• Өнөөдөр 2024-04-26

ЖҮЖИГЧИН Г.АЛТАНШАГАЙ: Ц.БАЛДОРЖ АГСНЫ ЗОХИОЛООР БҮТСЭН “ШӨНӨ АМТАЛСАН НУЛИМС” ЖҮЖИГ ДАХИН ТАВИГДАХ ЦАГ НЬ БОЛСОН

2023-02-08,   971

             Мөрөөдлийн театрын уран бүтээлчид “Шөнө амталсан нулимс” драмын жүжгийг тавих гэж байгааг сонсоод “Сонин бөгөөд сайхан хоршил байна даа” гэсэн бодол төрж байв. Сайн зохиолчийн даацтай бүтээлийг тулхтай, нэгдсэн шиг нэгдэж, хийсэн шиг хийж чаддаг уран бүтээлчид л барьж авах учиртай. Тэгж гэмээнэ үзэгч сайн бүтээл үзэж, тархи, зүрхээ цэнэглэнэ. Үүнийг уран бүтээлээ тайзнаа тавиагүй гурван жил болсон Мөрөөдлийн театрын уран бүтээлчид бүрэн харуулж, тайз, дэлгэцийн томчуудын тоглож байсан жинтэй бүтээлээр зоригтойхон хөдөлж байгаад үзэгчдийнхээ өмнөөс талархаж байна. Үүнтэй холбоотойгоор бид ирэх сарын 1-нээс Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдох гэж буй “Шөнө амталсан нулимс” жүжгийн уран бүтээлч, жүжигчин Г.Алтаншагайтай ярилцлаа.

      -Танай хамт олон шинэхэн уран бүтээлийнхээ бэлтгэлд ороод эхэлжээ. Энэ удаад яагаад сэтгүүлч Ц.Балдорж агсны зохиолоор бүтсэн “Шөнө амталсан нулимс” жүжгийг сонгох болсон юм бэ?

                      -Энэхүү жүжиг одоогоос 19 жилийн өмнө 2005 онд Улсын драмын эрдмийн театрт тавигдаж байсан. Тухайн үед энэ жүжгээр Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч найруулж, гол дүрд нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Хөдөлмөрийн баатар Н.Сувд, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин О.Энхтуул зэрэг том уран бүтээлчид тоглож байлаа. Өнөөдөр ихэнх нь Ардын жүжигчин болсон байна. “Шөнө амталсан нулимс” уран бүтээлч, жүжигчдээс нэлээд ур чадвар шаарддаг жүжиг л дээ. Анх тоглогдож байх цаг үедээ драмын театрын хамгийн их эрэлттэй, үзэгчидтэй, олон өдөр тоглосон уран бүтээл болж байсан юм билээ.

Тэгэхээр том зохиолчийн даацтай бүтээлийг бид барьж тоглоно гэдэг биднээс тэр хэрээр их хариуцлага, ур чадвар, авьяас, юмаа сайн бэлдэж, давтах хэрэгтэй болж байгаа юм.

        Нөгөө талаар энэ жүжгийг тавих болсон гол шалтгаан нь энэ жил Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн ноён оргилын нэг гэгддэг Ц.Балдорж агсны 70 насны ой тохиож байгаа. Үүнийг тохиолдуулан нэрийн хуудас нь болсон энэ том уран бүтээлийг бид хүргэж байна. Энэ жүжгийн гол онцлог нь зохиолчоороо их автор болсон гэж уран бүтээл. Ц.Балдорж агсан бол “Хачин хүн”, “Элсний нүүдэл”, “Хориотой жүжиг”, “Хайрын виз”, “Хэрээ”, “Өв залгамжлагчид”, “Зул цэцэг” зэрэг олон кино жүжгийн зохиол, өгүүллэг бичсэн. Тэдгээр дотроос  “Шөнө амталсан нулимс”  зохиол нийгмийн асуудал руу гүнзгий дуугарсан, тухайн үеийнхээ нийгэм рүү шүүмжлэлтэй хандсан, нийгмийн ороо бусгаа байдлыг идэрхийлж бичигдсэнээрээ онцлог. Хүн гэдэг үргэлж үнэний төлөө явдаг, үнэнийг хайдаг мөртлөө худалтайгаа амьдардаг гэсэн санааг илэрхийлж байгаа. Мөн нөгөө талаар хүний дотоод сэтгэл рүү өнгийсэн жүжгийн зохиол. Үүгээрээ эл жүжиг дахин тайзнаа тавигдах цаг нь болсон гэж үзэж байгаа учраас бид барьж авсан.

Мөн энэ жил Ц.Балдорж агсны 70 насны ой тохиож байна.

-“Сычуаны сайн хүн” жүжгийг найруулсан Э.Ёндоншарав найруулагч “Шөнө амталсан нулимс” жүжгийг найруулж байгаа юм билээ. Яагаад Ёндоо найруулагчийг сонгох болов?

                  -Э.Ёндоншарав найруулагч бол орчин цагийн хамгийн залуу бөгөөд том боловсон хүчин байгаа. Өөрөөр хэлбэл,  социализмын үед театрын үе үеийн найруулагчид ОХУ-д бэлтгэгдэж ирдэг байсан. Энэ ч утгаар сүүлд Э.Ёндоншарав найруулагч ОХУ-ын ГИТИС гэж найруулагчдын том сургуульд долоон жил суралцан, эх орондоо ирээд байгаа. Энэ удаагийн бүтээлээ бид шилдэг уран бүтээлчдийг оролцуулах бодолтойгоор ажиллаж байна.

"Шөнө амталсан нулимс" жүжгийн дууг 19 жилийн өмнө Гавьяат жүжигчин С.Жавхлан дуулсан. Харин энэ удаад "Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр шинэчилсэн найруулга хийж, дуучин Э.Дашням, Г.Даваадалай нар хамтран дуулсан байгаа аж.

-Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай тоглож байгаа юм билээ?

              -Тийм ээ, Ардын жүжигчин Г.Мягмарнаран ах маань тоглож байгаа. Мөн 2004 онд тоглогдсон багаас Гавьяат Д.Ганцэцэг жүжигчин оролцон тоглож байгаа. Тухайн үед охиных нь дүрд тоглож байсан бол энэ удаад ээжийнх нь дүрд тоглож байна. Бусад нь дандаа шинэ застав, бүрэлдэхүүнээр тоглож байгаа. Жүжгийн хувьд 19 жилийн дараа тавигдаж байгаа учир цаг үеэ дагаад яах аргагүй өөрчлөгдсөн зүйлс байна. Тэгэхээр орчин үеийн жижиг өөрчлөлтөд “Нирун” фильмийн Р.Батсайхан найруулагч ажиллаж байгаа. Жүжгийн зохиолын анхны нэр нь “Шөнө буусан аадар” гэж жүжиг л дээ. Үүнийг бид “Шөнө амталсан нулимс” гэх шинэчилсэн хувилбараар нь энэ удаад тоглож байна.

-Мөрөөдлийн театрын уран бүтээлчид  оролцож байгаа гэсэн нэгдсэн ойлголт бий. Жүжгийн гол дүрд яг хэн, хэн тоглож байгаа юм бэ?

             -Жүжгийн гол дүрд жүжигчин Г.Эрхэмбаяр, Л.Сөрөлт, Ч.Баярмаа, Э.Намуунаа, Хэрлэн, Сосорбарам, миний бие тоглож байгаа. Жүжгийн үйл явдал нэг гэр бүлийн нэг шөнийн амьдралыг харуулж байгаа. Гэхдээ Монголын нийгмийн байдлыг тэр чигээр нь харуулж байгаагаараа онцлог чанартай.

    -Мөрөөдлийн театрын хувьд сүүлийн жилүүдэд жүжиг тавиагүй удсан. Эргэн халуун ам бүлээрээ цуглаад жүжгийн бэлтгэлээ хийж байгаа нь гоё байгаа болов уу?

             -Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд уран бүтээлчид хэсэг завсардлаа. Мөрөөдлийн театрын хувьд хамгийн сүүлд “Галзуу хот” жүжгийг тавьсан. Бидний онцлог бол бусад продакшнаас онцлог нь мэргэжлийн жүжиг, шоу драм тавьдаг.

 -Том жүжигчдийн тайзнаа амилуулсан жүжгийг барьж авч, дахин амьдруулна гэдэг танай хамт олны хувьд том зориг байгаа болов уу. Нөгөө талаар үзэгчдэд өмнө тавигдсаны дайтай хүргэж чадах болов уу гэсэн эмээлт байгаа байх?

           -Өмнө нь их амжилттай тоглогдсон жүжиг учраас их хариуцлагатай, энэхүү уран бүтээлдээ анхаарч ажиллаж байна. Миний авсан дүрд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва тоглож байсан юм билээ. Тиймээс П.Цэрэндагва ахтай бид санал бодлоо хуваалцаж байгаа. Алдартай том бүтээл барьж авна гэдэг их бэлтгэл сургуулилт, хариуцлага гээд хөдөлмөр их шаардана. Хамгийн гол нь сайн бэлдэж, ажиллах ёстой. Энэ ч утгаар бид Соёлын төв өргөөн дээр өдөр шөнөгүй бэлтгэлээ хийж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

       -Баярлалаа.

"Шөнө амталсан нулимс" жүжгийн дууны үгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн юм.

Бороотой тэнгэрээсээ уйдахдаа
 
Одод оо газар нь зүүдлэх шиг
 
Босоо заяагаар өөрийгөө бүсэлсэн
 
Дээлтэй хийморь нь биш гэж үү эр хүн би чинь
 
Тахилтай уулын оройгоос
 
Чулууг нь гуйж хөндөх шиг
 
Таван хана нь нар зөв тойрсон
 
Тооно нь биш гэж үү дээ эр хүн би чинь
 
Манантай уулнаасаа залхахдаа
 
Мэлмийн сэжүүр нь хөлөрдөг шиг
 
Миний эзгүйд гал минь санаа алдсан
 
Голомт нь биш гэж үү дээ эр хүн би чинь
 
Салхитай саарал намраас нь
 
Навчаа гуйж үлдэх шиг
 
Цайны дээж нь тогоондоо бүлээссэн
 
Айлын хоймор нь биш гэж үү
 
Эр хүн би чинь
 
Нүгэлтэй хорвоог эндүүрэхдээ
 
Нулимасаа ханцуйдаа нуудаг ч гэсэн
 
Нүүгээд ирдэг шувуудын цувааг
 
Уйлж л угтаагүй гэж үү дээ
 
Эр хүн би чинь
 
Ижий аавын залбиралаар
 
Заяагаа дуудсан
 
Эр хүн би чинь
 
Инээж уйлдаг нарны доор
 
Ийм л амархан гудайна гэж үү
 
Эр хүн би чинь
 
Ижий аавын залбиралаар
 
Заяагаа дуудсан эр хүн би чинь
 
Инээж уйлдаг нарны доор
 
Ийм л амархан гудайна гэж үү
 
Эр хүн би чинь

 

Ийм л амархан гудайна гэж үү
 
Эр хүн би чинь......


ЖҮЖИГЧИН Г.АЛТАНШАГАЙ: Ц.БАЛДОРЖ АГСНЫ ЗОХИОЛООР БҮТСЭН “ШӨНӨ АМТАЛСАН НУЛИМС” ЖҮЖИГ ДАХИН ТАВИГДАХ ЦАГ НЬ БОЛСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188