• Өнөөдөр 2024-03-28

Э.ГАН-ОЧИР: МИНИЙ МЭДЭРСНИЙГ ҮЗЭГЧИД БҮТЭЭЛЭЭС МИНЬ АВЧ Л БАЙВАЛ БОЛОХ НЬ ТЭР

2023-01-09,   590

       Тэр кино урлагт “Дурсаж яваарай” гэх өөрийн гэсэн мэдрэмж, сэтгэл үнэртсэн бүтээлээрээ зөөлөн салхилан орж ирсэн даруухан найруулагч. Тус бүтээлээрээ Казаны олон улсын кино наадмын “Шилдэг зохиол”,  Их Британийн Олон улсын кино наадмын “Шилдэг найруулагч” шагналыг хүртэж, чамгүй хол ч давхисан. Дараа нь “Дасгалжуулагч” киногоороо мөн өөр өнгө төрх, үнэр, агаарыг үзэгчдэд нэвтрүүлж, өдгөө Солонгосын КBS телевизийн албан ёсны эрхтэйгээр үзүүлж буй “Бужо” гэх зургаан ангит VOO original киноны найруулагчаар ажилласан. Тэр бол найруулагч Э.Ган-Очир. Утга зохиол, шүүмж судлаач мэргэжлээр суралцаж төгсөөд, телевизэд ажиллаж, баримтат кино хийж эхэлснээр найруулагчийн гараагаа эхэлсэн гэх түүнтэй ийн ярилцлаа.

-БИ УРАН БҮТЭЭЛЧИЙН ХУВЬД ЭХЭЛЖ ЯВАА-

-Юуны өмнө гурав дахь уран бүтээл болох “Бужо” киноныхоо  нээлтийг хийсэнд баяр хүргэе. Найруулагчийн гараа хэзээнээс эхэлсэн бэ?

        -Анхнаасаа киноны найруулагчаар суралцаж, төгсөөгүй. Утга зохиол, шүүмж судлаач мэргэжлээр төгсөөд, ажлын гараагаа NTV телевизээс эхэлж, телевизийн чиглэлд, тэр дундаа дүрсний урлаг гэх сонирхолтой, сонин зүйл байдгийг таниж, мэдсэн. Ийн таниж, мэдэх явцдаа найруулагч болох шинэ зорилготой болсноор баримтат кино хийж эхэлсэн. Одоо ингээд уран сайхны кино руу ороод ажиллаж байна. Солонгосын КBS телевиз албан ёсны эрхтэйгээр үзүүлж буй “Бужо” кино VOO кино санд ороод эхэлсэн байгаа. Өсвөр насны сурагчдын хоорондын зөрчил, тэдэнд тулгамддаг асуудлын талаар өгүүлсэн сонирхолтой бүтээл болсон. Хүүхэд, залуус гэлтгүй томчууд ч үзэж, өсвөр насны хүүхдийнхээ зан чанар, харилцаа, хандлагын талаар мэдэж аваасай гэж хүсэж байна.

    -Та хэдийнэ гурван бүтээлийн найруулагчаар ажиллажээ. Залуу найруулагчийн хувьд бүтээлээсээ бүтээлийн хооронд өсөж, хөгжиж, шинэ содон зүйлийг сурч яваа болов уу гэж бодож байна?

      -“Дурсаж яваарай” кино бол  миний анхны уран сайхны бүтээл. Дараа нь жүжигчин Р.Анхням эгчтэйгээ хамтарч “Дасгалжуулагч” киног хийсэн. Одоо харин “Бужо” хэмээх уран бүтээлийг хүргэж байна. Ингээд харахаар бүтээл ахих бүрдээ илүү алдахгүй байхыг хичээж, суралцаж байгаа. Гурав дахь бүтээл болох “Бужо” кинонд Солонгос уран бүтээлчдийн бүтээлдээ хандаж байгаа хандлага, дүрийн задаргаа зэрэг олон зүйлийг сурч авсан. Тухайлбал, “Бужо” киноны найруулагчаар ажиллахад, надад Солонгосоос 500 гаруй хуудас материал ирсэн. Өөрөөр хэлбэл, Солонгосчууд яаж кино хийдэг гэдгийг цаасан дээр харах боломж бүрдсэн юм. Тэгэхэд нэг дүрийг гаргахын тулд тэр дүрээс дээших таван үеийнх ургийн модыг нь зурсан байгаа юм. Тэгж дүрийн задаргаа болон зохиол дээрээ нарийн ханддаг юм билээ. Энэ мэтээр найруулагчийн хувьд суралцах зүйл олон байсан. Мөн нэг зүйлийг онцолж хэлэхэд, найруулагчаар нь ажилласан гурван бүтээл, гурвуулаа  өсвөр насны хүүхдийн тухай сэдэв, агуулгатай байсан. Мэдээж би өсвөр насны хүүхдийн сэдвийг барьж авья гэж зориогүй. Эргээд харахад цаанаасаа л сэдэв нь ингэж таарсан байсан. Магадгүй миний эмзэглэл байсныг үгүйсгэхгүй.

Хүний амьдралын хамгийн чухал үе бол өсвөр нас. Ирээдүйд хэн болж, ямар хүн байх нь өсвөр насны үеэс шалтгаалдаг. Нөгөө талаар өсвөр насны хүүхдийн талаар хийж байгаа кино бүтээл цөөн шүү дээ.

-Утга зохиол, шүүмж судлаач мэргэжлээр төгсөөд, баримтат киноны чиглэлээр ажилласан нь таны бүтээл бусад найруулагчаас өөр болох суурь болж байна уу гэж ажиглагддаг?

         -Утга  зохиол, шүүмж судлаач мэргэжлээр  төгссөн минь хүний амьдралыг ойлгох, амьдралын нарийн зүйлийг мэдрэх шалтгаан болдог. Зохиол гэж ямар байх ёстой, тухайн зохиол юуны тухай өгүүлбэл хүний зүрх сэтгэлд хүрдэгийг утга зохиол судлаач мэргэжлээр суралцаж, төгссөнөөрөө ойлгож авсан. Мөн ямар зохиол, бүтээлийг унших ёстойг ялгаж, салгадаг хүн болж төлөвшсөн. Харин баримтат кино бол тухайн агшны үнэн бодит агшныг харуулж чаддаг. Тэгэхээр энэ хоёр зүйлээс суралцсан нь миний давуу тал болж байгаа юм.

-Найруулагчаар ажиллах нь нэг талаараа таны хувьд сонирхолтой, шинэ зүйл. Харин хувь үзэл бодол, өөрийн гэсэн эрх чөлөөт байдлыг тань хэр өөрчилсөн бол?

       -Харин ч би өөрийгөө азтай гэж боддог.  “Дурсаж яваарай” бүтээл бол миний эмзэглэлээс бүтсэн. Дараа нь “Дасгалжуулагч” киноны зохиолыг уншаад продюсер өөрөө надтай хамтархаар болсон. Найруулагчийн эмзэглэл дээр суурилсан бүтээл рүү зориг гарган орох продюсер их ховор байдаг. Тэгэхээр би их азтай. Магадгүй цэвэр захиалгын, энэ сэдвээр мөнгө олно гэсэн бүтээл рүү орсон бол магад хумигдаж, хэцүү байх байсан болов уу. Гэвч тийм зүйл огт байгаагүй. Бүтээл бүхэн минь миний өөрийн хүсэл сонирхол дээрээс бүтсэн.

-Аливаа зүйлийн учрыг олох их чухал гэж та хэвлэлд өгсөн яриандаа ярьсан байна лээ. Энэ нь нэг талаараа энэ залуу найруулагч, найруулагчаар ажиллах учраа олсон юм байх даа гэсэн бодлыг ч төрүүлсэн шүү?

      -Үгүй ээ, тэр бол би хөгжмийн зохиолч, Н.Жанцанноров, Б.Шарав нарын жишээн дээрээс, учрыг нь олох нь чухал юм байна гэдэг утгаар ярьсан. Түүнээс найруулагч бол цэвэр торгон мэдрэмж дээр ямар сэдэв хөндөхөө бодох хэрэгтэй байх. Учрыг нь олно гэдэг тухайн хийх гэж байгаа зүйлээ бүрэн ойлгох.  Түүнээс найруулагчийн учрыг оллоо гэвэл асар том ухралт болно шүү дээ.

  -Тун даруугаар хэлэхэд таныг эхэлж яваа уран бүтээлч гэж ойлгож болох уу?

      -Даруу гэлтгүй ерөөсөө л эхэлж яваа. Үзэгчдэд тодорхой хэмжээнд өөрийгөө хэн бэ гэдгээ ойлгуулахын тулд кино хийгээд явж байгаа. Хамгийн гол нь бидний хийж байгаа бүтээлээс үзэгчид сайхан мэдрэмж аваасай гэж л боддог. Найруулагчийн хувьд миний мэдэрснийг үзэгчид бүтээлээс минь авч л байвал болж байгаа нь тэр.

 

-"СОЛОНГО" ГЭХ МАЛЧИН ОХИНЫ ТУХАЙ БАРИМТАТ КИНОНЫ АЖИЛ ЭХЛҮҮЛСЭН-

-Үзэгчдэд хүрсэн бүтээлээсээ та энэхүү бодлоо олж харсан болов уу?

     -Хүмүүсийн сэтгэгдэл, шүүмжээс энэ бодлоо олж харахад сайхан байсан. Энэ ч утгаар би дараагийн хийх бүтээлээ илүү олон нийтэд хүргэх тал дээр анхаарч ажиллана гэж бодож байгаа. Агуулга, хэлбэр хоёрыг энэ тэнцүү хүргэхийг хичээнэ. Магад аль нэг нь хэтийдвэл хүмүүст хүрэх нь бага байх. Миний нэг боддог зүйл бол энэ олон нийтэд зориулагдсан, эсвэл энэ цөөнх үзэхэд зориулагдсан кино гэж хуваах нь буруу санагддаг.

-Найруулагч дүрээ сонгодог. Таны хувьд ямар байдлаар дүрээ сонгодог вэ?

       -Тухайн уран бүтээлчтэй уулзаад энергийг нь хардаг. Үзэгчдийг бүтэн байлдан дагуулж чадах хүчтэй энергэтэй хүн байх ёстой гэж боддог. Нөгөө талаар тухайн дүрийн мөн чанарт хэр зохицож байгааг хардаг. Тухайн бүтээлийн дүрд байгаа зан чанар, характер тухай жүжигчинд байна уу гэдгийг хардаг. “Бужо” кинонд гэхэд 27 наснаас доош нэг үеийн уран бүтээлчид орсон байна. Долоон гол дүр маань цөм нийгэмд идэвхтэй хүүхдүүд. Залуучууд гол дүрд нь тоглож гарч ирж байгаа гэдгээрээ онцлог.

Энэхүү киногоор дамжаад нэгэн шинэ үе кино урлагт ороод ирвэл хэрэгтэй шүү дээ.

-“Дасгалжуулагч” киноны гол дүр Р.Анхням жүжигчнийг мөн л тэр шалгуураар сонгосон уу?

       -Тийм ээ. Асар хүчтэй энергитэй уран бүтээлч. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн нуруун дээр манай нийгмийн ачаа явж байгаа юм болов уу гэдэг байдлаар сонгосон. Сонгосон дүр минь байгаа оносон байх гэж боддог.

 

-Уран сайхны гурван ч бүтээлийн найруулагчаар ажиллаа. Баримтат кино хийж байсан хүн. Цаашид ямар бүтээл хийхийг зорьж байна вэ?

        -“Солонго” гээд зургаан настай малчин хүүхэд сургуулийн дотуур байранд хэрхэн, яаж амьдарч байгаа талаар баримтат кино хийхээр ажиллаж байна. Солонгыг зургаан настайгаас нь арванхоёрдугаар анги төгстөл зураг авна гэж бодож байгаа. Тэгж л баримтат кино болно. 

   -Энэ завгүй, бухимдалтай нийгэмд баримтат кино үзэх хүн ховор тал бий. Баримтат кино хийдэг хүний хувьд ямар бодолтой явдаг бол?

      -Баримтат киног бид сонирхолтой хийх ёстой гэж боддог. Сонирхолтой хийсэн тохиолдолд үзэхгүй хүн үгүй шүү дээ. Нөгөө талаар заавал хүнд үзүүлэх албагүй байх. Тухайн цаг үеийнхээ нийгмийн амьдралыг үлдээж, тэр чигээр нь авч үлдэж байгаа хэрэг шүү дээ.

-Ярилцсан танд баярлалаа.

      -Баярлалаа


Э.ГАН-ОЧИР: МИНИЙ МЭДЭРСНИЙГ ҮЗЭГЧИД БҮТЭЭЛЭЭС МИНЬ АВЧ Л БАЙВАЛ БОЛОХ НЬ ТЭР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188