• Өнөөдөр 2024-04-26

ЯРУУ НАЙРАГЧ Н.ЛУТБАЯР: ЗАВХАН АЙМАГТ ОЧИЖ, УРАН БҮТЭЭЛ ХИЙСЭН МИНЬ БУРХНААС ӨГСӨН ТОМИЛОЛТ ГЭЖ БОДДОГ

2023-01-23,   3133

        Тэр бол Завхан гол, Дуут нуур, Бадар хундага, Шилийн богд. Уран бүтээлээс нь  зөвхөн энэ дөрвийг нэрлэхэд л хэн болохыг нь уншигчид дуу нэгтэй таньж, зарим нь шууд л дууг нь аялан суугаа байх. Харин дууных нь нэрээр тэр гэж өгүүлсэн нь өөрийн зохиосон шүлэг шигээ халгиж, цалгиж, бадарч, дэвэрсэн хүмүүн аж. Тиймээс эдгээр бүтээлийн цөм нь найрагч өөрөө байх нь. Сургуулиа төгсөөд ажил, амьдралын томилолт аваад, Завхан аймагт очиж байсан нь түүний өдгөө ардын дуу шиг ам дамжин дуулагддаг олон сайхан бүтээлийнх нь эхлэл. Дараа нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан, Г.Жамъян, Ардын жүжигчин С.Батсүх зэрэг уран бүтээлчидтэй дуу хуурын их аяны дөрөө харшуулан, Завхан аймгийн “Туяа” сонин гэх их айлын халуун ам бүлд ажиллаж, бүтээлээ туурвисан нь түүний өрнөл. Байгаль нуурын утга агуулга, дүр төрх, мөн чанарыг барин, ажиглан, өөрийнхөөрөө мэдрэн буулгаж, ард түмний сэтгэл зүрхний “нууранд” бүтээлээрээ мэлтэлзэж, мэлмэрч байдаг Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Лутбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед хийж байгаа уран бүтээлийн сонин сайхнаас тань яриагаа эхэлье?

       -Өө, ах нь шүлгээ бичээд, уран бүтээлээ хийгээд л явж байна. Хамгийн сүүлд гэхэд,

Арслантай хоёр авдар амилаад ч байгаа юм шиг

Асар басар хоёр арцалдаад ч байгаа шиг... гээд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргын тухай  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбаяртай хамтраад  “Хоёр мөнх” гэж дуу хийлээ. Мөн “Хээтэй хэрлэн”, “Халзангийн унага хаа ч уралдана” зэрэг шүлгээр минь дуу төрж байгаа. Түүнээс гадна “Илүү жаргалтай цаг” гээд дуучин Д.Осгонбаяр, Хөсөгтөн хамтлагийн ахлагч Д.Ариунболдтой хамтарсан уран бүтээл гарч байна. Энэ мэтээр уран бүтээл тасралтгүй төрж байна даа. Ирэх гуравдугаар сард уран бүтээлийн тоглолтоо хийх бодолтой сууна.

-...Үр чинь өсөж том боллоо

Үргэлж юунд санаа тавина вэ

Уул шиг том эр болсон шүү

Унтаж, амар даа бүүвэй, ээж ээ...гээд таны шүлгээр бүтсэн “Бүүвэй ээж” гэх дууг бид ёстой ардын дуу шиг л ам дамжин дуулж өссөн, одоо ч дуулж л байна. Ээжийгээ хайрласан, ойлгож мэдэрсэн хайраас тань төрсөн болов уу ?

          -Миний хамгийн анхны уран бүтээл л дээ. Анх 1989 онд   Говь-Алтай аймагт “Алтай хөгжил” сонины сурвалжлагч хийж байсан Баярсайхан найз маань гитартай дуулснаар энэхүү шүлэгтээ ая хийлгэж, дуу бүтээвэл болох юм байна гэсэн санаа авч байлаа. Нэг удаа “Алтай хөгжил” сонин дээр эмэгтэйчүүдийн баяр тохиож, “Бүүвэй ээж” шүлгээ уншсанаар ийн дуу төрөх санаа бий болж байв. Тухайн үед бид хамт сууж байгаад “Үүрд хамт байгаач, ээжээ” нийтлэл бичсэн. Хоёулаа оюутан цагтаа ээж нарынхаа чихийг их халууцуулж байсан болохоор хоёр ээждээ нийтлэл бичье гээд, түүнийгээ “Алтай хөгжил” сонины шинэ дугаарт нийтлүүлснээр, маргааш нь шуудангаар илгээгээд, би Завхан аймаг руу буцаж байв. Завханд эргэж очоод, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравданд шүлгээ өгч ая хийлгэснээр “Бүүвэй ээж” дуу төрсөн түүхтэй.  Их булган сүүлтэй дуу гэж бэлгэшээдэг юм.

Ээж маань энэ дууг сонсоод, “Чи намайг унтуулж яах гээд байгаа юм” гээд жаахан дургүй хандсан. Гэхдээ энэ бол ээжийгээ амрааж, санааг нь чилээхгүй байгаасай гэдгийг л илэрхийлсэн санаа шүү дээ. Бид чинь ээжийн ачийг мартаж, өвдөж, зовох үедээ  л санадаг талтай. Олон ч жил дуулагдаж байна. Араасаа олон ч сайхан дуу дагуулсан.

     -Завханд аймагт очсон тухайгаас өнөө алдартай “Завхан гол”, “Дуут нуур”, Бадар хундага” гэх дуунуудын яриа хөврөх болов уу?

            -Сургуулиа төгсөөд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс томилолт аваад 1987 оны долдугаар сарын 14-нд Завхан аймагт очиж байлаа. Маргааш нь “Туяа” сонины сурвалжлагчаар ажиллах тушаал гарснаар ажиллаж эхэлсэн. Уг нь төрөлх нутаг Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам" сонинд ажиллах томилолттой байсан. Гэвч гэр бүлийн минь хүн Завхан аймгийнх. Тэгээд ханийнхаа нутгийг зорьж, ажиллах болсноор тэр сайхан оюун санааны нутаг руу зорьж байлаа. Очоод, сурвалжлагчаар ажиллах хугацаандаа “Дуут нуур” шүлгийг бичсэн. Дуут нуур бол Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхны Богд Очирваань уулын зүүн хойд талд байрладаг янз бүрийн авиа, дуу чимээ гаргадаг нүцгэн нуур. Ямар ч хүн очсон сонирхох тийм сайхан нуур. Магад хэн ч хүн очсон шүлэг бичих болов уу. Гэхдээ миний шүлгээр бүтсэн дуу ард түмэнд хүрэх завшаан надад тохиосон. Түүнээс хойш “Бадар хундага”, “Тэлмэн нуур” гээд нуурын тухай олон  дуу бий. Хамгийн сүүлд, “Гэгээн нуур” гэж шүлэг бичсэн. Ингээд л нуураа бичээд явж байна даа, ах нь.

-ДУУТ НУУРААС ГАРАХ АВИА ЭГШИГ ХҮҮХДИЙН МИНЬ ДУУ ШИГ САНАГДСАН-

   -Магад таны хэлдгээр өмнө нь Дуут нуурыг үзсэн хэн нэгэн шүлэг бичиж болох л байсан байх. Гэхдээ шүлэг бичээд, хүмүүст хүргэсэн нь та шүү дээ?

           -Одоогоос хоёр жилийн өмнө Ардын жүжигчин С.Батсүх над руу Дуут нуурын талаарх нэгэн домгийг явуулсан юм. Өмнө нь тэр домгийг би уншаагүй байсан. Гэтэл тэр домгоор шүлгээ бичсэн юм шиг санагдсан. Дуут нуур их олон бий л дээ. Манай Сүхбаатар аймгийн Дарьганга суманд нэг бий. Баянхонгор, Ховд аймагт мөн Дуут нуур  байна. Тиймээс ч хүмүүс “Манай дуут нуур” гэж их маргалдан, булаалддаг. Энэ нь надад их сайхан санагддаг. Гэхдээ яг зохиогдсон түүх нь яах аргагүй Завхан аймгийн Отгон сумын Дуут нуур шүү дээ . Энэ нуурын талаарх түүх ч их бий. 1990-1991 оны үед Өвөрмонголын Эрээн хотод Дуут нуураас үүдэн зодоон хүртэл болж байсан гэдэг.

    -Дуут нуур дуу ганц нуураасаа үүсээгүй болов уу. Таны амьдралын түүхтэй ч холбогдон, өгүүлэгддэг юм билээ?

             -Дуут нуур дууны шүлгийг бичих үед анхны хүүхэд минь эндсэн үе байсан. Дуут нуурын тэр авиа эгшиг хүүхдийн минь дуу юм шиг л санагдсан. Хүний сэтгэлд үлдсэн уйтгар гунигийг тайлж, тайтгаруулж байдаг нуур юм шиг санагдсан. Түүнээс хойш энэ сайхан дуу Очирваань хайрханы өвөрт мянган морин хууртай дуулагдлаа. Сүхбаатарын талбай дээр ч мянган морин хууртай дууллаа. Өвөрмонголын М.Лхасүрэн гуай ч дуулсан. Тэгэхээр нуур байгаль гэдэг гунигт түүх, домгоор хэмжигдэх зүйл биш юм байна. Хүн байгаль хоорондын хүйн холбоо гэдэг алив нэгэн зүйлийг бий болгож байдаг юм байна. Бид байгалийн амьтан шүү дээ. Ийм санааг энэхүү дуу хүмүүст хүргэдэг юм болов уу.

-Ардын жүжигчин С.Батсүх гуай таныг Завхан аймагт очих үед залуухан дуучин байв уу. Энэ сайхан дуучны бүтээл нийтэд хүрэхэд таны шүлэг их нөлөөлсөн болов уу?

              -Тийм ээ, намайг Завханд очиход, С.Батсүх Завхан аймгийн театрт ороод удаагүй, уран бүтээлийнх нь ид эрлийн үе байв.  Хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Г.Жамъян багш нар дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн, Завханд ёстой уран бүтээлийн ай сав  бий болж байсан үе. Ц.Бавуудорж найрагч цэргээс халагдаад ирсэн, И.Цоозол, Бат-Өлзий, Пэрэнлэй, Алтангэрэл, гээд олон сайхан уран бүтээлчид тал талаас цуглаж, бүтээлээ туурвиж байлаа.Тийм орон зай тэр бүр бүрддэггүй байх. Мэдээж аймаг бүрд л театр, хөгжмийн найруулагч, зохиолч бий. Гэхдээ яг тийм нэг дуу дуугаа авалцсан, бие биендээ ташуур, урам өгсөн, цагаан атаархал төрүүлсэн үе ховор болов уу гэж боддог. Тэгээд бид чинь  ганц Улиастайгаар тогтохгүй, Монголын хэмжээнд халгиж, цалгиж байлаа шүү дээ. 1993-1994 он хүртэл Завхан аймгийн уран бүтээл бол зурагтын суваг бүрийг эзэгнэж, Завханд л уран бүтээл туурвиж байгаа мэт, тэд бүхнийг өмчилсөн шиг үе байсан. Тэр орон зай өнөөдөр ч баларч, гээгдээгүй явж байна. Ардын жүжигчин С.Батсүхийн уран бүтээлд миний шүлэг нөлөөлж байсан гэхээс илүү намайг харин хөтөлж, гаргасан. Тухайн үед бид цөм С.Батсүхэд зориулж уран бүтээл хийж байсан гэж хэлж болно. Хөгжмийн зохиолч нь ч тэр, яруу найрагч нь ч тэр. Харин тэр бүх уран бүтээлийг  С.Батсүх юм болгож байсан. С.Батсүх бол гайхамшигтай оюун ухаантай уран бүтээлч. Уран бүтээлийнхээ үгийг эхлээд хүмүүст хүргэх ёстой гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон уран бүтээлч. Нэг ёсондоо уран бүтээл туурвих түүний үзэл баримтлал нь тэр байсан. Хувь хүнийхээ хувьд давтагдашгүй хүн.

Тэр хүнд л дуу зориулж хийх гэж Г:Жамъян багш хөгжмийн боловсрол олсон юм шиг, Д.Цэвээнравдан багш Ленинградыг төгсөж ирсэн юм шиг, Завхан аймгийн театр түүнийг л дуучин болгох гэж ажиллаж байгаа юм шиг тийм орон зай байлаа. Тэгэхээр  би тэр мундаг хүний хажууд очиж, тэнд байж, багтаж, хамт ургасан юм шүү дээ.

   -Тал бүрээс ирсэн уран бүтээлчдийн халуун ам бүлд багтаж, тэгээд бүр Завхан аймгийн олон сайхан дууны шүлгийг бичих болсон  хувь тохиолоо та юу гэж хардаг вэ?

         -Тийм ээ. Сэтгүүлчдийн холбооноос томилолтоор Завхан аймагт очсон минь бурхнаас өгсөн уран бүтээлийн томилолт гэж ойлгодог. Тэр даалгавараа бид ямар нэгэн түвшинд хийсэн юм байна. Ухаандаа, Ц.Бавуудоржийн “Намрын борооноор цувгүй алхахдаа...” гэх зэрэг сайхан дууны шүлэг олон байна. Мөн П.Батсайханы “Долоовор хуруундаа зүүний сорвитой...” гэх “Хань минь” дууны шүлэг бий. Хэл найруулга, сэтгэлгээ, дүр дүрслэлийн хувьд зохиолын дуунд шинэчлэл хийсэн. Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Төрийн шагналт, жүжгийн зохиолч, найруулагч Л.Ванган, Төрийн хошой шагналт, жүжгийн зохиолч Д.Намдаг зэрэг суут хүмүүсийн нутагт очиж, адис авсны хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй явж байна гэж ойлгодог. Ерөөс Шилийн богд, Отгонтэнгэр, Алтан овоо цөм холбоотой, учир жанцантай байдаг.

-АНХ ЗАВХАН ГОЛЫГ ХАРАХАД ХҮН ЭХИЙН ХЭВЛИЙДЭЭ ТИЙМ Л БАЙДАГ БОЛОВ УУ ГЭМЭЭР САНАГДСАН-

  -“Завхан гол” дуу хэрхэн бүтсэн юм бэ?

         -Завхан гол дууны үгийг 1989 онд 25 настайдаа бичсэн. Тухайн үед хадам аав маань Завхан аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсийн нарийн бичгийн даргаар ажилладаг байв. Нэг удаа миний хөл бэртээд гипстэй гэртээ байхад машиндаа суулгаад аваад явлаа. Очсон чинь, Англид элчин сайдаар ажиллаж байсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын Нямдаваа гэж хүн байсан. Тэгэхэд би Завхан голын элсэн талд нь анх удаа гарч үзэж байсан юм. Хүн эхийн хэвлийд байхдаа л тийм байдаг болов уу гэмээр голын урсгал их сонин.  Ус ч биш, элс ч биш, халуун ч биш, бүлээн ч биш. Хүн эхийн хэвлийд яаж байдгийг мэдэхгүй юм. Хэрэв эхийн хэвлийд хүн байх үеийг илэрхийлж болдог бол тэр орон зайг юу гэж тухайн үед харж болох вэ. Тэгэхэд тэр хүн “Би ертөнцийн диваажинд ирж байгаа мэт ийшээ л ирэх гэж зүтгэх юм” гэж байсан. Тэр холоос хүн юу бодож нутагтаа ирдэг, наашаагаа яаж нүүдгийг мэдэхгүй ч их сонин мэдрэмж төрсөн. Тэр хүний хэлж байгаа үг, тэр голын төрх байдал элсний нүүдэлтэй адил санагдсан.

      Тэгээд л Элсний нүүдэл шиг чимээгүй гэсэн мөрт орж ирсэн.Тэгэхээр би Завхан гол дууны шүлгийг бичсэн гэхээс илүү тэр хүний байдал энэ шүлгийг бичүүлсэн байгаа байхгүй юү. Ингээд “Завхан гол” шүлгийг бичээд, байж байтал хөгжмийн зохиолч Г.Жамъян багш надад нэг ая сонсголоо. Өнөө ая нь “Завхан гол” шүлэгт тохирох юм шиг санагдсанаар, энэ дуу бүтэж байлаа. Завхан аймагт найман жил амьдраад ирсэн. Намайг явснаас хойш аймгийн сүлд дуу гэж яригдаад, иргэдийн хурлын 100 хувийн саналаар “Завхан гол” дууг Завхан аймгийн сүлд дуу болсон юм билээ. Завхан аймгийн Дөрвөлжин суманд хөшөөг нь босгосон. Миний оролцоо огтхон ч байхгүй. Би түүгээрээ их бахархдаг. Тэр гайхалтай оюун санааны газар миний дуу сүлд дуу нь болоод эгшиглэж байгаад талархалтай ханддаг. Энэхүү дуу минь надад  их уран бүтээлийн урам өгдөг. Сайхан шударга үнэнч, шулуун дардан байх ерөөл хайрладаг. Өдгөө 30 гаруй жил дуулагдаж байна. Тиймээс ч би дууны шүлэг бичих салбараас урваж чаддаггүй.

  -Шүлэг тань дуу болоод хүмүүст хүрэхэд ямар санагдаж байсан бол. Тухайн үед хорь гаруйхан настай залуу байсан болохоор хөөрч, онгирч байв уу?

              -Залуу болохоор бүтээлийнхээ сайн, мууг ч мэдэхгүй бичнэ. Энд ярьсан шүлгүүдээ би 22-29 насны хооронд бичсэн. Заримдаа дотроо би "Завхан гол" дууны шүлгээс илүү шүлэг бичсэн байгаа. Гэтэл хүмүүс  "Завхан гол" шүлгийг л илүүтэй ярьдаг. Тэгэхээр зөв, буруугаа ч сайн мэдэхгүй насандаа л  хийсэн байгаа юм байлгүй. Ер нь хүн ургаж явахад л бүх юм төрж байдаг. Хагдарч явахад гарна л даа. Гэхдээ хүрэх нь хэр байдаг юм бол. Тэгэхээр залуу нас, шинэ юм гэдэг ямар ч цаг үед залуугаараа байдаг юм байна, ургаж, төлжиж явахдаа хийсэн юм дандаа ухаарал өгсөн, бусдыг тэтгэсэн зүйл байдаг юм байна. Амин гол чанар нь ерөөсөө алдагддаггүй байх. Нөгөө талаар залуу хүнд хөөрөх, баярлах, ташуурах үе бий шүү дээ. Гэхдээ бүр буруудаж, ташуураагүй. Уран бүтээл өөрөө давхар хүнийг хүмүүжүүлдэг. Нэг ёсондоо уран бүтээл хүнийг ташууруулж байгаа мөртлөө хазаарладаг зүйл гэж хэлж болно.

-Таныг Завхан аймагт очихоор хүмүүс бусдаас илүү хүндлэлтэй хүлээж авдаг болов уу?

          -Онцгой л доо. Одоо бол би танихгүй байхад намайг хүмүүс их танидаг. Тэд "манай Завхан аймгийнх" гэдэг. Тэгэхэд нь би “Үгүй ээ, би Сүхбаатар аймгийнх" гэж хэлж чаддаггүй. Тэд бол засаг захиргааны нэгжээр намайг Завханых гээгүй. Миний уран бүтээлийн амь санаагаар минь  Завханых гэж хэлж байгаа юм. Тэр ч утгаар Завханд ирэхэд дотно сайхан санагддаг. Би харин аль болох энэ сайхан хүндлэл сэтгэлийг гомдоохгүй, өшөө олон сайхан уран бүтээл хийх юм сан гэж хичээж явдаг.

 

-ШИЛИЙН БОГД УУЛЫН ХИЙМОРЬ ЛУНДААГ О.ДАШБАЛБАР АХЫГАА ГЭЖ БОДОН, ЗОРИУЛАН БИЧСЭН. АХ МИНЬ ЭНЭ ДУУГ СОНСООД “ЧИ НАМАЙГ АМЬДАД МИНЬ БАЯРЛУУЛЛАА” ГЭЖ БАЯРЛАЖ БАЙСАН-

-Сүхбаатар аймгаас өөрийн нутагтаа сайхан шүлэг бичсэнгүй гэх гомдол хэлж байв уу, танд?

             -Ах нь, аймагтаа “Шилийн богд” дуунаас эхлээд, "Чоно голын унага" гээд олон шүлэг бичсэн. О.Дашбалбар найрагч ахыгаа амьд сэрүүн байхад нь “Шилийн богд” шүлгийг зориулан бичиж байсан. Найрамдал зусланд Монголын Залуучуудын холбооны аймаг бүрийн салбар ирээд, нэгдсэн цугларалт болсон. Түүн дээр анх дуулсан. Сүхбаатар аймгийнхан тэр аяараа дуулдаг. Балбар ах амьд байхдаа их баярлаж байсан. Одоо хаа сайгүй дуулж байна. Шилийн богдын хийморь лундаа миний Балбар ах гэдэг утгаар бичсэн юм. Гэвч Завхан гол дуунаас илүү ярьдаггүй л байхгүй юү. Завхан гол дууны шүлгийг ганц Завханчууд ч биш монголчууд тэр чигээрээ дуулдаг.

-Дууны шүлгийн чанар чансаа өнөөд их бартаатай боллоо. Дуучид нь өөрсдөө шүлэг бичээд, ая зохиогоод  дуулаад байх юм. Гэхдээ тэр бүр нь ард түмэнд хүрэхгүй байна шүү дээ?

            -Дууны шүлэг гэдэг бол их тусдаа зүйл. Дууны шүлгийн оргил гэж хэлж болох Ж.Бадраа гуай байна. Би энэ хүний дайны бичих сэн гэж боддог. Энд нь хүрээгүй л явж байна. Л.Дагвадорж З.Түмэнжаргал, Д.Нямаа гээд гайхалтай дууны шүлэг бичдэг хүмүүс бий. Дууны шүлэг өөрөө тусгай хийц, гайхалтай ур маяг байхгүй юу. Мөн санаагаа зөв илэрхийлэх их том боловсрол шүү дээ. Энд хүрч юм хийнэ гэдэг бол цаг хугацааны том шалгуур. Эгшиг гийгүүлэгчийн зохилдолгоо, дүр дүрслэлийн өөрчлөлт, дахин давтагдашгүй байх ёстой. Бид утга зохиолын төрөл жанрыг хянаж чадахаа байсан, замбараагүй болсны нэгэн жишээ энэ шүү дээ. Загасны морь усгүй гэдэг шиг өөрийнхөө хоолоо олж иддэг салбараа бид огт торддоггүй, анзаардаггүй. Хүн өөрөө мөнх биш, уран бүтээл мөнх гэдгийг мартаад, тулга тойрсон уран бүтээл хийгээд байгаа юм.

     -Энэ ч утгаар та дууны шүлгээ бичүүлэхээр ирж байгаа уран бүтээлчдэд ямар цензур тавьдаг бол?

            -Мэдээж тодорхой, хэмжээнд цензур тавина. Тухайн дуучны хоолойг нь нэг их сонирхдоггүй. Хоолой нь мэдээж сайхан байгаа. Гэхдээ тэр сайхан аав, ээжээс заяасан хоолойгоор миний хэлэх гээд байгаа зүйлийг яаж хүргэх вэ гэдгийг нь хардаг. МУСТА, дуучин Д.Отгонжаргал гэхэд "Миний ээж тэмээчин" гэх дууг их сайхан хүргэсэн. Тэр бол бүтээл. Аялгуу, үг хоёрыг хүний зүрх, тархинд хамт хүргэж байгаа дуучныг л эрдэг дээ.

-Магад та энэ цаг үед "Завхан гол", "Бүүвэй ээж", "Дуут нуур" зэрэг шүлгээ бичсэн бол хүмүүст хүрэх байсан болов уу. Уран бүтээл тодорхой цаг хугацаанд төрдөг санагддаг?

            -Цаг үе өөрөө уран бүтээлээ төрүүлнэ. Гэхдээ "Завхан гол" өнөө цагт гарсан бол мөн л хүрэх байсан. Яагаад гэвэл, тэр бүтээл. "Бүүвэй ээж" дуу ч ялгаагүй. Хүний ээж үр хүүхдээ насан туршдаа бүүвэйлдэг. Харин хүнтөрөлхтөн ээжийгээ бүүвэйлэх л ёстой байхгүй юү. Санааг нь амрааж, бүтэн нойртой хонуулах ёстой хүн бол ээж хүн. Энэ өөрөө найман тэрбум хүний бодол шүү дээ. Тэгэхээр энэ санаа аль ч цаг үед амьдарна.

  -Та шүлгээ олон дахин засаж бичих үү, шууд бичдэг үү?

            -Шууд бичнэ. Гэхдээ эргэж харна. Алив зүйлд заавал сэв байдаг. "Завхан гол" дуунд цус гэж үг байсан. Шүлэгт байж болох ч дууны үгэнд байж болохгүй үг шүү дээ. Тэр бол алдаа биш, харин сэв байгаа юм. Дуучин Д.Намсрайноровын "Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна..." гэсэн дуу бий. Энэ мөрт бол логик алдаатай. Гэхдээ уран бүтээлчээ таниулсан. Алив нэгэн бүтээлийн даац гэж зүйл бий. Аль жаран хэдэн оны дуу мөртлөө өдгөө хүртэл дуулагдаж л байдаг. Он цагийг эзэлсэн бүтээлийн үнэ цэн гэдэг бол өөрөө тийм тайлагдашгүй, дахин давтагдашгүй.

-СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАР ТУН ЭМЗЭГ ҮЕД ИРСЭН БАЙНА-

-Багаасаа бичдэг байв уу. Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон юм бэ?

        -Дунд сургуульд байхдаа шүлэг бичдэг, манай сургуулийн захирал “Залуу сэтгүүлчдийн бүлгэм” гэж байгуулан, биднийг сургадаг байлаа. Би ч охидуудад зориулан шүлэг бичнэ. Тэгж байгаад чекист болохоор шалгалт өгтөл, нэгээр тэнцдэг юм байна. Ангийн багшийн хүүхэд хоёрт орсон. Тухайн үед "Багш миний хуваарийг 10 төгрөгөөр дээрэмдсэн" гэж бичсэнээр би хувиараа хасуулсан юм. Тэгээд хуваарьгүй болоод байж байтал Сүхбаатар аймгийн "Сүхбаатарын зам" сонины сэтгүүлчийн ангид нэг хүүхэд авна гээд, шалгалт өгснөөр тэнцсэн дээ. Төгсөөд буцаж сониндоо очилгүй, Завхан аймгийн "Туяа" сонин руу томилолт аваад явсан. Оюутан болоод төгсөхийн өмнө хоёр ч удаа сургуулиасаа хөөгдөхөө дөхсөн. Эхнийх нь  орчин цагийн монгол хэлний шалгалтад онц аваад, өглөө нь “Босоо бичиг” гэх шүлэг бичсэн юм. Гэтэл өнөө шүлгээрээ үндэсний үзэлтэн гээд хөөгдөхөө дөхлөө. Тэгээд би одоо ахиж ийм шүлэг бичихгүй” гэж ам өчиг өгч байж, сургуульдаа үлдсэн юм. Дараа нь харин дипломынхоо ажлыг хамгаалах гэтэл, удирдагч багшдаа үзүүлээгүй гээд хамгаалалтын өдөр оруулдаггүй. Тэгээд, өөрөө дипломынхоо ажлыг хамгаалж чадна гээд, онц хамгаалснаар сургуулиа төгсөж байлаа.

 -Завхан аймгийн "Туяа" сонин сурвалжлагчаар ажиллаж байхдаа ямар нийтлэл бичиж байв?

        -"Туяа" сонинд очоод, хамгийн анх "Хүн хаана байна" гэж эрэн сурвалжлах нийтлэл бичсэн. Хоёр найз архи ууж байгаад найзыгаа хутгалаад хөнөөсөн хэргийн талаар тэр залууг хүн мөн үү биш үү гэсэн утгаар бичсэн юм. Тэгсэн тэр залуу цаазаар авхуулсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг тэгж эхлүүлж байлаа. Тэр нийтлэл тухайн үед "Туяа" сонинд 10 мянган хувиар хэвлэгдээд, хоёр удаа уурын зууханд шатаалгасан. Уурын зууханд 10 мянган сэтгүүл хоёр удаа шатаалгасан түүх Монголын сэтгүүл зүйд байхгүй. Бид редакцаараа аймгийнхаа намын хороотой тэмцээд, гурав дахь дээр нь бууж өгч билээ. Тэгээд 1994 онд Монголын залуучуудын ерөнхийлөгчөөр ирсэн. Дараа нь "Ардын эрх" сонинд тоймч, "Өнөөдөр" сонинд Хариуцлагатай нарийн бичиг болон Эрэн сурвалжлах албаны даргаар ажилласан. Анзаараад байхад, 1997-1998 оны хувь заяа яг өнөөдрийнх шиг байсан. Өнөөдөр сэтгүүлчид сэтгүүлч байхаа больсон байна. Том гал байхгүй жижиг, жижиг цучил их болсон. Одоо бол сэтгүүл зүйн салбар хамгийн эмзэг үед байна.

-Ярилцсанд баярлалаа.

    -Баярлалаа.  

     Түүний сүүлд бичсэн зарим шүлгээс хүргэж байна.

     -ГЭГЭЭН НУУР-

Гэгээн нууранд хун чуулжээ

Гэгээнтний нутагт шувууд зулжээ

Нар Ванчин найранд заларчээ

Намар шилэртэл ном хуржээ.

 

Хүслийн нууран хун чуулжээ

Хүний сэтгэлд зун зулжээ

Дилав хутагт найранд заларчээ

Диваажин гэдэг нутагтаа оршжээ

 

Завхан гол нууртай болжээ

Заяа буяны даллага авчээ

Очирваань хайрхан цөгцтэй болжээ

Орон дэлхийн заллага хуржээ.

       -ХОЁР МӨНХ-

Арслантай хоёр авдар амилаад ч байгаа юм шиг

Асар басар хоёр арцалдаад ч байгаа юм шиг

Сарлагийн хоёр бух мөргөлдөөд ч байгаа юм шиг

Саваг сүүлэндээ орооцолдож хэрэлдээд ч байгаа юм шиг

Саалийн хэдэн хүүхнүүдийн амар заяаг үзүүлдэггүй ээ.

 

Холын хоёр уул тохилцоод ч байгаа юм шиг

Хойд мөсөн далай нураад ч байгаа юм шиг

Холхи холын одод харвалцаад ч байгаа юм шиг

Хос зогдортын буур ширэлдээд ч байгаа юм шиг

Хоёр мөнхийн барилдаан хот айлыг амраадаггүй ээ.

 

Галт уулын лав уугиж, тургиад байгаа ч юм шиг

Газар хөдөлж амьтай болгоныг эрхшээх гээд байгаа ч юм шиг

Галав юүлж, орчлон дэлхийг номхотгох гээд байгаа ч юм шиг

Амь дүйсэн сүргийн манлайн тулалдаан шиг

Аваргуудын барилдаанд бие тавгүйрхээд болдоггүй ээ.

 

Бүргэдийг бүрэлгэх шонхор шиг

Бүгдийг алмайруулдаг хоёр Мөнх

Тал талаан тасар татах шиг

Тал нутгийг сэрээдэг хоёр Мөнх

Эртний сайхан Монголд эрийн гурвыг цогцлоож,

Эрлэг явсны сорьлог их цэнгэлийг өндөрлүүлдэг юм аа.

         -ЗУУГУУЛ-

Элст бүрдэнд тарвалзамхай

Эзнээсээ дайжин жаргамхай

Сартай саахалзаж зүүрмэглэмхэй

Сартуулын уулсаа зүүдлэмхэй

 

Дахилт

Зуугуул адуу үргэмхий

Зулархаараа хулжимхай

Монголын элсэнд уусамхай

Молцог шашираараа гоёмхой

 

Бумбалсан тоосноосоо бусгамхай

Бусадтай адилгүй цолромхой

Ханилсан сүүдрээ хаямхай

Харанхуй түнэрт дасамхай

 

Дахилт

Өвсний сүвээр ундламхай

Өлөн бороогоор хоолломхой

Элсний нүүдлийг чагнамхай

Эртний үүдлийг анирдамхай.


ЯРУУ НАЙРАГЧ Н.ЛУТБАЯР: ЗАВХАН АЙМАГТ ОЧИЖ, УРАН БҮТЭЭЛ ХИЙСЭН МИНЬ БУРХНААС ӨГСӨН ТОМИЛОЛТ ГЭЖ БОДДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-20 04:29:20
    С.Бат-Эрдэнэ: Сүхбаатар аймгийн энэ залууг таних болсноор олон жил өнгөрчээ. Сайхан бүтээл туурвидаг хүнийг голж шилдэггүй нөхөрлөж явдаг халуун сэтгэлтэй хүн юм . Завханы зовхи өөдөө ард түмэнд мөнхийн бүтээл туурвиж өгсөн ачтан заяаны ханиа завхан нутгаас сонгосон нь үзэсгэлэн гоо, ажилсаг нямбайгаараа алдартай манай нутгийн охид бүсгүйчүүдийн нутгийн сор болсон хүргэн юм даа Лутаагаараа би бахархадаг төдийгүй зүүн хязгаар нутгийн сайхан эрчүүлээр Бахархаж нөхөрлөж явдаг даа Хүргэн дүү Лутаа багын анд баримт тулан бичдэг Г.Баатарнум, аугаа их найрагч агсам хүлэг Ай Төмөрочир. эх оронч Дашбалбар гээд л олон сайхан уран бүтээлчдийг хүндлэж явдаг юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-24 09:08:13
    Z Batdorj : Mundag ah shuu tanai ger buld az jargal sain saihan buhniig husie ee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-23 18:29:35
    Зочин: Мундаг шүү, Цаашдын уран бүтээлд нь амжилт
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188