• Өнөөдөр 2024-03-28

ЯРУУ НАЙРАГЧ Д.ЭРДЭНЭЗУЛАЙ: “Өвөөгийн дээл” хэмээх нэртэй шүлэг бичиж ааваар засуулаад “Хүрэл тулга” наадамд оролцож байлаа

2023-02-02,   1653

Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын яруу найргийн төрөлд тэргүүн байр хүртсэн яруу найрагч Д.Эрдэнэзулайтай ярилцлаа. Бид түүний уран бүтээлийн олз омог болон шинэхэн номынх нь талаар халуун яриа өрнүүлсэн юм.

-Танд юуны түрүүнд энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Та оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадамд тэргүүн байр хүртлээ, баяр хүргэе. Тэгэхээр хоёулаа “Алтан өд” наадамд шалгарсан “Авгалдайн суурин” яруу найргийн номын  тань талаар хөөрөлдөөнөө эхлэх үү. Энэ номд ямар утга агуулгатай шүлгүүд ихэвчлэн багтсан байгаа вэ?

               -Сайн байна уу, баярлалаа. Авгалдайн суурин миний хоёр дахь ном. Анхны “Хоосон” гэж номоо би долоон жилийн өмнө гаргаж байлаа. Энэ долоон жилийн хугацааны гурван жилд нь бичсэн шүлгүүд байгаа байх. Үлдсэн жилүүдийг зүгээр л номоо гаргана гэж бодож өнгөрөөсөн. Бүх зүйл өөрийн цаг хугацаатай гэдэг шиг номонд маань ч бас гарах ёстой цаг хугацаа гэж байжээ. Саадгүй гардаг ном гэж юу байх вэ дээ. Өөрийн маань юм өөрт хэзээд бүрэн дүүрэн санагддаггүй. Номын хэвлэлд бага зэрэг сэтгэл дундуур л байсан. Гэхдээ доторх шүлгүүддээ бол нэлээн итгэлтэй болоод гаргасан даа.

            Номыг минь яруу найрагч Мулцангийн Уянсүх ах хянасан. Хавтасны зургаа зураач найз Б.Баярцэнгэлээрээ л зуруулна гэж зүтгэсээр уулзаад бэлэн бүтээлээс нь сонгочихсон. М.Уянсүх ахтай, Цэнгээтэйгээ ярилцаж байгаад л номын нэрээ олчихсон. Номын нэр, зураг гэх мэт өмнө нь бодоод шийдчихсэн байсан бүх зүйлсээ өөрчилсөн. Бүтэхийнхээ хувьд бол ёстой зовлонгүй бүтсэн ном. 

-Яагаад заавал “Авгалдайн суурин” гэж нэрэлсэн юм бэ. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

                -Мэдэхгүй, яг энэ асуултад хариулах гоё түүх байхгүй ээ. Цэнгээ бид хоёр миний анхны номын нэрийг ярилцаж сууж байгаад олж байсан. Энэ номын нэрийг зурвас бичиж байхдаа олсон. Бүр хүнд, хүнд нэр бодож байсан л даа. Тэгээд яагаад ч юм “Авгалдай” гэдэг үг орж ирээд болдоггүй. Тэгээд суурингийн шүлгүүд ихэнх нь болохоор суурин гэдэг нь байгаад байсан, тэгээд л өгчихсөн. Авгалдай гэдэг нь бодуул би л байх даа. Уг нь сум орон нутагтаа жигтэйхэн их хайртай хүн юм аа, би. Ном хүртэл зориулаад л.

 Ихэнхдээ гэрээсээ гардаггүй. Одоо тамхинаас гараад бүр гарах шалтгаангүй болсон. Амралтын өдөр бүрээрээ аймгийн төв орно. Ойрд хот их ороод, түүнээсээ бүр залхаад байдаг болсон.

-Хөдөөгийн буйдад уран бүтээл туурвиж байгаа эмэгтэй хүний хувьд Дорнын шаргал говийн сонин сайхнаас хууч дэлгээч?

                -Хэзээний л тайван л байдаг даа, яг тэр янзаараа л байна даа. Манай сум гэхдээ буйд сумдыг бодвол юм юмандаа ойр. Хүн ам ихтэй. Ялгаагүй л өглөө гараад орой харьдаг ажилтай. Заримдаа арав алхаад гэр рүүгээ ч орох завгүй. Ихэнхдээ гэрээсээ гардаггүй. Тамхинаас гарснаасаа хойш гарах ч шалтгаангүй болсон. Амралтын өдрүүдээр аймгийн төв орно. Ойрд хот их ороод, түүнээсээ бүр залхаад байдаг болсон. Тэгээд л өдөржин, оройжин л ажин түжин л байж байна. Тэр байдалдаа бүр дасаад олон хүнтэй газар байх дургүй, оройн цагаар гадуур гарах дургүй, заримдаа бүр юм ярих ч дургүй болчихно. 

 

Ааваас үлдээсэн авьяасын жаахан хэлтэрхийтэй. Түүгээрээ л одоо ингээд уран бүтээлч гэж дуудуулаад, өөрийгөө нэг жаахан гийгүүлээд л явж байна

-Танай үеийн уран бүтээлчид Хөх мэдэрхүй, Шинэ үнэр, Алиус, Хас Дорно гэх мэт бүлгүүдэд хуваагдсан байдаг. Таны хувьд “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн шүү дээ. Тэгэхээр эдгээр бүлгүүдийн ялгааг юу гэж хардаг вэ?

              -Үеэрээ, хүрээллээрээ л ялгарах байх. Миний хувьд “Шинэ-Үнэр” бүлгэмийг байгуулагдсаны дараахан нь орсон. Бид МУБИС, МУИС-ын дугуйлан дээр л танилцацгаасан найзууд. Оюутан насны дурсамж гэхээр энэ хүмүүс л байгаад байдаг. Завтай ч байж, хаа сайгүй л хамт явж, ямар ч хэрэггүй л уулздаг байсан. Нэг нэгнийхээ уран бүтээлийг их дэмжинэ. Уран бүтээл ч гэлтгүй ер нь их ойр нөхөрлөсөн. Маш нандин найзууд минь гэж бодож явдаг. “Хөх мэдрэхүй” бүлгэмийн ах эгч нарыгаа бол их хүндэлж, биширч явдаг аа.

-Уран бүтээлч хүний оюун санаа үргэлж сэргэг байдаг болов уу гэж боддог. Өдөр тутмын амьдрал, нийгэмд өрнөж буй олон асуудлыг хэрхэн харж, үнэлэлт дүгнэлт хийдэг вэ?

              -Би өөрийгөө нэг их сэргэг оюун санаатай хүн гэж бодохгүй байна. Яах вэ ааваас үлдээсэн авьяасын жаахан хэлтэрхийтэй. Түүгээрээ л одоо ингээд уран бүтээлч гэж дуудуулаад, өөрийгөө нэг жаахан гийгүүлээд л явж байгаа. Түүнийгээ өнгөлж тордож ч явдаггүй, залхуу нь дэндсэн хүн л дээ. Надаар үнэлүүлж дүгнүүлээд байдаг нийгэм ч гэж юу байх вэ дээ. Чадлаараа хичээгээд л, чадлаараа соёлжоод л, чадах зүйлдээ оролцоод, мэдэх зүйлээ яриад, чадахгүй бол нэг их хүн амьтанд гай болчхолгүй гэртээ бүгээд л байж байя л гэж боддог. Ер нь тэгээд над шиг хүн нэг их нийгэм гийгүүлээд, өдөр тутмын амьдралаараа бусдад үлгэрлээд явах төрлийн хүн биш л дээ. Яах вэ, миний шүлгүүд бусдад чадах ядахаараа соён гэгээрэл болж байж магадгүй л юм. Ер нь бага сага юм бичдэг хүний хамгийн гол нөлөө нь бичиж үлдээх, түүнийг нь хүн унших, уншаад тайтгарлыг, ямар нэг мэдрэмжийг олж авах л гэж бодож байна

-Хүн бүхэн л нийслэлд амьдрал байгаа мэт боддог болсон цаг гэхэд буруудахгүй. Энэ үед та яагаад орон нутгийг зорьж, ажиллаж, амьдрах болсон бэ?

              -Би өөрийнхөө тайван, ая тухтай байдлыг их эрхэмлэдэг хүн. Хүн гэхдээ хаана ч байсан өөртөө тухтай орчноо л бүрдүүлээд, өөртөө тухтай хүмүүсээр хүрээлүүлчихвэл гоё л амьдарна л даа. Орон нутагтаа амьдрах болсон шалтгаан нь ах эгч нар бүгд тусдаа гараад, дүү оюутан болоод ээж маань ганцаараа үлдсэн. Ээждээ хань болж өдийг хүрлээ. Удах тусмаа төрсөн гэрийнхээ тайван тухтай амар жимэр орчинд дасаад ер нь хаашаа ч явж чадахааргүй л болж байх шиг. Аав маань бас яг над шиг хүн байсан. Өчнөөн боломж гарч ирдэг ч сумаасаа хаашаа ч явдаггүй. Тэгээд бас удах тусмаа аавынхаа ганцаардлыг, бачуурлыг ойлгож байна. Олон хүн хүрээлж байдаг ч тэднээс өөрийг нь ойлгох нэг ч хүнгүй байх ямар байсныг нь бол одоо ойлгодог болсон. Гэсэн ч аав минь бүхнийг чимээгүй хүлцэж л байдаг байсан. Би ч яг л тийм. Аав бид хоёр бол сумын төвд нэлээн этгээддээ орох байх.

Одоо бол би нийслэлийг зорих өчүүхэн ч бодолгүй ээ. Ер нь хэцүү. Ганц хоногоор зорьж очиход ч хэцүү санагддаг. Өглөө галт тэрэгнээс буугаад л олон хүнтэй зөрөх, үргэлж сонор сэрэмж шаардана, хурд шаардана, өдөртөө ганцхан ажил амжина. Хүмүүс нь ууртай, дүнсгэр. Байшингууд нь гөлгөр, гял цал. Тайван тухтай суух боломж ч гарахгүй.

Гэтэл хөдөө бол бүх юм өөр. Сумын төвөөр инээд алдсан л голдуу хүмүүс байдаг. Тэр хүмүүст мэдээж асуудал байгаа л байх. Гэвч сайхан задгай тал, задгай салхинд хэн л духаа үрчийлгээд явав гэж дээ.

Ер нь гэхдээ хот гэлтгүй би хангай газар ч бачуураад байдаг. Хоёр хадны голд амарч байсан ч бачуураад өөрийн эрхгүй уйлмаар болоод байдаг. Говийнхоо нүүр нүдгүй шуурдаг задгай салхинд учиргүй их хайртай. Бүх юм ариусах шиг, хоосроод явчих шиг, хаана ч ямар ч хир буртаг үлдээхгүй юм шиг л салхилдаг даа.

Аав ээжээс нууцаар шүлэг бичнэ

-Та анх шүлэг, яруу найрагтай хэрхэн холбогдож байсан бэ. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

              -Бүгд ааваас л үүдэлтэй байх. Би аавыгаа 38-тайд гарсан хэнз хүүхэд. Шоколад юм уу 500 төгрөгөөр л үнсүүлдэг эрх охин байлаа. Би таван настайдаа шарлаад эмнэлэгт удаан хугацаагаар аавтайгаа хамт хэвтсэн. Аав тэгэхэд надад ватум цаасан дээр хүснэгт татаад, 35 үсгийг доош цувуулж дармалдаж бичээд анх үсэг, тоо зааж байлаа. Эмнэлгээс гарахдаа би эгч нартаа захиа бичдэг болсон. Цэцэрлэгт байхдаа ангийнхаа хүүхдүүдийг тойруулж суулгаад үлгэрийн ном уншиж өгдөг хүүхэд байлаа. Зурах их сонирхолтой, голцуу эмэгтэй хүн, даашинзыг нь чимэглээд зурдаг. Тэрнийхээ доор шүлэг зохиож бичнэ. Тэгэхээр  таван наснаасаа л эхэлсэн юм болов уу. Харин тавдугаар ангидаа анх зохион бичлэгийн даалгавар дээрээ, хэн ч надад тухайн үед зохион бичлэгт шүлэг бичиж болно, болохгүй гэж зааж өгөөгүй байхад “Бид ирээдүйн эзэд” гэдэг сэдвийн дор шүлэг зохиож бичээд, тэр нь үгийн тоондоо хүргэх гээд бас овоо олон мөртэй, тэгээд л багшийн хараанд өртөж, багш ээжид үзүүлээд, ээж намайг тухайн үед манай сургуулийн монгол хэл, уран зохиолын багш байсан Л.Содномдорж багшид хэлж, даалгаад тэгээд л эхэлсэн.

              Гэхдээ их хөгтэй. Анх аймгийн “Хүрэл тулга” наадамд оролцох гээд, өөртөө шүлэггүй, багш маань надад хоёр шүлэг зохиож өгөөд, би “Болор цом” үзэж байгаад сонссон шүлгээсээ санаа авч “Өвөөгийн дээл” гэж шүлэг бичсэнийг аав засаж өгөөд  “Хүрэл тулга” наадамд оролцож гуравдугаар байр эзэлж байлаа. Гэхдээ түүнээс хойших шүлгийг бол дандаа өөрөө бичсэн.

              Тэгээд долоодугаар ангидаа улсын “Хүрэл тулга” наадамд аймгаасаа шалгарч оролцоод эхний шатнаасаа хасагдангуутаа шарандаа багшдаа “явлаа, Томоо ахдаа очно” гэж хэлээд ганцаараа гараад явчихсан. Хот мэдэхгүй, төөрчихсөн. Уйлаад л. Энүүхэн хашаа тойроод л ахын ажил байсан санагдаад, тэгээд явж, явж олоод очсон. Орой нь аавтай утсаар яриад дуусгалгүй гарсан гээд загнуулсан. “Чи өөрийгөө арай түрүүлнэ гэж бодоогүй биз дээ. Аймаг бүрийн шилдэг хүүхдүүд цуглачихсан байхад чам шиг муу юм шалихгүй шүлгээрээ түрүүлдэг ч наадам биш” гэсэн. Аав тэр наадмыг үзээгүй мэдэх ч үгүй. Би болохоор аавдаа өмөөрүүлнэ гээд бодчихсон. Тэгээд л бодсон, “өө, би чинь нээрээ хэн билээ”. Тэгээд дараа жил нь дахиж аймгаасаа шалгараад улсад гурав дугаар байр эзэлж, аав маань намайг гар утсаар шагнаж байсан юм. Аавын тэр үг л намайг ядаж ганц шүлэгт туйлбартай байлгаж үлдээсэн байх. Тэрнээс би чинь их туйлбаргүй хүн л дээ.

- Ээж, аав нь хэр их ном цуглуулж уншдаг байсан бэ. Гэр бүлд нь шүлэг, зохиол бичдэг хүн танаас өөр бий юү?

              -Аав маань Доржнямбуу гэж нутаг орондоо хүндлэгдсэн сайн зураач, сийлбэрч хүн байсан. Ээж маань багш. Аав ээжээс нууцаар шүлэг бичнэ. Ном их уншина, орос хэл дээр уншдаг байв. Орос кино, дуу их сонсоно. Сонсдог дуунуудаа шоронгийн дуу гэдэг. Тэр нь тухайн үедээ Орост хориотой уран бүтээлүүд л байсан юм шиг байгаа юм. Надтай их үгийн сүлжээ бөглөнө, хамт кино үзнэ, видео тоглоом тоглоно, оросоос орчуулаад онигоо уншиж өгнө. Миний шогийн мэдрэмж, унших дадал, кино сонгож үзэх гээд бүгд л аавтай холбоотой. Одоо надад аавын маань хоёр дэвтэр дүүрэн шүлгүүд болон өнгийн балаар зурсан зургууд нь бий. Ном болгож гаргах санаа байгаад, хүчрэхгүй л байгаад байдаг. Аавын маань шүлгүүд бас их этгээд шүлгүүд бий. Тухайн цаг үедээ бол өвөрмөц л яруу найрагчийн нэг байсан гэж боддог. Сүүлийн он жилүүддээ аав маань надад компьютер авч өгөөд, интернэт тавиулаад аав бид хоёр блог гэж зүйл хөтөлдөг байсан. Тухайн үед аавын маань шүлгүүдийг сонирхож холбогдож яриа дэлгэдэг байсан хүмүүстэй би одоо ч холбоотой байдаг л даа. Тэр хүмүүстэй танилцаад ярилцаад аав маань их л баяр хөөртэй байсан. Өөрөө энэ утга зохиолынхны дунд ороод “Аавтайгаа танилцуулсан бол” гэж бодогдохоор хүмүүстэй танил болоод ойртоод нөхөрлөөд ирэхээр их харамсалтай санагддаг юм билээ. Аав маань хэрвээ одоо байсан бол гээд л их бодно. Ер нь аавын л охин байсан даа. Ээж бол түмний олон хүүхдийн төлөө сургууль дээр л байж байдаг багш байсан.

 

Жаахан амьдралгүй, хийсвэр л байдаг юм. Дэвэрнэ, гутарна, гунина.. 

-Утга зохиол сонирхож, уран зохиолын ном уншсанаараа хүүхэд хэрхэн төлөвшдөг вэ. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

              -Ер нь их төлөвшдөг. Гэхдээ хүүхдийг багаас нь номоо хэрхэн зөв сонгохыг зааж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Би маш их ном уншдаг хүүхэд байсан. Сургуулийн номын сангийн номыг дуусгасан гэхэд хилсдэхгүй. Чухам ном уншдаг сайн хүүхэд байхын тулд өдөрт хоёр ном авч яваад, яг өдөрт нь уншиж дуусгаад маргааш нь аваачиж өгөөд дахиад хоёр ном авдаг. Тэгсээр уншаагүй номгүй, сүүлдээ бүр замын хөдөлгөөний дүрэм хүртэл авч уншсан. Гэхдээ энэ маш буруу байсныг их сургуульд ороод л ойлгосон доо. Одоо тэр номуудаас тархи толгойд хадагдаж үлдсэн ном бараг л алга. Их сургуулийн багш маань “Хүний тархи мемори карт шиг хэмжээтэй байдаг. Хэрэгтэй хэрэггүй зүйлсээр дүүргээд байвал багтаамжгүй болдог” гэж хэлж байсан. Тэр л надад тохиолдсон байх. Би сургуулийнхаа номын санч байхдаа яг энэ талаар бодож хүүхдүүдэд их битгий унш, сонгож, сонирхлынхоо дагуу маш сайн ойлгож уншихыг л зөвлөдөг байсан.

Уран бүтээлч хүний амьдралын сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?

              -Шүлэг, яруу найрагтай холбогдсон амьдрал минь надад ер нь туйлын муу муухайг үзүүлээгүй ээ. Ихэвчлэн сайн сайхныг үзүүлсэн. Сайн найз нөхөд, сайхан газрууд, сайхан хүмүүсийг үзүүлсэн. Би ер нь өөрийгөө хэзээ ч хүнээр дутахгүй хүн гэж боддог. Шүлэг яруу найргаар холбогдсон сайн найз, нөхөдтэй. Амьдралын ч, уран бүтээлийн ч хувьд ханьтай түшигтэй байдаг. Бас нөмөр бараа болдог сайхан ах, эгч нар байна. Юугаар баян бэ гэвэл хүнээр баян л гэж хэлнэ.

Мэдээж аахар шаахар шүлэг оролддогийн хувьд сэтгэл их эмзэг. Ийм хүмүүст хүнээ алдах шиг эмзэг мэдрэмж байхгүй ээ. Аавыгаа алдсан, аавыг минь орлодог шахуу сайхан ах нараасаа олныг алдсан. Энэ хамгийн муухай нь. Одоо ч тэдний орон зай , намайг гэх нөмөр нь үгүйлэгдэж л байдаг.

Сөрөг гээд байх тал ер нь байхгүй дээ. Жаахан амьдралгүй, хийсвэр л байдаг юм. Дэвэрнэ, гутарна, гунина.. Гэхдээ энэ хүн бүхэнд л тохиолддог мэдрэмж байх. Сайхан нь гэвэл юмсын үргэлж сайхныг нь түүж харж, юухнаас ч болов гэрэл гэгээ, мэдрэмж олоод авчихдаг нь л сайхан юм уу даа.

Цаашдаа бас үргэлжилсэн үг сонирхоод үзэх хүсэл төрөөд байх болсон

Та өөрийн бичгийн арга барилынхаа тухай яриа дэлгээч. Өөр өөрийн сонин арга барилтай зохиолчид байдаг юм билээ. Жишээлбэл кино үзэж, зураг харж, дуу сонсож, зогсож, хэвтэж байхдаа гэх мэт. Таны арга барил сонирхолтой байх?

              -За даа, ер нь нэлээн залхуу талын арга барилтай. Цуглуулж, цуглуулж яваад л нэг юм уу үсрээд хоёр л асгана. Тэрийгээ засаж янзлахгүй. Тэр чигээр нь хаячихдаг. М.Уянсүх ах намайг тэнэмэл эр шиг, замбараагүй бичдэг гэх мэтээр дүгнэсэн.  Хаа сайгүй л бичнэ. Утсан дээрээ тэмдэглээд авчихдаг. Бичиж байхдаа бол орчлонгоос тасарна. Тэгээд бичиж дуусаад хэд хэд уншина, хүмүүст бас уншуулах гэж их яарна. Ер нь зүв зүгээр гиюүрч сууж байхдаа бичдэг гэх юм уу. Нэг тиймэрхүү л.

Аав маань бас яг над шиг хүн байсан. Өчнөөн боломж гарч ирдэг ч сумаасаа хаашаа ч явдаггүй. Тэгээд бас удах тусмаа аавынхаа ганцаардлыг, бачуурлыг ойлгож байна

Таныг уран бүтээл дээрээ цаашдаа хөгжиж, дэвшихэд урам болж, итгэл өгдөг зүйл байдаг уу?

              -Одоо ер нь бичихгүй л бол болохгүй болж байх шиг байна. Холдож, орхиж чадахгүйгээ нэгэнт мэдэж авлаа. Цаашдаа бас үргэлжилсэн үг сонирхоод үзэх хүсэл төрөөд байх болсон. Намайг уншдаг хүмүүс байдгийг, бүр залуучууд ч гарч ирж байгааг мэдлээ. Миний хүндэлж биширч явдаг найрагч намайг өндрөөр үнэллээ, үргэлж загнаж, өөлж гоочилж, хатгаж ёворч байсан нь надад ташуур боллоо. Одоо ер нь тэгээд бичиж байвал бичээд л байна даа. Жаахан жаахнаар залхуу зангаасаа салахыг л бодож байна.


ЯРУУ НАЙРАГЧ Д.ЭРДЭНЭЗУЛАЙ: “Өвөөгийн дээл” хэмээх нэртэй шүлэг бичиж ааваар засуулаад “Хүрэл тулга” наадамд оролцож байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-04 21:07:59
    С.Насантогтох: Уран бүтээлийн их амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-02 11:40:37
    munkhsvren: hi ymar saihan yum bee nutag ornoo gesen saihan setgeleer ajillaj amidarch ywaa saihan yruu nairagch dvvd ulam ih amjilt yruu saihan bvhnii deediig hvsii yun toloo sum suurindaa iim saihan yruu nairahchtai bgaa bilee hvseh zvil bn surguuliin suragchdad duguilan bg uu minii ved Soo bagshiin gan vzeg guguilan bg blaa egch ni bs shvleg terleh gj oromdoj l ywlaa minii dvv neg duguilan baiguulchuul bs surah hvvhdvvd bii bshvv gj hvsii minii ohin odoo 5r angi bs jaahan bichih geed l bgiin daanch eej ni odoo bol ter talaar zowloj chafahgvi bgaad bgaan dvv tuslaad demjeed ogno gj naidii ulam ih amjilt hvsii
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-02 10:48:55
    Narantsetseg: Mundag duud amjilt husie avyaslag aaviin ohin eejiin ohin
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188