанбаатарт сууж, дараа нь Хутаг-Өндөр суманд очсон. Өдгөө Хутаг-Өндөр суманд ажиллаж, амьдраад таван ажил болж байна. Тэр суманд очсон эхний жил үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Өөр юугаар ч орлуулж, зүйрлэж болохгүй мэт. Гэхдээ Хутаг-Өндөрөөс эргэн Сэлэнгийн Шаамар сумандаа очихдоо төрж, өссөн газрыг орлуулж болшгүйг ойлгосон. Би Тужийн нарсан дунд гүйж өссөн моддын үр сад.

-Мод танд ч, таны бүтээлд ч хамгийн чухал үүрэг байсан уу?

                              -Би их мод бичдэг юм л даа. Одоо бол мод бичих хувьтай төржээ л гэж бодож байна. Би энэ талаар нэг их ярьж явахыг хүсдэггүй юм. Гэхдээ би яруу найрагч Ц.Доржсэмбэ агсны цор ганц шавь. Багшийн нэг нутгийн яруу найрагч ах Л.Батцэнгэл ч “Ц.Доржсэмбэ ганцхан шавьтай байсан. Тэр нь Г.Хашбаатар” гэж хэлж байлаа. Багш маань “Би бол цас, бороо” хэмээн хэлж, бичсэн. Би ч түүнтэй л адил. Моддын тухай л бичих байж. Яруу найргийн модны тухай бичих, моддын зовлонг бичих гэж хоёр ангилж болно. Яруу найрагч ч энэнээс зугтаж чадахгүй. Харин тухайн яруу найрагчийн мод нь гал байх уу, ус байх уу гэдэгт л оршино.

-“Моддын зовлонг бичих”... Тэгэхээр уран зохиол оршин буйн мөнхийн шалтгаан нь өвдөлт, зовлон юм болов уу?

                              -Утга зохиолын зовлон гэж тусдаа зовлон үгүй. Гэхдээ хүний зовлон, хүний мэдэрсэн өвдөлт гэж бий. Хүмүүс яруу найргийг зовлонгийн үр гэж ярьдаг. Харин тэр их өвдөлт, зовлонг уран бүтээл болгох гэж байгаа нь л яруу найрагчийн зовлон юм уу даа.

                              Яруу найрагчид өөрт ирсэн мэдрэмжийг онгод гэх нь бий. Гэвч онгод гэж үгүй, бодит зүйл биш. Онгод гэж яриад байгаа зүйл нь мэдрэмж. Харин тэр мэдрэмжийг хэрхэн уран бүтээл болгох вэ гэдэг л уншсаны ухаан, урлахуйн арга байх. Одоо бид яруу найрагтаа илүү хүндэтгэлтэй хандах цаг болсон.

 

-Уншигчид “Монголын яруу найргийн оргил нь “Болор цом” наадам” гэж ярих нь бий. Харин та “Болор цом”-ын талаар юу гэж боддог вэ. Өмнө нь орох тухай бодож байв уу?

                              -Өмнө нь “Болор цом” наадмыг хараад гуйж авсан, гуядаж авсан гэж ангилаад суудаг байлаа. Би өөрөө хоёр ч удаа шүлгээ өгч үзсэн. Гэхдээ тэнцээгүй. Тэр үед “Болор цом”-ыг өөрчлөгдөх үед орно” гэж шийдсэн. Түүнээс хойш манай үеийнхэн ч, дүү нар ч “Болор цом”-ыг өөрчлөх гэж хичээсэн, олон орсон. “Болор цом”-ыг тодорхой хэмжээнд өөрчилж чадсан. Тэгээд “Болор цом” өөрчлөгдөнгүүт нь “Одоо оръё” гэхээр ичгүүртэй санагддаг. Үеийн нөхөд, дүү нар маань өөрчилж байхад нь өөрөө байгаагүй хэрнээ хэзээ хойно нь орно гэдэгт ичмээр санагдсан хэрэг л дээ. Гэхдээ “Болор цом”-д аав, ээж, уул, усны тухай шүлэг уншихаа больсон гэдгийг харуулахын тулд дараагийн “Болор цом”-д орохоор шийдсэн.

-Шинэ номоо хэвлэлтэд шилжүүлсэн талаар сонссон. Ярилцлагынхаа төгсгөл болгож шинэ номынхоо тухай манай уншигчдад ярьж өгөөч?

                              -Би Эрдэнэт хотын “Гүн утга” уран бүтээлийн нэгдлийн гишүүн. “Гүн утга” нэгдлээс “Үүдэл” хэмээх 11 цуврал ном эрхлэн хэвлүүлж буй. Цуврал маань долоо дахь бүтээлдээ хүрсэн. Цаана нь ердөө дөрвөн бүтээл үлдэж байна. Миний шинэ ном ч уг цувралд багтсан. Шинэ номын маань нэр “Яруу феномен”. Саяхан хэвлэлтэд шилжүүлсэн, сар шинийн баярын дараа хэвлэлтээс гарна гэж найдаж байна.

 

Ярилцлагынхаа төгсгөлд уншигч танд яруу найрагч Г.Хашбаатарын “Цагаан-Уул” наадамд уншсан шүлгийг хүргэж байна.

 

Цас ороод дуусчихсан уу

"Цас" романаа уншаад дуусгачихсан уу

Би цас байсан ч болоосой

Ном  байсан ч болоосой.

Бэлдэж үлдээсэн түлээ минь дуусаад

Биедээ баймгүй хүчээр чи минь сүх өргөнө үү

Эвлүүлж бичсэн шүлэг минь сүх өргөх хүчгүйд

Энэ л холд би биеэ зүхэн сууна.

Зун цагийн сүр бардам халгайнд

Зорьж  очих шувуу ч үгүй үзэгддэг.

Зулгарч унасан намар нь нохой шээхийг үзэх нээ

Зуурдын бүхний өмнө амьд болгон хүчтэй.

Хуучин дээврийн хар цаасыг хучиж ордог цаснаар

Худлыг ч гэсэн аажмаар хучиж дарах цаснаар

Дүнсийгээд биесээ ширтэх хоёр улиасны хооронд

Дүүжин ор ганцаар салхинд савлах

Өвлөөр,

Элс нь хатуу, чулуу нь зөөлөн, цас унадаггүй газарт,

Эгнэт хайртай бүхнээ

Санах нь хатуу, нулимс   зөөлөн, цас шиг будрах  би.

Иртэй сүх нь мохоо үг шиг байна уу?

Илчит галандаа чи минь гараа ээж сууна уу?

Би сүх байсан ч болоосой

Гал байсан ч болоосой.

 


"ЦАГААН УУЛ" ЦОМЫН ЭЗЭН Г.ХАШБААТАР: Бид яруу найрагтаа илүү хүндэтгэлтэй хандах цаг болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188